Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/03969

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 15 өдөр                  Дугаар 102/ШШ2024/03969                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч:.........,

            Хариуцагч: ...................,

            Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, нэмэлт зардал 1,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ........, хариуцагч ............ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Урантэс хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би ......тай 2003 онд танилцаж, улмаар 2014 онд охин ...... төрж, 2014 оноос хойш өнөөг хүртэл миний асрамжинд өсөж бойжиж байна. Өмсөж зүүх, идэж уух гээд зардал их гардаг тул хүүхдийн хэрэгцээнд зориулж тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байна. Миний охин ......... нь МУБИС-ийн ЕБС-ийн 3в ангид суралцаж байна. Нэг жилийн сургалтын төлбөр 3,600,000 төгрөг байдаг. Энэ төлбөрийн 50 хувь болох 1,800,000 төгрөгийг эцэг ....... төлүүлж өгөхийг хүсэж байна. Би өөрөө 50 хувийг төлсөн. Мөн цаашид сургалтын төлбөрийн 50 хувийг төлүүлж байхыг хүсэж нэхэмжлэл гаргаж байна. Охин маань одоо 4 дүгээр ангид орно. Сургууль нь манай ажлын хажууд байдаг, өөр хүүхэд харах хүн байдаггүй, би МУБИС-т ажилладаг болохоор ажлынхаа хажуугийн сургуульд өгсөн. Энэ сургуульд оруулахад ........бид хоёр ярьж байгаад л тохиролцож өгсөн учраас төлбөрийг хамт хариуцна гэж үзэж байна. Ойролцоо улсын сургууль байдаггүй...гэв.

            2. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэлэг тогтоохыг зөвшөөрч байна. Сургалтын төлбөрийн 50 хувийг төлөх боломжгүй. Учир нь Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16.7-д Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэж заасан байдаг. Төлбөргүй сургуульд явуулж болно. Мөн би тэтгэвэрт байдаг учраас төлөх боломжгүй байна. 15 жил надгүйгээр амьдарсан юм шиг яриад байна. Хамт байсан гэчихээд “хүүхэд төрснөөс хойш халамжилж байгаагүй, тэтгэж байгаагүй” гээд байдаг. Ярилцаж байгаад оруулсан л байх, гэхдээ би одоо тэтгэвэрт гараад орлогогүй болчихоод байна. Би бас амьдралын чанараа бууруулмааргүй байна...гэв.

            3. ..... нэхэмжлэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, охин ........гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгааг тодорхойлсон эмчийн тодорхойлолт /хх-6/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-7/, Монгол улсын Боловсролын их сургууль дахь Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-8/, сургалтын төлбөр төлсөн төлбөрийн баримт /хх-9-10/, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар /хх-11/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.

            4. Хариуцагч шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй ба хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч, шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 07196 дугаар захирамжаар шинжээч томилж /хх-18/, шинжээчийн дүгнэлтээр ....... нь ........гийн эцэг байх 99.99% боломжтой гэж дүгнэжээ. /хх-21-24/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. .......... нь .........т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөрийн 50 хувь 1,800,000 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч нэхэмжлэлээс хүүхдийн тэтгэлэг тогтоох шаардлагыг хүлээн зөвшөөрч, 1,800,000 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргалаа.

            2. Шүүх .......ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            3. Нэхэмжлэгч 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ “охин .........г анх сургуульд оруулахдаа эцэг С.Энхбаяртай ярилцаж зөвшилцсөний дагуу төлбөртэй сургуульд оруулсан учраас сургалтын төлбөрийг хамт хариуцах үүрэгтэй, охинтойгоо хоёулаа амьдардаг ба хүүхэд харах хүн байдаггүй учир ажлын газрын хажууд байх сургуульд оруулсан, ойр улсын сургууль байдаггүй” гэж тодорхойлсон.

            4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “анх ярилцаад төлбөртэй сургуульд оруулсан ч одоо тэтгэвэрт гараад орлогогүй болсон, Монгол улсын Үндсэн хуульд ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэж заасан байдаг учир төлбөргүй сургуульд явуулж болно” гэж тайлбарлав.

            5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигч талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            5.1. Зохигчид гэр бүлийн харилцаагүй бөгөөд тэдний дундаас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин ........ төрж, эх .........р овоглон, өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн асрамжид эрүүл өсөн бойжиж, МУБИС-ийн ЕБС-д суралцдаг байна.

            5.2. Хариуцагч....... нь охин ........гийн эцэг мөн болох нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

            5.3. Охин .......ийн сургуулийн сургалтын төлбөр нэг жилийн 3,600,000 төгрөг бөгөөд ..........г нь 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 1,800,000 төгрөг төлсөн болох нь төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

            6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5 дахь хэсэгт тус тус зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх ба гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

            7. Зохигчдын дундаас төрсөн охин ........ нь эх .......р овоглосон, хүүхэд төрснөөсөө хойш эцэг ......ын хамт амьдраагүй бөгөөд хариуцагч талаас .......ийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор хүссэний дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтээр эцэг мөн болох нь тогтоогдсон.

            7.1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцэг, эхийг шүүх тогтоох боломжтой боловч нэхэмжлэгч шүүхэд энэ талаар тусгайлан нэхэмжлэл гаргаагүй, зохигч талууд тухайн асуудлаар маргаагүй тул шүүх хуульд заасны дагуу эцэг мөн болохыг тогтоох шаардлагагүй юм.

            9. Харин эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэхийг Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгээр үүрэгжүүлсэн.

            9.1. Хариуцагч нэхэмжлэлийн уг шаардлагын талаар маргаагүй бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу охин .......г 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувь, 11-16 /суралцаж байгаа тохиолдолд 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг ......аар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

            10. Охин ......ийн сургуулийн сургалтын төлбөрийн 50 хувь 1,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд:

            10.1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заажээ.

            10.2. Нэхэмжлэгч нь охин .......ийн хамт амьдардаг, ам бүл 2 бөгөөд бага насны хүүхдийг өөр харах хүн байхгүй учир өөрийн ажлын газрын хажууд байдаг сургуульд сургах зайлшгүй шаардлагатай болсон, тус сургуульд элсүүлэх үед хариуцагчтай зөвшилцсөн гэж тайлбарласан.

            10.3. Хариуцагчийн зүгээс өндөр насны тэтгэврээс өөр орлого байхгүй, ерөнхий боловсролыг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх боломжтой учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

            10.4. Гэвч хариуцагч шүүхэд гаргаж буй дээрх тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, мөн хүүхдийг сургуульд элсүүлэхэд нэхэмжлэгч түүнтэй зөвшилцсөн гэх тайлбарыг үгүйсгээгүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг учир нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

            10.5. Хэдий Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно” гэж хуульчилсан боловч тэтгүүлэгч хүүхдэд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж үзэхээр байх тул тухайн нэмэгдэл зардлын 50 хувь болох 1,800,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна.

            10.6. Нэхэмжлэгч ..... нь хариуцагч ........аас цаашид гарах сургалтын төлбөрийн 50 хувийг төлүүлж байхыг хүсэж байгаа талаар нэхэмжлэлд дурдаж, энэ талаар шүүх хуралдаанд тайлбарласан. Гэвч нэмэлт зардал гаргуулахаар зохицуулсан дээрх заалт нь онцгой нөхцөл байдал тохиолдсон үед гарсан зардлыг хариуцуулахаар заасан ба шүүх ирээдүйд гарах зардлыг хариуцуулахаар шийдвэрлэхгүй.

            10.7. Түүнчлэн нэхэмжлэгч ....... энэ талаар тусгайлан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир шүүхэд гаргасан тайлбар гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            11. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 113,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан ........, ............. нарын дундаас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн /10 нас 7 сартай/ охин .....г 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг ........р тэжээн тэтгүүлсүгэй.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ......с 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...........т олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 113,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 113,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              А.САРАНТУЯА