Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/253

 

 

Л.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Б.Онолтуяа,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Б.Онолтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Эт холбогдох 1909013721166 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ц овгийн Лийн Э, 1985 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны офицер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 54 дүгээр байрны 10 тоотод оршин суух бүртгэлтэй;

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1068 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Л.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Бад “машин зарна” гэж хуурч 11.000.000 төгрөг авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цэнлүүр овогт Лхагвасүрэнгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Эаас нийт 5.900.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Бад олгож, шүүгдэгч Л.Э нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хариуцагч М.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр их гэмшиж, буруугаа гүнээ ухамсарлан ойлгож, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад сургуулийн насны хүүхэдтэй, эхнэр Э.Хонгорзаяа ажилгүй зэрэг олон хүндэтгэн үзэх нөхцөл байгаа тул шүүх бүрэлдэхүүн энэ байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч Б.Онолтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн “Toyota Alphard” загварын автомашиныг иргэн Э.Бад худалдсан ба 7 хоногийн дараа эзэмшлийг нь өөрт нь шилжүүлж өгнө гээд 11.000.000 төгрөгийг нь авсан. Гэвч мөнгөө Дүүрэнжаргал гэх зүс таних хүнд алдсаны улмаас Э.Бад хохирол учруулж, автомашинаа шилжүүлж өгч чадаагүй учир, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн. Хамгийн гол нь Л.Э нь автомашинаа зарчихаад, бусдад алдсан гэдэг талаар удаа дараа мэдүүлсэн байдаг. Л.Э нь  анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч байгаагаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлж, бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсээр ирсэн. Нийт 11.000.000 төгрөгийн хохирол төлбөрийн үлдэгдэл 5.900.000 төгрөгийн хохирлыг төлөхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолд заасныг Л.Эын ар гэрээс 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Э.Бад бэлнээр төлж барагдуулсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл оногдуулж цээрлүүлэх талаар заасан боловч хохирлыг нөхөн төлүүлэх, нийгэмшүүлэх гэж заасан байдаг учраас Л.Э нь өөрийн хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан, анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт үйлдсэн байдал зэргийг нь харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн тэнсэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Л.Э нь тухайн үед хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй байсан ба давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хохирол төлбөрөө төлж барагдуулсан талаар дурдсан байна. Иймд шүүгдэгч Л.Эын хувийн байдлыг харгалзан давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Бад “машин зарна” гэж хуурч, 11.000.000 төгрөгийг залилан авч, хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Бын “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зүс таних Т гэх хүнээс 09-60 УНС улсын дугаартай “Toyota Alphard” загварын тээврийн хэрэгслийг 14.000.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Нэрээ шилжүүлэн авч чадалгүй байж байтал 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр, 11 дүгээр хорооллын автобусны буудлын хажуугийн зогсоолд машинаа байрлуулаад, хүнтэй уулзаад ирэхэд машин алга болсон байсан. ...Одоо хүртэл мөнгөө ч, машинаа ч авч чадахгүй байна. ...”  /хх 20-22/,

гэрч М.Тийн “...Анх Л.Э надаас автомашиныг 11.000.000 төгрөгөөр зараад өг гэж гуйсан. Би түүний хэлсэн үнэ дээр өөрийн зүгээс дундын зуучлалын хөлсийг нэмж 14.000.000 төгрөгөөр Э.Б гэх хүнд зарсан. ...Э.Б над руу 11.000.000 төгрөгийг шилжүүлэхэд Л.Эт Метромоллын “ХААН” банкны АТМ-ээс бэлнээр авч өгсөн. ...” /хх 27/,

гэрч Б.Гантөмөрийн “...иргэн Л.Э 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай компанитай зээлийн гэрээ байгуулснаас хойш зээл төлөлтийг нэг ч удаа хийгээгүй. Уг автомашиныг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй учраас 2018 оны 3 дугаар сард хураан авсан. Одоо уг автомашин “Тайгын булаг авто” ХХК-ийн эзэмшилд байгаа. ...” /хх 31/,

Л.Эын яллагдагчаар өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр М.Т гэх автомашины ченжтэй амаар тохиролцож, өөрийн эзэмшлийн 09-60 УНС улсын дугаартай “Альфард” загварын автомашиныг 11.000.000 төгрөгөөр заруулсан. ...Би М.Төөс нийт 11.000.000 төгрөг авсан. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 09-60 УНС улсын дугаартай “Альфард” загварын автомашинаа барьцаалж, “Тайгын булаг авто” ХХК-иас 9.000.000 төгрөгийн зээл авсан байсан. Тэр зээлээсээ нэг ч төлөлт хийж чадаагүй байхдаа машинаа зарсан юм. ...”Тайгын булаг авто” ХХК-иас авсан зээлээ төлж чадаагүй. ...Миний нэр дээрх байсан 09-60 УНС улсын дугаартай “Альфард” загварын автомашиныг 2019 оны 3 дугаар сард хурааж авсан талаар сонссон. ...Авсан зээлээ буцааж төлөх боломжгүй болсон талаараа мэдэгдсэн зүйл байхгүй. ...” /хх 38/ гэх мэдүүлгүүд,

“Тайгын булаг авто” ХХК-ийн зээлийн гэрээ /хх 68-70/, “Хаан” банкны дансны хуулга /хх 8-10, 76-83/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Л.Эыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Л.Эын “Тайгын булаг авто” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан 09-60 УНС улсын дугаартай “Toyota Alphard” загварын автомашиныг хохирогч Э.Бад “машин зарна” гэж хуурч 11.000.000 төгрөг авч, хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Л.Эын: “...Миний бие сургуулийн насны хүүхэдтэй, эхнэр Э.Хонгорзаяа ажилгүй, гэмт хэрэг үйлдсэн буруугаа ойлгож, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч Б.Онолтуяагийн: “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл оногдуулж, цээрлүүлэх талаар заасан боловч “хохирлыг нөхөн төлүүлэх, нийгэмшүүлэх” гэж заасан байдаг учраас Л.Э нь өөрийн хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан, анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт үйлдсэн байдал зэргийг нь харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн тэнсэж өгнө үү. ...”  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй.

Шүүгдэгч Л.Эын хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заажээ.

Шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирчээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Б.Онолтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/10  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Э, түүний өмгөөлөгч Б.Онолтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ