| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00467/И |
| Дугаар | 130/ШШ2024/00539 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 130/ШШ2024/00539
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дугаар баг, Х ***дүгээр гудамжны *** тоотод оршин суудаг, утас *****, Ж овогт Кын К,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн **** дугаартай, Баян-Өлгий Нийгмийн даатгалын газар (дарга М.А, утас *****)
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн **-р цэцэрлэгт асрагчаар 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч К.Кгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е.
(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт Санхүү бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогч ажилтай А.Т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч К.К нь анх шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн **-р цэцэрлэгт асрагчаар 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан болохыг тогтоолгохыг хүссэн.
Хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа өөрчилж дахин тодорхойлон Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн **-р цэцэрлэгт асрагчаар 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан болохыг тогтоолгохыг хүссэн болно. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Хүсэлт гаргагч К.К энэ жил 55 нас хүрч хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материалуудаа бүрдүүлж Баян-Өлгий аймгийн архивын тасгаас ажилласан байдалтай холбоотой тушаалуудаа авах гэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн **-р цэцэрлэг нь архивд материалаа шилжүүлээгүйгээс авч чадаагүй байна.
1.2.Иймээс аймгийн Нийгмийн даатгалын газрын холбогдох хүмүүст материалаа хянуулахад ажилд томилсон тушаал аймгийн архивд байхгүй бол ажилласан байдлаа шүүхээр тогтоолгохыг санал болгосон байна.
1.3.Хүсэлт гаргагч К.К Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн **-р цэцэрлэгт асрагчаар 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс ажиллаж байгаад 1989 оны 3 дугаар сарын сүүлээр Хөдөө аж ахуйн яамны харьяа нягтлан бодогчийн курст суралцахаар болж ажлаас чөлөөлөгдсөн байна.
Улмаар хүнтэй суугаад гэр бүл зохиож Сэлэнгэ аймагт ажиллаж байгаад 1992 оны 9 дүгээр сарын 01-ээс эхлэн Өлгий сумын 7 дугаар цэцэрлэгт асрагч албан тушаалд дахин томилогдон, түүнээс хойш одоо хүртэл тус цэцэрлэгт туслах багш, багшаар ажиллаж байна.
1.4.Гэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн **-р цэцэрлэгт асрагчаар 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 3 дугаар сар дуусталх хугацаанд ажилласан нь үнэн боловч холбогдох нотлох баримт олдоогүй ба хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд бүрдүүлсэн нотлох баримтаар эдгээр хугацаанд ажилласан нь нотлогдохгүй байна.
1.5.Харин хүсэлт гаргагч К.Кгийн хүү нь болох Е.Сы 1992 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн Төрсний бүртгэлийн анкет ХААТР-11 (А) маягт-д төрүүлсэн эх Кын К Өлгий сумын **-р цэцэрлэгт асрагч гэж бичигдсэн байна.
1.6.Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч К.К нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн **-р цэцэрлэгт асрагчаар 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хүсэлт гаргагчаас Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаартай архивын лавлагаа, мөн Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай архивын лавлагаа, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн №254364 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, мөн НДД№А ******** дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаартай тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай Кын Кг ажилд томилох тухай тушаал, 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хөдөө аж ахуйн нягтлан бодох мэргэжлээр 90 хоног суралцаж төгсөөд нягтлан бодогч мэргэжил олгосон Мэргэжлийн үнэмлэх, хамт ажилласан З.А, Х.А нарын нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
3.Шүүхийн санаачилгаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 585 дугаартай албан бичгээр К.К болон түүний нөхөр хүүхдүүдийн ХААТР маягтуудыг хуулбарлан шүүхэд хүргүүлсэн байна.
Мөн тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 705 дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 230 дугаартай албан бичиг,
Мөн тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 706 дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 638 дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч К.Кгийн хүсэлтийн зарим шаардлагыг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагч К.К дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материалуудаа бүрдүүлэхэд Баян-Өлгий аймгийн архивын тасгаас ажилласан байдалтай холбоотой тушаалуудаа авах гэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн **-р цэцэрлэг нь архивд материалаа шилжүүлээгүй тул Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн **-р цэцэрлэгт асрагчаар 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Баян-Өлгий аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаартай архивын лавлагаанд:Тус архивд хадгалагдаж байгаа Ардын боловсролын хэлтсийн 1988 оны баримтыг шүүн үзэхэд К.Кд холбогдох баримт гараагүй ба Өлгий сумын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн 1988 оны баримтыг архивд шилжүүлээгүй гэсэн болно.
6.2.Мөн Баян-Өлгий аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай архивын лавлагаанд:Тус архивд хадгалагдаж байгаа Ардын боловсролын хэлтсийн 1988 оны тушаалыг шүүн үзэхэд К.Кд холбогдох баримт гараагүй, Ардын боловсролын хэлтсийн цалин хөлсний 1988-199 оны баримт, Өлгий сумын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн 1988 оны тушаалуудыг архивд шилжүүлээгүй гэсэн байна.
6.3.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаартай тодорхойлолтод: Өлгий сумын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгт К.К нь 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн асрагч ба туслах багшаар ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл бүлгийн багшаар ажиллаж байгаа гэсэн байна.
6.4.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай Кын Кг ажилд томилох тухай тушаалаар тус цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан К.Кг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэмэгдсэн бүлгийн багшаар дэвшүүлэн ажиллуулсан байна.
6.5.Хүсэлт гаргагч К.К Хөдөө аж ахуйн нягтлан бодох мэргэжлээр 90 хоног суралцаж төгсөөд нягтлан бодогч мэргэжилтэй болох нь 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдөр олгосон Мэргэжлийн үнэмлэх-ээр нотлогдож байна.
6.6.Хүсэлт гаргагч К.Ктай хамт ажилласан Х.А нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие 1980 оны 9 дүгээр сараас 2008 оны 10 дугаар сар хүртэл Өлгий сумын 7 дугаар Хүүхдийн цэцэрлэгт асрагч, туслах багш зэрэг ажлуудыг тасралтгүй нэг газарт нэг байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон билээ. К.К нь 1988 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Өлгий хотын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар тус цэцэрлэгт асрагчаар томилогдон ажилласан бөгөөд 1989 оны 3 дугаар сарын сүүлээр Хөдөө аж ахуйн яамны харьяа нягтлан бодогчийн курст суралцаад явсан юм. Сэлэнгэ аймагт ажиллаж байгаад 1992 оны 9 дүгээр сарын 01-ээс эхлэн Өлгий сумын 7 дугаар цэцэрлэгт асрагч албан тушаалд дахин томилогдон, түүнээс хойш одоо хүртэл тус цэцэрлэгт туслах багшаар, 2016 оноос үндсэн багшаар ажиллаж байгаа гэсэн байна.
Мөн З.А нарын нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие 1988 оны 6 дугаар сараас эхлэн 2021 оны 12 дугаар сар хүртэл Өлгий сумын 7 дугаар Хүүхдийн цэцэрлэгт гал тогооны туслах болон галч зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. К.К 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өлгий хотын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгт асрагчаар томилогдон ажиллаж байгаад 1989 оны 3 дугаар сарын сүүлээр Хөдөө аж ахуйн яамны харьяа нягтлан бодогчийн курст суралцахаар явсан юм. Курсээ төгсөөд нөхөрт гараад Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа гэх сураг сонсогдож байгаад 1992 оны 9 дүгээр сарын 01-ээс эхлэн Өлгий сумын 7-р Хүүхдийн цэцэрлэгт асрагч албан тушаалд дахин томилогдож, түүнээс хойш одоо хүртэл тус цэцэрлэгт туслах багшаар 2016 оноос үндсэн багш зэрэг албан тушаалд ажиллаж байгаа гэсэн байна.
6.7.Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 230 дугаартай албан бичигт: Хүсэлт гаргагч Б.Кгийн ажилласан байдлыг тогтоолгох хүсэлтийн дагуу Баян-Өлгий аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1992 оны баримтыг шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй болно. Ардын боловсролын хэлтсийн даргын 1993-1994 оны тушаалуудыг архивд шилжүүлээгүй гэсэн байна.
6.8.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 638 дугаартай албан бичигт: Мэдээллийн сангаас шүүн үзэхэд иргэн К.К ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийлгэсэн бүртгэл бүртгэгдээгүй гэсэн байна.
6.9.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 585 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн Гэрлэснийг бүртгэх анкет №80 буюу ХААТР-15(А) маягтын 19-д эхнэрийн овог нэр: К К, 20-д байнга оршин суугаа хаяг: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын, 1-р баг; 27-д ажилладаг байгууллага: Од гуанз; эрхэлдэг ажил гэдэгт: ажилчин гэж бүртгэгдсэн байна.
Мөн 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Е Бы Төрснийг бүртгэх анкет №261 буюу ХААТР-11(А) маягтын 8-д эхийн овог нэр: К К, ажилладаг байгууллага: Од гуанзанд кассчин; эрхэлдэг ажил гэдэгт: Асрагч; Байнга оршин суугаа хаяг: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын, 1-р баг гэж 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн байна.
Мөн 1997 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Е Сы Төрснийг бүртгэх анкет №775 буюу ХААТР-11(А) маягтын 8-д эхийн овог нэр: К К, гэрлэсэн он.сар.өдөр: 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдөр; ажилладаг байгууллага: 7 дугаар цэцэрлэг; эрхэлдэг ажил гэдэгт: Асрагч; Байнга оршин суугаа хаяг: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын, 2-р баг гэж 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүртгэсэн байна.
9.Хүсэлт гаргагч К.К нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Дээрх 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн Гэрлэснийг бүртгэх анкет №80 буюу ХААТР-15(А) маягт болон 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Е Бы Төрснийг бүртгэх анкет №261 буюу ХААТР-11(А) маягтад хүсэлт гаргагч Х.К нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын, 1-р багт оршин суудаг ба Од гуанзад кассчинаар ажиллаж байсан байна.
Үүгээр хүсэлт гаргагч К.Кгийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн **-р цэцэрлэгт асрагчаар 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс ажилласан гэдэг нь үгүйсгэгдэж, бодит байдалтай нийцэхгүй байна.
Иймд хүсэлт гаргагчтай хамт ажилласан Х.А, З.А нарын тодорхойлолт болон бусад хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн К.К Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн **-р цэцэрлэгт асрагчаар 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна
Харин хүсэлтийн шаардлагаас нотлох баримт байхгүй тул хүсэлт гаргагчийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн **-р цэцэрлэгт асрагчаар 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч Ж овогт Кын К Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн **-р цэцэрлэгт асрагчаар 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч К.Кгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК