| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/01130/И |
| Дугаар | 183/ШШ2024/03348 |
| Огноо | 2024-08-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/03348
2024 оны 08 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2024/03348 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн нэмэлт тэтгэлэг 43 228 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Э*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
Хариуцагч Б.М шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагчийн өмгөөлөгч Б.О******* нь шүүх хуралдаанд цахимаар оролцож байсан боловч хуралдааныг орхиж гарсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч, түүний өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.Э******* нь хариуцагч Б.М холбогдуулан хүүхдийн нэмэлт тэтгэлэг 43 228 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 001/XT2021/00232 тоот тогтоолоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01248 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1678 тоот магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон буюу хүүхэд сургуульд орсон үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргасан нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 1-д заасан заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн юм. Иймд нэхэмжлэгч А.Э******* би өмнө шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлтэй холбогдолгүйгээр одоо Нийслэлийн Хан-уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Монгол Билиг Оюун Цогцолбор сургуулийн 7 дугаар ангид суралцаж байгаа охин М.И******* 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд зарцуулагдсан сургалтын төлбөрүүд болон эрүүл мэндтэй холбоотой гарсан бусад нэмэлт зардалуудыг нэхэмжлэлийн хавсралтанд авагдсан нотлох баримтуудын хүрээнд бичигдсэн нийт 43 228 000 төгрөгийг Гэр бүлийн тухай хуулийн 48-р зүйлийн 48.1-т зааснаар хариуцагч Б.М******* гаргуулж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б.М гэдэг хүнтэй гэр бүлийн харилцаатай байгаад охиноо гаргасан. Ингээд 2011 оноос өнөөдрийг хүртэл эцгийн үүрэг хариуцлага хүлээгээгүй учраас бид 2016 онд шүүхээр салах өргөдөл өгөөд 2018 оны 6 дугаар сард салсан байдаг. Ингээд шүүх ээжид нь асран хамгаалах эрхийг өгч охиныг эцэг, эх харилцан тэгш өсгөх ёстой гэдэг үүрэг даалгавар өгсөн боловч эцэг нь өнөөдрийг хүртэл хүүхэдтэйгээ эцгийн ёсоор нэг удаа уулзаагүй. Мөн хүүхдийн сурч боловсрох, хөгжих бүх талаас нь дэмждэггүй. Одоог хүртэл хүний хэлээр сайхан ярилцъя гээд утас руу нь жил тутам залгадаг миний утсыг авдаггүй, чамтай ярилцах зүйл байхгүй, хэлэх газар байвал тэр шүүхэд очоод хэл гэдэг. Ингээд шүүхийн танхимд Б.Мтэй уулзахаас өөр надад арга зам байхгүй хүүхдээ өсгөж яваа ганц бие өрх толгойлсон түрээсийн байранд амьдардаг. А.Э******* миний хувьд ажиллаж хөдөлмөр хийсэн бүх мөнгө орлогоо өнөөгийн нийгэмд хүүхэд ямар хэмжээнд сурч боловсрох ёстой хүүхдийн эрүүл ахуй хөгжих, бүх юмыг нь хэрхэн яаж хангах бүрдүүлэх ёстой гэдэг өөрийн Монгол Улсын хуульд хүлээх үүргийнхээ дагуу хүүхдэдээ эх хүний хувьд чадан ядахаараа хичээж явна. Энэ хугацаанд миний хүүхэд өвдөнө, зовно, сурна, хөгжинө, хооллоно, амьдарна, өснө хувцас өмсөнө, орон байрны хэрэгцээ гарна энэ бүх зүйлийг ганцхан миний толгойд үүрэг хариуцлага байдаг. Хуульд зааснаар Б.М******* нэмэлт тэтгэлэг гаргуулах эрхтэй учраас миний 2019 онд хууль шүүхийн байгууллагаар охиныхоо 1 дүгээр ангиас 2018 он хүртэлх зардлыг нэхэмжилсэн. Ингээд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Эцэг, эх харилцан адил үүрэг хүлээх ёстой гээд үүнийг ямар нэгэн шалтгаанаар гэдгийг мэдэхгүй давж заалдах шатны шүүх түдгэлзүүлсэн байдаг. Манайх дээд шатын шүүхэд гомдлоо гаргаж Б.М хүүхдийн 2018 он хүртэлх сурч боловсорсон зардлыг нэмэлт зардлаар төлсөн. Шүүхийн шийдвэр гарсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар мөнгөө төлөөгүй явж байна. Тийм учраас Б.М******* 2019 оноос хойш миний охинд зарцуулагдаж байгаа эрүүл мэндийн хувьд гарсан тодорхой хэмжээний зардлыг нэхэмжилж байна. Шүүх дансаар гарсан зардлыг баталгаажуулдаг юм билээ. Тэгэхээр би дансаар гарснаа баталгаажуулж чадлаа. Өнөөдөр хүүхдэдээ бэлэн мөнгөөр худалдаж авсан эм тариа, үйлчилгээ, эмнэлгийн байгууллагын зардлыг оролцуулсангүй. Мөн хүүхдийн сургууль, сурч боловсрох өөрийн хүсэл сонирхлоороо хамрагдаж байгаа секц дугуйлан гээд миний охин бүжигт авьяастай, угаасаа гоц авьяастай гэдгийг нь Б.М мэддэг урлагийн гоц авьяастай хүүхэд. Манай хүүхэд багаасаа уран нугараад хөгжиж дэвшээд өнөөдөр балетаар хичээллээд олон улсын тэмцээн уралдаанд хамрагдах боломж ирдэг боловч эцгийн дэмжлэггүй байдлаас өнөөдөр би зөвхөн хүүхдээ өөрийн чадах хэмжээндээ сургалтад явуулж байна. Би олон улсын тэмцээн уралдаанд нь явуулж чадаагүй, замын зардал байхгүй ийм байдалтай байгаа. Хүүхдийнхээ сурч боловсрох болон эрүүл мэндэд зарцуулагдсан зардлыг шүүхээр би нэмэлт зардлыг гаргуулах хүсэлттэй байна. Иймд шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М шүүхэд нэхэмжлэл гаргахаар хүүхдийн хариуцлагаас зугтдаг. Дандаа өөрийн асрамжид авна гэдэг, эцэг хүний үүргээ биелүүлдэггүй ийм л сонин хүн байгаа юм. Эцэг хүний үүргээ биелүүлэхгүй мөртлөө манай үйлчлүүлэгч А.Э*******оос мөнгө нэхээд л, ичгүүр сонжуургүй, ёс суртахуунгүй сонин хүн. Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн, Улсын дээд шүүх бол нийслэлийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүх үзэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Ер нь хүүхэд өсгөх явцад нэмэлт зардал маш их гарч байгаа. Манай үйлчлүүлэгчээс бэлэн маш их зардал гарч байгаа боловч, дансаар гарсан зардлаа л нэхэмжилж байгаа. Бүх баримтаа хавсаргаад өгчихсөн байгаа. Тийм учраас Гэр бүлийн тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан эцэг үүргээ биелүүлж хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Э******* нь охин М. И******* Ц******* ЕБС, Монгол Билэг Оюу сургууль, валетын, загварын, бүжгийн болон англи хэлний, поло сургуулийн сургалтууд, загварын зураг авахуулах, уран нугаралтын, хичээлийн, номны төлбөр, шүдний эмчилгээ, гажиг засах төлбөрүүд, шинэ жилийн арга хэмжээ, хоол, хувцас зэргийн төлбөрт 43 228 000 төгрөг нэхэмжилсэнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь охин И******* дээрх олон төрлийн сургалтанд хамруулах талаар эцэг надтай зөвшилцөж, шийдвэр гаргаагүй. Мөн түүнчлэн дээрх сургалт, хөтөлбөр бусад зардлыг гаргалаа гэхэд нэхэмжлэгч өөрөө мөн хариуцах байтал хүүхэд, түүнийг өсгөн хүмүүжүүлэх үүргээ умартан өөрийн дангаар гаргасан шийдвэрийн хариуцлага, бүх зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Хүүхдийг хэт их ачааллаар дарж, хүүхдийг бүх талын авьяастай байх ёстой мэтээр буруу хүмүүжүүлэн, өөрийнх нь ирээдүйн дарамтад оруулж буйг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгчийн ийнхүү хүүхдэд өгч буй ачаалал нь хүүхдийн өөрийнх нь хүсэл мөн эсэхэд эргэлзэж байгаа бөгөөд нэг талын гэр бүлийн хүчирхийлэл мэт харагдаж байна. Би хүүхдийн асрамжийг өөрчлүүлж, өөр дээрээ авах хүсэлттэй байна гэсэн.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монгол билиг оюун сургуулийн тодорхойлолт, шилжүүлгийн баримтууд, 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Ц******* сургууль сурагчийн эцэг, эхтэй байгуулах гэрээ, Эцэг, эх асран хамгаалагчтай байгуулах төлбөртэй сургалтын гэрээ, Монгол билиг оюун цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн сургалтын гэрээ, UB баллет сургуулийн 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Сургалтын гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Сургалтын гэрээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01248 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00232 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн тодорхойлолт, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ /хэргийн 6-108, 121-123, 125-128-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар /хэргийн 112, 117-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч А.Э*******ын хариуцагч Б.М холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 21 614 000 төгрөгийг хангаж, үлдэх 21 614 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь охин М.И******* өөрөө асран халамжилж, өсгөн хүмүүжүүлж байгаа тул хуульд зааснаар хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, сурч боловсрох, эрүүл мэндийг хамгаалах, хөгжлийг нь дэмжихэд гаргасан зардал болох нэмэлт тэтгэлэг 43 228 000 төгрөгийг хариуцагч Б.М******* гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь охин М.И*******ийн сургалтын төлбөр, бусад зардлыг зөвшилцөж шийдвэрлээгүй, өөрийн дангаар гаргасан шийдвэрийн хариуцлагыг бүхэлд нь нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, охин М.И******* хэт их ачааллаар дарж дарамтанд оруулж байгаа тул өөрийн асрамжид авна гэж тайлбарлаад нэмэлт тэтгэлэг гаргуулахыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч А.Э*******, хариуцагч Б.М нар нь 2009 онд танилцаж, тэдний дундаас 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр охин овогт Мийн И төрсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/01248 дугаар шийдвэрээр тус тус тогтоогдож байна.
4.2.Мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 725 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч А.Э*******ын хариуцагч Б.М холбогдуулан гаргасан хамтын амьдралтай байсныг болон хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэх, хариуцагч Б.Мийн нэхэмжлэгч А.Э*******од холбогдуулан гаргасан гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хамтын амьдралтай байсныг болон эцэг тогтоолгох, 17 200 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын хамтын амьдралтай байсан, охин М.И******* эхийн асрамжид үлдээх, эцгээс нь тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгийг хуваах асуудлаар талуудын эвлэрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5.Нэхэмжлэгч нь охин М.И*******ийн нэмэлт зардал буюу сургалтын төлбөр, хүүхдийн авьяас чадвар, сэтгэхүй, оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор хамрагдсан сургалтын төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлууд болон эрүүл өсөн бойжиход нь зарцуулагдаж байгаа зардал, эмчилгээний төлбөр зэрэгт нийт 43 228 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хариуцагч нь хүүхдийн хөгжих эрхийг хангах, хүүхдээ хүмүүжүүлэхэд үүргээ гүйцэтгэдэггүй, харилцан зөвшилцдөггүй, үл хайхардаг тул зөвхөн баримттай гарсан зардлыг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан.
6.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заажээ.
6.1.Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан.
6.3.Нэхэмжлэгч нь хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангахаар 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн англи хэлний сургалтын төлбөр 300 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 5 сарын загвар сургалтын төлбөр 70 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны загварын хичээлийн төлбөр 500 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны бүжгийн сургалтын төлбөр 300 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2019-2020 оны сургуулийн төлбөр 1 260 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний 3а ангийн анги тохижилтын мөнгө 55 000 төгрөг, 2020 оны 1 сарын 09-ний өдрийн Ц******* 3а анги сургалтын төлбөр 595 000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 4анги Амжилт кибер сургуулийн сургалтын төлбөр 1 687 500 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн уран нугаралтын сургалтын төлбөр 70 000 төгрөг, 2020 оны 4 ангийн сургуулийн хураамж 30 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4-2 хятад хэлний номны төлбөр 12 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 4-2 номны 3 500 төгрөг, 2020 оны 4-2 анги зугаалга 27 000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Амжилт кибер сургуулийн 2020-2021 оны сургуулийн үлдэгдэл төлбөрт 1 350 000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн англи хэлний 3 сарын сургалтын төлбөр 220 000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн англи хэлний сургалтын төлбөр 220 000 төгрөг, , 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн ховер боардны төлбөр 189 450 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн загварын хичээлийн төлбөр 150 000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 31-ний, 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн загварын хичээлийн зураг авалтын төлбөр 54 000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн загварын сургалтын төлбөр 150 000 төгрөг, 2021 оны 11 сарын 01, 29-ний өдрийн загварын зураг авалтын төлбөр 55 000 төгрөг, 2021 оны 12 сарын 06-ны өдрийн загварын сургалтын төлбөр 150 000 төгрөг, 2021 оны сургуулийн шинэ жилийн төлбөр 50 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2022 оны 1 сарын 29-ний өдрийн загварын зураг авалтын төлбөр 56 000 төгрөг, 2022 оны 2 сарын 10-ны өдрийн номын төлбөр 13 000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн уран нугаралтын төлбөр 80 000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн загварын хичээлийн төлбөр 178 000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн загварын хичээлийн зураг авалтын төлбөр 28 000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн загварын хичээлийн төлбөр 150 000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн балет хувцасны төлбөр 300 000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн балет мэргэжлийн ангийн сургалтын төлбөр 250 000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Монгол билэг оюун сургууль сургалтын төлбөр 8 265 000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн сургуулийн поло төлбөр 54 000 төгрөг, 2022 оны 9 сарын 12-ны өдрийн балетын сургуулийн төлбөр 2022-2023 оны 1 500 000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн кембриджийн номны төлбөр 623 500 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн биеийн тамирын хослолын төлбөр 55 000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн номын төлбөр 20 000 төгрөг, 2022 оны 11 сарын 22-ны өдрийн UB балет сургалтын төлбөр 1 550 000 төгрөг, 2022 оны 11 сарын 26-ны өдрийн сургалтын билетны төлбөр 60 000 төгрөг, 2022 оны 12 сарын 04-ний балет чишигний төлбөр 35 000 төгрөг, 2023 оны 3 сарын 11-ний өдрийн математикийн давтлагын төлбөр 250 000 төгрөг, 2023 оны 4 сарын 14-ний өдрийн математикийн давтлагын төлбөр 250 000 төгрөг, 2023 оны 6 сарын 02-ны өдрийн Pinecone академийн төлбөр 500 000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн балетын зуны сургалтын төлбөр 620 000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн усан бассейны зуны сургалтын төлбөр 950 000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн сургуулийн дүрэмт хувцасны төлбөр 83 000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн кембриджийн номны төлбөр 237 500 төгрөг, 2023 оны 8 сарын 23-ны өдрийн сургуулийн дүрэмт хувцасны төлбөр 13 000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2023-2024 оны Монгол билэг оюун сургуулийн сургалтын төлбөр 7а анги 8 265 000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн кембриджийн номны төлбөр 200 000 төгрөг, 2023 оны 10 сарын 04-ний өдрийн ангийн хураамж 30 000 төгрөг, 2023 оны 10 сарын 09-ний өдрийн балетын сургуулийн төлбөр 2023-2024 оны 3 000 000 төгрөг, 2023 оны 10 сарын 17-ны өдрийн урлагын үзлэг 80 000 төгрөг, 2023 оны 10 сарын 20-ны өдрийн зуслан сургалтын төлбөр 7а анги 170 000 төгрөг, 2023 оны 10 сарын 27-ны өдрийн балет өдний төлбөр 50 000 төгрөг, 2023 оны 11 сарын 15-ны өдрийн балет хувцасны төлбөр 129 000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн балет хувцасны төлбөр 56 000 төгрөг, 2023 оны 12 сарын 19-ний өдрийн номын төлбөр 55 000 төгрөг, 2023 оны 12 сарын 21-ний өдрийн хятад хэлний номны төлбөр 80 000 төгрөг, 2023 оны 7а математикийн сургалтын төлбөр 2023-2024 оны 5 000 000 төгрөг, 2024 оны 1 сарын 05-ны өдрийн англи хэлний апликэйшний 12 сарын төлбөр 120 000 төгрөгийг,
эрүүл, эсэн мэнд өсөн бойжиход зарцуулсан 2019 оны 3 дугаар сарын 18-нд төлсөн Ц******* сургуулийн хоолны төлбөр 80 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Ц******* хоолны төлбөр 44 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Ц******* сургуулийн хоолны төлбөр 200 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 9 сарын хоолны төлбөр 46 200 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10 сарын хоолны төлбөр 44 100 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хятад хэлний сургалтын төлбөр 369 750 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11 сарын хоолны төлбөр 14 700 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн сургуулийн хоолны төлбөр 36 000 төгрөг, 2022 оны 10 сарын 12-ны өдрийн хоолны төлбөр 100 000 төгрөг, 2022 оны 11 сарын 10-ны өдрийн хоолны төлбөр 100 000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хоолны төлбөр 100 000 төгрөг,2023 оны 2 сарын 15-ны өдрийн сургуулийн хоолны төлбөр 100 000 төгрөг,
2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүдний гажиг заслын эмчилгээний төлбөр 253 500 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн шүдний төлбөр 8000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүдний эмчилгээний төлбөр 20 000 төгрөг, 2021 оны 4 дүгаар сарын 09-ний өдрийн шүдний эмчилгээний төлбөр 18 000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шүдний эмчилгээний төлбөр 20 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүдний эмчилгээний төлбөр 18 000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шүдний эмчилгээний төлбөр 10 000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Гурван гал эмнэлгийн төлбөр 50 000 төгрөг, 2022 оны 12 сарын 21-ний өдрийн Гурван гал эмнэлгийн нэмэлт үзлэгийн төлбөр 10 000 төгрөг, 2022 оны 12 сарын 28-ны өдрийн эмнэлгийн ор долоо хоногийн төлбөр 210 000 төгрөг, 2023 оны 1 сарын 27-ны өдрийн эм тарианы төлбөр 131 600 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн эм тарианы төлбөр 93 800 төгрөг, 2023 оны 2 сарын 15-ны өдрийн эмний төлбөр 15 440 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн эмийн төлбөр 26 600 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Интермэд эмнэлгийн эмийн төлбөр 253 900 төгрөг буюу нийт 43 228 000 төгрөгний зардал гарсан гэж тайлбарлаад энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно гэсэн.
7.Хариуцагч нь дээрх зардлуудыг хүлээн зөвшөөрөхгүй, охин М.И******* олон төрлийн сургалтанд хамруулах талаар зөвшилцөж, шийдвэр гаргаагүй гэж маргасан бөгөөд хүүхдийн нэмэлт зардлын талаарх түүнийг өсгөн хүмүүжүүлж байгаа эх нь эцэгтэй нь зөвшилцөж, гарсан зардлыг нь хариуцах эсэхийг харилцан тохиролцох нь зүйтэй боловч нэхэмжлэгч нь энэ талаар хариуцагчид мэдэгдсэн, хүүхэд англи хэл, балет, загварын дугуйландаа дуртай, хариуцагч нь өөрөө хүүхдийн хүсэл сонирхлыг дэмжиж тусладаггүй, эцгийн үүргээ биелүүлдэггүй гэсэн.
7.1.Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтуудаар тэжээн тэтгүүлэгчид буюу охин М.И*******ийн сурч боловсрох, хөгжихөд нь санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсон буюу хүүхдийг сургалт, дугуйланд хамруулахад хариуцагчийн төлж буй тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэхээр байх ба хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлж дээрх зардлуудаас нь хариуцан төлж байсан талаараа ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
7.2.Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.1-д “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, 26.2.2.”хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх”, 26.2.3-д “хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох”, мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6.1.7-д “хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээнд хамрагдах”, 6.2.”хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ” гэж заасан.
7.3.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд хүүхдийн өдөр тутмын хэрэглээ, хичээлээс гадуур сургалтад хамруулах түүнтэй холбоотой зардал нь түүнийг өсгөн хүмүүжүүлж байгаа эхийн үүрэгт хамаарах боловч эцэг нь энэ үүргээ бүрэн чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
7.4.Учир нь хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д зааснаар хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах; 10.1.8-д зааснаар хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах үүргийг хүлээдэг.
7.5.Иймд нэхэмжлэгч нь охин М.И******* сургуулиас зохион байгуулсан болон бусад бүжгийн, загварын, оюун ухааныг хөгжүүлэх зэрэг сургалтанд суралцуулсныг буруутгах үндэслэлгүй, хэт их ачааллаар дарсан, дарамтанд оруулсан гэж үзэх үндэслэлгүй тул хүүхдийн эцэг, эх дээрх сургалттай холбоотой гарсан зардлыг хамтран хариуцах үүрэгтэй.
7.6.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Монгол билэг оюун олон улсын сургуулийн 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн М.И нь 2023-2024 оны хичээлийн жилд ОУХС-ийн 7а ангид 8 700 000 төлбөртэйгээр суралцдаг нь үнэн болно” гэх тодорхойлолт, 2022 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Монгол билэг оюун цогцолбоын олон улсын хөтөлбөртэй сургуулийн сургалтын гэрээнүүд, 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Ц******* сургуулийн сурагчийн эцэг, эхтэй байгуулах гэрээ, Амжилт кебир сургуулийн эцэг, эх асран хамгаалагчтай байгуулах төлбөртэй сургалтын гэрээ, 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн UB Ballet School сургалтын гэрээ, Хаан банкны орлогын мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны А.Э*******ын дансны хуулгаар нийт 43 228 000 төгрөгийн зардал гарсан буюу хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдсан болох нь тогтоогдож байх тул уг зардын 50 хувийг охин М.И*******ийн эцэг буюу хариуцагч Б.М******* гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
7.7.Иймд ГБТХ-ийн 26.1, 26.2д зааснаар хүүхдийн эцэг, эх нь адил тэгш эрх эдлэж, үүрэг хүлээх тул хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон зардлын 50 хувь буюу 21 614 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
8.Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа хүүхдийг хэт их ачааллаар дарж дарамтанд оруулж байгаа тул хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх саналтай гэсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг хүүхдийн нэмэлт зардлыг төлөхгүй, эцэг хүний үүргээ хүлээхгүй гэж асрамжийг өөрчлүүлэхээр маргаж, бусад үед нь охиноо анхаардаггүй гэсэн.
8.1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 725 дугаар шүүгчийн захирамжаар А.Э*******ын нэхэмжлэлтэй Б.М холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигч хамтын амьдралтай байсанд И*******ийн охины эцэг тогтоолгох, түүний асрамж тогтоолгох шаардлагын хүрээнд талууд эвлэрч, охин И******* эх Э*******ын асрамжид үлдээж шийдвэрлэжээ.
8.2.Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №183/ШШ2019/01248 дугаар шийдвэрээр А.Э*******ын нэхэмжлэлтэй, Б.М холбогдох 2011 оны 04 дүгээр сарын 13-нд төрсөн, охин, Мийн И*******ийн сургалтын, хоолны, эрүүл мэнд эмчилгээний зардал, Малайз улсад суралцахад гарсан зардалд нийт 13.719.188 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин И******* өөрийн асрамжид авахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч овогт Б М //-ээс 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин И*******ийн сургалтын, эмчилгээний, аялалын зэрэг зардалд нийт 6.504.124 /зургаан сая таван зуун дөрвөн мянга нэг зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Боржигон овогт Э******* //-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.215.064 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, охин М.И******* өөрийн асрамжид авахыг хүссэн хариуцагч Б.Мийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
8.3.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1678 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №183/ШШ2019/01248 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.М******* 13 719 188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
8.4.Мөн Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00232 дугаар тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1678 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №183/ШШ2019/01248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ.
8.5.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.М хариу тайлбартаа дурдсанаар хүүхдийн асрамжийг өөрчлөх шинээр бий болсон нөхцөл байдлыг нотлоогүй, охин М.И*******ийн эхтэйгээ хамт амьдрах шүүхээр тогтоосон асрамжийг өөрчлөх, шалтгаан тогтоогдоогүй, хариуцагчийн тайлбарт дурдсан хэт олон сургалт дамжаанд хамааруулсан, дарамттай гэсэн нь асрамжийг өөрчлөх үндэслэл болохгүй, мөн энэ талаарх баримтгүй, сөрөг шаардлага гаргаагүй болно.
8.6.Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх үүрэгтэй танилцсан, 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хариу тайлбараа ирүүлсэн бөгөөд хариу тайлбартаа хүүхдийн асрамжийг өөрчлүүлж өөр дээрээ авах хүсэлтэй байна гэсэн боловч сөрөг шаардлага гаргаагүй болно.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 374 090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 266 020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Б.М******* 21 614 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Э*******од олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 21 614 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374 090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 266 020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН