Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

2019               12             26                                          23                                  

 

Э.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

хохирогч Т.Галбадрах,

шүүгдэгч Э.Эгийн өмгөөлөгч Д.Даваадорж,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/1180 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Д.Даваадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Э.Эд холбогдох 1908039001412 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Луугар овгийн Э.Э, 1989 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Зорчигч тээврийн нэгтгэл” нэгдүгээр баазад Тээвэрлэлт үйлчилгээний албаны жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, барилгачид 3 дугаар гудамжны 70 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 44 дүгээр гудамжны, 537 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ГБ89011810/,

Э.Э нь 2019 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Ханын Материал”-ын автобусны эцсийн зогсоол дээр хохирогч Т.Галбадрахыг “Автобусаар шахлаа” гэх асуудлаас болж маргалдан, түүнийг араас нь тэвэрч газарт унагасны улмаас Т.Галбадрахын эрүүл мэндэд “баруун зулай, чамархай, суурь ясыг хамарсан шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээр, доорх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, суурийн хөндийн цус хуралдалт, баруун хацар ясны нумын хугарал, хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Эий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Луугар овогт Э.Эг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Эд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДиг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Э.Э нь хохирогч Т.Галбадрахад 1.125.024 /нэг сая нэг зуун хорин таван мянга, хорин дөрвөн төгрөг/ төлсөн болохыг дурдаж, хохирогч Т.Галбадрах нь тус гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсантай холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардал, цалин хөлс, орлого, бусад зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Э.Эгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Э.Эгийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэр ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус дурдаж, Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдаж хорьж түүний эдлэх ялын хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуралдаанаар би өөрийн гэм буруудаа маргаагүй бөгөөд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн шүүх хуралдаанаар ярьсан зүйлийг сайн ойлгоогүй, санал зөрж, миний эрх зүйн байдлыг дордуулж, өндөр ял авахад хүргэсэн.

 Би шүүхээс тогтоосон бодит хохирлыг болон хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг бүрэн барагдуулж, хохирогчоос уучлалт гуйж, хохирол гомдлыг бүрэн барагдуулсан. Би энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Миний аав Энхсайхан нь тогтсон ажил хийдэггүй бөгөөд өвчтэй хүн байдаг тул миний өөрийн асаргаанд байдаг. Эхнэр Янжинлхам тогтсон ажилгүй, 0-3 насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Би тогтмол цалин орлоготой бөгөөд торгуулийн ялыг төлөх боломжтой. Мөн урьд нь өөр ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүйг минь харгалзан үзэж, хорихоос бусад төрлийн ял оногдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсье...” гэжээ.

Шүүгдэгч Э.Эий өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс миний үйлчлүүлэгч Э.Эд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэсэн хуулийн заалт зөрчигдсөн байхаас гадна шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан байхад Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглээгүй байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хуулийг шүүх хэрэглээгүй нь шүүгдэгч Э.Эгийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Э.Э нь бага насны 1 нас 6 сартай Э.Нармандах, 3 нас 11 сартай Э.Энхмандах болох бага насны 2 хүүхэдтэй. Эхнэр А.Янжинлхам нь эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа шүүгдэгч Э.Эг нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэх боломжтой байхаас гадна, Э.Э нь “Зорчигч тээврийн нэгтгэл” нэгдүгээр баазад жолоочоор тасралтгүй 5 жил ажилласан. Сард 1.100.000 төгрөгийн цалин хөлстэй болохыг тодорхойлсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх ялтны хөрөнгө, цалин, хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан хуулийн заалтыг хэрэглэх боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Э.Эгийн өмгөөлөгч Д.Даваадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Э.Эгийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэхээр зохицуулагдсан...” гэж дүгнэсэн. Шүүгдэгч Э.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн, мөн цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлдэг, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн тогтвортой мэдүүлэг өгдөг зэргээс харахад хөнгөрүүлэх нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмын нэг илрэл боловч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг хэрэглэн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж болдог бөгөөд Э.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хэм хэмжээг хэрэглэж болох нөхцөл бүрэн хангагдсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулахдаа Э.Эг сэтгэл санааны цочролд орсон үедээ гэмт хэрэг үйлдсэн гэх боловч, энэ нь шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл биш юм. Учир нь, Э.Э нь мөрдөн байцаалтын шатнаасаа эхлэн хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг, анхан шатны шүүх хуралдаанд гэмшиж байгаагаа илэрхийлдэг. Шүүх түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэж өмгөөлөгчийн өмгөөллийн байр суурийг шүүгдэгчийн гэм бурууд хамруулан буруугаар тайлбарлаж ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлаагүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ялын хувьд сонгох санкцтай гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, торгох болон хорих ялтай гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Э.Эгийн хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс болон орлого олох боломжоо нотолсон байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасныг харгалзалгүйгээр хорих ял оногдуулсан байна.

Иймд, шүүгдэгч Э.Эд ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, бага насны 2 хүүхэдтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хэм хэмжээг хэрэглэж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү...” гэв.  

Хохирогч Т.Галбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би одоо ажлаа хийж байгаа. Бие маань эдгэрсэн. Анхан шатны шүүх хуралдааны дараа Э.Эий ар гэрээс 3.500.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Өмнө нь 1.125.000 төгрөг авсан байсан. Залуу хүн учраас уучилж байгаа. Түүнд оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү...” гэв.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас болгоомжгүйгээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж анхан шатны шүүх хуралдааны үеэр мэдүүлсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэлх хугацаанд шүүгдэгч хохирлыг төлж барагдуулаагүй байсан. Хохирогчийн гаргаж өгсөн баримтаар 7.726.200 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн байсан. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн тархинд хүнд зэргийн гэмтэл учирсан бөгөөд Ойгуйдлын сэтгэцийн олдмол өвчтэй болсон. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй. Хохирогч 3 сарын хугацаанд эмнэлэгт хэвтэж, тухайн үед болсон үйл явдлыг огт санахгүй байсан. Шүүгдэгч хохирол болон үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудалд маргаж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Д.Даваадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Ханын Материал”-ын автобусны эцсийн зогсоол дээр хохирогч Т.Галбадрахыг “Автобусаар шахлаа” гэх асуудлаас болж маргалдан, түүнийг араас нь тэвэрч газарт унагасны улмаас Т.Галбадрахын эрүүл мэндэд “баруун зулай, чамархай, суурь ясыг хамарсан шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээр, доорх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, суурийн хөндийн цус хуралдалт, баруун хацар ясны нумын хугарал, хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Галбадрахын “...2019 оны 7 дугаар сарын 17-.ны өглөө Ханын материал, Хайлааст чиглэлд гарсан. 22 цагийн орчим гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Түүнээс хойш юу ч санахгүй байна. Юу болсон талаар эхнэр Рагчаасүрэнгээс асуухад нэгдүгээр баазын автобусны жолоочид зодуулсан. Хүргэн Сүхбаатар ханын материалын дээр явж хайж байгаад чамайг зодуулж байгаа бичлэгийг олж авсан байна. Тэр бичлэг дээр чамайг нэгдүгээр баазын автобусны жолооч тэвэрч авч байгаад хойш савж унагааж байгаа бичлэг байна гэж хэлсэн. Одоогоор эмчилгээний зардал 1.300.000 төгрөгийн зардал баримтаар гарсан. Мөн ажлаа хийж чадахгүй байна. Цаашид эмчилгээний зардал гэж баримт байхгүй ч гэсэн 10.000.000 төгрөг нэхэмжилж байна...” /хх-43-45/,

гэрч Я.Мөнхбаярын “...2019 оны 7 дугаар сарын 17-ны шөнө ажлаа хийгээд орой 21 цаг 40 минутын үед Ханын материалын эцэс дээр ирж автобусаа зогсоогоод байж байтал ардаас Автобус нэгтгэл баазын зүс таних жолооч Энхтүвшин ирж зогссон. Түүний араас Сутайн авто баазын шар автобус урдуур нь дарж зогсоод жолооч нь урд хаалгаар нь бууж ирээд усны сав нөгөө автобусны жолооч Энхтүвшин рүү шидсэн. Сутайн Буянтын жолооч нь Энхтүвшинг гараараа нэг удаа цохиод автал, Энхтүвшин түүний ардаас нь тэвэрч аваад замын хажуу талын явган хүний замын боржур хэсэгт тархиар нь хойш савуулаад унагачихсан. Тэр жолоочийн хамарнаас нь цус гарчихсан дээшээ хараад хэсэг зуур хэвтсэн. Энхтүвшин сүүлд нь усаар цусыг цэвэрлэж өгсөн. Би автобусандаа гар утсаа цэнэглэж байгаад буцаад очсон чинь Энхтүвшин нөгөө жолоочийн гар дээр ус хийж өгөөд хоорондоо юм яриад байсан...”  /хх-47/,

гэрч Б.Сүхбаатарын “...Би хэргийн газар дээр яг юу болсон талаар мэдэхийн тулд тэр орчинд камерын хяналт байна уу гэж хайсан чинь хэрэг болсон газар луу харсан барилгын материалын дэлгүүрийн камерын бичлэгт миний ах Галбадрахыг тэр нэгдүгээр баазын автобусны жолооч “ардаас нь барьж байгаад замын боржур луу хойш толгойгоор шидэж буй камерын бичлэгийг олсон, би энэ камерын бичлэгийг хуулбарлаж авч, СиДи дээр буулгаж мөрдөгчид өгсөн...” /хх- 51/,

гэрч С.Рагчаасүрэнгийн “...Т.Галбадрахын ажил дээр очтол түргэний машинтай эмч ирчихсэн, яаралтай гэмтлийн эмнэлэг орох шаардлагатай, толгойн томографикийн зураг авахуулах шаардлагатай гэж хэлсэн. Би Галбадрахаас юм асуухад ухаангүй хариулж чадахгүй байсан. Галбадрахын баруун шанаа орчим шиг санагдаж байна хавдчихсан юм шиг харагдсан...” /хх-55/,

шүүгдэгч Э.Эгийн “... “Сутай буянт” ХХК-ны жолооч нь миний тээврийн хэрэгслийг удаа дараа шахаж яваад байсан. Би түрүүлж Ханы Материалын эцсийн буудал дээр очоод зогсож байтал ардаас ирээд мөн урдуур автобусаа хааж зогсоод урд хаалгаар бууж ирээд хоёр гартаа нэг нэг усны устай сав барьчихсан над руу шууд шидэж “хөөе муу банди минь яагаад байгаа юм” гэхээр нь би таныг яасан юм, та өөрөө яагаад байгаа юм гэсэн чинь “чамайг ална шүү” гээд над руу ирэхээр нь бид хоёр зууралдсан. Бид хоёр салаад би тэр ах руу “мангар юм уу хаашаа юм” гэж хэлсэн чинь өмсөж байсан сандаалаа тайлаад гүйж ирээд гараараа миний шанаа руу цохиод авахаар нь би зөрүүлээд ардаас нь баруун гараараа хоолойг нь барьж аваад газар явган хүний зам дээр нэг удаа унагачихсан. Нөгөө жолооч босож ирэхгүй 10 гаруй секунд болж, цээжээ өндийлгөсөн чинь хамраас нь цус гоожсон. Би автобусанд байсан усаар цусыг угааж өгтөл муу пизда чамайг харна гэж хэлээд автобусаа унаад хөдөлсөн” /хх-22-23/ гэх мэдүүлгүүд,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Т.Галбадрахын биед баруун зулай, чамархай, суурь ясыг хамарсан шугаман хугарал, хургалын харалдаах хатуу хальсны дээр, доорх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, /хурсан цусыг авч тархи дарагдлаас чөлөөлөх мэс заслын дараах байдал 2019 оны 7 дугаар сарын 19/ суурийн хөндийн цус хуралдалт, баруун хацар ясны нуман хугарал, хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” 8873 дугаартай /хх- 67/,

шүүх сэтгэц эмгэг судлалын “...Т.Галбадрах нь Ойгүйдлийн хам шинжтэй байна. Т.Галбадрахын Ойгүйдлийн хам шинж нь олдмол сэтгэцийн эмгэг юм. Т.Галбадрах нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. Т.Галбадрахын Ойгүйдлийн хам шинж нь цаашид эдгэрэх боломжтой юм. Эдгэрэл нь эмчилгээний үр дүн, тухайн хүний бие физиологийн онцлог зэргээс хамаарна. Т.Галбадрах нь одоогоор үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Харин гэмт хэрэг үйлдэгдэх үеийн үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.Т.Галбадрах нь одоогоор үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийн үйлдлээ удирдан жолоодох, хэрэг хариуцах чадвартай байгаа тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” 1083 дугаартай /хх-63-65/ гэх дүгнэлтүүд,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Эг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Э.Эгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн байдал буюу бага насны 2 хүүхэдтэйгээ амьдардаг, хохирогчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Эгийн “...Би хохирогчоос уучлалт гуйж, хохирол гомдлыг бүрэн барагдуулсан. Би энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Эхнэр Янжинлхам тогтсон ажилгүй, 0-3 насны 2 хүүхдийн хамт амьдардаг...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан нь шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч Э.Эгийн өмгөөлөгч Д.Даваадоржийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн, мөн цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлдэг зэргээс харахад өнгөрүүлэх нөхцөл хангагдсан...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан бөгөөд хохирлыг бүрэн төлсөн байх хуулийг шаардлагыг хангаагүй байна. Иймд хохирогчийн нэхэмжилсэн 7.700.000 төгрөгийн хохирол бүрэн төлөгдөөгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2019/ШЦТ/1180 дугаартай шийтгэх тогтоолын

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж

тогтоох хэсгийн 3 дахь заалтад  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Эд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Э.Эгээс хохирогч Т.Галбадрахад 3.500.000 төгрөгийн хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлсөн болохыг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

                  

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ