Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/04409

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/04409

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол усны гудамж * байр*тоотод оршин суух, *

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо зүүн наран * тоотод оршин суух, *

Хохиролд 2,778,813 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *, хариуцагчийн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдуулж хохиролд 2,643,813 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 онд Эс Ай пи Эс Монгол ХХК-тай гэрээ байгуулж байрны өргөтгөл хийлгэсэн байсан. Тус компанид * ажилладаг байсан бөгөөд түүнтэй холбогдож өргөтгөлийн байрны дээврийн ус нэвтрүүлдэггүй мембран хуулга хуулж, эргүүлэн нөхөж наах ажлыг хийлгэхээр 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тохиролцон ажлыг хийлгэсэн. * 1,2х5м хэмжээгээр мембран хуулгыг хуулж, эргүүлэн нөхөх ажлыг хийсэн боловч ажил гүйцэтгэснээс хойш 2 хоногийн дараа бороо орж таазнаас хана дагаж ус гоожиж эхэлсэн. Гэтэл мембран хуулгыг наахдаа хананд нааж бэхлээгүйгээс хана дагаж ус гоожиж тааз руу нэвтэрсэнг өөрт нь хэлэхэд удахгүй ирж янзалж өгнө гэсэн боловч ирээгүй. Ирэхгүй болохоор нь дахин утасдаж хэлэхэд * ажилтай байна, ажилтай болчихлоо, нэг газар ажил эхлүүлсэн тэрийгээ дуусгаад очьё, 9, 10 дугаар сард хөдөө явчихлаа, эргээд ярья гэж худлаа ярьж намайг хүлээлгэсээр 2022 оны 12 дугаар болж хүйтний улирал эхэлж тухайн ажлыг хийх боломжгүй болсон. Ингээд дулаарч хавраас хойш маш олон удаа ярьсан. Энэ хугацаанд бороо орох болгонд таазнаас ус гоожиж байдал улам хүндэрсэн. Ус нэвтрэх тоолонд таазнаас шохой унаж энэ байдлаа хэлэхэд * огт тоогоогүй. Түүнд ажлаа хийж хөлс авсан юм чинь ажлаа хариуцаад янзлаад өг гэж хэлэхээр би ажил хийсэн юм чинь мөнгөө авалгүй яадаг юм гэх байдлаар харьцдаг. Дээврийг тэгш хийснээс болж мембран материалууд доошоо ус алдсан гэж тайлбарлаад байгаа боловч хананд бэхлээгүйгээс борооны ус гоожиж орсонг өөрт нь хэлсэн. Ирж янзлана гэсээр өдийг хүртэл янзлаагүй. Энэ хугацаанд би байнга мессэж бичиж, утсаар хэлж байсан боловч сүүлдээ утас авахаа больсон. Таазаа янзлах хэрэгтэй учир аргагүйн эрхэнд төлбөр гаргуулах шаардлагатай болсон. Зардлын үнэ ханшийг мэдэхгүй учир үнэлгээний компанид хандаж хохролын үнэлгээг тогтоолгосон. Иймд хариуцагч *аас 2,778,813 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. *ыг *Монгол ХХК-нд ажиллаж байхад * өөрийн өмчлөлийн байранд өргөтгөлийн ажлыг компаниар хийлгэсэн. * өөрийн хүүгийн хамт налуу байсан дээврийг нэхэмжлэгчийн хүсэлтээр тэгш болгон хийсэн. Ажлыг хийхдээ * гурвалжин дээвэртэй гадаргыг тэгш болгоход ус гоожих талаар хэлж сануулсан боловч * тагт хийх учир санаа зоволтгүй гэх хариуг өгснөөр ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн. Ус нэвчих талаар хэлж байсан ч нэхэмжлэгч тухайн хэсэгт тагт хийлгүүлчихнэ гэсээр ажлыг хийлгэсэн. Ер нь нэхэмжлэгч өөрөө тагт хийгээгүйн улмаас ус нэвчсэн. Ажил хугацаандаа хийгдсэн тул ажил хийж гүйцэтгээгүйн улмаас гарсан хохирол, зардлыг хариуцахгүй. Мөн энэ ажлыг * ганцаараа биш хоёулаа хийсэн. Зардал, хохиролд 2.643.813 төгрөг бодитоор учирсан гэдэг нь нотлогдоогүй. Мембран хуулга сольсноос ус гоожсон гэх үйл баримт ч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. * 2022 онд ажлыг хийж гүйцэтгэсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Дээврээс ус нэвчсэн талаар тухайн үед *д ярьсан байсан. Хариуцагч зардлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч шинжээч томилуулахгүй. *ын хийсэн ажлаас болж ус нэвтэрсэн гэдэг нь тогтоогдоогүй. Мессэжээр холбогдож байхдаа * манайхаас шалтгаалсан бол засаж өгнө гэж хэлсэн гэв.

3. Нэхэмжлэгчээс *үнэлгээ ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн хохиролын үнэлгээний тайлан, үнэлгээний төлбөр төлсөн орлогын баримт, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг баримтаар ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр *тай тохиролцон 1,2х5м хэмжээгээр дээврийн мембран хуулгыг хуулж, эргүүлэн нөхөх ажлыг хийлгэсэн боловч 2 хоногийн дараа бороо орж таазнаас ус гоожсон. Энэ байдлыг мессэж, утсаар удаа дараа мэдэгдэхэд ирж хийж өгнө гэсээр 2024 он гарсан. Үнэлгээний газраар зардлын үнэлгээг хийлгэсэн тул хохирол зардлаа нэхэмжилнэ гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодохойлсон.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтгүй, бодитоор хохирол учирсан, хуулга сольсноос хохирол учирсан гэдэг баримтгүй, тогтоогдоогүй, ус гоожсон талаар тухайн үед мэдэгдсэн боловч хуулга сольсонтой холбоотой гэдэг нь тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Зохигчийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр гүйцэтгэгч * Сүхбаатар дүүрэг * дугаар хороо * хороолол * байрны * тоот байрны өргөтгөлийн дээврийн ус нэвтрүүлдэггүй мембран хуулгыг 1,2х5м хэмжээгээр хуулж, эргүүлэн нөхөж наах ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч * ажлын хөлсийг тохирсон хугацаанд төлөхөөр тохиролцож, ажил гүйцэтгэгч * гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

4.2. Хариуцагч * гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн боловч дээврээс борооны ус гоожсоны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгчийн хоёр хоногийн дараа бороо ороход хана дагаж улмаар таазнаас ус гоожсон, чанаргүй хийсэн тул хариуцагчид мэдэгдсэн, хариуцагчийн төлөөлөгчийн тухайн үед холбогдож байсан, манайхаас шалтгаалсан бол засаж өгнө гэж хэлсэн гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан.

Хариуцагч * гэрээ байгуулагдсан, ажил гүйцэтгэсэн байдалд маргаагүй. Харин өөрийн хийж гүйцэтгэсэн ажлаас шалтгаалж борооны ус нэвтэрсэн, бодит хохирол учирсан эсэх талаар баримтгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж тайлбарласан боловч зохигч хоорондоо утсаар харилцаж хариуцагчаас ажлыг дахин хийж гүйцэтгэх талаар зөвшөөрч байсан, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Арвижих * үнэлгээ ХХК-ийн хохирол үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч *ий өмчлөлийн Сүхбаатар дүүрэг * дугаар хороо * хороолол *байрны * тоот орон сууцанд ус алдсаны улмаас хохирол учирсан гэх дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байгаа тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

4.3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбар гаргасан боловч тайлбарыг нотолсон баримтгүй, шинжээч томилох шаардлагагүй талаар тайлбарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар татгалзлаа үндэслэж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчээс утсаар мэдэгдэж байсан талаар зөвшөөрч тайлбарласан, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилийн хугацаа дуусаагүй тул тайлбар нь үндэслэлгүй.

4.4. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т ажил гүйцэтгэгчийн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана, мөн хуулийн 349.3-т гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж зааснаар гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагчийн зүгээс тавих шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзнэ.

5. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч *аас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар эд хөрөнгийн гэмтлийн хохиролыг шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хохирол 2,643,813 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 135,000 төгрөг нийт 2,778,813 төгрөгийг хариуцагч *аас гаргуулж нэхэмжлэгч *д олгох нь зүйтэй.

6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч *аас 2,778,813 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *аас улсын тэмдэгтийн хураамжид 59,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.

3 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, төлөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА