| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1906048182446 |
| Дугаар | 2020/ДШМ/1492 |
| Огноо | 2020-12-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2020/ДШМ/1492
А.Уд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч А.У,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/1858 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Уын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1906048182446 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Аын У, 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ... оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;
А.У нь 2019 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 4 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар захын автобусны буудал дээр хохирогч С.Оын гар цүнх, гар цүнхэнд байсан “Samsung А50” загварын гар утас, цэнэглэгч, бэлэн 200.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.491.470 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Аын Уыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уд 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, А.Уд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, А.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, А.У урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Уас 1.491.470 төгрөг гаргуулан хохирогч С.Оад олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр О гэх эмэгтэйтэй караокед танилцсан. Тэр орой миний сэтгэл санаа хямралтай байсан учраас согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, ийм муухай үйлдэл гаргаж, хүн хохироосондоо чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа ухаарч байна. Би 2 охинтой бөгөөд миний бие тулгуур эрхтэн буюу түнхний төрөлхийн мултралтай учраас группэд байдаг. Мөн урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хохирлыг барагдуулахаа илэрхийлж байна. Би цаашид ариун цагаан хөдөлмөрөөрөө үнэнч шударга амьдрах болно. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.У нь тэнсэн харгалзаж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан байна. Хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа учир тэнсэн харгалзах боломжгүй. Харин хорихоос өөр төрлийн ялыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд оногдуулах боломжтой. Анхан шатны шүүхээс 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад оногдуулсан нь А.Уын үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт тохирсон гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
А.У нь 2019 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 4 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар захын автобусны буудал дээр хохирогч С.Оын гар цүнх, гар цүнхэнд байсан “Samsung А50” загварын гар утас, цэнэглэгч, бэлэн 200.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.491.470 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч С.Оын “...Би 2019 оны 8 дугаар сарын 14-ний орой ажлаа тараад Асайт худалдааны төвийн хажууд байх Рояал нэртэй караокед ганцаараа ороод сууж байсан чинь нэг үл таних эмэгтэй хүн ирээд хамт суух уу гэсэн. Тэгээд бид 2 танилцсан. Тэгээд хамт пиво уусан. Тэндээсээ гараад Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын туннел дээр байх Хэрлэн гэх нэртэй караокед ороод хамт сууж байгаад тэндээсээ 3-4 цагийн үед гарч ирээд бид 2 хамтдаа гарч ирсэн. Би харих гээд такси барьсан. Тэгсэн чинь нөгөө хүүхэн надтай хамт таксинд хамт суугаад явсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо КТМС-ийн урд талын автобусны буудалын хажууд явж байгаад таксинаас буусан, буухдаа миний гар цүнхийг авч буусан байсан. Тухайн үед би унтаж байсан, авч буухыг таксины жолооч харсан байсан. миний цүнхэнд Самсунг А50 маркийн гар утас, цэнэглэгч, банкны картууд, иргэний үнэмлэх, банкны түлхүүр, бэлэн 200,000 төгрөг, ягаан өнгийн сваровский ээмэг байсан...” /хх 18-19, 20/,
А.Уын яллагдагчаар өгсөн “...Би ...20 цагийн орчим Цайз 16 дугаар хороолол дээр байдаг нийтийн караокед ороод 0,5 литрийн нийслэл пиво 4 шилийг ганцаараа уугаад сууж байтал 21 цагийн орчим нэг эмэгтэй хүн миний сууж байсан ширээн дээр ирээд гайгүй суух газар байна уу гэтэл энд аваад ирлээ таны хажууд суучих уу сул ширээ алга гэж хэлээд нэг туранхай намхан халимаг үстэй эмэгтэй ирээд хэлсэн. ...бид 2 нийтдээ 4 шилтэй 0,5 литрийн нийслэл пиво уусан. Тэгээд караокеноос 23 цагийн орчим гараад намайг явах гэтэл тэр эмэгтэй 2-уулаа өөр газар очъё Сансар орж гоё газар оръё гээд бид Сансарын туннел дээр байх нэг караокед 00,00 цагийн орчимд орсон. Бид караокед ороод 0,5 литрийн шилтэй нийслэл пиво 13-14 шилийг хувааж уусан. ...туннелийн караокеноос 3 цагийн орчим гараад үүдэн дээрээс нь мөнгөлөг юм уу цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд бид 2 арын суудал дээр суусан. Тэр үед эмэгтэйн гар цүнх байсан ба гар цүнх нь бид 2-ын голд байсан. ...таксинаас буухдаа тухайн эмэгтэйн гар цүнхийг аваад буусан. Миний тэр эмэгтэйн гар цүнхийг аваад буусан шалтгаан нь би тэр эмэгтэйтэй цуг явж байсан дараа нь цүнх нь алга болбол намайг сэжиглэх байх гэж бодоод аваад явсан. Тэгээд гэртээ харих замдаа тухайн эмэгтэйн гар цүнхийг хаана хаясан болсон алдсанаа санахгүй байна. ...нөгөө эмэгтэй таксинд ороод унтсан ...” /хх 35-36/ гэсэн мэдүүлгүүд,
эд зүйлийн үнэлгээ /хх 23-25/, мөрдөгчийн тэмдэглэл /хх 64/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч А.Уыг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар захын автобусны буудал дээр хохирогч С.Оын гар цүнх, гар цүнхэнд байсан “Samsung А50” загварын гар утас, цэнэглэгч, бэлэн 200.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.491.470 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч А.Уын холбогдсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялыг зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорихоор заажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Оын “хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй зэрэг хувийн байдалд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хүнд ял оногдуулаагүй байх тул шүүгдэгч А.Уын “...Ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Уын гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/1858 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ