Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1056

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 3 сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00722 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 100 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э

Хариуцагч: Э.Б-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б- нь Э.Б-тэй 2019 оны 7 сарын 10-ны өдөр 4 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлдэгч Э.Б- нь гэрээний хугацаанд зээлийн хүү болох 400 000 төгрөгийг төлж үндсэн зээл болох 4 000 000 төгрөгийг өнөө маргаашгүй төлнө, санхүүжилт орохыг хүлээж байна гэсээр 400 000 төгрөг, дахин 200 000 төгрөгийг хүү гэж төлснийг үндсэн зээлээс хасч тооцсон. Одоогийн байдлаар үндсэн зээл болох 3 400 000 төгрөгийг хэзээ яаж төлөх тухай уулзаж ярилцахыг хүссэн боловч утсаа аваагүй, мессэж бичсэн ч хариу өгөхгүй огт сураггүй байгаа тул шүүхэд хандаж байна. Зээлийн гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5%-ийн алданги тооцож, 130 хоногийн буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 1 700 000 төгрөгийн алданги, үндсэн зээл 3 400 000 төгрөг, нийт 5 100 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2019 оны 7 сарын 10-ны өдөр Л.Б-тай зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн хугацаа 2019 ны 7 сарын 10-ны өдрөөс 2019 оны 8 сарын 10-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, 10%-ийн хүүтэй байсан. Зээлийн гэрээний дагуу 8 сарын 10-ны өдөр 400 000 төгрөг, 10 сард 400 000 төгрөг, 11 сард 200 000 төгрөг, 12 сарын 02-ны өдөр 150 000 төгрөг, 12 сарын 29-ний өдөр 500 000 төгрөг, сүүлд 12 сарын 06-ны 1 350 000 төгрөгийг төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 250 000 төгрөг төлөгдсөн гэж үзэж байна. Нийт 4 400 000 төгрөгийг гэрээний дагуу төлөх ёстой байснаас 3 000 000 төгрөг төлөгдсөн. 1 400 000 төгрөг үлдэж байгаа, алданги төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Б-ээс 3 100 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлээс 2 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-ээс 64 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Э.Б- миний бие нь мөнгө хүүлэгч н.Нарантуяагаас Л.Б-гаар дамжуулан 2019 оны 5 сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй аваад 20 хоногийн хугацаанд 3 300 000 төгрөгийг төлсөн. Тухайн өдрөө 4 000 000 төгрөг эргүүлэн зээлж авсан. 2019 оны 8 сарын 10-ны өдөр хүүгийн 400 000 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш цувуулж өгсөөр нийт 3 000 000 төгрөг төлсөн. Хууль мэдэхгүйгээр далимдуулж, надаас гадна олон хүнийг өрийн дарамтанд оруулж байна. Иймд энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, хууль зүйн үндэслэлгүй алданги болох 1 700 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Э.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 5 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Э.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 3 100 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Л.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Э.Б- нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2020 оны 5 сарын 15-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасган, 2 500 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Э.Б- нь зөвшөөрч тохиролцсон байна.

 

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасган 2 500 000 төгрөг шаардсаныг, хариуцагч зөвшөөрч тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                               ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ