Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 128/шш2020/0683

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Д*******,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Улсын онцгой комисс.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Б*******гийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/1******* дугаар Жагсаал, цуглааныг бүртгэхээс татгалзсан захиргааны шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэхийг даалгах,

2. Улсын онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 25 дугаар хурлын тэмдэглэлийн 4.1 дэх заалтын жагсаал, цуглаан холбогдох хэсгийг,

3. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/1******* дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийг,

4. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн /КОВИД-19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай" А/4******* дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийн жагсаал, цуглаан-тай холбогдох хэсэг, мөн захирамжийн 2.1 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Д*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У*******, хариуцагч Улсын онцгой комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Д******* шүүх хуралаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Сүхбаатар дүүргийн дүүргийн Засаг даргад холбогдуулаад манай эхнэр, хүүхэд АНУ-ын Ч******* хотод гацсан. 2020 оны 2 дугаар сараас хойш ирж чадахгүй байж байгаад дөнгөж саяхан ирсэн. Энэ хугацаанд би 2020 оны 7 дугаар сарын *******-ны өдөр *******:00 цагаас 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 21:00 цаг хүртэл гадаадад гацчихаад байгаа хүмүүсийн Үндсэн хуульд заасан эрх, ашиг зөрчигдөөд байна, энэ талаар Монголчууд юу ч мэдэхгүй байна, уг зөрчигдөөд байгаа эрхийг хамгаалах, олон нийтэд таниулахын тулд Засгийн газар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад Үндсэн хуульд заасан эрхийг нь хууль бусаар боомилж байна гэдэг тал дээр жагсаал цуглаан хийж олон нийтэд таниулахыг хүссэн.

Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан тайван жагсал цуглаан хийх эрхийн дагуу үүнийг зохион байгуулах хүсэлт гаргасан. 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга надад хариу мэдэгдэхдээ миний жагсал цуглаан хийх тухай хүсэлтийг бүртгэхээс татгалзсан. Уг үндэслэлд нэлээн хэдэн зүйлийг дурдсан байдаг. Нэхэмжлэл гаргаснаас хойш үйл явдал, нөхцөл байдал бага зэрэг өөрчлөгдсөн байдаг.

Нэхэмжлэлийн шаардлага нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1/1******* дугаартай Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Б*******гийн хариу мэдэгдлийг хүчингүй болгуулж, жагсаал, цуглаан хийхийг зөвшөөрөхийг даалгах гэж дурдсан.

Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад уг Засаг даргын эрх бүхий актад холбогдуулаад Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай Улсын онцгой комиссын хурлын тэмдэглэлийн шийдвэрлэх хэсгийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг буюу жагсаал цуглаантай холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/1******* дугаартай Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамжийн 1 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн жагсаал цуглаантай холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын *******-ны А/4******* дугаартай Коронавирус халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийн 1.1, 1.2 дахь хэсгийг хүчингүй болгуулах, хууль бус гэж тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлага дээр шинээр үүссэн нөхцөл байдал дээр тулгуурлаад Нийслэлийн Засаг даргын А/9******* дугаар захирамжийг хүчингүй болгосон. Гэхдээ уг захирамжийг хүчингүй болгохдоо жагсал цуглаантай холбоотой хэсгийг огт орхигдуулсан учраас жагсаал цуглааныг хийж болох эсэх нь одоо болтол мэдэгдэхгүй байна. А/9******* дугаар захирамжийг нэгэнт хүчингүй болгосон болохоор үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Үүнд ойлгомжгүй байгаа зүйл нь А/9******* дугаар захирамжийг хүчингүй болгосон тогтоолдоо бүх хувиараа бизнес эрхэлж байгаа иргэдийн бизнесийг нээсэн мөртлөө яг жагсаал цуглаантай хэсгийг огт шийдэхгүйгээр орхисон.

Тэгэхээр би 4******* дугаар захирамжийн жагсаал цуглаантай холбогдох хэсэг буюу 1.1, 1.2 дахь хэсгийг хүчинтэй байгаа гэж ойлгож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь өөрийн хариу мэдэгдэлдээ доорх зүйлүүдийг үндэслэсэн. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8.3 дахь хэсгийг үндэслээд надад жагсаал цуглаан хийхийг хориглосон байна гэж үндэслэсэн. Гэтэл Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8.3-аас үзэхэд өнөөдөр онцгой байдал зарлаагүй, дайны байдал зарлаагүй.

Бид 1 дүгээр сараас хойш өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд, үүнийг сунгаад явж байгаа юм. Тийм учраас уг хуулийн 8.3 дахь хэсгийг үндэслэж байгаа нь хууль бус байна. Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолыг барьсан байдаг. Үүн дээр өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбогдуулаад Засгийн газар онцгой байдлын комиссыг байгуулахдаа тодорхой чиг үүргийг гүйцэтгээрэй гэж байгуулсан.

Үүний хоёрдугаар хэсэгт Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4-т заасныг хэрэгжүүлэх, өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамжийг гаргаж батлах гэсэн байдаг. Засгийн газрын уг шийдвэрийн дагуу Улсын онцгой комиссын даргын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаар тушаал гарсан. Үүн дээр Засгийн газраас олгосон эрхийн хүрээнд Улсын онцгой комисст ямар арга хэмжээг хориглосон байна вэ гэвэл олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, ёслол хүндэтгэл, урлаг спортын арга хэмжээг зогсоохоор удирдамжид заасан. Гэтэл энэ тогтоолыг хэрэгжүүлэх явцдаа Нийслэлийн Засаг дарга хууль зөрчсөн.

Нийслэлийн Засаг даргын анх гаргасан захирамж буюу 2020 оны А/1******* дугаартай захирамжид олон нийтийн арга хэмжээ гэдэг үгийн өмнө жагсаал цуглаан гэдэг үг ороод ирсэн. Засгийн газраас Улсын онцгой комисст даалгасан цар хүрээ хэм хэмжээг хэрэгжүүлэхдээ Засаг дарга өөрөө дур мэдээд Үндсэн хуулиар олгогдсон тайван жагсаал цуглаан хийх эрхийг зөрчөөд өөрийн эрх мэдлийг хэтрүүлж уг захирамжийг гаргасан. Цаашдаа уг захирамжийг сунгаад байгаа учраас миний Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөөд байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна.

Ковид шиг зүйл дахиж гарна, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг эрхтэн дархтан гарч ирээд хурлын тэмдэглэл төдийгөөр хязгаарлаад Нийслэлийн засаг дарга нь хуулиар олгогдоогүй эрхэнд үг, үсэг нэмээд өөрийн дур зоргоороо улс төрийн атгаг санаа агуулж хүний эрхийг хорьж болохгүй. Улсын онцгой комисст сайн ажиллаж байгаа зүйл байгаа. Гэхдээ бид өнөөдөр хуулиа сахих ёстой. Дараагийн удаа ийм зүйл тохиолдоход хэний ч хүүхэд гацаж болно. Энэ тэмдэглэл, шийдвэрүүд хэрэгжихдээ ялгавартай хэрэгжээд байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...2020 оны 07 дугаар сарын 327-ны өдрийн 1/1******* дүгээр албан бичгээр Жагсала цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дах хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 62 дугаар тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа сунгах тухай 64 дүгээр тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа сунгах тухай 102 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1*******, А/223, А/4*******, А/590, А/752 дугаар захирамжуудыг тус тус үндэслэн татгалзсан.

Дээрх албан бичиг нь холбогдох хууль тогтоомжид нийцэж гарсан албан бичиг тул хүчингүй болох үндэслэлгүй юм. Мөн иргэн жагсаал цуглаан хийлгэхийг дээлх нэхэмжлэл өгсөн байна. Энэ нь биелэгдэх боломжгүй юм. Учир нь жагсаал цуглаан нь журмаараа тухайн цаг хугацаанд биелэгддэг тул иргэний нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2020 оны 1*******, 4*******, 9******* дугаар захирамжууд нь дэлхий нийтэд үүссэн коронавирус цар тахалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын 2020 оны 1, 7, 24, 25 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн онцгой комиссын 2020 оны 02, 06, 11 дүгээр хурлын тэмдэглэлүүдийг үндэслэж гаргасан.

Эдгээр захирамжууд нь өөр, өөрсдийн хугацаандаа үйлчилж байсан. Одоогийн байдлаар эдгээр захирамжууд нь бүгд хүчингүй болсон. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.1-т зааснаар нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх; 32.1.8.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах гэсэн нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон. Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11.1-т хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх; 11.1.2.үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, нийгмийн эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх гэж актуудын үндэслэлийг заасан. Энэ үндэслэл дээр үндэслэж Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Тийм учраас хууль тогтоомж зөрчсөн, хүний эрх ашгийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 1******* дугаар захирамж нь 2020 оны 3 дугаар сарын *******-ны өдөр үйлчлэлийн хувьд хүчингүй болсон. 3 дугаар сарын *******-ны өдрийн захирамжийн дараа 2020 оны 4 дүгээр сарын *******-ны өдрийн А/4******* дугаар захирамж гарсан. Үйлчлэл нь дуусгавар болоод дараагийн захирамжаар сунгагдаад явдаг.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улс орны аюулгүй байдалтай холбоотой учраас хууль тогтоомжийг зөрчөөгүй. Хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагч Улсын онцгой комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8.4-т гамшгийн хор уршгийг арилгах зорилгоор зохион байгуулах цуглаанд энэ зүйлийн З дахь хэсгийн заалт үл хамаарна. Гамшгийн хор уршгийг арилгана гэдэг нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан чиг үүргийг ойлгоно. Би нэхэмжлэгчийг гамшгийн хор уршгийг арилгах гээд жагсах гээд байна гэж ойлгоод байна.

Гэтэл Гамшгаас хамгаалах тухай хуульд байгууллагуудад чиг үүргийг заасан. Түүнээс биш хэн нэгэн иргэн эрхээ эдэлж байна гэдэг байдлаар олон нийтийн жагсаал цуглаан зохион байгуулснаар хор уршиг арилна гэж үзэхгүй. Гамшгаас хамгаалах хуулийн 10.4.6.соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох гэдэг нь Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5.1.4.нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах эрхийг Улсын онцгой комисс болон Засгийн газар, төрийн холбогдох байгууллагуудад эрхийг өгсөн. Жагсаал цуглаан зохион байгуулах тухай Улсын онцгой комиссын 2020 оны 7 дугаар 01-ний өдрийн 27 дугаар хуралдаанд заасан асуудал нь нийгмийн эрүүл мэнд, бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн.

Коронавирусын нөхцөл байдал дэлхийд хоёр дахь давалгаа эхэлсэн, урьдчилсан мэдээгээр 2020 оны зун хүртэл үргэлжилнэ гэсэн байгаа юм. Өнөөдөр 14:00 цагт Улсын онцгой комисс хуралдана. 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үүнийг цаашаа үргэлжлүүлэх үү гэдгийг өнөөдөр 14:00 цагт хуралдаж шийдвэрлэнэ. Нэхэмжлэгчийн өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд өнөөдөр нөхцөл байдал өөр болсон байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Д*******оос Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Улсын онцгой комисст тус тус холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Б*******гийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/1******* дугаар Жагсаал, цуглааныг бүртгэхээс татгалзсан захиргааны шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэхийг даалгах-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны ******* дугаар сарын 11-ний өдөр Улсын онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 25 дугаар хурлын тэмдэглэлийн 4.1 дэх заалтын жагсаал, цуглаан холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/1******* дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн Коронавурис цар тахлын үед эдийн засгийг дэмжих захирамжийн 1.1 дэх хэсгийн жагсаал, цуглаантай холбогдох хэсэг, мөн захирамжийн 2.1 дэх хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн Коронавирус цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай А/9******* дугаар захирамжийн 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн Коронавирус цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай А/9******* дугаар захирамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн Коронавирус цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай А/9******* дугаар захирамжийн 4 дэх хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч П.Д*******оос 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр .Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос Коронавируст Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан ажлын хүрээнд улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, гадаад улсад байгаа Монгол улсын иргэдийг эх орондоо ирэхийг хязгаарлаж байгаа нь тэдгээр иргэдийн эрх ашгийг зөрчиж байх тул үүссэн хор уршгийг таниулах, арилгуулахад олон нийтийг уриалж, тусламж хүсэх зорилгоор 100 ширхэг өнгөт самбарыг Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрээс бусад хэрэгт байршуулж, 50-100 орчим иргэдийг оролцуулсан жагсаал, цуглаан зохион байгуулахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад ханджээ.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д гамшиг гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг, 4.1.2-т аюулт үзэгдэл гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг гэж заасан бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Коронавируст /КОВИД-19/-ийн халдвар дэлхийн ихэнх улсад тархсан тул цар тахал гэж албан ёсоор зарлажээ.

Монгол улс нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд дээрх байгууллагаас цар тахал гэж зарласан халдварт өвчний дэгдэлт, өвчлөлтийг хязгаарлах, урьдчилан сэргийлэх, дотоодын иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй.

Улсын онцгой комиссоос дээрх үйл ажиллагааны хүрээнд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1 дүгээр хурлын тэмдэглэлийн 5 дугаар заалтын 5.1-д Олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахыг түр хугацаагаар хязгаарлахыг, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар хурлын тэмдэглэлийн 9 дүгээр заалтын 9.1-д Коронавируст /Covid219/ халдварын нөхцөл байдалтай холбогдуулан нутаг, дэвсгэрийн хэмжээнд бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, аймаг нийслэлийн Онцгой комиссын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч ажиллах, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 24 дүгээр хурлын тэмдэглэлийн 3 дугаар заалтын 3.1-д Бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор коронавируст халдвар /Ковид-19/-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдсон хууль, дүрэм, журмын хүрээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд сахиж зарим олон нийтийн үзвэр, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйлчилгээг эхлүүлэх талаар саналаа судлан Улсын онцгой комисст танилцуулах-аар коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус шийдвэр гаргаж байжээ.

Мөн Улсын онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 25-р хуралдааны тэмдэглэлийн 4 дүгээр заалтын 4.1 дэх хэсэгт ...жагсаал цуглаан, нийтийг хамарсан спортын үйл ажиллагаа, PC тоглоомын газар, диско болон бүжгийн баарнаас бусад бүх төрлийн хүүхдийн тоглоомын газар, баар, биллиард, шашин соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн үе шаттайгаар нээхийг зөвшөөрөхийг... Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

Учир нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн З дахь хэсэгт Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно гэж заасан бөгөөд дээрх нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэний тодорхой эрхийг хязгаарлах зохицуулалттай байх тул Улсын онцгой комиссын 25-р хуралдааны тэмдэглэлээр жагсаал цуглаан хийхийг хязгаарласан нь хуульд нийцжээ.

Нөгөөтэйгүүр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 32.1.1-д нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх, 32.1.8-д гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах гэж тус тус заасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/1******* дугаар захирамж, 2020 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн А/4******* дугаар захирамжууд, мөн нэхэмжлэгчийн жагсаал, цуглааныг бүртгэхээс татгалзсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/1******* дугаартай албан бичиг зэрэг нь Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахал дэлхий нийтэд тархсан, түүнтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн байх бөгөөд дээрх захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Учир нь дээрх захиргааны актууд нь цар тахал гэж нэрлэгдсэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд эрх бүхий байгууллага албан тушаалтнуудаас нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор цогц байдлаар хэрэгжүүлж буй үйл ажилагаатай уялдуулан өөрсдийн эрх хэмжээний хүрээнд гарсан зорилгодоо нийцсэн захиргааны актууд гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч П.Д*******оос Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Улсын онцгой комисст тус тус холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Б*******гийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/1******* дугаар Жагсаал, цуглааныг бүртгэхээс татгалзсан захиргааны шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэхийг даалгах, Улсын онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 25 дугаар хурлын тэмдэглэлийн 4.1 дэх заалтын жагсаал, цуглаан холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/1******* дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн Коронавурис цар тахлын үед эдийн засгийг дэмжих тухай захирамжийн 1.1 дэх хэсгийн жагсаал, цуглаантай холбогдох хэсэг, мөн захирамжийн 2.1 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагууд бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн Коронавирус цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай А/9******* дугаар захирамжийн 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 32.1.1, 32.1.8, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Д*******оос Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Улсын онцгой комисст тус тус холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Б*******гийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/1******* дугаар Жагсаал, цуглааныг бүртгэхээс татгалзсан захиргааны шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэхийг даалгах, Улсын онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 25 дугаар хурлын тэмдэглэлийн 4.1 дэх заалтын жагсаал, цуглаан холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/1******* дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн Коронавурис цар тахлын үед эдийн засгийг дэмжих тухай захирамжийн 1.1 дэх хэсгийн жагсаал, цуглаантай холбогдох хэсэг, мөн захирамжийн 2.1 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ