Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2020/ДШМ/165

 

105/2019/1858/Э

 

 

 

 

  2020            02            06                                          2020/ДШМ/165    

 

Т.З-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч Т.З-ын өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШТ/7 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 6 дугаартай эсэргүүцлээр Т.З-од холбогдох 1906020731775 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

........

 

Т.З- нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт иргэн Т.Б-ыг түлхсэний улмаас арагш контейнер мөргөж, улмаар гавал тархины хүнд хохирол учирч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.З-од холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Прокуророос шүүгдэгч Т.З-ыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт иргэн Т.Б-ыг түлхсэний улмаас арагш контейнер мөргөж, улмаар хүнд гэмтэл авч мэс заслын дараах байдал бүхий гэмтлүүдийн улмаас эрүүл мэндэд хүнд хохирол учирч нас барсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №4467 дугаартай дүгнэлтэд дурдагдаагүй гэмтэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №1102 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №961 дугаартай дүгнэлтүүдэд дурдагдсан нь эргэлзээтэй бөгөөд дээрх гэмтлийн зөрүүг арилгах зорилгоор дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагатай байна. Талийгаач Т.Б-д учирсан гэмтэл нь ямар байрлалд, аль талаас, яаж, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн хохирогч хүнд гэмтлийг авсан бол орчинтой харилцах, ямар нэг өөр үйлдэл хийх боломжтой эсэхийг нотлож тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасан нотолбол зохих байдалд хамаарна. Түүнчлэн шүүгдэгч Т.З-ын холбогдсон гэмт хэргийн зүйлчлэл буюу гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дүнд хохирогчийн амь нас хохирсон эсэх, гэмт хэрэг гарсан шалтгаант холбоо, түүнээс учирсан хор уршиг зэргийг хуульд заасны дагуу шалгаж тогтоох нь зүйтэй гэж үзэн, шүүгдэгч Т.З-од холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг авч үзвэл зөвхөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах асуудлыг шийдвэрлэсэн хуулийн зүйл, заалт болох нь туйлын тодорхой, ойлгомжтой байтал яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамж гарсны дараа товлогдсон шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүхийн хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.” гэжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хурлаар хэргийг хянан хэлэлцээд шүүхээс гаргах шийдвэр нь зөвхөн шийтгэх эсхүл цагаатгах хэлбэртэй байх ёстойг хоёрдмол утгагүй, тодорхой хуульчилсан байхад анхан шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, заалт хэрэглэж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн “хууль ёсны байх” үндсэн зарчмыг зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүхээс “...шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй бөгөөд дээрх гэмтлийн зөрүүг арилгах зорилгоор дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагатай” гэжээ. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4467 дугаартай дүгнэлт нь талийгаачийг амьд ахуйд буюу эмнэлгийн байгууллагад эмчлэгдэж байх цаг хугацаанд гаргасан шинжээчийн дүгнэлт бөгөөд харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1102 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 961 дугаартай дүгнэлтүүд нь талийгаачийг нас барсны дараа задлан шинжилгээний үр дүнд гаргасан дүгнэлт учир прокурорын зүгээс эргэлзээгүй гэж дүгнэсэн. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ.” гэж тус тус зааснаас үзвэл шүүх хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтүүдийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэх бүрэн боломжтой. Гэтэл шинжээчийн дүгнэлтийг прокурорын зүгээс эргэлзээтэй гэж дүгнээгүй байхад шүүх эргэлзээтэй гэж дүгнэсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах эрх хэмжээ шүүхэд хуулиар олгогдсон байтал тэрхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүйгээр өөрт олгогдсон эрх хэмжээгээ үндэслэлгүйгээр хязгаарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.З-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн тогтоолыг дэмжиж байгаа. Энэ хэрэгт ганц гэрч байдаг бөгөөд түүний “Т.З- нь хохирогчийн цээжин хэсэгт түлхсэний улмаас контейнер мөргөж унасан” гэж хэлсэн мэдүүлэг нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогддог. Хохирогчийг амьд байх үед гарсан 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4467 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй “духны урд хэсгийн няцрал” гэсэн шинэ гэмтэл нь хохирогчийг нас барсны дараа гарсан дүгнэлтэд дурдагдсан. Хэрвээ хохирогчийн цээж рүү түлхсэний улмаас контейнер мөргөж унасан бол духны урд хэсэгт гэмтэл учрах боломжгүй. Иймээс хохирогчийг нас барсны дараа гарсан дүгнэлтүүдийг эргэлзээтэй гарсан гэж үзэж байна. Мөн талийгаачийн нас барсан цаг хугацаа болон шүүгдэгчийн үйлдэл хийсэн цаг хугацааны хооронд 4-5 цагийн зөрүүтэй, талийгаачийн ухаангүй хэвтэж байсан газар нь гэмт хэрэг гарсан гэх газраас өөр газар байсан. Өмгөөлөгч нарын зүгээс амь хохирогчийн явсан маршрутыг тогтоолгох хүсэлтэй байна. Учир нь, амь хохирогч өөр газар явж байгаад өөр хүмүүс энэ гэмтлийг учруулсан байж болзошгүй гэж үзэж байна. Шүүхийн тогтоолд заасан гэмт хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн, хохирол, хор уршиг, түүний шалтгаант холбоог тогтоох гэсэн заалтуудыг биелүүлж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийг дахин явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа тул хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.З-ын өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.З-од холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Зөвхөн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан нь  үндэслэлгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх шинжилгээ хийлгэх шийдвэр гаргахаар заажээ. Харин анхан шатны шүүх, Т.З-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 10.1 дүгээр зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн аль шинжийг хангаж байгаа эсэхэд анхаарвал зохино.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Т.З-од холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШТ/7 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Т.З-од холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Т.З-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН