Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1055

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 3 сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/01013 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.М-, Ж.Б- нарт холбогдох

 

Адууны үнэ 12 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Д.М-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 11 сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд оршин суудаг төрсөн дүү Л.Д-гаас алаг зүсмийн 5, хээр зүсмийн байдас 3, халтар зүсмийн байдас 3, хүрэн зүсмийн байдас 1, бүгд 12 тооны адууг гарал үүслийн бичгийг авч, Улаанбаатар хот руу оруулж ирсэн юм. Ингээд тохирсон ёсоор өөрийн танил генерал М.Ж- гэх хүнд Улиастайн цэргийн 015 дугаар хашаанд /тухайн үед М.Ж- нь ангийн захирагч байсан гэдэг/ авч очиж өгч 10 адуугаа 12 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон юм. Иргэн М.Ж- нь 2018 оны 04 сард зуслангийн хашаа, байшин өгнө гэж тохирсон боловч 2017 оны сүүлчээр бие нь муудаж нас барсан. Би 49 хоногийг нь өнгөрөөгөөд хүү Ж.Б-той нь уулзахад Д.М- гэж хүнд таны адуу байгаа гэж хэлсэн. Д.М- гэж хүнийг би өөрөө хайж хөөцөлдсөөр олж уулзахад адууг өгөхгүй, М.Ж-д үнэтэй хөөргөө өгч байж авсан гэсэн. М.Ж-ын хүүхдүүдтэй уулзахад хөөрөгний талаар мэдэхгүй гэх бөгөөд манайд тийм зүйл байхгүй гэж хэлсэн. М.Ж-ын хүүхдүүд болон Д.М- нар миний адууг хэн нь яаж авсан нь мэдэгдэхгүй намайг залилж мэхэлж байна гэж үзэн цагдаагийн байгууллагад хандан шалгуулсан. М.Ж-ын хүү Ж.Б- адууны талаар сайн мэдэж байгаа бөгөөд аав нь адууны мөнгийг өгөөгүй гэдгийг сайн мэдэх юм. Ингээд цагдаагийн байгууллага шалгаад залилсан, завшсан гэх эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байна гээд хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Иргэн Д.М- гэгч нь миний 12 000 000 төгрөгийн үнэтэй 12 ширхэг адууг авсан нь тодорхой болсон бөгөөд одоо энэ хүнд байгаа, харин цагдаагийн байгууллагад тэрээр 3 хөөргийг 6 000 000 төгрөгт бодож, өгсөн. Дахин 2 хөөрөг өгөх ёстой нь түүний мэдүүлгээс тодорхой болсон. Д.М- нь 12 тооны миний адууг аваад бүгдийг зарж мөнгө болгоод банкинд хийсэн гэж ярьсан. Нас барсан хүн, адууг маань бүгдийг нь авсан хүний хооронд би хохирч үлдэх нь шударга бус бөгөөд Д.М- миний адууг бүгдийг 6 000 000 төгрөгөөр авч байгаа бол би зөвшөөрөхгүй. Мөн талийгаач М.Ж-ын өв залгамжлагч, түүний хүү Ж.Б- нь аавынхаа үүргийг хүлээх хуульд заасан этгээд байх тул Ж.Б-, Д.М- нараас адууны үнэ 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.М- шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Ж- гэдэг хүнд хөөрөг өгч хөөрөгнийхөө үнэнд адуу тохирч авсан нь үнэн. Энэ хүмүүсийн хоорондын наймааг би мэдэхгүй. Адууг аваад зарж, банкны лизингийн зээлтэй учир хэрэглэсэн. Уг асуудал нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээр 3 удаа шалгагдсан боловч хаагдсан. Миний 1 хөөрөг гэрт нь байсныг би хэлсэн. 1 хөөргийг нь би согтуу өрөөнөөсөө алдаад бөөн юм болсныг бүх хүмүүс мэдэж байгаа. 1 хөөргийг маань хүнд зарах гээд үзүүлж байсан зарагдсаныг хэлсэн. Уг үйлдэл цагдаагаар тогтоогдоод хэрэг буцсан. Намайг олон удаа цагдаагаар шалгуулж, шүүхээр явуулж байгаад харамсаж байна, нэр төрөө сэргээлгэх болно. Адууг 2017 оны 12 сарын 08-ны өдөр цэргийн ангиас авсан ба М.Ж- генерал өөрөө надад хүлээлгэн өгсөн. Өгөхдөө 2017 оны 11 сарын 22-ны өдрийн гарал үүслийн бичигтэй хүлээлгэж өгсөн. М.Ж- 2018 оны 2 сарын 08-ны өдөр нас барсан юм. Уг хашаанд 20 гаруй хоносон гэх адууг М.Ж- генерал аргаа бараад чи өрөндөө ав гэж хэлснээр авсан. 2 унагыг би цэргийн ангийн хашаанд 5 сар тэжээсэн бөгөөд 2018 оны 4 сард хөдөө гаргасан ба тэр үед нь хэн ч эргэж ирээгүй, нэхэмжилж байгаагүй. Нэхэмжлэгч нь М.Ж- генералд адуугаа 10 000 000 төгрөгөөр үнэлж өгч байсан гэх ба үүнийг нотлоогүй байж нас барсан хүн үг хэлэхгүйгээр далимдуулан нэмэгдүүлж 12 000 000 төгрөгөөр үнэлж байгаад итгэл төрөхгүй байна. Худалдаа наймаа хийсэн хүн нь нас барснаар шалтаглан, надаас дамжуулж нэхэмжилж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өв залгамжилж буй үр хүүхэд нь байсаар байтал худалдаа хийсэн надаас дамжуулан нэхэмжлэх нь өр үндэслэлгүй зүйл юм. Прокурорын хариу мэдэгдэх хуудас, Д.М-ы гэрчийн мэдүүлгээр Соёмбо сийлсэн цагаан шүрэн хөөргийг 2017 оны эхээр М.Ж- генералд 1 500 000 төгрөгөөр бодоод өгсөн, шар хальсан дээр нь тариан түрүү сийлсэн тархи манан хөөргийг 2 500 000 төгрөгөөр бодож ажил дээр нь өгсөн. Дараа нь 2017 оны 6 сард бразил халтар манан хөөргийг 2 000 000 төгрөгөөр бодож өгсөн. Уг хөөрөгнүүдийн мөнгийг аваагүй байж байгаад 2017 оны 11 сарын сүүлээр М.Ж- генералтай уулзахад надад 12 тооны адуу байгаа тэр адуугаар хөөрөгний үнийг төлөхөөр болсон гэсэн нь М.Ж-, Д.М- нарын хооронд наймаа явагдсан болохыг нотолно. Ж.Б- гэрчээр асуугдахдаа эцгийнхээ өмнөөс хөөрөгний талаар нэхэмжлэл гаргахгүй гэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн үндэслэлгүй хөрөнгөжсөн, ашиг олсон гэдгийг нотлох зүйл байхгүй. Д.М- гэж хүн төрийн хамгаалалттай цэргийн ангийн хашаанаас адууг дур мэдэн аваад явах боломжгүй. Энэ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудал биш. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү хэрэг маргаанд миний бие Л.Д-ийн удаа дараагийн гуйлтаар гэрчийн мэдүүлэг өгч байсан. Өнөөдөр намайг хамтран хариуцагчаар татаж надаас мөнгө нэхэж байгаад нь ямар ч хамааралгүй. Тус хүмүүсийн гэрээ хэлцэл тохиролцоонд миний бие ерөөсөө оролцоогүй ямар нэгэн үр шим ерөөсөө аваагүй бөгөөд адуу малтай холбоотой ямар ч зүйлийг мэдэхгүй. Миний аав М.Ж- нь 2018 оны 2 сарын 06-ны өдөр нас барсан. Аав минь амьд байх хугацаандаа надад энд, тэнд өр зээлтэй юм ерөөсөө ярьж байгаагүй тиймдээ ч энэ асуудлыг ерөөсөө мэдэхгүй. Ж.Б- би аав болох М.Ж-ын өв залгамжлагч болоогүй учраас тухайн хэрэг надад хамаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд надад холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 515 дугаар зүйлийн 515.1, 515.2 дах хэсэгт зааснаар Л.Д-ийн нэхэмжлэлтэй Д.М-, Ж.Б- нарт холбогдох адууны үнэ 10 075 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах  гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шударга бус болсон. Иргэн М.Ж- нь адууны оронд 2018 оны 4 сард зуслангийн байшин, хашаа өгнө гэж тохирсон ба адуу ангийн хашаанд байсан. Гэтэл М.Ж- генерал нас барж, хүү Ж.Б-той нь уулзахад Д.М- гэж хүнд таны адуу байгаа гэж хэлсэн. Цагдаагийн байгууллага шалгаад иргэн Д.М- гэгч 12 тооны адууг авсан нь тодорхой болсон бөгөөд М.Ж-д 3 хөөргийг 6 000 000 төгрөгт бодож өгсөн, дахин 2 хөөрөг өгөх ёстой гэж байсан боловч шүүхэд баримт гаргахдаа 12 сард адууг цэргийн ангийн хашаанаас авч гарангуут “Саян уул” ХХК-д худалдсан, уг компани адууг нядалгаанд оруулсан гэдэг. Миний бие М.Ж-тай тохироогүй бол адуугаа Хөвсгөлөөс тууж ирж цэргийн ангийн хашаанд байлгахгүй, харин Д.М- гэгч М.Ж-аас ямар тохироотой адууг авч явсныг мэдэхгүй, энэ талаар ямар ч баримт байхгүй, Д.М- 6 000 000 төгрөгт хөөрөг өгсөн гэж мэдүүлж байгаа боловч өгснөө нотолдоггүй, хүү Ж.Б- нь ч энэ талаар мэдэхгүй гэж мэдүүлж байна. Д.М- нь үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгийг авч, ашиг олж, түүнийгээ нотолж чадахгүй байна. М.Ж-тай ямар тохироотой байснаа нотлоогүй, ямар нэг гэрээ баримт байхгүй, хөөрөг өгсөн гэдэг нь батлагдаагүй, цагдаад өгсөн мэдүүлэг нотолгоо биш. Д.М- нь үндэслэлгүйгээр миний адууг олж авч, одоо шүүхэд гаргаад байгаа баримтаар миний адууг мал маханд өгсөн гэж тайлбарлаж байна. Миний өгсөн адуун дотор 2 жороо морь байсан, жороо морь байгаагүй бол хашаа, байшин өгнө гэж М.Ж- тохирохгүй байсан. Д.М- нь миний цэргийн ангийн хашаанд байсан адууг М.Ж-тай тохирч авч гарсан гэж байгаа бол түүнийгээ нотлох ёстой. Шүүх нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй бөгөөд хуулийн үгийг өөрийнхөөрөө тайлбарлаж, дээр нь Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг    хуулийн шаардлага хангаагүй гэх нь шүүгчийн хайнга, мэргэжлийн ур чадваргүй, бусдын гомдол, нэхэмжлэлд хариуцлагагүй хандаж, мөн ашиг сонирхолтой байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцаас тодорхой харагдана. Хариуцагчийн гаргасан “Саян уул” ХХК-д миний 10 тооны адууг тушаасан гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Энэ компани албан бичиг өгөхдөө адууны нас зүс, жин, үнэ мөнгийг бичээд байгаа мөртлөө санхүүгийн баримт, мөнгө тушаасан болон хэнээс авснаа нотлох баримтаар ирүүлэхийг шаардахад хэрэгт авагдсан баримтыг ирүүлээд байгаа нь энэ компани миний адууг авснаа батлахгүй байна. Тэгэхээр хариуцагч Д.М- нь адууг авснаа болон одоо ашиг олж, тэжээж буйгаа нууж байна. Мөн 5 000 000 гаруй төгрөгт адууг зарсан болгох гэж хуурамч баримт ашиглаж байна. Хариуцагч Д.М- нь М.Ж-д хөөрөг өгсөн, тэр нь 6 000 000 төгрөгт тооцогдоно, 2 хөөрөг өгөх дутуу гэж ярьдаг боловч энэ талаар нотлоогүй. 2 хөөрөг нь хэдэн төгрөгт тооцогдохыг ч нотлохгүй байгаа юм. Миний бие шүүхэд хандаж шинжээч томилуулахыг хүссэн боловч хүлээж аваагүй. Хуульд заасны дагуу Хөрөнгийн үнэлгээний төвд хандаж, үнэлгээг хийлгэсэн. Хариуцагч үнэлгээний тайлангийн талаар гомдол, хүсэлт гаргаагүй, шүүгч өөрөө хуульд зааснаар шинжээч томилж өгөөгүй, хүсэлт шийдвэрлэсэн захирамжаа өөрчлөхийг хүссэн боловч хүлээн аваагүй, нэхэмжлэгчээс үнэлгээний тайланд тусгагдсан 10 сая гаруй төгрөгийг гаргуулахыг хүссэн зэргээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хууль ёсны бус болох нь ойлгомжтой. Үнэлгээчин ямар аргаар, зах зээлийн ханш, тухайн үеийн үнийн зөрүү зэргийг маш тодорхой дурьдаж тайлангаа хуульд заасны дагуу гаргасан, би жороо морь байснаа нотолж чадаагүй бөгөөд 10 000 000 төгрөгөөр үнэлснийг нь зөвшөөрөхгүй байж чадаагүй, түүний гаргасан тайланг үнэн зөв гэж үзсэн. Хуульд заасны дагуу үнэлгээ хийсэн гэж ойлгож айна. Үнэлгээчин өөрийн гаргасан дүгнэлт, тайлангийн үнэн зөвийг хариуцна. Хариуцагч Ж.Б- нь ангийн хашаанд аавынх нь авсан 12 адуу байгааг мэдэж байсан бөгөөд нас барсных нь дараа адууг Д.М- гэгч авч явсан гэдгийг анх надад хэлж өгсөн. Хэдийгээр нотлогдохгүй байгаа боловч аав нь нас барахад зурагных нь өмнө Д.М-ы өгсөн хөөрөг байсан гэж Д.М- ярьдаг, түүнийгээ нотолж чадвал нас барсан М.Ж-ын хүү нь аавынхаа өмнөөс хариуцлага хүлээх ёстой гэж ойлгож байна. Иргэний хуулийн 535 дугаар зүйлд зааснаар өвлөгчийн хувьд Ж.Б- нь хариуцагчаар татагдсан. Ж.Б- нь хөөрөгний талаар мэдэхгүй гэж хэлж байгаагаас өөрөөр тайлбар нотлох баримт гаргаагүй, мөн өвлөх хариуцлагын тухайд ямар нэг баримт гаргаагүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн. Шүүх “ ... Ж.Б- нь өв хүлээж аваагүй гэх тайлбар гаргадаг бөгөөд өв хүлээн авсан талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна гэжээ. Энэ баримтыг нэхэмжлэгч би гаргах байсан уу. Ж.Б- нь хэрэгт хариуцагчаар татагдсан хэргийн зохигч этгээд. Энэ үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчдаар төлүүлнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Д- нь хариуцагч Д.М-, Ж.Б- нарт холбогдуулан адууны үнэ 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2017 оны 11 сард хариуцагч Ж.Б-ын аав М.Ж-д 12 тооны адууг 12 000 000 төгрөгөөр худалдаж, зуслангийн хашаа, байшин авахаар тохиролцсон боловч М.Ж- нь 2018 оны 2 сарын 06-ны өдөр өвчний улмаас нас барсан. М.Ж-ыг нас барсны дараа Д.М- нь миний 12 тооны адууг авч явсан тул хариуцагч Д.М-, Ж.Б- нараас адууны үнийг гаргуулна гэж тайлбарласан. 

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Үүнд: нэхэмжлэгч Л.Д- нь хариуцагч нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардаж байгаа эсэх, эсхүл үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгийг шаардаж байгаагийн аль нь болохыг шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хэрэв нэхэмжлэгч Л.Д- нь талийгаач М.Ж-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх үндэслэлээр адууны үнийг гаргуулахаар шаардаж байгаа тохиолдолд түүний хүү Ж.Б-д Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 515.2 дахь хэсэгт зааснаар өвлөх эрх шилжсэн эсэхийг тогтоох шаардлагатай.

 

            Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Д- нь 10 тооны адууны үнэ болон 2 унагыг биетээр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн боловч шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч нь “... 2 унага биетээр байхгүй гэсэн учраас 12 000 000 төгрөгийг” гаргуулна гэх тайлбарыг гаргасан байна. /хх-ийн 80-81, 231-р тал/.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхийг зөвхөн нэхэмжлэгч эдлэхээр заасан тул нэхэмжлэлийн шаардлага дахин өөрчлөгдсөн талаар шүүх тодруулаагүй, энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй байна.

 

            Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/01013 дугаар шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                     

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                               ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ