Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/03968

 

 

 

 

2024 оны 08 сарын 15 өдөр                  Дугаар 102/ШШ2024/03968                        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: .........,

            Хариуцагч: ................,

            Хариуцагч: .................

            Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаат зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт ............. нараас 8,696,750.8 /найман сая зургаан зуун ерэн зургаан мянга долоон зуун тавин төгрөг наян мөнгө/ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүжин, А.Энхсүлд нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Урантэс хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүжин бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Иргэн ......... нь 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр В21023092104 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 3,704,000 төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар iPhone-14 Blue 128GB загварын гар утсыг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. “Монибокс” ХХК нь зээлдэгч .........д 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гар утсыг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч .......... нар нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр В21023122001 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 4,726,903 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай iPhone-15 ProMax загварын гар утсыг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Гэрээ байгуулсан өдрөө зээлдэгч нарт гар утсыг хүлээлгэн өгсөн байна.

            Зээлдэгч ........нь В21023092104 дугаартай Барьцаат зээл авснаас хойш үндсэн зээлийн төлбөр 511,188.24 төгрөг, зээлийн хүү 501,630.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 181 төгрөг, нийт 1,013,000 төгрөг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байна. Зээлдэгч ...........нар нь В21023122001 дугаартай Барьцаат зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 130 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

            В21023122001 дугаар гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамж төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн гэрээний 7.2.4-т заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Л.Маралгоо, Э.Батлуу нар нь зээлийн гэрээний 5.2.1-д заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.

            ........тай байгуулсан В21023092104 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 3,192,811.76 төгрөг, зээлийн хүү 16,132.07 төгрөг, нийт 3,208,943.83 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болоод байна. ........ нь ...........гийн хамт В21023122001 дугаар зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгчээр орсон тул зээлийн гэрээнүүдийн үүргийг хамтад нь шаардаж байгаа болно. В21023122001 гэрээний үлдэгдэл 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,726,903 төгрөг, зээлийн хүү 748,741.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,162.53 төгрөг, нийт 5,487,806.97 төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд В21023092104 дугаар зээлийн гэрээний үүрэгт 3,208,943.83 төгрөгийг хариуцагч ........аас гаргуулах, В21023122001 дугаар зээлийн гэрээний үүрэгт 5,487,806.97 төгрөгийг хариуцагч ......... нараас гаргуулахаар шаардаж байна.

            Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч ........ нь 440,000 төгрөг төлснийг нэхэмжлэлийн нийт дүнгээс хасаж бууруулах боломжтой. .....дангаараа байгуулсан гэрээний үүргээ одоогийн байдлаар зөрчөөгүй байна. Гэвч уг гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл нь .....той байгуулсан гэрээний хамтран зээлдэгч бөгөөд тухайн гэрээний дагуу төлөлт огт хийгдээгүй учраас хоёр гэрээг аль алиныг нь цуцлах шаардлага гаргасан байгаа...гэв.

            2. Хариу тайлбар:

            2.1. Хариуцагч ...... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2023 оны 6 дугаар сард ........-д зээлийн мэргэжилтнээр ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн асуудал гаргалгүй ажилсаар 2023 оны 9 дүгээр сарын 21-нд ажиллаад 3 сар болж жинхэлсэн үедээ тус газраас өөрийн нэр дээр зээл судлуулан iPhone-14 утсыг 36 сарын хугацаатайгаар иргэний хувиар зээлийн гэрээ байгуулж авсан билээ. 2024 оны 4 дүгээр сард тус газраас үл ойлголцож, ажиллах боломжгүй нөхцөл байдал үүсэж, өөрийн хүсэлтээр ажлаасаа өргөдөл өгч гарсан хэдий ч өнөөдрийг хүртэл тухайн гар утасны зээлээ цаг тухай бүрд нь хугацаа хэтрэлгүй зээлээ төлж байна. Гэтэл ........ нь хувийн өс хонзон агуулан гэрээнд огт байхгүй үндэслэлээр надтай байгуулсан тухайн зээлийн гэрээг дуусгавар болгохыг шаардаж, хэвийн явж байгаа зээлийг шүүхэд өгч маргаан үүсгэж, үлдэгдэл зээлийг бүгдийг нь өгч дуусгахыг шаардаж байгаа нь миний тус компанид итгэж хийсэн иргэний хувьд гомдолтой байгаа билээ. Шүүхэд өгсөн нэхэмжлэл дээр 7.2 дахь заалтыг үндэслэн гэрээг дуусгахыг шаардаж байна гэсэн байгаа боловч уг заалт дээрх шаардлагыг миний бие огт зөрчөөгүй тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба гэрээний дагуу үргэлжлүүлэн зээлээ хуваарийн дагуу төлөх хүсэлтэй байна...гэжээ.

            2.2. Хариуцагч ....... нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч бичгээр хариу тайлбар гаргаагүй ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

            3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, Барьцаат зээлийн гэрээнүүдийн хуулбар /хх-7-12/, зээлдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа зэргийн хуулбар /хх-13-14, 16-17/, харилцагчийн анкет болон зээлийн өргөдөл /хх-15, 18, 21, 23/, “ХУР” системээс өөрийн мэдээллийг ашиглуулах, хадгалуулах зөвшөөрлийн хуулбар /хх-20, 25/, “Нэкст электроникс” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхийн хуулбар /хх-19, 22/, ........д хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар /хх-24/, .....ийн бичгээр гаргасан хүсэлтийн хуулбар /хх-26/, ......д хүргүүлсэн шаардах хуудсын хуулбар /хх-27/, Зээлийн дансны хуулга /хх-29-31/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

            4. Хариуцагч нар шүүхэд бичмэл нотлох баримт гаргаагүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх .....-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалж, 8,696,750 төгрөг гаргуулахаар шаардсан.

            3. Хариуцагч ........ өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас В21023092104 дугаар барьцаат зээлийн гэрээг цуцлах, 3,208,943 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, тухайн гэрээний үүрэг зөрчигдөөгүй учир гэрээг цуцлах үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж, нэхэмжлэлийн дараагийн шаардлагатай холбоотой тайлбар гаргаагүй байна.

            4. Хариуцагч........ шүүхэд бичгээр хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. Хариуцагч ....... мөн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагад хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир В21023122001 дугаар барьцаат зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            5. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            5.1. .......нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

            5.2. ...... нь ..........К-д зээлийн мэргэжилтнээр ажиллах хугацаандаа “Нэкст электроникс” ХХК-иас 3,704,905 төгрөгийн үнэ бүхий iPhone-14 загварын гар утас худалдан авах зорилгоор .......-тай 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр В21023092104 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 3,704,000 төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож, гэрээг бичгээр байгуулан, гэрээнд заасан хэмжээгээр зээл олгогдож, худалдан авч буй гар утсыг барьцаалжээ.

            5.3. Дээрх гэрээний үүрэг зөрчигдөөгүй, зээлдэгч Э.Батлуу нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлж байгаа бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш гэрээний төлбөрт 440,000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлав.

            5.4. ...... нь “Нэкст электроникс” ХХК-иас 5,916,903 төгрөгийн үнэ бүхий iPhone-15 Pro Max загварын гар утас худалдан авах зорилгоор .......-тай 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр В21023122001 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 4,726,903 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож, гэрээг бичгээр байгуулан, гэрээнд заасан хэмжээгээр зээл олгогдсон байна. Энэхүү барьцаат зээлийн гэрээнд ........ хамтран зээлдэгчээр оролцож, гэрээнд худалдан авч буй гар утсыг барьцаалсан байна.

            5.5. В21023122001 дугаар зээлийн гэрээний үүргээ зээлдэгч ......, хамтран зээлдэгч ........нар огт биелүүлээгүй, үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөр төлөөгүй байна.

            5.6. Зээлдэгч .......г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдүүлэгчээс 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн шаардах хуудсаар шаардаж, үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгосон байна. Шаардах хуудсыг хүлээн аваад ....... нь 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай хүсэлтийг зээлдүүлэгчид гаргасан боловч төлбөр төлөгдөөгүй байна.

            6. Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байх бөгөөд зээлдүүлэгч ...... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийн мөнгийг зээлдэгч нарт шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

7. Хариуцагч .........д холбогдох нэхэмжлэлийн хувьд:

7.1. Нэхэмжлэгч нь хариуцагч .......той хамт байгуулсан зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан барьцаат зээлийн гэрээний 7.2 дахь хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрт 3,208,943.83 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

7.2. Хариуцагч нэхэмжлэлийн уг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “гэрээний 7.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй, гэрээний үүрэг зөрчигдөөгүй учир хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэл үндэслэлгүй” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

7.3. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан. Талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээний 7.2 дахь хэсэгт зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлүүдийг тусгасан ба нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 7.2.4 дэх хэсэгт “зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг Хавсралт 1-д заасан хугацаандаа төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн” гэх нөхцөлийг тусгажээ.

7.4. Хариуцагч ........ маргаан бүхий В21023092104 дугаар гэрээний үүргээ зөрчөөгүй, гэрээний 7.2.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй, “...........шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш уг гэрээний дагуу 440,000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон ба нэхэмжлэгч талаас энэ талаар хэрэгт нотлох баримт гаргаагүй байна.

7.5. Иймд дээрх барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрийг буцаан шаардах нөхцөл байдал бий болоогүй, гэрээний үүрэг зөрчигдөөгүй байхад зээлдэгчийг бусад этгээдийн хамт байгуулсан өөр гэрээний үүрэг зөрчигдсөн гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан гэрээг цуцлахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул .....-ийн нэхэмжлэлийн шаардлагаас “В21023092104 дугаар зээлийн гэрээг цуцалж ..........аас 3,208,943.83 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

8. Хариуцагч ......... нарт холбогдох нэхэмжлэлийн хувьд:

8.1. Талуудын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан В21023122001 дугаар барьцаат зээлийн гэрээнд ...... үндсэн зээлдэгчээр, ....... хамтран зээлдэгчээр оролцсон байна.

            8.2. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар ...... нар нь дээрх зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид болох бөгөөд мөн зүйлийн 242.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой уг үүрэг үүссэн байх тул хариуцагч нар хэн аль нь гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг хүлээж, 242.11 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасны дагуу хариуцагч нарын хүлээх үүрэг тэнцүү байна.

            8.3. Зээлдэгч нар гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон, мөн хариуцагч нар нэхэмжлэлийн уг шаардлагад хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнээд, нэхэмжлэлийн уг шаардлагыг бүхэлд нь хангаж, В21023122001 дугаар барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч нараас 5,487,806.97 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

            9. Харин шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ......ийн нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн 440,000 төгрөгийг нэхэмжлэлээс хасаж багасгах боломжтой гэсэн боловч уг төлбөр В21023092104 дугаар гэрээний дагуу төлөгдсөн гэж тайлбарлаж байх тул ........ийн хамт байгуулсан зээлийн гэрээнд хамааруулахгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан гэж үзээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            10. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,099 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 102,755 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан ......., .......нарын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан В2103122001 дугаар Барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч .............нараас 5,487,806.97 /таван сая дөрвөн зуун наян долоон мянга найман зуун зургаан төгрөг ерэн долоон мөнгө/ гаргуулж нэхэмжлэгч .........К-д олгосугай.

            2. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул ........нарын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, .......с 3,208,943.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ........-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 154,099 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 102,755 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА