Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр

Улсын яллагч Д.Ариунжаргал

Хохирогч Ч.Ц

Шүүгдэгч Б.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-т холбогдох 17160012600059 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Е овогт Б-ын Т гэв.

 

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Ч.Ц-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/   

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Ч.Ц-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь:

Шүүгдэгч Б.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 2017 оны 10 дугаар сарын 20-ноос манай нөхөр А гэртээ ирэхээ байгаад, архи уудаггүй байсан хүн архи уудаг болоод зарим шөнө гадуур хонодог болсон. Түүнд нь би юм хэлэлгүй ажлаа хийгээд явж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 10-нд миний төрсөн өдөр болоод манай ажлынхан тэмдэглэж өгнө гэхээр нь нөхөр А-ийн хамт ажлынхантайгаа Аялгуу гэдэг бааранд орж хоёр хоёр шил пиво уусан. ... нэг өдөр манай нөхөр ээж рүүгээ залгаад бензины мөнгө гээд Ц-ийн данс руу 10.000 төгрөг хийлгэсэн байсан. Би энэ бүхнийг чимээгүй харж байгаад 11-ний шөнө очоод Ц-ийн хаалгын зүгээр тогштол  тайлж өгсөн. Тэгээд намайг хараад жижиг өрөө рүүгээ ороод утсаар яриад цагдаа дуудсан. Тэгээд орж ирээд орон дээрээ суухад нь би үсэн дээрээс нь дарж доош нь унагаасан...Хохирогчийн биед учирсан хохирол миний буруутай үйлдлийн улмаас үүссэн... надаа хөнгөн зэргийн торгох ял оноож өгнө үү? би 4 хүүхэдтэй манай нөхөр таксийнд явдаг. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Ч.Ц-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2017 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 00 цаг 30 минутад манай хаалгыг хүчтэй цохисон тэгээд би очоод “ хэн бэ?”  гэхэд цагдаагаас явж байна гэсэн. Би айл андуурсан байх гэж бодоод хаалгаа нээтэл Б.Тнамайг үсдэж дараад цохисон. Тэгээд би “чи хүн андуураад байгаа юм уу?” гэхэд “яг л чамайг андуураач чамайг андуурахааргүй хүнийг чинь дагуулж ирлээ” гээд нөхөртэйгээ хоёулаа орж ирсэн. Тэгээд тэр хооронд хаалга онгорхой байсан болохоор Б.Т гүйж очоод түлхүүр халаасандаа хийхэд нь би дунд өрөөндөө ороод цагдаа дуудсан “үл таних хүмүүс орж ирээд зодлоо” гээд ярьж байтал том өрөөнөөс манай хүү орилохоор нь том өрөөнд ортол нөхөр нь миний гарнаас бариад авсан тэгтэл Т намайг үсдсэн. Би хүүхэддээ “цагдаа ирж байгаа гар миний хүү гарч бай”  гэтэл нөхөр нь манай хүүтэй зэргэцээд гараад явсан тэр хооронд цагдаа ирээд Б.Т-ийг нөхөртэй нь аваад явсан... Миний тархи толгойд гэмтэл учирснаас эмнэлэгт нэг удаа хэвтсэн. Улаабаатар хотод очож эмчилгээ хийлгэсэн эм тарианы мөнгө төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг, / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.А-ийн “...Ч.Ц бид хоёр хааяа утсаар ярилцдаг байсан юм. Тухайн асуудлыг манай эхнэр мэддэг байсан. Тэгээд манай эхнэр Б.Т нь Ч.Ц-тай намайг хардаад Ч.Ц-г зодсон юм... Манай эхнэрээс өөр хүн байгаагүй манай эхнэр Ч.Ц-г зодсон. Би яг зодохыг нь хараагүй тухайн үед манай эхнэрээс өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /ХХ20-21/,

Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 354 дугаартай “...1. Ч.Ц-ийн биед тархи доргилт, зүүн гар, баруун бугалаг, баруун тохой, баруун шилбэнд цус хуралт, зүүн бугуй, зүүн ташаан толгой, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /27-28/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/ХХ5/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүгдэгч Б.Т-т холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаартай Прокурорын тогтоолоор үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахыг Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт даалгаж шийдвэрлэсэн /ХХ33-34/ бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх шүүгдэгч Б.Т нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж үзэн прокурорын гаргасан санал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /ХХ44/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт  зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

 Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ч.Ц-аас гаргасан 395.400 /гурван зуун ерэн таван мянга дөрвөн зуу/ төгрөгийн  хохирлын нэхэмжлэлээс баримтаар тогтоогдсон 301.800 /гурван зуун нэг мянга найман зуу / төгрөгийн нэхэмжлэлийг ханган шүүгдэгч Б.Т-ээс гаргуулж, үлдсэн 93.600 /ерэн гурван мянга зургаан зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас зайлшгүй гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч Ч.Ц-ийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Авто Тээврийн Үндэсний Төв”-ийн тодорхойлолт, “Хот хоорондын зорчих тасалбар”, “Аминдэм-Алтай ХХК”-ний зарлагын баримт 2 ширхэг, “Амбулаториор эмчлүүлэгчийн карт”-ын хуулбар зэргийг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Т-ийн цахим үнэмлэх болон “Амбулаториор эмчлүүлэгчийн карт”-ын эх хувийг эзэмшигч нарт нь буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Е овогт Б-ын Т-ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е овогт Б-ын Т-ийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон 6 /зургаа/ сарын хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.Т-т сануулсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.Ц-ийн нэхэмжилсэн 395.400 /гурван зуун ерэн таван мянга дөрвөн зуу/ төгрөгийн нэхэмжлэлээс 301.800 /гурван зуун нэг мянга найман зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Б.Т-ээс гаргуулан хохирогч Ч.Ц-д олгож, үлдсэн 93.600 /ерэн гурван мянга зургаан зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хохирогч Ч.Ц-ийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Авто Тээврийн Үндэсний Төв”-ийн тодорхойлолт, “Хот хоорондын зорчих тасалбар”, “Аминдэм-Алтай ХХК”-ний зарлагын баримт 2 ширхэг,  “Амбулаториор эмчлүүлэгчийн карт”-ын хуулбар зэргийг хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Т-ийн ДБ00000000 регистрийн дугаартай цахим үнэмлэх болон “Амбулаториор эмчлүүлэгчийн карт”-ыг эзэмшигч нарт нь буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

 8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА