Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Г.М

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э.Б-т холбогдох эрүүгийн 1720000150047 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг оршин суух хаягтай, Х овогт Э.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд 1-р багт байрлах 2-н хаалтан дээр 35-82 ДГА улсын дугаартай УАЗ-35120 маркийн автомашиныг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 а, 9.1, 21.8 б дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Д.А, М.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Э.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 08 цагт өөрийн эзэмшлийн 3582 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэлдээ 4 зорчигч суулгаад Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтын гурвын хаалтнаас хоёрын хаалт руу 70 орчим км цагийн хурдтай явж байгаад дараалалд зогсож байсан машинуудын араас нь зогсох гээд хурдаа хассан тэгэхэд машины тормос барихаа больж машины дараалал зогсож байсан хамгийн арын машин болох 44-95 ДГО улсын дугаартай УАЗ 469 маркийн машины араас нь мөргөсөн ингээд машинаас буугаад иртэл 44-95 ДГО машинд зорчиж явсан А эгчийн гар нь хугарчихсан газар хэвтэж байсан миний мөргөсөн Ч.Ц-н машин урд талдаа зогсож байсан Б.Х-н 20-37 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж энэ машин нь урдаа зогсож байсан Д.О-н 44-47 УБЗ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн суудлын авто машиныг мөргөсөн байсан. Д.О болон Б.Х-н машин дотор зорчиж явсан хүмүүс биедээ гэмтэл аваагүй ямар гомдол санал байхгүй гээд явцгаасан мөн осол болох үед Ц ах машинаасаа буучихсан байсан болохоор биедээ ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй гэсэн ингээд миний машинд зорчиж явсан 4 хүн, Ц-н машинд зорчиж явсан 4 хүнийг сумын нэгдсэн эмнэлэг рүү үзүүлэхээр явуулсан. Б.Х ах машинд эвдрэл гэмтэл учраагүй болохоор надаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй гэсэн Д.О-н машины засварт 400,000 төгрөгийг өгсөн. Ингээд Ц-н машинд зорчиж явсан Л.Б-д 500 юань буюу 180,000 орчим төгрөг, Б.Б-д 500 юань буюу 180.000 төгрөг, Д.Э-д 150.000 төгрөг өгсөн эдгээр гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гээд явцгаасан харин А эгчийн гар нь хугарсан байсан учраас Улаанбаатар хот руу замын зардал болон эмчилгээний төлбөр шаардлагатай эм тарианы мөнгийг өөрөөсөө гаргаж гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд оруулсан. Миний машинд зорчиж явсан Ц.Ц-д 1500 юань буюу 530.000 орчим төгрөг, М.Э-д 1500 юань 530.000 төгрөг, Д.Ш-д 1500 юань буюу 530.000 төгрөг, П.С нарт 1500 юань буюу 530.000 төгрөгийг өгсөн эдгээр хүмүүс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гээд явсан. Ц-н машины эвдрэл гэмтэл үнэлгээ тогтооход 318.000 төгрөгний эвдрэл гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан боловч үнэлгээ хүлээн зөвшөөрөхгүй надаас 1.500.000 төгрөг нэхээд байсан учраас би хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодоод түүний хохирлыг төлж барагдуулаагүй. Би хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа тул өөрийнхөө автомашинд явж байсан 4 зорчигч, урд талд байсан Ц-н машинд зорчиж явсан 4 xүнд эмчилгээний зардлыг нь өгч хохирлыг барагдуулсан. Дээрхи иргэд ч гомдол саналгүй гэсэн бичгийг цагдаагийн байгууллагад хийж өгсөн. Харин хохирогч А-г Улаанбаатар хот руу дагуулж явж Гэмтлийн эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн. Би А-г дагуулж явж 360.000 төгрөгөөр томографийн зураг авахуулсан, хагалгааны зардалд 90.000 төгрөг төлсөн, 300.000 гаруй төгрөгөөр эм тариа авч өгсөн. Дээрхи зардлуудын баримтууд байгаа тул би шүүх хурал дээр баримтаа авч очно. Үүнээс гадна Улаанбаатар хот руу явахдаа 360.000 төгрөгөөр машин хөлсөлж Улаанбаатар хот руу явсан. А-д бэлэн мөнгө өгөөгүй байгаа. Мөн жолооч О-т 400.000 төгрөг өгч автомашинд учирсан хохирлыг барагдуулсан. Жолооч Ц нь анх надаас машины мөнгө болох 4.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Харин В ХХК-аас гаргасан үнэлгээгээр Ц-н автомашинд 318.000 төгрөгийн хохирол учирсан байна гэсэн дүгнэлт гарсан. Дүгнэлт гарсанаас хойш Ц нь үнэлгээгээ хүлээн зөвшөөрөхгүй гээд надаас 1.500.000 төгрөг нэхэмжилсэн. Би Ц-д учруулсан хохиролд 1.500.000 төгрөг төлөх боломжгүй тул хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэв.

-Хохирогч Д.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд сумаас БНХАУ-н Эрээн хот руу явах гээд танил Ц-н жолоодож явсан 44-95 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн машинд суугаад гурвын хаалтнаас суусан Ц хоёрын хаалтны машины очерт хамгийн ард нь очиж зогссон би Ц-н машины баруун талын арын хаалганаас буух гэж байтал араас нь машин ирж мөргөсөн би газар унаад дээш хараад хэвтэж байсан тэгэхэд зүүн талын гар бугалга орчмоор өвдөөд байсан тэндээс Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгийн түргэн тусламж очиж сумын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж анхны тусламж аваад Улаанбаатар хотод очиж хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн зам тээврийн осол гаргасан Б машин олж ирж Улаанбаатар хот руу очоод Гэмтэл согог үндэсний төвийн сарвуу, гарны тасагт хэвтэн эмчлүүлж 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хагалгаанд ород 07 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгээс гарсан. Ц-н машины араас ямар машин ирж мөрөгсөнийг би тухайн үед мэдээгүй болохоор түүний машинаа хэдэн км цагийн хурдтай жолоодож явсаныг мэдэхгүй байна. Эмнэлэгт хэвтсэний төлбөр болон хагалгааны төлбөрт гэмтлийн эмнэлгээс надаас 90.000 төгрөгний төлбөр авна гэсэн энэ төлбөрийг Б төлнө гээд төлсөн мөн тус эмнэлэгт толгойны томографикийн зураг авахуулсан энэ зураг авсан төлбөрийг Б төлсөн. Эмнэлэгт 14 хоног хэвтэж байх хугацаанд хөвөн бент, лент өвчин намдаах эм зэргийг гаднаас худалдаж авч байсан энэ бүхэнд хэдэн төгрөгний зардал гаргасныг би нарийн тооцож гаргаагүй шаардлагатай бол энэ зардлыг нарийн тооцож гаргаж өгнө. Мөн би БНХАУ-н Эрээн хот Замын-Үүд сум хоёрын хооронд 35-36 УБГ гэсэн улсын дугаартай 469 маркийн машинаараа БНХАУ-н Эрээн хотоос Замын-Үүд сум руу худалдаачдын ачаа бараа, хүн тээвэрлдэг ажил хийдэг байсан би өдөрт дунджаар 100.000 төгрөгийн ашиг олдог байсан 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэмтсэнээсээ хойш 2017 оны 08 дугаар сарын 10 ны өдөр хүртэл 32 хоног орчим /дараа нь гадаад паспортны штамбаа Xap байж хоногоо нарийн тооцож хэлнэ огт хил хооронд яваагүй учир нь ослоос болж учирсан гэмтлийн улмаас хөдөлж явж чадахгүй байсан. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш жолооч өдрийн 100 юаниар хөлсөлж ачаа зөөж байна энэ бүхнийг тооцож үзэхэд надад 8.000.000 төгрөгний хохирол учраад байна би энэ мөнгийг Б-с нэхэмжилж байна. Би Б-т гомдолтой байна намайг ийм байдалд оруулчихаад хүмүүст 2 сая төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн гэж яриад яваад байгаа надад дээрх учирсан хохиролоос огт мөнгө өгөөгүй гэжээ. /хх-ийн 18-21/

- Хохирогч М.Э мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: 2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг 30 минутын орчимд 3-н хаалтаас нутгийн 4 хүний хамт бор ногоон өнгийн УАЗ 469 маркийн /улсын дугаарыг нь мэдэхгүй/ тээврийн хэрэгсэлд суусан. Сууж явах хугацаанд жолооч 3-ын хаалтнаас 2-ын руу их хурдтай явж урд явж байсан саарал өнгийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлж яваад машинаа зогсоож чадалгүй очерт зогсож байсан машины араас мөргөж зам тээврийн осол гаргасан. Осол болоод машинаас буутал миний баруун гар болон цээж хөндүүрлэж өвдсөн. Хамгийн сүүлд машин баруун талд газарт эмэгтэй хүн хэвтэж байхыг би харсан. Жолооч нилээн хурдтай явж байсан. Би тухайн үед миллний заалтыг нь хараагүй. Жолооч машинаа зогсоох гээд тормосоо гишгээд тормос нь барихгүй араагаа салгаж чадахгүй байсан. Ослоос болж миний баруун талын гарны шуу хэсгээр цуурсан. Өөр учирсан гэмтэл бэртэл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 23-24/

-Хохирогч Ц.Ц мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 08 цагийн орчимд 35-82 ДГА улсын дугаартай бор ногоон өнгийн УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэлд 3-ын хаалтнаас суусан. Сууж явах үед уг машины жолооч урдаа явж байсан. Машины гүйцэт түрүүлж яваад хурдаа сааруулж амжилгүй урд зогсож байсан улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Бор ногоон өнгийн УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарсан. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ирж 35-82 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан надаас гадна 3 хүн жолооч нартай нийлээд 5-лаа түргэн тусламжийн машинтай нэгдсэн эмнэлэг рүү явсан. Эмч миний биеийг үзээд толгойд оёдол тавина гээд 2 оёдол тавьсан гэжээ. /хх-ийн 25-27/

-Хохирогч Л.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: 2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө воганоос буугаад 44-47 УБЗ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд сууж Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот руу явах гээд суусан. Уг тээврийн хэрэгсэлд надаас гадна 3 хүн зорчиж явж байхад араас бор ногоон өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл их хурдтай ирж мөргөсөн. Машин мөргөсний улмаас миний зүүн талын өвдөгний доод хэсэгт гэмтэл учирч оёдол тавиулсан. Тухайн үед би машины урд талын суудал дээр сууж явж байсан болохоор замаас хүн суусан талаар мэдээгүй. Осол болсны дараа манай машины баруун талд нэг эмэгтэй газар хэвтэж байсан. Ослын улмаас би машин урд талын нарны доод хэсэгт төмрөнд зүүн талын хөлний дээд хэсгээ зүссэн байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх гэх зүйл байхгүй. Эмчилгээний зардлаа бүрэн барагдуулмаар байна гэжээ. /хх-ийн 29-30/

-Гэрч П.С мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: 2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө Э ахын санал болгосон улсын дугаарыг нь санахгүй байна бор ногоон өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Тухайн үед жолоочийн хажуу талд суудал дээр Э ах, ард талын суудал байхгүй байсан тул Э ахын чанх ард талд Ш, Ц, жолоочийн ар талд би сууж явсан. Уг машины жолооч 3-ын хаалт өнгөрөөд урд талд саарал өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд зогсоож чадалгүй очерт зогсож байсан бор ногоон өнгийн УАЗ-469 маркийн машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Тэгээд машинаас буугаад гартал хоёр машины баруун талд нэг эмэгтэй газар хэвтэж байсан. Машин хамт явж сууж явсан Ц ах миний хажуугаар урагш болж машины урд талын шилийг мөргөх шиг болсон.  Тухайн үед жолооч их хурдтай явж байсан ба миний бодлоор 80 км цагийн хурдтай явж байсан байх, би хурдны милийг хараагүй. Ослоос болж миний биед учирсан ил гэмтэл бэртэл байхгүй. Нуруу болон толгой хөшиж өвдөж байгаа гэжээ. /хх-ийн 31-32/

-Гэрч Д.Э мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 07 цаг 40 минутанд орон нутгийн суудлаар ирж бор ногоон өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд сууж БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд явах замд буюу АЗШНБ-ын 2-ын хаалтын машины очерт /машинд дотор сууж байхад манай машины араас их хүчтэй машин ирж мөргөсөн. Мөргөх явцад би ард талын суудлын 2 зорчигчын голд сууж байсан тул толгойнд хүчтэй доргилт өгсөн. Ослын улмаас миний биед учирсан ил гэмтэл бэртэл байхгүй. Харин манай машинд урд талд сууж явсан Б мөн машинаас бууж байсан гэх А гээд хоёр хүн биедээ гэмтэл авсан. Миний биед учирсан ил гэмтэл шарх байхгүй боловч биеийн зүүн  талаар бадаарч өвдөж, мөн толгой хүзүү өвдөж байгаа болохоор шүүх эмнэлэгт үзүүлмээр байна гэжээ. /хх-ийн 33-34/

-Гэрч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 07 цаг 40 минутанд орон нутгийн суудлаар ирээд талбай дээрээс 44-47 УБЗ улсын дугаартай бор ногоон өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад АЗШНБ буюу 2-р хаалтан дээр очерт зогсож байхад араас хүчтэй машин мөргөчих шиг болсон. Тэгээд дотор сонин болоод сууж байтал Б эгч түрүүлж гарч хөлнөөс цус гараад байна гэж намайг дуудсан. Гараад хартал машины баруун талд газарт нэг эмэгтэй хүн хэвтэж байсан ба манай машиныг мөргөсөн гэх машинаас толгойноос нь цус гарсан гар нь хугарсан гээд 5 хүн гарч ирсэн. Ослын улмаас миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй. Гэхдээ одоогийн байдлаар толгой түнх өвдөж байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэжээ. /хх-ийн 35-36/

-Иргэний нэхэмжлэгч Ч.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 09 цаг өнгөрч байхад би 44-95 ДГА улсын дугаартай УАЗ-469 маркын автомашинтай 4 зорчигч суулгаж Замын-Үүд сумаас БНХАУ-н Эрээн хот руу явах гээд АЗШНБ-ын хоёрын хаалтан дээр машины дараалалд хамгийн ард талд нь зогссон байсан би машинаасаа буучихсан байсан миний машинд зорчиж явсан 4 зорчигчийн нэг болон зүс таних A гэж эмэгтэй машинаас буух гэж байтал араас 35-82 ДГА улсын дугаартай УАЗ-469 маркын машинтай Э.Б нь хурдтай ирж машинаа зогсоож, чадалгүй мөргөсөн ингэж мөргөсөний улмаас миний машины урд зогсож байсан Х-н 20-37 ДГО улсын дугаартай УАЗ машины араас нь мөргөсөн, Х-н машин мөн урдаа зогсож байсан саарал өнгийн суудлын автомашины араас нь мөргөсөн ингээд эмнэлгийн түргэн тусламж дуудаж бэртэж гэмтсэн хүмүүсийг сумыг нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Энэ ослын улмаас миний машины мотор урагшаа гүйж, кроп арьс доод хэсгээрээ задарсан, радиатор мултарч унасан, бөгсний зүрх болон хацар арааны шүднүүд эвдэрч гэмтсэн, багаж араасаа цөмөрсөн, машины рам, кузов нь урагшаагаа цохигдож хаалганууд гажсан. Вендо компаны үнэлсэн үнэлгээгээр 318.000 төгрөг гэж үнэлсэн би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа би машины эвдрэлдээ 2.500.000 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ. /хх-ийн 44/   

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/

- Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-13/

-Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 14-16/

-Шинжээчийн 251 дугаартай дүгнэлт: 1.Д.А-н биед зүүн гарын бугалга ясны гандан хэсгийн зөрүүтэй сэтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Зүүн гарын бугалга ясны гандан хэсгийн зөрүүтэй сэтэрсэн хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно. 4.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. /хх-ийн 46/

-Шинжээчийн 252 дугаартай дүгнэлт: 1.М.Э-н биед баруун гарын шуу ясны дистал хэсгийн хугарал, доод уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Баруун гарын шуу ясны дистал хэсгийн хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, доод уруулд язарсан шарх гэмтэл “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах болно. 4.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар  үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. /хх-ийн 50/

-Шинжээчийн 257 дугаартай дүгнэлт: 1. Ц.Ц-н биед толгойн баруун талд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгийн зэрэгт хамаарна. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 53/

-Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 112-113/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

-Вендо хөрөнгийн үнэлгээний компаний авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 82-87/

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд 1-р багт байрлах 2-н хаалтан дээр 35-82 ДГА улсын дугаартай УАЗ-35120 маркийн автомашиныг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 а, 9.1, 21.8 б дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Д.А, М.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Д.А-н “...2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүд сумаас БНХАУ-н Эрээн хот руу явах гээд танил Ч.Ц-н жолоодож явсан 44-95 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн машинд суугаад гурвын хаалтнаас суусан Ч.Ц хоёрын хаалтны машины очерт хамгийн ард нь очиж зогссон би Ч.Ц-н машины баруун талын арын хаалганаас буух гэж байтал араас нь машин ирж мөргөсөн би газар унаад дээш хараад хэвтэж байсан тэгэхэд зүүн талын гар бугалга орчмоор өвдөөд байсан тэндээс Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгийн түргэн тусламж очиж сумын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж анхны тусламж аваад Улаанбаатар хотод очиж хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн” гэх мэдүүлэг, хохирогч М.Э-н  “...2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг 30 минутын орчимд 3-н хаалтаас нутгийн 4 хүний хамт бор ногоон өнгийн УАЗ 469 маркийн /улсын дугаарыг нь мэдэхгүй/ тээврийн хэрэгсэлд суусан. Сууж явах хугацаанд жолооч 3-ын хаалтнаас 2-ын руу их хурдтай явж урд явж байсан саарал өнгийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлж яваад машинаа машинаа зогсоож чадалгүй очерт зогсож байсан машины араас мөргөж зам тээврийн осол гаргасан.” гэх мэдүүлэг, шинжээчийн 25, 252, 257 тоот дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-13/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 14-16/ зэргээр тогтоогдсон.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзлээ.

Хохирогч Д.А нь олох байсан орлого гэж 8 сая төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Ц эд хөрөнгөнд учирсан хохирол гэж 2.500.000 төгрөг нэхэмжилжээ. Иргэний нэхэмжлэгч Ч.Ц-н жолоодож явсан 44-95 ДГА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролын үнэлгээг Хөрөнгийн үэнэлгээний Вендо компаниас 318.000 төгрөгөөр үнэлсэн нь хх-ийн 84-85 хуудсан дахь үнэлгээгээр тогтоогдсон байна. Иргэний нэхэмжлэгч Ч.Ц-н нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.182.000 төгрөгийн, хохирогч Д.А-н 8 сая төгрөгийн хохирол учирсан нь нотлогдоогүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Э.Б-с дээрх хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э.Б нь Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Б-т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Б-с 318.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.182.000 төгрөгийг, хохирогч Д.Ар-н нэхэмжлэлийн шаардлага 8 сая төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.БОЛОРМАА