Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2020/ДШМ/605

 

 

105/2020/0306/Э

 

 

 

  2020             05            14                                        2020/ДШМ/605    

 

С.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Сүх-Очир,

шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/434 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдлоор С.Б-д холбогдох эрүүгийн 1906000002087 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-, 1976 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:/,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

С.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 7-ны шөнийн 03-04 цагийн үед Баянзүрх дүүргийн тоот гэртээ хардалтын улмаас буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Ю.М-ын зүүн далны доод хэсэгт хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч С.Б-г 18 /арван найм/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 160 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-гаас 6.966.000 /зургаан сая есөн зуун жаран зургаан мянга/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Сүх-Очирт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2004 оны 7 дугаар сарын 7-ны өдөр төрсөн охин Б-гийн Номин-Эрдэнэ, 2010 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Б-гийн Нарансолонго нарын хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох асуудлыг Баянзүрх дүүргийн засаг даргад даалгаж, С.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч С.Б-, амь хохирогч Ю.М- нар 2007 онд гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн /хх 102/ гэрлэгчид учир Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүн гэдэгтэй, 2019 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнийн 03-04 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 563 тоот өөрийн гэртээ эхнэр Ю.М-ын зүүн далны доод хэсэгт нэг удаа хутгалж хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр амь насыг нь хохироосон үйлдэл дээр маргахгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” алсан гэх зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг алсан гэх зүйлчлэлийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгсөн эсэх лавлагаа, ойр дотны хүмүүсийн олон мэдүүлэг дундаас зөвхөн хоёр охины мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэж дүгнэж, хэт нэг талын баримталсан шийдвэр гаргасан байна. Шүүхээс шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэдгийг нотолсон хоёр хүүхдийн мэдүүлгийг авч үзвэл:

Охин Номин-Эрдэнийн ...аав ээжийн ажилд дургүй байсан. Ээжийг их харддаг, хэлэх хэлэхгүй үгээр байнга хэлж дарамталдаг байсан. ...Тэр ээжид гар хүрч зодож, цохиж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 32-33/, гэрч Б.Нарансолонгын “...миний аав С.Б- нь хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг ба архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ талийгаач ээж М-ыг гараараа цохиж зоддог байсан ба нэг удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. ...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ ч бие биенийгээ хэл амаар доромжилдог. ...” /хх 34/ гэх мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэхдээ “Хэлэх хэлэхгүй үг” гэж яг ямар үг хэлсэн, энэ нь гэр бүлийн хүчирхийлэлтэй ямар холбоотой үг гэдэг нь тодорхойгүй. Байнга дарамталдаг, зодож цохиж байсан гэх боловч хэзээ, хаана, яаж дарамталсан, хаана, яаж зодож, цохиж байсан эсэх нь тодорхойгүй, зодож, цохиж байсан бол амь хохирогчийн ар гэр, ойрын найз нөхөд нь мэддэггүй, цагдаад дуудлага өгч байсан гэх боловч цагдаагийн мэдээллийн санд ямар нэгэн дуудлага бүртгэгдээгүй. Хоёр хүүхдийн том нь 15, бага нь 10 настай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд арван зургаан насанд хүрээгүй гэрчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулдаггүй, хоёр охин хэрэг болсноос хойш хохирогчийн төлөөлөгчтэй цуг байгаа, хоёр охиноос мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн ээжийг цуг байлцуулж мэдүүлэг авсан зэргээс мэдүүлгийн үнэн зөв эсэхэд эргэлзээ төрөхүйц байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.”, 25.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Мэдүүлэг авах хүмүүсийг тус тусад нь байлгаж мэдүүлэг авах ба мөрдөгч нэг хэрэгт мэдүүлэг авах хүмүүсийг өөр хоорондоо харилцахгүй байх арга хэмжээ авна”, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй. гэж заасан.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч С.Б-гийн гэр бүлийн харилцаа болон хувийн байдлын талаар авч үзвэл:

1. Шүүгдэгч С.Б- гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэх талаар гэрчүүдийн мэдүүлэг:

амь хохирогчийн эх н.Пүрэвсүрэнгийн ...хүргэн Б- нь миний нүдэн дээр талийгаач охиныг зодож цохиж харагддаггүй байсан. ...Б- нь бид нартай бол сайхан харьцана, ажилд сайн, гарын дүйтэй тийм л байсан. ...Миний нүдэн дээр архи дарс хэрэглээд ааш авир гаргаж байхыг нь хараагүй. ...Дээд эрүүний шүд болон доод эрүүний араанууд байхгүй хиймэл шүдтэй байсан, шүд хорхойтоод авхуулсан гэж ярьдаг байсан. ...” гэх мэдүүлэг /хх 35-36/,

амь хохирогчийн төрсөн ах Ю.Пүрэв-Очирын ...талийгаач дүү маань нөхөртэйгөө харьцах харьцаа нь хоорондоо гайгүй юм шиг харагддаг байсан. ...Талийгаач дүүгээ яг хэзээ, хаана, хэн хэний хажууд зодуулж байсан, биед нь гэмтэл шарх үүсч байсан уу, үгүй юу гэдгийг үнэндээ хэлж мэдэх зүйл алга. ... Б- архи согтууруулах ундаа хэрэглэх нь хэрэглэдэг, уухаараа элдвийн ааш зан гаргаад байдаггүй. ...” гэх мэдүүлэг /хх 37-38/,

хөрш Т.Энхтуяагийн “...тэр хоёрын харилцаа нь найрсаг, ямар нэгэн илүү дутуу ааш зан байхгүй, хоорондоо ямар нэгэн байдлаар маргалдаж байхыг нь хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх 54/,

амь хохирогчийн найз О.Мөнхтуяагийн “...С.Б-, М- нарын маргалдаж байхыг бол хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх 52-53/,

амь хохирогчийн найз М.Мөнхцэцэгийн ...бид нар гэр бүлээрээ уулзахаараа архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ Б-, М- нар нь ямар нэгэн байдлаар согтуурхаж хүмүүстэй маргалдах шинж тэмдэг ажиглагдаж байгаагүй. ...С.Б- нь талийгаачид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байхыг нь харж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 55/,

амь хохирогчийн найз Ц.Өлзийгийн ...Ю.М-, С.Б- нар нь бие биенийгээ “хайраа” гэх мэтээр дуудаж байсан ба маргалдсан зүйл огт байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 43/,

амь хохирогчийн ажлын Б.Түвшинсайханы “...манай гэрт болон караокед Б- ах талийгаач нарын хооронд асуудал үүсч хэрүүл маргаан болоогүй, хоёулаа бие биеэ “хайраа, ханиа” гээд ихэд нийлэмжтэй байгаа харагдаж анзаарагдсан. ...Хоорондоо хэрэлдэж маргалдаад асуудал боллоо гэдгийг сонсож, харж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 27-28/,

гэрч Г.Мөнхбатын “...архи дарс байнга уугаад байдаггүй, хааяа нэг уучихдаг, эхнэр хүүхдээ зодож, нүдлээ гэж сонсогдож байгаагүй, хоол цайгаа хийж гэр орноо цэвэрлэчихдэг гайгүй хүн байгаа юм. ... /хх 29-31/.

2. Шүүгдэгч С.Б-, амь хохирогч Ю.М- нарын барьж байсан утасны дугаар болон оршин сууж байсан газрын хаяг зэргээр гэмт хэргийн зөрчлийн дуудлага өгч байсан эсэхийг шалгахад 88405528, 88155528, 86155528 утасны дугаарууд болон оршин сууж байсан гэрийн хаяг болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 563 тоот хаягаас гэмт хэрэг зөрчлийн ямар нэгэн дуудлага өгч байгаагүй байна гэх лавлагаа /хх 163/ хэрэгт авагдсан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг алсан гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгох ёстой бөгөөд уг зүйлд заасан аль нэг /зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэд нь халдсан/ үйлдлийг байнга хийсэн байхыг ойлгодог. “Байнга” гэдэг үг нь утга агуулгын хувьд эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд нэг үйлдлийг 3 ба түүнээс дээш удаа хийхийг ойлгодог. Хэрэг гарсан өдөр шүүгдэгч, амь хохирогч нар найзуудтайгаа уулзаж караокед ороод шөнө гэртээ ирсэн. Шүүгдэгч орондоо ороод унтсан, нэг сэрсэн эхнэр нь байхгүй байсан, бие засах гээд гэрээсээ гарахдаа үүдэн дээр утсаар яриад сууж байсан. Шүүгдэгч бие засчихаад гэртээ ороход амь хохирогч дагаад ороод ирсэн. Шүүгдэгч буруу хараад хэвтэхэд амь хохирогч миний ээжийн авч өгсөн машиныг авчирч  өг гэхэд шүүгдэгч бид хоёр сая караокены гадаа орхиод ирээ биз дээ гэхэд хохирогч би маргааш очиж авна гээд араас нь жийсэн. Тэгэхээр нь босоод хутга аваад нэг удаа хутгалсан гэх үйлдлийн сэдэлт, амь хохирогч, шүүгдэгч нарын харилцааны талаар хохирогчийн төлөөлөгч, ээж, ах, найзууд, хамт ажилладаг хүн, хөршийн мэдүүлэг, цагдаагийн дуудлагын лавлагаа зэргийг үл харгалзан зөвхөн “Гэр бүлийн хамаарал бүхий хүн”-ийг алсан гэх шинж, насанд хүрээгүй хоёр гэрчийн “байнга” гэх тодорхойгүй мэдүүлгийг үндэслэн С.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан байхад шүүгдэгч С.Б- амь хохирогчийн эсрэг, хэзээ, хаана, ямар хугацаанд, ямар хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнийг хөдөлбөргүй тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийн бодит байдалтай нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Сүх-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч анхны мэдүүлгээрээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ цохиж зоддог байсан гэдгээ хүлээн мэдүүлсэн. Одоо хоёр хүүхэд нь арай ойр дотно байсан учраас надтай хамт амьдарч байгаа. С.Б- нь шөнө над руу их хорсол заналтайгаар “эгчийг чинь алчихлаа, ирж ав” гэж утсаар ярьсан. Гэр бүлийн хүчирхийлэл гэр бүлийн хүрээнд л үйлдэгдэнэ. Түүнийг гэр бүлийн хүрээнд байгаа хүмүүс л мэднэ. Гэр бүлээс гадуур хамаатан садан, найз нөхөд мэдэх боломж байхгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч С.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 7-ны шөнийн 03-04 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 563 тоот гэртээ эхнэр Ю.М-тай маргалдан, улмаар түүний зүүн далны доод хэсэгт хутгалж “нурууны зүүн хажуу хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушги, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлын урд ханыг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, шарх орчмын цусан хураа, цус хуралтууд, зүүн уушгины бүрэн бус авчийлт, хурц цус алдалт, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт, баруун сарвуу ба 1 дүгээр хуруу, зүүн гарын сарвууны өнгөц зүсэгдсэн шарх, зулайн хуйх, зулайн ясны гадна хальсны цус хуралт” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Сүх-Очирын “...2019 оны 10 дугаар сарын 07-ны шөнийн 02 цаг 47 минутад миний 88112435 дугаарын утас руу 86155528 дугаараас хүргэн ах Б- нь яриад “эгчийг нь чинь алчихлаа, ирээд ав” гэж хэлээд утсаа салгасан. ...Хэргийн газарт очиход хаалга дотроосоо цоожтой байсан. ...Гэрийн үүдэнд арматурын төмөр байхаар нь хөшиж завсар гаргаж байгаад хаалгыг нь хүчээр татаж онгойлгон гэрт ороход талийгаач эгч түрүүлгээ хараад хэвтсэн, тэр орчимд нил цус болсон, Б- орон дээр суучихсан гартаа хутга барьсан байсан. ...” /хх 24-26/,

гэрч Г.Мөнхбатын “...шөнө 03 цагийн орчим манай эхнэрийн төрсөн ах Б- миний утас руу залгаад “би эхнэрээ хутгалчихлаа, одоо би өөрөө амиа хорлоно” гэж ярихаар нь “битгий дэмий юм яриад бай” гээд утсаа салгатал дахин залгаад “би сая Зулааг хутгалчихлаа, одоо би өөрийгөө хорлоно” гээд яриад байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...”/хх 29-31/,

 насанд хүрээгүй гэрч Б.Номин-Эрдэнийн “...аав ээжийн ажилд дургүй байсан. Ээжийг их харддаг, түүнийг хэлэх хэлэхгүй үгээр байнга хэлж дарамталдаг байсан. Аав худлаа мэдүүлсэн байна. Тэр ээжид гар хүрч цохиж зодож байсан. ...” /хх 32-33/,

насанд хүрээгүй гэрч Б.Нарансолонгын “...манай аав болох С.Б- нь хааяа архи согтууруулах ундаа ууж, талийгаач ээж М-ыг гараараа цохиж зоддог байсан ба нэг удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ ч гэсэн хоорондоо хэрүүл маргаан хийж, бие биенийгээ хэл амаар доромжилдог байсан. ...” /хх 34/,

гэрч Г.Пүрэвсүрэнгийн “...талийгаач охин маань сүүлийн үед нөхөртэйгөө маргаантай байсан юм билээ. Над руу залгаж яриад “ээж Б- намайг хардаад байна” гэж ярьж байсан. ...Б- охиныг хардах нь улам ихсэж хоорондоо муудалцаад салах дээрээ тулсан байсныг мэдлээ. ...” /хх 35-36/,

 гэрч М.Батмандахын “...ороход гэрийн хоймор хэсэгт Ю.М- доошоо хараад хэвтсэн байдалтай байсан. Цус гарсан эсэхийг анзаараагүй. С.Б- нь гэрийн зүүн хэсэгт нүцгэн зогсож байсан бөгөөд баруун гартаа хутгаа барьсан байсан. ...” /хх 46-47/,

гэрч Т.Энхтуяагийн “...2019 оны 10 дугаар сард талийгаач над руу залгаад том охин болох Номиог танайд оруулаад хонуулчихъя, аав нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн агсам тавиад байна, та гэртээ хонуулчихаач гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. ...” /хх 54/,

С.Б-гийн яллагдагчаар өгсөн “...манай эхнэр орон дээр хэвтэж байгаад хөлөөрөө намайг тийрээд унагаачихсан. Тэгэхээр нь би “чи яахаараа намайг түлхдэг юм бэ” гэхэд “би чамайг алуулна” гэхээр нь “чи яахаараа хүн алуулдаг юм” гэж хэлээд эргүүлэг дотроос хутга аваад араас нь дал орчимд нь нэг удаа хутгалсан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...Би урьд өмнө эхнэртэйгээ 2-3 удаа маргаад, түүнд хааяа гар хүрдэг байсан. ...” /хх 96-97/ гэх мэдүүлгүүд,

“...талийгаач нь нурууны зүүн хажуу хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушги, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлын урд ханыг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цээжний хөндийд цус алдаж нас барсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2181 дугаартай дүгнэлт /хх 58-60/, хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-18, 20-22/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б-г “Хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч С.Б-гийн өөрийн эхнэр, амь хохирогч Ю.М-ын зүүн далны доод хэсэгт хутгалж, амь хохирогч нь цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушги, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлын урд ханыг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цээжний хөндийд цус алдаж нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн атлаа 18 жилийн хорих ял оногдуулсан үндэслэлээ заагаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан 15 жилийн хорих ял болгон өөрчлөв.

 

Шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Г.Энхболд “...С.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-т зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч С.Б-, амь хохирогч Ю.М- нар нь 2007 оны 7 дугаар сарын 9-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлэн /хх 102/  хамт амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2010 оны 5 дугаар сарын 30-ны өдөр охин Б.Нарансолонго /хх 128/, 2004 оны 7 дугаар сарын 7-ны өдөр охин Б.Номин-Эрдэнэ нар төрсөн байна.

Шүүгдэгч, амь хохирогч нар нь 2019 оны 8 дугаар сараас эхлэн таарамжгүй харилцаатай болж, шүүгдэгч нь амь хохирогчийг бусадтай хардан хэрүүл маргаан хийж байсан талаар насанд хүрээгүй гэрч Б.Номин-Эрдэнийн “...аав ээжийн ажилд дургүй, ээжийг их харддаг, түүнийг хэлэх, хэлэхгүй үгээр байнга хэлж дарамталдаг байсан. ...Ээжийг аав ажлынх нь менежер Мөнхсүх гэх ахтай хардаад байдаг байсан. ...Үүнээс болоод ээж, аав хоёр тусдаа амьдрахаар ярилцаж байсан. ...Талийгаач ээжид аав гар хүрч цохиж зодож байсан. Гар хөлийг нь өшиглөөд хөхрүүлчихдэг, миний нүдэн дээр ойролцоогоор 5-6 удаа цохиж зодож байсан. Миний хувьд цаг хугацааг нарийн санахгүй байна. ...2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр аав “ээжийгээ олж ир” гээд намайг гэрээс 00 цаг өнгөрч байхад хөөгөөд гаргасан. Тэгэхээр нь би хамар хашааны айл болох Алтанцэцэгийнд орж хоносон. Аав миний мэдэхийн 4-5 удаа ээжийн ажлын газрын Мөнхсүх ах руу залгаж “чи гэр бүл үймүүллээ, эхнэр буудал руу дагуулж орлоо” гэж миний хажууд ярьж байсан. ...” /хх 32-33/, насанд хүрээгүй гэрч Б.Нарансолонгын “...манай аав С.Б- нь хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг ба архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ талийгаач ээж М-ыг гараараа цохиж зоддог байсан ба нэг удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ ч гэсэн хоорондоо хэрүүл маргаан хийж бие биенийгээ хэл амаар доромжилдог байсан. ...” /хх 34/, гэрч Г.Пүрэвсүрэнгийн “...талийгаач охин маань сүүлийн үед нөхөртэйгөө маргаантай байсан юм билээ. Над руу залгаж яриад “Б- намайг хардаад байна” гэж ярьж байсан. Талийгаачийг харуул хамгаалалтын албанд орсон цагаас охин, хүргэн хоёрын хоорондох асуудал бүр хурцдаж, хүргэн Б- охиныг хардах нь улам ихсэж хоорондоо муудалцаад салах дээрээ тулсан байсныг мэдлээ. ...Талийгаач над руу нэг удаа яриад “миний шүдийг Б- цохиод хугалсан, би шүдний эмнэлэг рүү явж байна” гэж ярьж байсан. ...” /хх 35-36/, гэрч Т.Энхтуяагийн “...2019 оны 10 дугаар сард талийгаач над руу залгаад том охин Номиог танайд оруулаад хонуулчихъя, аав нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн агсам тавиад байна гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. ...” /хх 54/, гэрч Д.Мөнхсүхийн “...сүүлийн 2-3 удаагийн явах ээлж болоход Ю.М-ын нөхөр С.Б- “М-ыг яах гэж хөдөө авч яваад байдаг юм. Ажлаасаа буугаад гэрт авчраад хэрэггүй” гэж нэг бус удаа хэлж байсан. Би “энэ манай ажлын онцлог бөгөөд хөдөө орон нутаг руу 21 хоногоор явдаг юм” гэж олон удаа тайлбарлаж өгч байсан боловч намайг ерөөсөө ойлгодоггүй байсан. ...” /хх 48/, гэрч С.Болорцэцэгийн “...биднийг байж байхад Б-гийн утас дуугараад түүнийг талийгаач эхнэр М- нь дуудсан. Б- надад ярихдаа “манайх байр хөлслөх гэж байгаа, гадуур явна, надаас сална, тусдаа амьдарна” гэж хэлсэн. ...” /хх 41-42/ гэх мэдүүлэг зэрэг тэдний харилцааны байдлыг тогтоосон нөхцөл байдлаас дүгнэхэд тэрээр эхнэрээ бусадтай хардан хэрүүл маргаан үүсгэн зоддог, энэ нөхцөл байдлаас болж эхнэр нь байр түрээслэн тусдаа амьдрах хэмжээнд хүрч байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Эдгээрээс үзэхэд, шүүгдэгч С.Б-гийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны шөнийн 03-04 цагийн үед эхнэр Ю.М-тай “бусадтай явалдлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн далны доод хэсэгт хутгалж санаатай алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах, хүлээн авах үндэслэлгүй байна.

 

            Харин анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж логик, дарааллын хувьд уялдаа холбоо муутай дүгнэсэн, мөн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардлыг шүүгдэгч С.Б-гаас гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зохих зүйл, заалтыг буруу баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/434 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...шүүгдэгч Сартуул овогт Сандаг-Очирын Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...шүүгдэгч Сартуул овгийн Сандаг-Очирын Б-г хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч С.Б-г 18 /арван найм/ жилийн хугацаатай хорих ялаар шийтгэсүгэй. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч С.Б-г 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.Б-д оногдуулсан 18 жилийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж,

5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-гаас 6.966.000 /зургаан сая есөн зуун жаран зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Сүх-Очирт олгосугай. …” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-гаас 6.966.000 /зургаан сая есөн зуун жаран зургаан мянга/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Сүх-Очирт олгосугай. …” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН