| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/02066/И |
| Дугаар | 102/ШШ2024/03952 |
| Огноо | 2024-08-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2024/03952
2024 оны 08 сарын 14 өдөр Дугаар 102/ШШ2024/03952 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ......,
Хариуцагч: ..........,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Саруул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Майцэнгэл /ШТЭД:1228/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзангиа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Жаргал /ШТЭД:0267/ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Урантэс хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 4,000,000 төгрөг гаргуулах. Миний бие 2020 оны 4 дүгээр сард Төрийн банкнаас зээл авсан. Тухайн өдөр ........ 4,000,000 төгрөг зээлээч, байрны урьдчилгаанд хэрэгтэй байна, тооцоо зөрөөд ажилгүй болох гээд байна гэж гуйгаад авсан. Одоо болтол өгөөгүй байна. Ажил дээр нь очихоор байж бай л гэдэг. Ажил дээрээ байж байгаад гэв гэнэт байхгүй болчихсон байсан. Баахан хайсан. Тэгээд Төв аймгийн Хаан банкны салбарт ажиллаж байгааг нь олж мэдсэн. Олоод очиход “та миний ажил дээр ирдэг хэн юм? Мэдэж байна, төлнө гэсэн биз дээ” гэж уурлаад хавьтуулаагүй. Ингээд цагдаагаар хайлгаад хаягийг нь олж мэдээд шүүхэд хандсан. Шүүх дээр хугацаа зөндөө хэтэрсэн. Барьцаа хөрөнгө хураагдах дээрээ тулчихаад байна. Иймд зээлдүүлсэн 4,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...гэв.
1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж оролцож байна. Хариуцагч нь 4,000,000 төгрөг авсан талаар маргаагүй, хүлээн зөвшөөрдөг. Ийм хэмжээний мөнгийг хүнд зүгээр өгнө гэж байхгүй. Амаар ямар нэгэн тохиролцсон зүйл байсан байна. 4,000,000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 14-нд авсан байдаг. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хуульд үл харшлах хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж иргэд хооронд хийсэн хэлцэл бөгөөд 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар заавал бичгээр хийх шаардлагагүй, харин 421.1-д зааснаар цахим хэлбэрээр хийх боломжтой. Итгэмжлэлийн хувьд төлөөлүүлэгч ......ын гарын үсэг зурагдсан байгаа. Хуулийн шаардлага хангасан учраас шүүх хүлээн авч шүүх хуралдаан болж байгаа гэж ойлгож байна. Анх бол удахгүй өгнө гэж хэлээд авсан ба хугацаа яригдаагүй. Нэхэмжлэлийг өмгөөлөгч аваагүй байх үедээ бичихдээ ..........тай ярихад нь хэлсэн хугацаануудыг л бичээд байсан байгаа. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой асуудал биш юм. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд: Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс тоолох талаар хуульчилсан. Бид эрх зөрчигдсөнөө мэдэх ёстой байсан хугацаа бол Төрийн банкны захирлын тушаалаар .......ааг ажлаас чөлөөлсөн. 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс буюу ажлаас гарсныг энэ өдрөөс хойш очоод мэдсэн. Ингээд мөнгөө нэхэж эхэлсэн. Мөнгөө нэхэж эхэлсэн нь 2023 оны 9 дүгээр сард шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байдаг юм. Тэгэхээр энэ үеэс шаардах эрх тоологдоно. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. 4,000,000 төгрөгийг ямар зорилгоор авснаа хариу тайлбар дээрээ бичээгүй, зүгээр авсан л гэдэг. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс хэргийн оролцогч биш, хамааралгүй хүмүүсийн талаар ярьж байна. Гэрээний харилцаа бол ...........хоёрын хооронд хийгдсэн...гэв.
2. Хариу тайлбар:
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлдээ ...... 2020 оны 2 дугаар сарын 14-нд шилжүүлсэн, 2021 онд буцааж өгнө гэж тохиролцсон гэдэг. Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан “Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан” шүүгчийн захирамжид өөрөөр тусгасан байдаг. Хэргийн нөхцөл байдлын талаар өөр өөр нэхэмжлэл гаргаж байсан. Зээлсэн хугацааг эхлээд 7 хоног, дараа нь 1 жил 14 хоног зээлсэн гэх зэргээр өөр өөрөөр заасан байдаг. Итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай өгсөн боловч Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Учир нь уг итгэмжлэлд Д.Учрал гарын үсэг зураагүй байна. Мөн нэхэмжлэлд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5 хувийн хүүтэйгээр 4,000,000 төгрөг зээлсэн гэж үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна...гэв.
2.2. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсад Нотариат гэж байгууллага байгаа. Нотариат нь нэг этгээд нөгөө этгээдэд өөрийн өмнөөс ямар нэг үйлдэл хийхэд итгэмжлэл олгоход гэрчилдэг гол байгууллага юм. Ийнхүү гэрчлэхдээ Нотариатын үйл ажиллагааны зааавар, Нотариатын тухай хууль, Монгол улсын Иргэний хуулийг баримталдаг. Уг итгэмжлэлд Монгол улсын иргэний бүртгэлийн цахим гарын үсэг дарагдаж, ард талд нь гарын үсэг зурдаг. .......ын гарын үсгийг автомат төхөөрөмж дээр зурагдсан байдлаар гаргасан байна. Автомат төхөөрөмж дээр гарын үсэг зурсан хэлбэрээр хэвлэж гаргаад ....... ард талд нь гарын үсэг зурсан боловч ...... гарын үсэг зураагүй байна. Энэ нь 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж дээр дурдагдсан байна. Иймд итгэмжлэл олгоогүй этгээдийн нэхэмжлэл байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсмээр байна. 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр .......ын өөрийн данснаас ......гийн данс руу 4,000,000 төгрөг шилжүүлж, гүйлгээний утгыг “........” гэж бичсэн байдаг. Үүнийг зээл гэж бичээгүй учир зээл гэж үзэхгүй. ........ийн хувьд авах ёстой байсан мөнгөө авсан гэдэг. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа үйл баримт юугаар нотлогдож байгаа вэ гэдэг эргэлзээтэй ба нотолж чадсангүй гэж үзэж байна. Иргэний хуулийг мэдэхгүй байх, ойлгохгүй байх нь тухайн хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй гэж хуульчилсан. ......ааг ажлаасаа халагдаад явчихаар нь эрх зөрчигдсөнөө мэдсэн гээд байдаг. Гэтэл өмгөөлөгч нь шүүхэд хандаж эхэлсэн хугацааг тооцоод байна. Хариуцагч талын зүгээс эрх нь зөрчигдсөн хугацааг “7 хоногийн хугацаатай өгсөн” гэдэг ба өөр өөрөөр тайлбарлаад байдаг. Мөн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлнө гэж ойлгож бичсэн гэдэг. ......... хоёрын хооронд ямар хэлцэл хийсэн гэдгийг нотлоогүй. Итгэмжлэл хуулийн дагуу олгогдоогүй байна...гэв.
3. Нотлох баримт
3.1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: ......ын Хаан банк дахь .........дугаар дансны хуулга /хх-5/, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21505 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн эх хувь /хх-7/, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 14952 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-49/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
3.2. Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлох аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй болно.
3.3. Шүүхийн бүрдүүлсэн баримт: нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12117 дугаар захирамжаар Төрийн банк ХК-иас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, захирамжийн дагуу Төрийн банк ХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/502 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах тухай захирлын тушаалын хуулбарыг шүүхэд ирүүлсэн. /хх-35, 39-40/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх ......ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ......ыг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Саруул нь хариуцагч ......аад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ: “2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөгийг .....аад дансаар шилжүүлж зээлдүүлсэн, бичгээр гэрээ байгуулаагүй, тодорхой хугацаа зааж тохиролцоогүй боловч утсаар холбогдохоор 7-14 хоногийн дараа өгье гэж хэлдэг байсан. Ажлын газрыг нь мэддэг байсан учир төлөх байх гэж найдаж хүлээж байсан боловч 2022 онд ажлаасаа гарсан талаар нь мэдээд шинэ ажлыг хайж олоод уулзсан ч төлөөгүй тул гэрийн хаягийг нь хайж олоод 2023 онд шүүхэд хандсан. Эрх зөрчигдсөн талаараа мэдсэн үеэс шүүхэд нэхэмжлэл гаргасан учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, итгэмжлэлийг хуульд заасны дагуу олгосон учраас нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй” гэж тодорхойлон тайлбарласан.
4. Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ: “шүүхэд нэхэмжлэгчийг төлөөлөх эрх олгосон итгэмжлэлд нэхэмжлэгч .....гарын үсэг зураагүй, автомат төхөөрөмж дээр гарын үсэг зурсан хэлбэрээр хэвлэсэн байгаа нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан шаардлага хангаагүй, энэ талаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид дурдсан байгаа учир нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Зээлийн гэрээний үүрэг шаардах хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 4,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ зээлдүүлсэн гэж биш, “учралаас” гэж шилжүүлсэн байгааг зээл олгосон гэж үзэхгүй, мөнгө зээлдүүлсэн гэдгээ өөр баримтаар нотлоогүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргаж байна.
5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1. Нэхэмжлэгч ......аас хариуцагч .......аад 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөгийг “учралаас” гэх гүйлгээний утгаар шилжүүлж зээлдүүлсэн байна.
5.2. ....... нь .......д дээрх мөнгийг буцааж төлөөгүй, тухайн мөнгийг буцааж төлөх талаар тэд хугацаа зааж тохиролцоогүй байна.
6. Талууд 4,000,000 төгрөгийг .......аас ........аад зээлдүүлсэн, тэдний хооронд зээлийн гэрээ аман хэлбэрээр хийгдсэн талаар болон мөнгийг буцааж төлөөгүй талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч уг зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан.
7. Шүүхэд төлөөлөх эрхийн тухайд:
7.1. ........аас.........д 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр итгэмжлэл олгож, Нийслэлийн Баянгол дүүргийн тойргийн нотариатчийн 0835 дугаарт бүртгэгдэн, итгэмжлэлд хэн аль нь гарын үсэг зурсан байна. Уг итгэмжлэлээр .....ыг төлөөлөн .....аад холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхийг 3 жилийн хугацаатай олгосон байна. /хх-3/
7.2. Хариуцагч талаас тухайн итгэмжлэлд ....гарын үсэг зураагүй, харин түүний иргэний бүртгэлийн цахим гарын үсэг дарагдсан учраас Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх хэсэгт нийцээгүй, хууль зөрчиж хийсэн тул хүчин төгөлдөр бус бөгөөд “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжид итгэмжлэлийг хуульд заасан шаардлага хангаагүй талаар заасан байхад уг зөрчил арилаагүй байхад дахин нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж маргасан.
7.3. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт зааснаар итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, ...итгэмжлэл олгосон он, сар, өдрийг заах, хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх, тодорхой хугацаагаар итгэмжлэлийг олгосон бол хугацааг заах зэрэг хэлбэрийн шаардлага тавигдахаар хуульчилсан ба мөн зүйлийн 64.3 дахь хэсэгт зааснаар дээрх шаардлагуудыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна. Итгэмжлэл олгох нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасан нэг талын хэлцэл болох бөгөөд итгэмжлэлд дурдсан этгээдэд итгэмжлэгчийн нэрийн өмнөөс тодорхой үйлдэл, үйл ажиллагаа хийх эрх бий болгодог.
7.4. Хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 0835 дугаарт бүртгэгдсэн итгэмжлэлээр .....нь .......д “......ын нэхэмжлэлтэй .....аад холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөх бүрэн эрх”-ийг 3 жилийн хугацаатай олгож, тухайн итгэмжлэлд төлөөлөгч болон төлөөлүүлэгч нарын гарын үсэг зурагдсан байна. Иймд тухайн итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй гэх хариуцагч талын татгалзал үндэслэлгүй байна.
7.3. Мөн хариуцагч талаас 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжид дээрх итгэмжлэлийг хуульд заасан шаардлага хангаагүй талаар дурдсан гэж тайлбарласан. Гэвч тухайн шүүгчийн захирамжид итгэмжлэл хуульд заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бус, харин .....аас И.Саруулд итгэмжлэл олгосон байхад И.Саруул өөрийгөө нэхэмжлэгчээр тодорхойлсон байгааг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэн татгалзжээ. Иймд нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. /хх-49/
8. Зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийн талаар:
8.1. ......аа 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр .......аас 4,000,000 төгрөг зээлэхээр тохиролцож, уг мөнгийг дансаар хүлээн авсан талаар зохигчид маргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар хэргийн нотлох баримт болох тул энэ үйл баримт тэдний тайлбараар тогтоогдсон гэж үзэв.
8.2. Зохигчийн тайлбар нэхэмжлэгч .........лын Хаан банк дахь депозит дансны хуулгаар давхар нотлогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу тэдний хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ аман хэлбэрээр хийгдсэн байна.
8.3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар буцааж төлөх бөгөөд шаардсанаас хойш нэг сарын дотор биелүүлэх үүрэг хүлээнэ.
8.4. Зохигч талуудын гаргасан тайлбараар зээлийн мөнгийг буцаан төлөхийг хэзээ шаардсан нь тодорхой бус, нэхэмжлэгч талаас хариуцагчтай утсаар холбогдсон гэдэг боловч хэзээ холбогдсон нь тодорхойгүй, анх зээлийг олгохдоо тодорхой хугацаа зааж тохиролцсон гэх байдал тэдний тайлбараар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасан хугацаанд хамааруулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
8.5. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж зааснаар нэхэмжлэгч хугацаа заагаагүй зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолвол мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул хариуцагч талын энэ татгалзал мөн үндэслэлгүй байна.
9. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ..... нь хариуцагч .....аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу түүнд зээлдүүлсэн 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж дүгнэв.
10. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ......ас 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч .......д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА