Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Н.А

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Н.Б-т холбогдох эрүүгийн 1720001340002 тоот хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөвүүлэн баяжуулах оператор мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг оршин суух, Ц дэлгүүрт худалдагч ажилтай, Д овогт Н.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Н.Б-г Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Ц дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сарын 28-ны орой дэлгүүрт нь орж ирсэн. П.Г-н 4 настай хүү Э-г лангуун дээр гар утсаа орхисон гэдгийг мэдсээр байж авч, өөрийн эзэмшлийн 88904701 дугаарын сим картаа хийн ашиглаж, гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: Би Ц дэлгүүрт 2017 оны 08 дугаар сард худалдагчаар ажилд орсон. Анх ажилд орсон өдрөөс эхэлж Ц дэлгүүрийн ард талын өрөөнд амьдарч эхэлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би дэлгүүрийнхээ ард талын өрөөнд байж байтал гаднаас дэлгүүрт үйлчлүүлэгч орж ирсэн. Тэгээд намайг дэлгүүрийн өрөө рүү орж ирэхэд 2 хүн орж ирсэн байсан. Би тэр хоёр хүний царай зүс, хүйсийг одоо санахгүй байна. Тэр хоёр хүн манай дэлгүүрээс худалдан авалт хийгээд /тухайн үед юу авсаныг нь санахгүй байна гэх/ гарах үед нь лангуун дээр утас байгааг би харсан. Тэгээд тэр хоёр хүнээс “энэ та хоёрын утас мөн үү?” гэж асуухад “биш” гэж хэлээд гарсан. Тэгээд би тэр утсыг аваад цагаан идээ өрдөг, өндөр лангууны хамгийн дээд талд нь тавиад, маргааш нь өөрийнхөө амьдардаг өрөөнд оруулж тавьсан. Тэр утсыг асууж сураглаж ямар ч хүн орж ирээгүй. Түүнээс хойш ойролцоогоор 10 хоногийн дараа би тэр утсыг гаргаж ирсэн. Тухайн үед надад гар утас байхгүй байсан тул ийш тийш yтcaap ярих ажил гараад би ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдийг гуйж тэр утасны кодыг гаргуулсан. Тэгээд өөрийнхөө 88904701 дугаарын сим картаа хийж ашигласан. Түүнээс хойш хэд хоногийн дараа үл таних эрэгтэй хүн миний утасны дугаар руу залгаад “Би цагдаагаас ярьж байна. Та наад утсаа олсон юм уу?” гэхээр нь би “тиймээ. Би энэ утсыг олсон. Би Ц дэлгүүрт худалдагчаар ажилладаг” гэж хэлсэн. Тэгээд А гэх цагдаа тэр өдөртөө манай дэлгүүр дээр ирж болсон явдлын талаар асуусан. Тэгээд нэг хүнийг утсаар дуудсан. Удалгүй утасны эзэн гэх эмэгтэй манай дэлгүүр дээр ирж утсаа хүлээж авсан. “...Тэр өдөртөө би лангуун дээр тавьчихаад өөрийнхөө амьдардаг өрөө рүүгээ орсон байсан тул дуудлага ирсэнийг сонсоогүй. Маргааш нь дэлгүүр рүү ороод уг утсыг аваад харахад нилээд их дуудлага ирсэн байсан. Зөрүүлээд залгах гэсэн боловч утас кодтой байсан тул залгаж чадаагүй. Тэр өдөртөө хүн асууж ирээгүй. Тэгээд би цааш нь тавьчихаад нилээд хэд хоногийн дараа гаргаж харахад цэнэг нь дуусаад унтарсан байсан. Би тэр эмэгтэйг танихгүй. Би тэр эмэгтэйг манай дэлгүүрт орж ирж худалдан авалт хийснийг санахгүй байна. Учир нь дэлгүүрээр олон хүн үйлчлүүлдэг болохоор би урьд өдөр нь орж ирсэн хүнээ ч таньдаггүй, санадаггүй. Байнга өдөр бүр худалдан авалт хийдэг ганц хоёр хүнээ л мэднэ. Тэр утсыг асууж сураглаж ямар ч хүн орж ирээгүй. Samsung Galaxy-S6 маркийн, цагаан өнгөтэй гар утас байсан. Би кодыг нь гаргуулчихаад сим картыг нь аваад гэртээ тавьсан. Гэрт байгаа байх гэж бодож байна. Утсыг нь хүлээлгэж өгчихөөд сим картыг нь өгнө гэж бодож байгаад мартчихсан байна гэжээ. /хх-ийн 23-24/ 

-Хохирогч П.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Пүрэв гаригт Алтанхаргана цэцэрлэгт хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар ажлаа тараад 18 цаг 30-аас 19 цагийн хооронд очиж хүүхдээ аваад цэцэрлэгээс гарахад үүдний өрөөний ширээн дээр үлдээсэн байсныг хүү 4 настай Э маань авч гараад “Цант” цагаан идээний дэлгүүрт орсон, хүү 4 настай Э миний Самсунг галакси С6 маркийн гар утсыг лангуун дээр нь үлдээсэн юм шиг байна лээ. Би “Цант” цагаан идээний дэлгүүрээс маргааш өглөө нь буюу 2017.09.29-нд 08 цагийн орчим очиж худалдагч Б-той дэлгүүрийн гадна таараад би танайхаар хүүхэдтэй орсон та санаж байна уу? Би гар утсаа танай дэлгүүрт үлдээж үү? гэхэд Би таныг орж ирсэнийг сайн санахгүй байна, Үгүй ээ юм орхиогүй байсан, хэрэв гар утсаа үлдээсэн бол арын чинь хүн авсан байх гэж надад тухайн худалдагч хэлсэн. Тэгээд худалдагч Б хэлсэн үгэнд итгэсэн учир дахиж очоогүй. Миний гар утас дүүрэн цэнэгтэй байсан утас руу олон удаа залгасан авахгүй байсаар байгаад 19 цаг өнгөрч байхад миний утас унтарсан байсан юм. Би гар утсаа буцааж авсанаас хойш миний гар утсанд эвдрэл гэмтэл одоогоор байхгүй хэвийн ажиллаж байгаа юм. Одоо гар утсаа олж авсан, гэхдээ худалдагч Б надад тухайн үед гар утсыг минь гаргаж өгчихсөн бол би дахиж гар утас авч санхүүгийн хувьд хохирохгүй байсан юм. Мөн миний утас дээрх мэдээллүүд устгагдсан. Утасны шилэн наалт дээгүүрээ хагарсан байдалтай, унагасанаас үүдэж ямар программд гэмтэл учирсаныг мэдэхгүй байна. Намайг анх удаа харж байна утсаа намайг ирж асуугаагүй гэж хэлсэнд нь гомдолтой байна. Тухайн үед 1.600.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Үнэлгээ хийсэн дүгнэлттэй танилцсан 330.000 төгрөгөөр үнэлсэн байна лээ санал нийлж байна гэжээ. /хх-ийн 7-8/

- Гэрч Х.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: Би 2013 онд Төмөр замын дээд сургуульд элсэн орж оюутан болсон. Тухайн үед би оюутны байранд байдаг байсан. Б тэр үед манай байранд их ирдэг байсан ба тухайн үед би түүнийг таньдаггүй байсан. Тэгээд нэг өдөр автобусны буудал дээр зогсож байхдаа хүн рүү утсаар ярих хэрэг гараад Б хажууд байхаар нь түүний утсыг гуйж ярьж байсан. Түүнээс хойш бид хоёр бие биенээ таньдаг болсон. Тэгээд нэг хэсэг холбоогүй байж байгаад 2016 онд Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хүүхдүүдээ хараад хэвтэхдээ нэг өрөөнд орсон. Түүнээс хойш холбоотой болсон. Гэхдээ бид хоёр тийм ч дотно найзууд биш. Зүгээр танилууд. Би Б-той тийм ч дотно найз биш болохоор яг ямар хүн бэ гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Би тэр талаар мэдэхгүй байна. Хүүхдийн хамт Цант дэлгүүрийн ард талын өрөөнд амьдардаг. Цантад ажилд орохоосоо өмнө Сургуулийн гудамжинд байрлах түрээсийн байранд амьдардаг байсан. Хүүхдийнхээ эцгийн талаар болон гэр бүлийн бусад гишүүдийн талаар надад ярьдаггүй. Надтай өчигдөр уулзахдаа “манай дэлгүүрийн лангуун дээр хүн утсаа орхичихсон байхаар нь би түүнийг нь аваад ашиглаж байтал цагдаа ирээд алдагдсан утас байна гээд аваад явсан. Энэ асуудал одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа” гэж хэлж байсан гэжээ. /хх-ийн 14-15/

-Шинжээчийн 113 дугаартай дүгнэлт: 2015 оны 06 дугаар сард 1.6 сая төгрөгөөр худалдан авсан гэх Samsung Galahy S6 маркийн гар утас 330.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 18/

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1/

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай /хх-ийн 2/

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 25-26/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/

-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 31/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 32/

-Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 33-34/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

 Шүүгдэгч Н.Б-г Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Цант цагаан идээний дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сарын 28-ны орой дэлгүүрт нь орж ирсэн П.Г-н 4 настай хүү Э-г лангуун дээр гар утсаа орхисон гэдгийг мэдсээр байж авч, өөрийн эзэмшлийн 88904701 дугаарын сим картаа хийн ашиглаж, гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Г-н “...Алтанхаргана цэцэрлэгт хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар ажлаа тараад 18 цаг 30-аас 19 цагийн хооронд очиж хүүхдээ аваад цэцэрлэгээс гарахад үүдний өрөөний ширээн дээр үлдээсэн байсныг хүү 4 настай Э маань авч гараад “Цант” цагаан идээний дэлгүүрт орсон, хүү 4 настай Э миний Самсунг галакси С6 маркийн гар утсыг лангуун дээр нь үлдээсэн юм шиг байна лээ. Би “Цант” цагаан идээний дэлгүүрээс маргааш өглөө нь буюу 2017.09.29-нд 08 цагийн орчим очиж худалдагч Б-той дэлгүүрийн гадна таараад би танайхаар хүүхэдтэй орсон та санаж байна уу? Би гар утсаа танай дэлгүүрт үлдээж үү? гэхэд Би таныг орж ирсэнийг сайн санахгүй байна, Үгүй ээ юм орхиогүй байсан, хэрэв гар утсаа үлдээсэн бол арын чинь хүн авсан байх гэж надад тухайн худалдагч хэлсэн. ...Одоо гар утсаа олж авсан, гэхдээ худалдагч Б надад тухайн үед гар утсыг минь гаргаж өгчихсөн бол би дахиж гар утас авч санхүүгийн хувьд хохирохгүй байсан юм. ...Намайг анх удаа харж байна утсаа намайг ирж асуугаагүй гэж хэлсэнд нь гомдолтой байна.” гэх мэдүүлэг, гэрч Х.Б-н “...Би Б-той тийм ч дотно найз биш болохоор яг ямар хүн бэ гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Би тэр талаар мэдэхгүй байна. Хүүхдийн хамт Цант дэлгүүрийн ард талын өрөөнд амьдардаг. ...Цантад ажилд орохоосоо өмнө Сургуулийн гудамжинд байрлах түрээсийн байранд амьдардаг байсан.Надтай өчигдөр уулзахдаа “манай дэлгүүрийн лангуун дээр хүн утсаа орхичихсон байхаар нь би түүнийг нь аваад ашиглаж байтал цагдаа ирээд алдагдсан утас байна гээд аваад явсан. Энэ асуудал одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 31/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 32/ зэргээр тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Н.Б-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д овогт Н.Б-г гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА