Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2020/ДШМ/711

 

105/2020/0595/Э

 

 

 

 

  2020         06            02                                             2020/ДШМ/711    

 

Б.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Чимэдцэеэ,

бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэлгэр,

шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У-ийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.У-т холбогдох эрүүгийн 1906067720432 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

У-, 1997 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Глобал” цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Б.У- нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Глобал” цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдын 2019 оны А/430 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалын чиг үүргийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 3 настай Д.Х-г цагаан хэрэглэл индүүддэг өрөөнд ганцааранг нь оруулснаас Д.Х- нь халуун индүүнд зүүн гараа түлж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У-ийг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ийг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.У-т сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг СD-г хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, 1 ширхэг индүүг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэлгэр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаар цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч болон гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.У-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс Б.У-ийг хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан туслах багшийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас цэцэрлэгийн хүмүүжигч 3 настай, хөгжлийн бэрхшээлтэй Д.Х-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Б.У-ийн хувьд туслах багшийн ажлаа хийж гүйцэтгэж байх явцдаа өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хөнгөмсгөөр найдсаны улмаас хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан байх ба үүн дээр бидний зүгээс маргахгүй. Харин Б.У-ийг “эс үйлдэхүй” гаргасан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь, хэрэг учрал болсон 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр тус ангид Д.Х-гээс гадна 12 хүүхэд, /нийт 13 хүүхэд/ ирсэн байсан ба өдрийн унтлагын цагаар туслах багш Б.У- нь ганцаараа ажиллаж байсан. Д.Х- бусад өдрүүдэд ч туслах багш Б.У-ээс салдаггүй, бүлгийн багш М.Даваажаргал нь хүүхдийн өдрийн унтлагын цагаар багш нарын өрөөнд орж дараа өдрийн хичээлийн бэлтгэлээ хийдэг болох нь хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Д.Х- охины хувьд аутизмын хөнгөн хэлбэрийн эмгэгтэй хүүхэд ба өдрийн унтлагын цагаар унтдаггүй учир бусад хүүхдүүдийг унтаж байх цагаар хамт нэг ангид байлгах боломжгүй, чангаар уйлж, хашгирч, унтаж буй хүүхдүүдийн орон доогуур мөлхөх зэрэг үйлдэл гаргадаг, хүүхдүүдийг сэрээчихдэг учраас туслах багш Б.У- л гардан харж, хүүхдийн тоглоомын өрөөнд тусад нь авч байлгадаг, бусад ажлаа давхар хийж амжуулж, бусад унтаж буй хүүхдүүдээ ч харж ханддаг байсан нь нотлогдож байгаа. Тухайн өдөр Б.У- нь урьдын адил унтлагын цагаар ангийнхаа хүүхдүүдийг ганцаараа харж үлдсэн ба Д.Х-г унтуулах гэж нэг цаг гар дээрээ бүүвэйлсэн боловч унтаагүй байдаг. Хавтас хэрэгт авагдсан мэдүүлгүүд болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр Б.У- нь ганцаараа 13 хүүхдийг хариуцаж үлдсэн боловч туслах багшийн ажлаа өөрт байгаа бүх бололцоогоо дайчлан тасралтгүй хийж гүйцэтгэж байгаа нь харагддаг ба эс үйлдэхүй гаргаж үүрэгт ажлаа хийхгүй орхигдуулсан байдал гаргаагүйг шүүх анхаарч үзсэнгүй.

Д.Х- охиныг авч нэг давхрын тоглоомын өрөөнд үйлчлэгч эгчээрээ харуулж орхиод тэр хооронд нь хүүхдүүдийн сэрээд цайгаа уух аяга тавгийг ялгаад ирэх хооронд охин уйлаад байсан учир хоёр давхар луу аяга тавгаа зөөхдөө хамт авч гарсан байдаг. Д.Х-г анги руу хамт авч орохоор бусад хүүхдүүд сэрэх учир аягаа ангид оруулж тавих хоорондоо /камерын бичлэгээр 2 минут орчим/ онгорхой байсан цагаан хэрэглэлийн өрөөнд оруулж орхиод аягаа тавьж гарч ирээд цонхных нь цаанаас 6 минут орчим харж байтал ангид 2-3 хүүхэд сэрээд уйлахаар нь анги руугаа /камерын бичлэгээр 2 минут орчим/ тэдгээр хүүхдүүдээ харах гэж орох хооронд охин түлэгдсэн асуудал гарсан байдаг.

Дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд Б.У- нь тухайн өдөр нэг ангид хамт байлгах боломжгүй, унтдаг, унтдаггүй гээд өөр өөрийн онцлогтой 13 хүүхдийг ганцаараа хариуцан авч үлдэж, туслах багшийнхаа үүргийн дагуу асарч, зохицуулж, хажуугаар нь аяга тавгаа зөөж, идэвхтэй үйлдлээр ажлаа хийж байсан нь харагддаг. Харин ангид аяга оруулж тавихдаа Д.Х-г онгорхой байсан цагаан хэрэглэлийн өрөөнд оруулж орхиод 2 минутын дараа эргэн гарч ирээд 6 минут орчим цонхны цаанаас харж байгаад сэрсэн хүүхдүүдээ харах гээд явж байгаа тасралтгүй үргэлжилж буй үйлдлүүд нь “эс үйлдэхүй” бус харин ажил үүргээ гүйцэтгэж, идэвхтэй үйлдэл гаргаж байгаагийн хэлбэр юм. Харин Б.У- нь ажлаа хийж гүйцэтгэж байх явцдаа “анги руу ороод удахгүй учраас гайгүй байх” гэж хөнгөмсгөөр найдаж, Д.Х-г цагаан хэрэглэлийн өрөөнд орхисон болгоомжгүй үйлдэл нь хүний биед хүндэвтэр гэмтэл учруулах шалтгаан болсон. Энэ нь Б.У-ийн буруу юм. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талын шинжийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар үүрэг хүлээсэн этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүй” эс үйлдэхүйн улмаас бусдад хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба болгоомжгүй тодорхой үйлдэл хийсний улмаас бусдад хүндэвтэр хохирол учруулсныг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй. Тус бүлгийн багш М.Даваажаргал нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль болон бүлгийн багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ эс биелүүлж /эс үйлдэхүй гаргаж/, унтлагын цагаар нэг ангид байх боломжгүй хүүхдүүдээ туслах багшдаа орхин явж байгаа байдлыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй атлаа ганцаараа ажлын байран дээрээ идэвхтэй ажиллаж байсан туслах багшийг “эс үйлдэхүй” гаргасан гэж буруутгасан. Б.У- нь “эс үйлдэхүй" гаргаагүй, харин тодорхой болгоомжгүй үйлдэл хийж түүний улмаас Д.Х-гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдож байх ба нэгэнт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж үгүйсгэгдэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүгдэгч Б.У-ийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 200.000 төгрөг шилжүүлсэн баримтыг шинээр гарган өгч  байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж байна ...” гэв.

 

Прокурор Б.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг эс үйлдэхүйгээр үйлдсэн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Туслах багш Б.У- нь хүүхэд бүрийг асран хамгаалах үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ч гэсэн асран хамгаалах нь туслах багшийн үүрэг. Тэр мөчид тухайн бүлгийн 12 хүүхэд унтаж байсан. Эдгээр 12 хүүхдэд гэмтэл учирсан бол бүлгийн багшийг хамтад нь шүүгээд зогсож байх байсан. Бүлгийн багш нь хохирогч Д.Х-г туслах багшид хүлээлгэж өгөөд гарсан. Туслах багш Б.У- хохирогч Д.Х-гийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэтэл тэрээр энэ үүргээ биелүүлэлгүй халуун индүүтэй өрөөнд оруулаад хаалгыг нь хааж байгаа үйлдэл нь камерийн бичлэгт үлдсэн. Тэр өрөөнд индүү залгаатай байсан эсэхийг хэн аль нь мэдэхгүй. Д.Х-д хүндэвтэр гэмтэл учирсан нь гэмт хэрэг биш юм бол тэгээд юу болох вэ. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.У- нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Глобал” цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байхдаа 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 3 настай Д.Х-г цагаан хэрэглэл индүүддэг өрөөнд ганцааранг нь оруулсны улмаас халуун индүүнд зүүн гараа түлж, зүүн гарын алга, бүх хурууны 2-ЗАБ зэргийн түлэгдэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэлгэрийн “...намайг очиход манай хүүхдийг туслах багш нь эрхлэгчийнхээ өрөөний үүдэнд тэвэрчихсэн, түлэгдсэн гарыг нь хүйтэн устай аяганд дүрчихсэн байсан. ...Манай охин 3 настай, төрөлхийн аутизмын эмгэгтэй, гүйцэд хүнтэй хэл яриагаараа ойлголцох боломжгүй, гэхдээ хүний хэлж байгаа үгийг ойлгодог, болно, болохгүй гэдэг үгийг нэн ялангуяа сайн ойлгодог хүүхэд байгаа юм. ...” /1хх 25-28/,

гэрч Ж.Бурмаагийн “...дунд А бүлгийн багш М.Даваажаргал орж ирээд “багшаа манай ангийн хүүхдийн гар түлэгдчихсэн байна” гэхээр нь би “хаана байна” гэж асуухад “доор гал тогооны өрөөнд хүйтэн усаар гарыг нь шавшиж байна” гэсэн. Доошоо буугаад очиход Х-г туслах багш У- энгэртээ тэвэрчихсэн, том устай аяганд гарыг нь дүрчихсэн зогсож байсан. Цэцэрлэгийн хүүхдүүдийн гудас, хөнжил, даавуу, алчуур индүүддэг зөөлөн эдлэлийн өрөөнд гараа түлсэн гэж багш нар хэлсэн. ...Тэр өрөөнд хүүхэд байдаггүй, орох ёсгүй өрөө байгаа юм. Гэтэл Б.У- өөрөө дур мэдэн авч орсон байна. ...Туслах багш бүлгийн багшид туслах, хүүхэд унтуулах, харах үүрэгтэй. ...” /1хх 42-46/,

гэрч Ц.Энхтуяагийн “...цэцэрлэгийн эрхлэгч, багш нар хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Туслах багшийн хувьд хуульд заасан үүрэг байхгүй. Гэхдээ ажлын байрны тодорхойлолтод заагдсан байгаа. ...Хүүхэд унтахгүй бол бүлгийн багш болон туслах багш харж хандаж ангид нь байлгах ёстой. ...” /1хх 51-52/,

гэрч Д.Дуламсүрэнгийн “...хүүхэд унтлагын цагаар ангидаа байж байхад ангийн хаалганы хажууд байдаг цагаан хэрэглэл угааж индүүддэг өрөөнд хүүхэд уйлаад байхаар нь намдчих байх гэж бодоод 1 минут хүрэхгүй хугацаанд жоохон хүлээсэн чинь үргэлжлэн уйлаад байхаар нь гүйгээд очиход Д.Х-г туслах багш Б.У- тэвэрсэн байдалтай “гар нь түлэгдсэн байна” гэж хэлсэн. ...” /1хх 217-218/,

гэрч М.Даваажаргалын “...14 цаг 30 минутын орчим Д.Х-г унтахгүй болохоор нь туслах багш Б.У- аваад гарсан. Би маргаашийнхаа хүүхдүүдийн хийх хичээлийн бэлтгэлийг хэвлэх гээд бичиг цаасаа аваад багш нарын өрөө лүү орсон. 15 цаг өнгөрч байтал манай ажлынхны нэг нь над дээр орж ирээд Д.Х-г гараа түлчихлээ гэж хэлсэн. ...3өөлөн эдлэлийн өрөө лүү хүүхдүүдийг ер нь оруулдаггүй. ...” /1хх 36-38, 219-220/,

Б.У-ийн яллагдагчаар өгсөн “...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ санаатай тэгээгүй. ...Унтлагын цагаар аутизамтай Х- ер нь унтдаггүй хүүхэд. Тэр өдөр мөн адил унтахгүй, бусдыгаа сэрээчих гээд болохгүй болохоор нь тоглоомын өрөөнд хэсэг хугацаанд хамт байж байгаад ганцааранг нь орхиж болохгүй учраас дагуулаад индүүний өрөөнд юм индүүдэж байгаад индүүдсэн хувцсаа эвхээд эргэж харах хооронд Х- ширээн дээр байсан индүүнээс барьж гараа түлж уйлахаар нь тэвэрч аваад гал тогоо руу орж усанд гарыг дүрж, багш нарт мэдэгдэж түргэн тусламж дуудсан. ...Индүүний өрөөнд хүүхэд дагуулж болохгүй гэдгийг маш сайн мэдэж байсан, зааж хэлсэн. Тэр үед хоёр өрөө нь хоорондоо ойрхон байсан бөгөөд унтлагын цагаар ажлаа амжуулъя гэсэн бодолтой, Х-г ганцааранг нь үлдээж болохгүй байсан учраас дагуулж орсон. ...” /1хх 209-211/ гэх мэдүүлгүүд,

 

“...Д.Х-гийн биед зүүн гарын алга, бүх хурууны 2-3АБ зэргийн түлэгдэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13579 дугаартай дүгнэлт /1хх 30/, камерын бичлэгт үзлэг хийсэн “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14:57:21 цагт туслах багш Б.У- нь Д.Х-г цагаан хэрэглэл угааж индүүддэг өрөөнд ганцааранг нь оруулчихаад аяга таваг анги руугаа оруулав. 14:59:14 цагт буцаж гараад цагаан хэрэглэл угааж индүүддэг өрөөний гаднаас 6 минут орчим буюу 15:05:40 цаг хүртэл Д.Х-г хаалганы гаднаас харж байгаад буцаж анги руугаа оров. 15:07:33 цагт буюу 2 минут орчмын дараа буцаж гараад Д.Х-гийн байгаа өрөөнд орсны дараа 15:08:10 цагт хажуу ангиас Д.Дуламсүрэн гэх туслах багш индүүний өрөөний хаалгыг татан шагайж харахад 15:08:18 цагт туслах багш Б.У- хохирогч Д.Х-г тэврээд шатаар буув. ...” гэх тэмдэглэл /1хх 233-237/, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /1хх 56/, “Глобал” цэцэрлэгийн туслах багшийн албан тушаалын тодорхойлолт /1хх 120-121, 124-126/,” Глобал” цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн б/27 дугаартай Б.У-ийг “туслах багшаар томилох” тухай тушаал /1хх 122/, хөдөлмөрийн гэрээ /1хх 127-128/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Б.У-ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.У-ийн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, туслах багшийн албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалын чиг үүргийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус заасан үүргээ биелүүлэлгүй бага насны хохирогч Д.Х-г цагаан хэрэглэл индүүддэг өрөөнд ганцааранг нь оруулсны улмаас хүүхэд халуун индүүнд гараа түлж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.У-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч Б.У-ийн өмгөөлөгч Ц.Баярмаа “...Б.У- нь “эс үйлдэхүй" гаргаагүй, харин тодорхой болгоомжгүй үйлдэл хийж, түүний улмаас Д.Х-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж үгүйсгэгдэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгасан уг гэмт хэргийн объектив талын шинжийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, гэрээ буюу хэлцлийн дагуу үүрэг хүлээсэн этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүй” үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд дээрхээс бусад болгоомжгүй тодорхой үйлдэл хийсний улмаас бусдад хүндэвтэр хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамааруулахгүйгээр хуульчилжээ.

 

Өөрөөр хэлбэл, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, гэрээ буюу хэлцлийн дагуу үүрэг хүлээсэн этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусад тохиолдолд хүний биед хүндэвтэр хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдохгүй бөгөөд зөвхөн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж хэт ерөнхий дүгнэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх”-ийг хориглосон хууль ёсны зарчмыг зөрчихөд хүргэнэ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Глобал” цэцэрлэгийн туслах багш Б.У- нь ажил үүргийн хувьд бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангах, ...хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бэрхшээлийн хэлбэр, хэрэгцээнд тохирсон асрах үйлчилгээ үзүүлэх үүргээ гүйцэтгэх явцдаа тухайн цэцэрлэгт хүмүүжиж байсан бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна

 

Тодруулбал, Б.У-ийн хууль болон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй үйлдэл, Д.Х-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У-ийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.У- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэлгэрийн Голомт банкны 1105139820 дугаарын дансаар 200.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У-ийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.У- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дэлгэрт 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг төлснийг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН