Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч Л.Б нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Л.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “....Би ундаа авах гээд дэлгүүр ороод мөнгийг нь өгөхөө мартаад хармаандаа хийгээд гараад явсан байсан. Манай ажлынхан дэлгүүрээс юм авахдаа мөнгөгүй бол бичүүлээд авдаг учраас мөнгөө өгөөгүй ч гэсэн дэвтэр дээр бичсэн байсан. Эхнэр тооцоо хийх гээд очиход ундааны зөрүү гараад эхнэртэй маргасан юм билээ. Тэгэхээр нь би уучлал гуйчихаад ирье гээд очиход гар зайл, чамтай ярихгүй, гээд байсан. Тэгэхээр нь та хүнийг ингэж болохгүй ш дээ. Өрийн дэвтрээ харъя гэхэд надад харуулсан. Миний хийсэн өр мөн байна гээд 800 төгрөгийн зөрүү гарсан байсан болохоор өгсөн. Би хааяа манараад унах гээд байдаг. Тийм болоод ч тэр үү эргүү гажиг гээд байхаар нь та хүнийг ингэж хэлж болохгүй шдээ гэхэд чи надаас доор тэнэг авгайгаас гараа биз дээ гэж хэлсэн. Би айлын том хүүхэд, ээж маань хэвтэрт байдаг болохоор хүнд туссан. Гадаа гараад тамхи татсан. Тэгсэн ч тайвширч чадахгүй салгалаад байхаар нь буцаж ороход Э дэлгүүрээ цоожлоод гарч байсан юм. Намайг харчихаад чи үхсэндээ наашаа орж ирээд байгаа юм, цаашаа зайл гээд цээж рүү 2 түлхсэн. Тэгэхээр нь би чи энэ хэрүүлдээ миний ээжийг оруулдаг нь яаж байгаа юм бэ гэхэд худлаа юм биш гэсэн. Тухайн үед би зуны потинктой явж байсан. Хөлрүү нь өшиглөхөд аллаа гээд байсан тэгэхээр нь би миний ээжийг доромжлох юм бол чи байтугай хурандаа, генерал байсан ч айхгүй шүү гэж хэлсэн. Э штабын дарга дээр орсон. Би ч гэсэн ороод уучлаарай даргаа ээжийг маань доромжлоод намайг 2 удаа түлхэхээр нь би хөлөөрөө цохисон. Урьд нь хөх байсан юм шиг байна лээ гэхэд дарга учраа ол гээд гаргасан. дараа нь эхнэр дээр очоод дахиад маргасан. Тэгж байхдаа ээжийг маань донгио, өчнөөн хүнээс мөнгө иддэг, хар тамхи татдаг гээд байсан. Тэгэхээр нь би чамайг ална шүү гээд дайрахад хүмүүс салгасан. Орой ажил тараад гэртээ байж байхад би чамайг шүүхэд өглөө гэхээр нь тэг ээжийг маань доромжилсон хэнээс ч айхгүй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд цагдаагаас дуудсан...” гэв.

 

Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б орж ирээд миний мөрөн тус газар луу түлхэж зүүн хөлний шилбэн тус газар луу өшиглөөд чи миний ээжийг доромжилдог хэн бэ гээд намайг зодох гэж хөөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б  Э  эгч хоёр хамт орж ирээд Э  эгч Б намайг зодлоо гээд хөлөө үзүүлж байсан хөл нь хөхөрсөн байх шиг байсан... Мөнгийг нь өгөх гээд ортол миний ээжийг доромжилж намайг 2 удаа түлхэхээр нь хөл рүү нь нэг удаа өшиглөсөн... гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 11 сарын 27-ны өдөр ангийн эмнэлэг дээр байж байтал худалдагч Э эгч гаднаас нилээд уурласан байдалтай бие өвдөөд байна гэж орж ирсэн би даралтыг нь үзэхэд 200/100-тай байсан... юу болсон талаар Э эгчээс асуухад Б-тэй муудалцаад миний хөлрүү өшиглөсөн гэж хэлж байсан зүүн хөл нь шилбэн тус газартаа хөхрөлт үүссэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

             Шинжээч Б.А: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Д.Э-н биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийж дүгнэлт гаргасан. Үзлэг хийх үед зүүн шилбэний урд доод хэсэгт 20x16 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн цус хуралттай орчмын зөөлөн эд хаван хавдартай байсныг үндэслэн хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдлоо гэж дүгнэлт гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн .... дугаартай: "... Д.Э биед зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Намайг гар зайл гээд цээж рүү хоёр удаа түлхэхээр нь би зүүн хөлийн шилбэний булчин тус газар луу нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Л Б-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг гарахад хохирогч Д.Э-н зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзлээ.

 

Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Б-н бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л. Б-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Б-н бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                            Н.АДЪЯА