Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/1499

 

186/2019/0056/Э

 

 

 

      2020         12            17                                        2020/ДШМ/1499    

 

П.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Солонго,

шүүгдэгч П.А-, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 780 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.А-, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.А-д холбогдох эрүүгийн 1811012520406 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А-,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

П.А- нь 2017 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-615 тоотод амь хохирогч Д.Х-гийн толгойн тус газарт төмөр алхаар цохиж, эрүүл мэндэд нь гавал тархины ил гэмтэл, гавлын зүүн зулайн гадна хэсэг, чамархайн дээд хэсэг дэх цөмөрсөн хугарал, дээш зулайн голын заадас, доош чамархайн урд хэсэг хүрсэн салбарласан хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны шарх, элэгний баруун дэлбэнгийн гадна доод ирмэг болон доод гадаргуу дахь өнгөц язрал гэмтэл бүхий гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: П.А-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А-ыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч П.А-ы цагдан хоригдсон 2 жил 4 сар 28 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тогоо тавьдаг гэх төмөр суурь 1 ширхэг, 38 см урттай 2 арматурын төмөр гагнаж хийсэн бариултай алх 1 ширхэг, толгой хэсгийн хоёр тал нь хавтгай хэлбэртэй алх 1 ширхэг, төмөр хувин 1 ширхэг, эсгийний тасархай 2 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, П.А-ы 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг DVD 2 ширхэг, 2018 өдөр өгсөн мэдүүлгийн бичлэгийг хуулбарласан DVD 1 ширхэг, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад хийсэн бичлэгийг хуулбарласан DVD 2 ширхэг зэргийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч П.А- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие мөрдөн байцаагчийн эрүү шүүлтэд орж мөрдөн шалгах ажиллагааны үед “талийгаач Х-гийн толгойн тус газар нь төмөр алхаар цохиж алсан, зөөвөрлөсөн” гэж мэдүүлсэн. Гэвч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан дүгнэлтэд “талийгаачийг осгож үхсэн” гэж дүгнэсэн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны үед намайг Батцэнгэлтэй төмөр алхаар цохин алж, зөөвөрлөсөн гэх нотлох баримт болон гэрч байдаггүй, Батцэнгэл бид хоёрыг зөөвөрлөсөн гэх ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Миний бие удаа дараа шалгаж өгөөч гэж амаар болон бичгээр шүүх, цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Миний эрх зүйн байдлыг дордуулж, хилс хэрэг тулгаж байгаад гомдолтой байна. Мөн намайг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч нар зодож хилс хэрэг хүлээлгэн тархинд минь хүнд гэмтэл учруулсан. Хүнд гэмтэл учруулсан гэх нотлох баримтыг цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт нотолсон байдаг. Би хэрэг гарсан гэх 2017 оны 12 дугаар сард Төв аймгийн Заамар суманд “Содон нар трейд” ХХК-д ажиллаж байсныг гэрчилсэн олон хүн байгаа. Мөнгөнзагас, Пунсал нар нь тус суманд байсан гэдгийг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч П.А-ы өмгөөлөгч П.Дэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан. Энэ гэмт хэргийг болсон гэж үзээд буй цаг хугацаанд П.А- нь Төв аймгийн Заамар суманд ажиллаж, амьдарч байсан тухай гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Энэ талаарх нотлох баримтууд нь,

2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Содон нар трейд ХХК-ийн Арьс ширэн эдлэл, гутлын үйлдвэрийн ажилчдын ажлын цаг, хийсэн ажил, цалинг бүртгэдэг дэвтэр. ...” /1хх 97-98/, мөн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 29-34/, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрч П.Наранцэцэгийн өгсөн “...Би 2018 оны цагаан сараар Төв аймгийн Заамар суманд ээжтэй золгохоор очиход П.А- ахтай хамгийн сүүлд уулзсан. П.А- ах 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын хооронд Төв аймгийн Заамар суманд байсан бөгөөд тэнд байдаг гутлын үйлдвэрт ажиллаж байсан юм. ...” /1хх 223-224/, 2018 оны 6 дугаар сарын 22 ны өдөр гэрч С.Лхагвын өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Заамар дахь гутлын үйлдвэрт ажилд ороод тэндээ 2018 оны 2 дугаар сар буюу цагаан сарын битүүний өдөр хүртэл ажиллаад ажлаас гарсан. ...” /1хх 225-226/, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрч С.Төмөрбаатарын өгсөн “...П.А- 2017 оны намар Заамар луу явж гутлын үйлдвэрт ажиллаж байсан юм. Би 2018 оны 2 дугаар сард, цагаан сарын шинийн 3-нд Заамар суманд очиж ээжтэй нь золгоход П.А- гэртээ байсан бөгөөд гутлын үйлдвэртээ ажиллаж байгаа гэж байсан. ...” /1хх 235/, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрч С.Цэрэнхандын өгсөн “...2017 оны намар би эгчтэйгээ уулзах гээд очихдоо П.А-тай хамт уулзсан. Үүнээс хойш П.А-тай огт уулзаагүй. 2018 оны 2 дугаар сард цагаан сарын үеэр манай нөхөр Төмөрбаатарыг эгчтэй золгох гээд Заамарт очиход А- ээжтэйгээ хамт байсан гэсэн. ...” /1хх 236-237/, 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Заамар дахь сум дундын цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаа А.Аззаяагийн гэрчээр өгсөн “...2018 оны 2 дугаар сарын дундуур...би анх А-ыг харж байсан юм... Энэ өдрөөс хоёр гурав хоногийн дараа А- дэнж дээр эргүүлд явж байхад нь нэг тааралдсан. ...” /1хх 246/, 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр “Содон нар трейд” ХХК-ийн захирал Н.Сэвжидмаагийн гэрчээр өгсөн “...2017 оны 10 дугаар сарын эхээр... А- ахыг ажилд авсан юм. А- ах тэр өдрөөс хойш манайд гутлын уллагаачнаар ажиллах болсон бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 24, 25-ны үед буюу цагаан сарын дараа “хот руу явж амбар саваа янзлаад, хувцас хунараа аваад ирье” гэж хэлээд сураггүй алга болсон. ...А- ах 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 2 дугаар сарыг хүртэл ажиллах хугацаандаа ажил бараг тасалж байгаагүй. ...Бусдаар бол ажил тасалж байгаагүй бөгөөд манай үйлдвэр энэ хугацаанд үйл ажиллагаагаа зогсоож байгаагүй. ...Манайх анх үйл ажиллагаа эхэлж байсан болохоор А- ахтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй ажилд авсан юм. ...Ажилд авсан болон ажлаас халсан тушаал байхгүй. П.А- татвар, нийгмийн даатгал төлдөггүй байсан. ...Манайд ажилчдын цагийн бүртгэл байхгүй. Би өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ А- ахын өдөрт хийсэн ажлыг нь гараар бичиж тэмдэглэдэг байсан. ...” /1хх 247-248/, мөн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг /4хх 9-10/, 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Заамар сумын 4 дүгээр багийн Засаг дарга Д.Пагмын гэрчээр өгсөн “...С.Лхагва эгч “манай хүүхэд энд гутлын үйлдвэрт ажиллаж байгаа” гэж хэлж байсан... Содон нэр трейд нэртэй манай багт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр байдаг. ...” /1хх 249/, Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн Засаг даргын “...П.А- нь 4 дүгээр баг 5 дугаар хэсэг 2-6 тоотод оршин суудаг бөгөөд сүүлийн 4 сар тухайн хаяг дээр оршин суугаагүй нь үнэн болно. ... гэсэн тодорхойлолт /2хх 212/.

Мөн П.А- нь 2018 оны 9 дүгээр сарын18-ны өдөр яллагдагчаар 4 дэх удаагаа өгсөн мэдүүлэгтээ “...Би яг 10 дугаар сард махны ченжүүдтэй орж ирсэн. Цагаан маяти байсан. Тэр хүмүүсийг өмнө нь таньдаггүй байсан. Тэр өдөр л танилцаад “грушик хийх хүн байна уу, маргааш буцаагаад явуулна” гэхээр нь би Заамар сумаас мянгат малчин Бүүвэй гэх хүнээс мах ачсан. Махны ченжийг Баянмөнх, Батмөнх гэсэн. Бүүвэйгийнх Заамар сумаас урагшааУрд ар гэдэг газар байдаг. ...” гэж мэдүүлдэг ч энэ нь нотлогддоггүй. П.А- хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгтээ “шөнөөр Улаанбаатарт ирээд явсан, энэ үедээ уг гэмт хэргийг үйлдсэн” гэх боловч энэ нь бусад гэрчүүдийн мэдүүлгээр няцаагддаг. Гэрч С.Лхагвын “...10 дугаар сарын 1-нээс гутлын үйлдвэрт ажилд ороод 2018 оны цагаан сараар хот руу явсан. Би хамт байсан болохоор мэдэж байна. Би ийм нэртэй ченж мэдэхгүй одоо л сонсож байна. Урд ар гэх газар Бүүвэй гэдэг малчин байдаг. Заамарын төвөөс урагшаа байдаг юм. ...” /1хх 227/, гэрч Д.Бүүвэйбаатарын “...Би Мөнхбат, Баянмөнх гэх хүмүүсийг огт танихгүй. ...Манайх 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэл махны ченжид ямар нэгэн мал мах зараагүй. Би хоёр гурван удаа мал мах зарахдаа өөрөө машинаар авч яваад Улаанбаатар хот руу оруулан Нарантуул 2 зах дээр зардаг байсан. П.А- нь махны ченж Мөнхбат, Баянмөнх гэх хүмүүстэй хамт ирж мах ачигчаар Улаанбаатар хот руу явсан эсэх? гэж асуухад тийм зүйл огт байхгүй. ...Надаас өөр миний насны Бүүвэйбаатар гэх нэртэй хүн манай нутагт байхгүй. ...” /2хх 13-14/ гэж тус тус мэдүүлсэн.

Дээрх баримтуудаас үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасныг зөрчиж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.

Амь хохирогч хэзээ нас барсан нь тодорхойгүй. Уг хэрэг 2017 оны 12 дугаар болсон гэж улсын яллагч үзээд, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл Д.Х-г 2018 оны 1 дүгээр сард харсан, уулзсан гэж гэрч мэдүүлдэг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу хэзээ гарсан байдлыг бүрэн нотолж чадаагүй байна.

Нотлох баримт нь: Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2 дугаар хэсгийн байцаагч Д.Төмөрбаатарын гэрчээр өгсөн “...талийгаач Д.Х- нь надтай байнга тааралддаг байсан бөгөөд би талийгаачтай хэзээ хамгийн сүүлд тааралдсанаа одоо сайн санахгүй байна. Тухайн үед би талийгаачтай тааралдсан учраас эрэн сурвалжлалтыг зогсоосон гэж одоо бодоод байгаа юм. Эрэн сурвалжлагдсан хүн олдоогүй байхад эрэн сурвалжлалтыг зогсооно гэж бодохгүй байна. ...” /1хх 233/ гэж мэдүүлсэн. Үүнээс шалтгаалаад талийгаач хэзээ нас барсан, хэзээ алханд цохигдсон, цаашлаад миний үйлчлүүлэгчийг алхаар цохисон гэж үзэхээр бол яг хэзээ цохисон, хэзээ жалга руу гаргасан, хэзээ жорлонгийн нүхэнд орсон зэрэг бүх нөхцөл байдал эргэлзээтэй болж байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн боловч үүнийг анхаарч үзээгүй, мөн яагаад энэ байдлыг харгалзаж үзэхгүй байгаа талаараа шийтгэх тогтоолд тайлбар хийгээгүй.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хэрэглэх ёсгүй хуулийн хэрэглэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнийг алах гэмт хэргийн шинж, уг гэмт хэргийн нотолбол зохих байдлууд нь гэмт этгээдийн амь хохирогчийн амь насыг хохирооход чиглэсэн буюу амь насаа алдахад хүргэсэн үйлдэл, хохирогч амь насаа алдсан хохирол болоод үйлдэл хохирлын хооронд шууд шалтгаант холбоотой байх шинжээр тодорхойлогдож, гэмт хэргийн үндсэн шинжийг нотлох баримтаар нотлон тогтоосон байхыг шаардана. Талийгаач 2017 оны 12 дугаар сард амьд мэнд байсан, нас барсан гэж үзээд буй 2017 оны 12 дугаар сард шүүгдэгч П.А- Заамар суманд байсан, талийгаачид гэмтэл учруулсан гэх алхны хэлбэр хэмжээ нь учирсан гэмтлийг үүсгэх боломжгүй, жалганд гаргаж хаясан гэх боловч цогцос өөр газраас олдсон, найзынхаа ахыг ахуйн хэрүүл маргаанаас болж шууд алхаар цохиж ална гэдэг байж болохоор зүйл үү гэх зэрэг олон эргэлзээтэй асуудал байхад шүүхээс миний үйлчлүүлэгчийг Хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шууд үзсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг зөрчиж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан. Шийтгэх тогтоолын 6 дугаар талд 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэх бичгийн нотлох баримтыг “шүүх хуралдаанаар шинжлэн судалж, энэ баримтыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв” үзсэн нь хууль зөрчжээ. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй; 1.3-д монгол хэл, бичиг мэдэхгүй...” гэж заасан байдаг. Улмаар энэ нь тус хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол нотлох баримтаар тооцохгүй” гэж заасныг зөрчжээ. Мөн миний үйлчлүүлэгчийн хоёр удаагийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг /2хх 122-125, 137-141/ үндэслэн гэм буруутайд тооцож буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасныг зөрчсөн байна. П.А- л өөрөө хэргээ хүлээн мэдүүлдэг болохоос түүнийг 12 дугаар сард Улаанбаатар хотод байсан, талийгаачийг алхаар цохиж алсан гэх талаар өөр ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй. Мэдээж талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлт, хохирогчийн ар гэрийнхний мэдүүлэг, бусад гэрчүүдийн мэдүүлгүүд хэрэгт авагдсан боловч эдгээр баримтуудад шууд П.А-г гэм буруутай болохыг нотлохоор баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Цөмөрсөн хугарал нь “Хугарлын хэмжээ цохисон зүйлийн гадаргуугийн хэмжээтэй тохирч байх ёстой”. Гэтэл “...гавлын зүүн зулайн гадна хэсэг чамархайн дээд хэсэгт хуйхны шархны харалдаа 2x1 см цөмөрсөн хугаралтай...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 980 дугаартай дүгнэлт /2хх 16-18/, шинжээч Ч.Эрдэмболорын “...Гавлын ясанд хязгаарлагдмал гадаргуудтай зүйлээр цохисон үед цөмөрсөн хугарал үүсэх ба уг хугарлын хэлбэр нь үйлчилсэн эд зүйлийнхээ хэлбэртэй ижил байдаг. Талийгаачид үүссэн цөмөрсөн хугарал нь шулуун буюу тэгш хэлбэртэй байгаа тул 13 дугаартай зураг дээр байгаа алхаар үүсэх боломжгүй, 12 дугаартай зураглал дээрх алхны доод хэсэг рүү харсан үзүүр талаар үүссэн байхыг үгүйсгэхгүй. Алхнаас өөр зүйл байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан хавтгай 2см орчим өргөнтэй хатуу зүйлээр цохисон үед үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /2хх 21-23/,...Зураг 12 нэг хэсэг нь шовх, нэг хэсэг нь хавтгай, зураг 13 арматурын төмөр гагнаж хийсэн, толгой хэсгийн хоёр тал нь хавтгай...” хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 17-21/  “...38 см урттай толгой хэсэг нь 14 см урттай, 2 арматурын төмөр гагнаж хийсэн бариултай, толгой хэсгийн хоёр тал нь хавтгай хэлбэртэй 3.5 см диаметртэй..., 41 см урттай толгой хэсэг нь 38 см урттай, толгой хэсгийн нэг тал нь хавтгай хэлбэртэй 5 см диаметртэй, нөгөө хэсэг нь 0.6 см диаметртэй шовх хэлбэртэй алх. ...” гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 127-131/. Дээрх баримтуудаас харахад, хэргийн газраас эд мөрийн баримтаар хураан авсан зураг 12 болон зураг 13-т авагдсан алхнуудаар талийгаачид учирсан 2x1 см цөмөрсөн хугарал нь үүсэх боломжгүй гэж үзэж болохоор байна. Учир нь шийтгэх тогтоолын үндэслэл болгож буй яллагдагчийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй нэг бол алхаар цохисон, нэг бол алхыг шидсэн гэсэн байдаг. Гэтэл энэхүү талийгаачийг үхэлд хүргэсэн гэх гэмтлийг аль алхаар, эсвэл аль эд зүйлээр, яаж учруулсан гэдгийг шүүх өөрөө нарийн тогтоож, нотлоогүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэмт буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилсан. Гэтэл шийтгэх тогтоолд миний хурал дээр хэлсэн үндэслэл, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн ганц ч тайлбар хийгээгүй нь өөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Дөрөв. Дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт буюу /2хх 122-125,137-141/, 1хх 109-120/ П.А-ын мэдүүлэгт Х-гийн толгой руу алх шидсэн, алхаар цохисон гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч нь талийгаачийг нас барсан гэж үзэж буй хугацаанд Улаанбаатар хотод буюу хэрэг болсон газарт байгаагүй, өөрийнх нь мэдүүлэгтээ хэлсэн амь хохирогчид гэмтэл учруулсан гэх алх нь амь хохирогчид учруулсан гэмтлийн хэмжээтэй тохирохгүй байгаа нь бусад баримтуудаар тогтоогдож, шүүгдэгч П.А- нь амь хохирогч Д.Х-г алхаар цохиж, үүний улмаас амь хохирогч нас барсан гэх үйлдэл тогтоогдохгүй, хүнийг алах гэмт хэргийн шинжгүй байна. Шүүгдэгч П.А-ыг амь хохирогч Х-гийн амь насыг хохироосон, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж хөдөлбөргүй нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ хэрэгт хамаарал бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.А-ыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна. П.А- нь “намайг цохиж зодон мэдүүлэг авсан” гэж удаа дараа мэдүүлсэн учраас энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаад “эрүү, шүүлт тулгасан нь тогтоогдохгүй байна, гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон.

Өмгөөлөгч “хэрэг гарах үед П.А- нь Төв аймгийн Заамар суманд байсан” гэх гомдлыг гаргасан. П.А-ы эх болон эгч нь Төв аймагт байсан талаар мэдүүлдэг боловч гэрч Төмөрбаатар, Аззаяа нараас мэдүүлэг авахад “П.А-ыг тухайн үед Заамар суманд байсан” талаар тодорхой мэдүүлдэггүй. Харин 2018 оны 2 дугаар сард Төв аймагт очиж П.А-ы ээжтэй золгоход түүнийг байсан гэж мэдүүлдэг.

Мөн П.А-ы ажиллаж байсан гэх гутлын үйлдвэрийн ажилчдын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийхэд “А-ы нэр, гарын үсэг болон ирцийн” талаар тэмдэглэгдээгүй байсан талаарх тэмдэглэл хэрэгт авагдсан. Өмгөөлөгчийн зүгээс хэрэг гарсан цаг хугацааг нарийн тогтоогүй гэж удаа дараа гомдол гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар цогцос 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр олдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад амь хохирогч нь 2017 оны 12 дугаар сарын дунд үеэс хойш харагдаагүй гэж гэрч Баярмөнх, Энхдалай, Солонго нар мэдүүлдэг. Иймд цаг хугацааг өдрөөр нарийн тогтоох боломжгүй байсан учраас 2017 оны 12 дугаар сард гэж нас барсан цаг хугацааг тогтоосон. Мөн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр нь П.А-ыг ялласан гэж гомдолд дурдсан. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа болон П.А-аас сэжигтэн, яллагдагчаар удаа дараа мэдүүлэг авахдаа дандаа өмгөөлөгчтэй, бичлэг хийж авч байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.А-ыг 2017 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-615 тоотод амь хохирогч Д.Х-гийн толгойн тус газарт төмөр алхаар цохиж, алсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх П.А-д холбогдох хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн 2020/ЕШЗ/864 дугаартай захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Мөнхбаяр, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ё.Цогтзандан, Б.Халиун нарыг томилсон шийдвэрийг албажуулсан /4хх 225/ атлаа 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч П.Ариунболдыг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Хууль бус бүрэлдэхүүнээр шүүхийн шийдвэр гаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.А-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч П.А-, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарын гаргасан “...П.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, П.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/780 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.А-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл П.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН