Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0775

 

Г.Э-ын нэхэмжлэлтэй  

захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Э.М, гуравдагч этгээд Б.Д нарыг оролцуулан, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Э-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 105.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Э-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

  Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэт нэг талыг барьж асуудлыг нэг талаас харж шийдвэр гаргасанд гомдолтой байна. 2016 оны 05 дугаар сарын 24-ний Б/29 дүгээр захирамжийг албан ёсоор гардуулаагүй.  2015 оны байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн тайлан дээр үндэслэж 2 удаа арга хэмжээ авах нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасан нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл юм. Тухайн үед танилцуулсан бол Засаг даргын захирамжийн 1 хувийг заавал авч 1 сарын дотор гомдол гаргах эрхээ эдлэх байсан. Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнээгүй, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь заалтуудыг хэрэгжүүлээгүй хууль зөрчиж, хугацаандаа үнэлж дүгнээгүй, үнэлгээний дагуу зохих шийдвэр гаргаагүй. Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэлгүйгээр ажлаас халах арга хэмжээ авсан нь төрийн албаны тухай хууль, журмыг зөрчсөн үйлдэл юм. Төрийн албан хаагчийн Ёс зүйн дүрмийн 5.2.2, 5.4.4 дэх заалтыг зөрчсөн гэжээ. Холбогдох албан тушаалтануудад албан тоот өгч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль хэрэгжүүлэх тухай шаардсан нь төрийн албан хаагчийн удирдлагын хууль бус үйлдэлтэй эвлэршгүй байх төрийн албан хаагчийн ёс зүйтэй үйлдэл юм. Ёс зүй зөрчсөн үйлдэл гэж тогтоосон нь хууль бус, улс төрийн захиалгаар буруутгасан үйлдэл юм. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 20, 2017 оны 1 дүгээр сарын 13, 30-ны өдрүүдэд давхардсан тоогоор 9 удаа хийж, дарангуйлж дарамталсан үйлдэл гаргасан. Гэвч шүүхэд нотлох баримтанд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сонсох ажиллагааны материалыг өгөөгүй ба сонсох ажиллагаа хийгээгүй гэж худлаа албан тоот өгсөн. Гэрч н.Мөнгөнцэцэг шүүхэд өгсөн мэдүүлгээрээ сонсох ажиллагаа болсон гэдгийг нотолсон, Цагдаагийн газраас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны баримтыг гаргаж өгөх боломжгүй гэсэн. Мөн аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний Б/24 дүгээр захирамж гарч сонсох ажиллагаа хийх, Төлөөлөн удирдах зөвлөлийн хэлтсийн дарга Ж.Гантулга, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байдаг. Захирамжид сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хийж 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор танилцуулахыг даалгасан байдаг.  Захирамж гарсан өдрөөсөө өмнөх өдөр танилцуулахыг даалгасан, мөн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний ажлаас халах Б/17 дугаар захирамжийн дараа гаргасан зэрэг нь Захиргааны ерөнхий хууль зөрчсөн, хууль бус шийдвэрээ зөвтгөх гэсэн хууль бус үйлдэл юм. 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Аудитын газрын зөрчилгүй гэсэн санал дүгнэлт гарсан байдаг. Гэтэл Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд 3 дугаар улирлын байдлаар аудит хийж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр жагсаалтаа гаргаж, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Аудитын газраас сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлэх тухай албан тоот явуулсан бөгөөд энэ албан тоот үндэслэлгүй юм. Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч дотоод хяналтыг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Аймгийн Засаг даргын  эрхлэх асуудлын хүрээнд санхүү, шилэн дансны асуудлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба хариуцан ажилладаг ба байгууллагуудын нягтлан бодогч нарыг шууд харьяалан хяналт тавьж, санхүү, төсвийн үйл ажиллагааны чиглэл өгч ажилладаг. Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргыг шилэн дансны мэдээллийг оруулж байгаад тухай бүрт нь хяналт тавиагүй гэж ажлаас халах арга хэмжээ авах нь үндэслэлгүй юм. Шилэн дансны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтын дагуу байгууллагын дарга, нягтлан бодогч нарт сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлсэн. Үндэсний аудитын газрын харьяа Хэнтий аймгийн аудитын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4 дугаартай албан тоот нь хууль бус улс төрийн захиалгат үйл ажиллагаа юм. Тухайн асуудлыг гардан гүйцэтгэж байгаа байгууллагын нягтлан бодогч Шилэн дансны тухай хуулийг зөрчсөн байхад уг хуулиар арга хэмжээ авах эрх байхгүй юм. Төрийн үйлчилгээний ажилтан болох нягтлан бодогчтой Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ба шилэн дансны мэдээлэл цаг тухайд нь оруулж байх үүрэг хүлээсэн байдаг. 2016 оны үйл ажиллагаанд аудитын зөрчилгүй гэсэн санал дүгнэлт өгсөн нь нягтлан бодогч сайн ажилласныг баталгаажуулж байгаа юм”  гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна .

Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга  Г.Э-ыг “Байгууллагын санхүүгийн бүртгэл тайлангийн үйл ажиллагаанд тавих дотоодын хяналтыг хангалтгүй хэрэгжүүлж, санхүүгийн тайлангийн аудитаар “хязгаарлалттай” санал дүгнэлт авч аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар сануулах сахилгын шийтгэл, Төсвийн хөрөнгийг арвилан хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулсан зөрчил гаргасан нь  Аудитын газрын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн албан шаардлагаар тогтоогдож аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр захирамжаар сануулах сахилгын шийтгэл тус тус хүлээж, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.2, 5.4.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн болон аймгийн Аудитын газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийгдсэн нийцлийн аудитаар 7, 8, 9, 10 дугаар сарын төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн гүйцэтгэл, 5 саяас дээш орлого, зарлагын гүйлгээ, худалдан авалтын мэдээг тус тус хангалтгүй байршуулсан, хугацааг баримтлаагүй зөрчил гаргасан” гэх үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч Г.Э нь дээрх захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Маргаан бүхий Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6, Шилэн дансны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.11, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.3, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг тус тус баримталсан нь холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.  Тодруулбал,

Нэхэмжлэгч Г.Э-т “Байгууллагын санхүүгийн бүртгэл, тайлангийн үйл ажиллагаанд тавих дотоодын хяналтыг хангалтгүй хэрэгжүүлж, санхүүгийн тайлангийн аудитаар “хязгаарлалттай” санал дүгнэлт авсан” гэх үндэслэлээр Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар сануулах сахилгын шийтгэл, “Төсвийн хөрөнгийг арвилан хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулсан” гэх үндэслэлээр /үндэслэлгүй шийдвэр гаргаж ажилтанг ажлаас халсаны улмаас шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт нийт 2,8 сая төгрөгийг цалингийн зардлаас олгож орон нутгийн төсөвт хохирол учруулсан гэх зөрчил /Хэнтий аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн албан шаардлагаар нотлогдсон/ сануулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байх ба дээрх захирамжууд хүчин төгөлдөр болсон байх тул эдгээр захиргааны актуудад шүүх дүгнэлт өгөх боломжгүй.

Харин  Хэнтий аймгийн Аудитын газраас аймгийн хэмжээнд нийт 234 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд 2016 оны 3 дугаар улирлын байдлаар нийцлийн аудит хийн 2017 оны 7 дугаар сараас хойш хугацаанд мэдээллийг хангалтгүй байршуулсан зөрчилд арга хэмжээ тооцуулахаар 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр албан бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байх ба уг албан бичгийн хавсралтад заасан зөрчил нотлогдсон гэж үзнэ.

Нэхэмжлэгчээс дээрх албан бичигтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул “Үндэсний аудитын газрын харьяа Хэнтий аймгийн аудитын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4 дугаартай албан тоот нь хууль бус, улс төрийн захиалгат үйл ажиллагаа” гэх давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд дээрх зөрчил нь 2016 оны 3 дугаар улирлын байдлаар хийгдсэн аудитаар илэрсэн байх тул Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн зөрчилтэй хамааралгүй, нэхэмжлэгчээс гаргасан “2015 оны байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн тайлан дээр үндэслэж 2 удаа арга хэмжээ авах нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасан нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл” гэх гомдол үндэслэлгүй.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”,16.5.1 “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, 16.5.7 “байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах” гэж, Шилэн дансны тухай хуулийн 3.1-д “Доор дурдсан байгууллага, түүний эд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн үйлчлэлд хамаарна:”, 3.1.1 “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд” гэж тус тус зааснаар Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нь төсвийн шууд захирагч болохын хувьд тухайн байгууллагын бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж холбогдох хуульд заасныг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй тул  “тухайн асуудлыг гардан гүйцэтгэж байгаа байгууллагын нягтлан бодогч Шилэн дансны тухай хуулийг зөрчсөн байхад уг хуулиар даргад арга хэмжээ авах эрх байхгүй” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн “сонсох ажиллагааг олон удаа хийж дарамталсан, маргаан бүхий захирамж гарахаас өмнөх өдөр сонсох ажиллагааг хийсэн талаар танилцуулах үүрэг хүлээлгэж Б/24 дүгээр захирамжид тусгасан” гэх гомдлын тухайд эдгээр үндэслэл нь маргаан бүхий актын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх, түүнийг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй тул хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Хэдийгээр нэхэмжлэгч Г.Э-ын гаргасан зөрчлүүд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” зөрчилд хамаарч байх боловч хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан зөрчилд тооцон арга хэмжээ ногдуулсаныг хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Шилэн дансны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.1-д “…албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: 26.1.1. “сануулах”, 26.1.2. “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 26.1.3. “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасан сахилгын шийтгэлийн хэлбэрүүдээс сонгож хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй.

 Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилох, чөлөөлөх” гэж заасан бөгөөд хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа энэхүү хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Харин Г.Энхбаярыг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.2, 5.4.4 дэх заалтыг зөрчсөн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт ойлгомжгүй болжээ.

Учир нь Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 274 дүгээр албан бичгээр аймгийн ИТХуралд санал хүргүүлэхдээ “Жич: Хуульд нийцүүлэх арга хэмжээ авахгүй бол дараагийн шатны байгууллагад хандах болохыг үүгээр мэдэгдэж байна” гэснийг  төрийн албан хаагчийн захирах, захирагдах ёсыг зөрчсөн зөрчил гэж үзэхгүй, үүнийг зөрчилд тооцсон  аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүй хорооны дүгнэлт хуульд нийцэхгүй байх тул хариуцагч нь дээрх үндэслэлийг ажлаас халах үндэслэлд хамааруулсан нь буруу гэж үзнэ.

Гэвч ажлаас халсан бусад үндэслэл нотлогдсон, Г.Э-ын зөрчил давтан үйлдсэн байдлыг харгалзан төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

                                                                         ТОГТООХ нь:

          1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 105.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан” гэснийг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                            

 

                             ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ 

                             ШҮҮГЧ                                             Ц.САЙХАНТУЯА

                             ШҮҮГЧ                                              О.НОМУУЛИН