Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 381

 

С.А-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч улсын

Бүртгэлийн ерөнхий газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь                                

Шүүгчид:                      Х.Батсүрэн

                                       Б.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмч улсын бүртгэлийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай” А/906 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0307 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2018/0417 дугаар магадлал,

Нэхэмжлэгч С.А-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.1, 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А-ын Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/906 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2018/0417 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0307 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...18 дугаар зүйлийн...” гэсний өмнө “11 дүгээр зүйлийн 11.1” гэж нэмж бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

         Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч С.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх нь хөндөгдөж буй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох буюу сонсох ажиллагаа хийх үүрэгтэй. Хариуцагч нь надад Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 03/1498 дугаартай мэдэгдэл, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 001820 дугаартай дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргах гэж буй тухай надад мэдэгдэж, тайлбар аваагүй.

4. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлсон сонсох ажиллагаа нь захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө шийдвэр гаргах үндэслэл, нөхцөл байдлын талаар шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчид мэдэгдэж, түүнээс тайлбар, санал авч, тус саналыг шийдвэр гаргахад харгалзан үзэх буюу санал, тайлбар авсны үндсэн дээр шийдвэр гаргах явдал байдаг. Өөрөөр хэлбэл, дарааллын хувьд сонсох ажиллагааг хэрэгжүүлсний дараа шийдвэр гаргах ёстой. Гэтэл, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч нь сонсох ажиллагаа хийхээс өмнө шийдвэрээ тодорхойлчихсон, гагцхүү Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон сонсох ажиллагааг хийсэн мэт харагдуулах үүднээс надаас тайлбар авсан байна. Ийнхүү үзэх үндэслэл нь, надад энэ талаар мэдэгдэхдээ “...2017 оны 9 дүгээр сарын 04- ний өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс намайг дуудаж ...та үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ хураалга, хүчингүй болгоно...” гэж мэдэгдсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох эрхгүй этгээд надад мэдэгдсэн болно.

5. Зүй нь, Захиргааны ерөнхий хуулийн 27.3 дахь хэсэгт зааснаар тухайн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн, тодорхой зөрчлүүд гарсан талаар надад мэдэгдэж, түүнд тайлбар авсны дараа ямар шийдвэр гаргахаа шийдвэрлэх ёстой байсан. Нөгөө талаар хяналтын улсын байцаагч тайлбар авсан хэдий ч, уг гэрчилгээг хүчингүй болгох эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас ямар нэгэн сонсох ажиллагаа явуулж, тайлбар, санал аваагүй тул хуульд заасан журмаар сонсох ажиллагааг явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл мөн.

6. Нийслэл дэх анхан шатны шүүхээс хариуцагч байгууллага сонсох ажиллагааг журмын дагуу явагдсан гэжээ. Тэгвэл сонсох ажиллагааны журмыг хуульд ямар хэлбэрээр, яаж явуулах процессыг нарийвчлан зохицуулсан байсныг шүүх буруу тайлбарласанд гомдолтой байна.

7. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна...”, 4.2-т “...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно...” гэж тус тус заажээ.

8. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад, иргэн С.Спартакаас иргэн С.А-т Баян-Өлгий аймгийн 5 дугаар багт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хууль ёсны дагуу шилжилт хөдөлгөөн хийгдэж, улмаар иргэн С.А-ын нэр дээр бүртгэгдэж, гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажиж. харин өмнөх өмчлөгч буюу С.Спартакийн өмчлөх эрх дуусгавар болсон байхад С.А-д олгогдсон эрхийн улсын бүртгэлийн Ү-0213004600 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн 000513568 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

9. Мөн хуулийн 15 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх журмын талаар тодорхой зохицуулалт тусгагдсан байх ба 15.1-д “...Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ....”, 15.2-т “...Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдэгээ дарна....”, 15.4- т “...Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана...” гэж тус тус заасан.

10. Улсын бүртгэгч Б.О тайлбартаа: “...Би 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээг үндэслэн С.А-ын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн байна. Бэлэглэлийн гэрээнд барьцаалсан болон битүүмжилсэн тухай юм тусгаагүй, гэрчилгээ өмчлөгчийн гарт байсан, хувийн хэргийн тусгай тэмдэглэлд албан тоот гэж бичигдсэн болохоос, тусгай тэмдэглэл гэж бичээгүй байсан тул битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгө гэдгийг би огт мэдээгүй...” гэжээ. Улсын бүртгэгч анх бүртгэл хийх, шилжилт хөдөлгөөн хийх явцад С.Спартакийн хувийн хэрэгт ямар нэгэн тусгай тэмдэглэл байгаагүй, битүүмжилсэн эсэх талаарх нотлох баримт хувийн хэрэгт авагдаагүй болох нь улсын бүртгэгч Б.Одонгэрэлийн тайлбараар болон бусад бүртгэлтэй холбоотой баримтуудаар нотлогдож байна.

11. Нөгөөтэйгүүр, Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.Айнагүлийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолд “...үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулахыг хориглож лацадсан болно. Үзлэг явуулахад төлбөр төлөгч С.Спартак байсан. С.Спартак тухайн үед энэ бол минийх биш, аавын хөрөнгө гэж хэлсэн...” хэмээн тусгажээ. Гэвч энэхүү тогтоолыг өнөөдрийг хүртэл С.Спартак болон нэхэмжлэгч миний бие олж хараагүй, бидэнд танилцуулаагүйгээс гадна миний өмчлөлийн “Толганай” зоогийн газрыг бодит байдлаар битүүмжилж, лацадсан үйлдэл хийгээгүй болно.

12. Хуулийн 7.5-д “...Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно...” гэжээ.

13. Үүнээс үзэхэд, улсын бүртгэл буруу ташаа болсон зүйл байхгүй бөгөөд хэн нэгний тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч байсан С.Спартакаас эрх нь зөрчигдсөн тухай улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргаагүй байхад хэний, ямар өргөдлийг үндэслэн шалгасан нь ойлгомжгүй болжээ.

14. Хуулийн 7.7-д “...Энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно...” гэж зааснаас үзэхэд, 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд гэрчилгээг зөвхөн шүүх хүчингүй болгох байтал хөндлөнгөөс өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасанд гомдолтой байна.

15. Хэдийгээр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилсэн тогтоол гарсан гэх боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх явцад улсын бүртгэгч үүнийг заавал анхаарч үзэх ёстой байсан. Гэтэл бодит байдал дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн ямарваа тогтоол гараагүй байсан бөгөөд үүнийг ашиг сонирхлын үүднээс нөхөж үйлдсэн гэж ойлгоно.

16. Хэрэв битүүмжилсэн тогтоол гарсан нь үнэн эсэх нь тогтоогдсон ч гэлээ маргаан бүхий Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 120 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 өрөө “Толганай" зоогийн газар нь С.Спартакт огт хамааралгүй эд хөрөнгө болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Учир нь, тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газарт манай аав болох Сансызбай 1990 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд том хүү болох С.Спартакийн нэр дээр яагаад гэрчилгээ олгогдсон нь бас эргэлзээтэй, ер нь С.Спартакийн нэр дээр бүртгэгдсэн байгаа төдий боловч энэ нь үнэндээ миний ч хөрөнгө биш болохыг дурдмаар байна. Гагцхүү, миний бие С.А- нь Сансызбайн отгон хүү байх үүднээс надад өвлөгдөх нь зүйн хэрэг, иймдээ ч бусдын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх хууль бус үйл ажиллагаатай холбоотой болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ эзэмшигч, өмчлөгчийг тогтоолгох асуудлаар тус тус иргэний хэргийн шүүхэд жич хандах болно.

17. Тэрээр, маргаан бүхий Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, 120 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 өрөө “Толганай” зоогийн газрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг битүүмжилсэн тогтоол гараагүй байхад, тогтоол гарсан гэж үзвэл нөхөж үйлдсэн байх тул үүнийг үндэслэж, гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус юм.

18. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 001820 дугаартай дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй. Уг дүгнэлтэд тусгагдсан тайлбар болон холбогдох хүмүүсийн тухайн үед гаргаж өгсөн тайлбарууд нь хоорондоо зөрүүтэй байдлаар бичигдсэнээс гадна уг дүгнэлт ойлгомжгүй, нотлох баримтад тулгуурлаж бичигдээгүй гэж үзэж байна.

19. Нэмж хэлэхэд, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.1.10-д “...Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, хөдөлгөөн хийхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. “Толганай” зоогийн газрыг битүүмжилсэн шийдвэр болон Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн гэх албан бичиг нь өөрөө түдгэлзүүлсэн эрхийн акт болж чадах уу, бидний ойлгож байгаагаар бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баримтуудыг үндэслэн Улсын ерөнхий бүртгэгч тусгайлан эрхийн акт гаргах буюу тухайн үл хөдлөх хөрөнгөнд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн албан ёсны шийдвэр гаргах ёстой хэмээн үзэж байх тул ямар ч шийдвэргүйгээр уг хуулийн зүйл заалтыг удирдлага болгож байгаа нь хуульд нийцээгүй. Энэ талаарх давж заалдах шатны шүүх мөн буруу үндэслэл бүхий тайлбар хийж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

20. Мөн Улсын бүртгэгч н.Одонгэрэл гэрчээс өгсөн мэдүүлэгтээ: “...би эд хөрөнгийн цахим мэдээллийн сангаас шүүж үзэхэд, тухайн үед ямар ч тусгай тэмдэглэл гэсэн тэмдэглэгээ байгаагүй..., ...мөн нотариатын газрын бэлэглэлийн гэрээнд битүүмжлэгдээгүй гэсэн тэмдэглэгээ байсан..., мөн С.Спартакийн гэрчилгээ өөрт нь эх хувиараа байсан, мөн архивд байх хувийн хэргийн тусгай хуудаст тэмдэглэгээ хийхэд ямар ч тусгай тэмдэглэл гэх бичилт хийгдээгүй бүгд албан тоот гэсэн тэмдэглэгээ байсан...” гэх мэдүүлгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна.

21. Түүнчлэн, хариуцагч байгууллага эрхийн акт гаргахдаа зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан тоот, улсын хяналтын байцаагчийн дүгнэлтийг шууд үндэслэж шийдвэр гаргасан. Энэ үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “...захиргааны акт гаргахдаа урьдчилсан нөхцөл шаардлагыг шалгах, эрх зүйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах, эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэх зэрэг бүхий л үйлдлийг шалгах ёстой...” гэснийг зөрчсөн. Гэтэл улсын байцаагчийн дүгнэлт хуульд нийцсэн эсэхийг огт шалгаж үзэлгүйгээр үзэмжээрээ шийдвэр гаргасныг шүүх онцгойлон анхаарч үзэх ёстой боловч Захиргааны ерөнхий хуулийн зохих зүйл заалтыг огт хэрэглэхгүй байгаа нь шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

22. Иймд, анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, хууль ёсны бөгөөд холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэж чадаагүй, бодит байдалд тулгуурлан дүгнэлт хийгээгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0307 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2018/0417 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

23. Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

24. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын /тухайн үеийн нэрээр/ даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/906 дугаар тушаалаар С.А-т олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000513568 дугаар гэрчилгээг хүчингүй болгосон, нэхэмжлэгч С.А- нь уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...сонсох ажиллагааг хуульд заасан ёсоор хийгээгүй, ...хууль ёсны бүртгэлийг хүчингүй болгосон, хууль бус” гэж маргажээ.

25. Баян-өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Онь иргэн С.Спартак, С.А- нарын байгуулсан “үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ”-г үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213004600 дугаарт бүртгэгдсэн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрших 120 м.кв талбайтай “Толганай” зоогийн газрын барилгын өмчлөгчөөр 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр С.А-ыг бүртгэж, түүнд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0000513568 дугаар гэрчилгээ олгосон, уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар гаргасан Баян-өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гомдлын дагуу хяналтын улсын байцаагч хяналт, шалгалт явуулж, улсын бүртгэлд тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан “тэмдэглэл” байхад бүртгэлд өөрчлөлт оруулсан нь хууль бус гэж үзэн бүртгэл, үүний үндсэн дээр олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр хүчингүй болгох талаар улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 001820 дугаар дүгнэлт гаргасан, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

26. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “хяналтын улсын ахлах байцаагч болон хяналтын улсын байцаагч нь Засгийн газрын баталсан Улсын бүртгэлийн хяналтын дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, Монгол улсын Засгийн газрын 2010 оны 47 дугаар тогтоолоор баталсан “Улсын бүртгэлийн хяналтын дүрэм”-ийн 1.2-т “Улсын бүртгэлийн хяналтыг ...орон нутгийн бүртгэлийн байгууллага дахь улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлэх”-ээр заасан ба хяналтын улсын байцаагч А.Еркегул нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа холбогдох улсын бүртгэлийн хувийн хэрэг, түүнд хавсаргасан баримт бичиг, хувийн хэргийн бичилт зэргийг үзэж, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй С.Спартак, С.А- болон улсын бүртгэгч Б.Онарын тайлбарыг авч, тухайн үл хөдлөх хөрөнгийг Баян-өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны “эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор иргэн С.Спартакийн төлөх төлбөрт “битүүмжилсэн”, уг тогтоолыг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 601 дугаартай албан бичгээр ирүүлснийг хувийн хэрэгт нь хавсаргасан байсныг болон хувийн хэргийн “тусгай болон урьдчилсан тэмдэглэл” гэх хэсэгт “албан бичиг”-ийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

27. Үүнээс үзэхэд, эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийгдсэн уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн үйл ажиллагаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай..., хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”-ийг хориглосныг зөрчсөн, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/906 дугаар тушаалаар С.А-т олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000513568 дугаар гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна.

28. Түүнчлэн, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар тогтооно” гэж заасан, 5.5 буюу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн харилцааг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар тогтоосон.

Уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж, 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх...” гэж зааснаас үзвэл, тухайн тохиолдолд Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь гомдол гаргах эрхтэй.

29. Тухайн маргааны хувьд улсын бүртгэгч нь өмчлөх эрх шилжсэнийг бүртгэхдээ улсын бүртгэлд өмчлөх эрхийг хязгаарласан “тэмдэглэл”-тэй гэдгийг мэдээгүй гэх шалтгаанаар хуулийн дээрх шаардлагыг биелүүлээгүй ба хуулийн дээрх заалтын “эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд” гэдэгт зөвхөн өмчлөгчийг хэлээгүй, иймд, эрх нь зөрчигдөх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын гомдлын дагуу холбогдох шалгалтыг явуулсны үндсэн дээр “буруу” бүртгэлийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...С.Спартакаас гомдол гаргаагүй, хэний ямар өргөдлийг үндэслэн шалгасан нь ойлгомжгүй, ...эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

30. Мөн, гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын бүртгэгч Б.Одонгэрэлийн гаргасан “...хувийн хэргийн тусгай тэмдэглэлд албан тоот гэж бичигдсэн байсан, үүнийг тусгай тэмдэглэл гэж мэдээгүй” гэх тайлбар нь хувийн хэргийн хавсралтын “тусгай болон урьдчилсан тэмдэглэл” гэсэн хэсэгт “албан тоотыг нэмж оруулав” гэсэн улсын бүртгэгчийн бичилт, уг бүртгэлийг хийж баталгаажуулсан түүний гарын үсэг, дарсан хувийн тэмдгийг үгүйсгэхгүй ба тусгай “тэмдэглэл”-ийг ямар байдлаар хийх нь маргааны үйл баримтад хамааралгүй тул нэхэмжлэгч С.А-ын “...ямар нэгэн тусгай тэмдэглэл байгаагүй, үүнийг Б.Одонгэрэлийн тайлбараар тогтоосон” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй.

31. Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримт үнэлэх талаар хуульд заасан журмыг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан зөв тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2018/0417 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.А-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ