Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгч О.Х, Н.М, Т.О, Б.Г, Г.Э нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт О. Х, З овогт Н. М, Б овогт Т. О, Б овогт Б. Г, У овогт Г. Э нарт холбогдох эрүүгийн 1706024430092 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, “Нимон” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 5, ээж, 3 дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Цэргийн хотхон 1-212 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт О. Х, /РД: РГ96070915/,

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Нимон” ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Намянжүгийн гудамж, 49-39 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, З овогт Н. М, /РД: ЖЯ90012473/,

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засвар, цахилгаанчин мэргэжилтэй, “Нимон” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Овоот 7 дугаар гудамж 216 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Т. О, /РД: УП94022610/,

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Нимон” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Мандалын 2-42 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б. Г, /РД: УТ93091619/,

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Нимон” ХХК-д мужаан ажилтай,ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүүгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг,11 дгээр хороо Мандал 9 гудамж 177 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, У овогт Г. Э., /РД: УП94022151/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Х овогт О.Х, З овогт Н. М, Б овогт Т. О, Б овогт Б.Г, У овогт Г. Э нар нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт Хаан банкны Олон овоо тооцооны төвийн ахлах теллер М.Г нь хохирогч Л.Х интернет банк эзэмшигчийн овгийг андуурч нууц кодыг өгсөний улмаас түүний 3.150.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хоолонд орж байхад мэдсэн... Хамгийн анх О-ын дансруу 50 000 төгрөг шилжүүлсэн... 600 000 төгрөгөөр бүгд хувааж авсан” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Буцааж өгнө гэж бодож байсан. Мөнгөний шаардлага гарсан болохоор нь хэрэглэсэн... Би 8 хувийн орон сууцны зээлтэй байдаг. Энэхүү мөнгийг банкнаас зээлэнд татаж авсан байсан... Хаан банкны системийн алдаа байх гэж бодож байсан. Зээл авсан байсан гэхдээ дараа нь асуудал гарвал эргүүлээд төлнө шүү гэж ярьцгааж байсан” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.О  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хоолонд орж байхад мэдсэн. Миний данс руу 50 000 төгрөг шилжүүлж үзсэн ... Банкны алдаа байх гэж бодсон ба 600 000 төгрөгийг өөрийн дансруу шилжүүлж авсан.Хаан банкны буруугаас болсон байх сугалаанд хожсон юм шиг л бодсон” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Бид хэд хоолонд орж байсан. Тэгэхэд интернэт банкны кодыг авсан чинь 3 өөр төрлийн мөнгөтэй данс гараад ирлээ гэсэн” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Х-ын интернет банкны код солигдоод орж ирсэн мөнгө... Мөнгөний шаардлага гарахаар нь авч хэрэглэсэн бөгөөд 600 000 төгрөгийг авч ар гэр рүүгээ явуулсан”  гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Л.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Нийт миний 3 данснаас 3.150.000 төгрөг урьд өмнө танихгүй хүмүүс рүү шилжүүлсэн байсан. Би тэр хүмүүсийг танихгүй, сонсож байгаагүй... одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 188-189 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг Хаан банкны Дорноговь салбарын Олон овоо тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байхад он, сар, өдрийг нь санахгүй байна, харилцагч орж ирээд интернет банкныхаа нууц үгийг сэргээх хүсэлт тавьсаны дагуу би тэр интернет банкны үйлчилгээг авах гэж байсан иргэний цахим үнэмлэхийг шалган харахад Х гэж байхаар нь Хаан банкны цахим банкны программ буюу Виртуалын нэвтрэх нэр дээр нь Хадбаатар гээд латинаар хайсан чинь Х гэдэг нэртэй нэг харилцагч гараад ирсэн. Тэгээд би интернет банкны үйлчилгээ авсан Х гэдэг хүнд нууц үгийг нь сэргээж өгөөд явуулсан. Тухайн үед би интернет банкны нууц үгээ сэргээлгэсэн Х гэдэг хүний овгийг цахим банкны программ буюу Виртуал дээр байсан Х гэдэг хүний овогтой тулгаж хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч О.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цайны цагийн үеэр байсан шиг санагдаж байна. М, Э 2-ын хамт Хаан банкны Олон овоо тооцооны төв дээр ирээд би өөрийнхөө эзэмшлийн самсунг S6 маркийн гар утсан дээр интернет банк суулгасан юм. Тухайн үед нэг эмэгтэй теллер байсан ба зүс харж байсан болохоос танихгүй эмэгтэй байсан. Тэгээд интернет банкаа суулгачихаад ажилдаа гарсан ба ажил орой 19 цагт тарсан. Тэгээд байрандаа ирээд интернет банкруугаа орж үзэх гэсэн чинь нөгөө кодоор орохгүй байсан. 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөн л цайны цагийн үеэр М-ын хамт Хаан банкны Олон овоо тооцооны төв дээр ирсэн ба М тухайн үед гадаа үлдээд би ганцаараа орж очсон. Тэгээд өмнө интернет банк суулгуулсан теллер эмэгтэйтэй уулзаад би интернет банкруугаа орох гэсэн болохгүй байна, алдаа заагаад байна гэж хэлсэн чинь нөгөө теллер эмэгтэй дахиад шинээр код хийж өгсөн. Тэгээд тэндээ шалгаж үзэлгүй ажил    руугаа яваад орой 19 цагт тарж байрандаа ирсэн. Тэгээд интернет банкаа шинэ кодоороо шалгаж үзээд ороход 4 данс гарч ирж байсан ба одоо уг дансны дугааруудыг нь санахгүй байна. Тэгсэн нэг дансанд нь 3.150.000 төгрөг байсан. Тэгээд би гайхаад Э, М, Г, О нарт учир байдлаа хэлээд уг дансанд байгаа мөнгөн дүнг харуулсан. Тэгээд бид нар хоорондоо ярилцаж байгаад гүйлгээ хийж үзье болох нь уу гээд эхлээд О-ын хааны дансруу /дансны дугаарыг нь мэдэхгүй байна/ 50.000 төгрөг хийж үзэхэд гүйлгээ хийж болж байсан ба О-ын гар утсанд гүйлгээ орсон талаар мэдээлэл ирсэн. Тэгээд болох юм байна гээд Э-ын хааны дансруу 600.000 төгрөг, Г-ийн хааны дансруу 100.000 төгрөг, М-ын худалдаа хөгжлийн банкны дансруу нь 2.400.000 төгрөгний гүйлгээг хийсэн. Тэгээд бид 5-лаа танил Э ахын приус-20 маркийн, саарал өнгийн 54-47 /улсын дугаарыг нь санахгүй байна/ автомашиныг нь гуйгаад бид 5-лаа 20 цагийн орчимд Говьсүмбэр аймаг руу явцгаасан. Тэгээд Говьсүмбэр аймагт очоод Дугуй нэртэй буудлын ойролцоо байсан, төрийн банкны АТМ-аас Э өөрийнхөө данснаас нөгөө шилжүүлсэн 600.000 төгрөгийг гаргаж авсан. Тэгээд бид нар бөөндөө Дугуй гэх нэртэй ресторанд орж хоолонд орцгоосон ба 50.000 төгрөг болсон. Харин үлдсэн 550.000 төгрөг Э-т өөрт нь байсан. Тэгээд бид нар эргээд Олон овоо явцгаасан. Тэгтэл 3 хоногийн дараа уг мөнгөний талаар юм яригдахгүй болохоор нь бид нар М-ын дансанд байсан 2.400.000 төгрөгийг бэлнээр аваад уг мөнгөө О 550.000 төгрөг, М 600.000 төгрөг, Г-т 500.000 төгрөг, би өөртөө 600.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 119-120 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч  Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 29-ний орой 19 цагийн орчимд оройн хоол идэх гээд би О бид 2 хоолны заалруу орж очих үед М, Э, Х 3 түрүүлж ирээд суучихсан байсан. Тэгээд бид 2 тэр 3-ын сууж байсан ширээн дээр хүрч очоод суусан. Тэгсэн Х би интернет банк руу орсон чинь 4 данс гарч ирсэн гэж хэлээд дахин өөрийнхөө утсаар интернет банк руугаа кодоо хийж ороод бид нарт харуулсан. Тэгсэн 4 өөр төрлийн дансны дугаар байсан ба нэг дансанд нь 3.150.000 төгрөг байсан. Тухайн үед буюу хэд хоног Хаан банкны сүлжээ гацаад пос машин уншихгүй, интернет банк ажиллахгүй байсан ба тэр үед сүлжээ доголдоод байгаа юм байх гэж бодсон. Тэгээд бид 5 юу ч гэсэн гүйлгээ хийж үзье гээд эхлээд О-ын хаан банкны дансруу 50.000 төгрөг хийж үзэхэд утсанд нь мэдээлэл ирэхгүй байсан. Тэгэхээр нь Э-ын дансруу 20.000 төгрөг хийж үзэхэд гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн ба Э-ын гар утсанд мэдээлэл ирж байсан. Тэгээд миний хаан банкны 500......038 дугаарын дансруу 100.000 төгрөг, Э-ын дансруу дахиад 480.000 төгрөг, тэгээд орж болж байна, бүр их хэмжээгээр мөнгө шилжүүлж үзье гээд М-ын дансруу 1.000.000 төгрөг хийсэн чинь болж байсан. Тэгээд бид нар хоолоо идээд байж байтал Э ах орж ирэх үед нь бид нар та дансаа өгчих гэж хэлээд дансанд нь түр 100.000 төгрөг хийсэн. Тэгээд бид 5 хоолоо идчихээд дэлгүүр орж тамхи болон ойр зуурын амттан авч үзье гээд Э-ын картнаас 20,000 төгрөг уншуулсан чинь болж байсан. Тэгээд бид 5 байрандаа оччихоод Говьсүмбэр аймгийн АТМ-нээс бэлэн мөнгө уншуулж үзье гэж хоорондоо ярилцаад Э ахын приус-20 маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна машиныг нь гуйж Говьсүмбэр аймаг руу явсан ба замдаа М-ын дансруу дахиад 1.400.000 төгрөг хийсэн. Тэгээд Говьсүмбэр аймагт очоод Төрийн банкны АТМ-ээс Э-ын данснаас 480.000 төгрөг, О-ын данснаас 50.000 төгрөг, миний данснаас 100.000 төгрөг тус тус авсан. Тэгээд бид нар Дугуй нэртэй хоолны газарт орж 50.000 төгрөгөнд хоол авч идэцгээчихээд эргээд явцгаасан. Тэгээд хэд хоногийн дараа гэдгийг сайн хэлж мэдэхгүй нөгөө мөнгөө үрэхгүй байж байгаад хүн залгаж ярихгүй, мөн данснаас нь татаж авахгүй болохоор нь бид нар нөгөө мөнгөнүүдээ нэг хүний 600.000 төгрөгөөр хувааж авцгаасан. Тэгээд 10 хоногийн дараа Улаанбаатар хотоос танихгүй цагдаа нар ирээд хүний дансан дахь мөнгө авсан гээд шалгаж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 121-122 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд бид нар уг мөнгийг хэд хоног хадгалж харахаар болсон. Тэгсэн тэр мөнгөний талаар ямар ч сураг чимээ гарахгүй байхаар нь бид тавуулаа нэг хүний 600.000 төгрөгөөр тооцож хувааж авсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 124 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар уг мөнгөө хүний 600.000 төгрөгөөр хувааж авцгаасан. Тэгээд авсан мөнгөө өөр өөрсдийн хэрэгцээт зүйлд зарцуулсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 125-126 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед бид тавуулаа нэг хүний 600.000 төгрөгөөр тооцож хувааж авсан. Харин 100.000 төгрөгийг Э ахад өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 127-128 дугаар хуудас/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138-142 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

                         

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

                                                               

 Шүүгдэгч Х овогт О. Х, З овогт Н. М, Б овогт Т. О, Б овогт Б.Г, У овогт Г.Э нар нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт Хаан банкны Олон овоо тооцооны төвийн ахлах теллер М.Г нь хохирогч Л.Х-ын интернет банкны Л Х-ын овгийг андуурч нууц кодыг өгсөний улмаас түүний 3.150.000 төгрөгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Х овогт О. Х, З овогт Н. М, Б овогт Т. О, Б овогт Б.Г, У овогт Г.Э нарыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, данс эзэмшигчийн овог андуурч  өгсөн нууц кодны улмаас бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг  мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Х овогт О. Х, З овогт Н. М, Б овогт Т. О, Б овогт Б.Г, У овогт Г.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт О.Х, З овогт Н. М, Б овогт Т. О, Б овогт Б. Г, У овогт Г. Э нарыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, данс эзэмшигчийн овог андуурч өгсөн нууц кодны улмаас бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х, Н.М, Т.О, Б.Г, Г. нарыг тус,тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х, Н., Т.О ,Б.Г, Г.Э нар нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож улсын орлого болгосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х, Н.М, Т.О, Б.Г, Г. нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 / арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Х, Н.М, Т.О, Б.Г, Г.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  О.Х, Н.М, Т.О, Б.Г, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА