Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/1500

 

188/2020/0988/Э

 

 

 

     2020           12            17                                       2020/ДШМ/1500    

 

Ч.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Ч.А-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.А- даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/1092 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.А-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.А-т холбогдох эрүүгийн 2003003660284 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Чулуунбаатарын А-,

 

Ч.А- согтуугаар, 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 45 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны урд талын замдToyota corolla загварын **** УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох”, мөн дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 16.3-т “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Д-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

мөн дүрмийн 3.5.а-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын -зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх. ...” гэж заасныг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Ч.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А-ийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Ч.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг 1 хоногоор тооцон, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 7 /долоо/ сар 10 /арав/ хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Ч.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Ч.А- нь 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хохирогч Н.Д-д төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилж буй түрээсийн төлбөр 1.960.000 /нэг сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлууд, дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.А-, иргэний хариуцагч Б.Говийнлханаасүрэн нараас нэхэмжлэх эрхтэй болохыг, дурдаж, Ч.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.А-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх хэлэлцүүлэгт  өмгөөлөгч болон шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээрээ маргаагүй бөгөөд учруулсан хохирлыг нөхөн төлж ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон.

Ч.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдан Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэгтгэж шийдвэрлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байсан. Шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, тусгаарлаж шийдвэрлэж болно гэсэн дүгнэлтийг хийсэн. Цаашдаа хэргийг тусгаарлаж шийдвэрлэх нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахын дээр шүүхээс ялыг нэмж нэгтгэхэд ойлгомжгүй байдал бий болгох тул хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ч.А-ийн холбогдсон гэх хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр бүлэгт заасан гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд энэ талаар тусгайлан зохицуулсан байгаа. Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэж болно. Тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг зөвхөн Тээврийн цагдаагийн алба, дагнасан прокурорын газар мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Улсын яллагчийн зүгээс 1 жилийн хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Шүүх тухай зүйлд ангиудад заасан хамгийн бага хэмжээгээр ял оногдуулж нэмж нэгтгэсэн. Өөр гэмт хэрэгт яллагдаж байгаа талаар шүүгдэгч өөрөө мэдэж байсан, мөрдөн шалгах ажиллагааны үед өмгөөлөгчтэй байсан атлаа нэг ч удаа энэ талаар хэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.. ..” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ч.А- нь согтуугаар, 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг 45 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны урд талын замдToyota corolla загварын **** УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох”, мөн дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 16.3-т “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Д-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

мөн дүрмийн 3.5.а-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын -зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх. ...” гэж заасныг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.Д-ын “...ногоон гэрэл асах үед замын зорчих хэсэг рүү цагаан шугамаар ороход машин харагдаагүй боловч хоёр алхаад хартал миний зүүн талаас машин тулаад ирсэн. Тэгээд буцвал дайруулна гээд урагшаа гүйсэн, тэгтэл хажуу тал руу орж ирээд ташаа, зүүн хөл хэсэг рүү мөргөсөн. Би мөргүүлээд өнхөрч унаад өндийхөд тэр машин зугтаагаад бүр хол явчихсан байсан. ...” /хх 19-20/,

гэрч Ө.Бахытбекийн “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар байрны урд талын замын явган хүний гарцны урд талаас ирээд гэрэл дохио хүлээж зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь 2-3 секундийн дараа замын зорчих хэсэг рүү орсон. Зорчих хэсэг рүү ороод 2 дугаар эгнээнд орох үед зүүнээс баруун чиглэлд явж байсан **** УБС улсын дугаартай машин миний урд талд явж байсан эмэгтэй хүнийг зорчих хэсгийн 1 дүгээр эгнээ рүү ортол миний сонссоноор нэг тормоз гишгээд мөргөчихсөн. Тэгээд тэр жолооч нь тухайн газар зогсолгүй хөдлөөд явчихсан. ...” /хх 35/,

Ч.А-ийн яллагдагчаар өгсөн “...явган хүний гарц руу ойртоод хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байхад гэрлэн дохио солигдоод ногоон гэрэл ассан. Хүмүүс урд талаас хойд зүг рүү гараад ирсэн. Тэгэхэд явган зорчигч нарыг хойд талаар нь тойроод гарчихлаа гэж бодсон. Тэгээд цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлээд нэгдүгээр хороолол руу эргээд явж байтал замын хаалт тавьсан байсан дээр зогссон. Тэгсэн араас нэг машинтай 3 залуу ирээд та хүн мөргөчихлөө гэж хэлсэн...эргээд очиход хохирогч түргэний машинд суучихсан, замын цагдаагийнхан ирчихсэн хэмжилт хийж байсан...” /хх 63/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Н.Д-ын биед зүүн шагайн гадна, дотор хавчаар ясны далд хугарал, шагайн үеийн мултрал, зүүн гарын сарвууны эрхий хуруу, зүүн ташаа, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 7304 дугаартай дүгнэлт /хх 39-40/,

“...“Toyota Corolla Ceres загварын **** УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй, ABS шингэн дамжуулагч системтэй, урд тоормозны ажиллагаа стандартын шаардлага хангахгүй болохыг тогтоосон. ...” Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 35473 дугаартай дүгнэлт /хх 46-48/,

“...“Toyota Corolla Ceres загварын **** УБС улсын дугаартай автомашины жолооч Ч.А- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7,  3.4, 16.3, 3.5, 9.5-д заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон. ...” 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаартай Мөрдөгчийн магадлагаа /хх 52-53/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-9, 13-14/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /2.19%/ /хх 11/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.А-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, автотээврийн хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Ч.А-ийн согтуугаар автомашин жолоодон Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалтыг зөрчсөний улмаас хохирогч Н.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Ч.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хорих ял,  27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг 1 хоногоор тооцон, нийт эдлэх хорих ялын хугацааг 7 сар 10 хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Ч.А-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нь “...Ч.А-т холбогдох хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Ч.А-ийн үйлдсэн болон холбогдсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр, өөр бүлэгт заасан тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй, тус тусад нь ял шийтгэл оногдуулахаар байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэсэн ч тус тусад нь ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял нэмж нэгтгэх асуудал хөндөгдөхөөр байх тул “хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх” талаар гаргасан шүүгдэгч Ч.А-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.А-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/1092 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.А-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН