Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 119/ШШ2024/0020

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “М” ХХК

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  

Хамтран хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301224 дугаартай “Ган туйван I” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Пүрэв-Отгон, Ч.Отгонбаатар нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СЭ-112-12/328 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” СЭ-112-12/7966 дугаартай шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах”, “ЭҮТӨҮГ/202301224 дугаартай “Ган туйван I” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” -ыг хүссэн тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн Д.Пүрэв-Отгон, Ч.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч М” ХХК нь:

1.1. 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зарлан 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нээгдсэн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/202301224 тендер шалгаруулалтын дугаартай ЭҮТӨҮГ/202301224/02/01 урилгын дугаартай “Ган туйван I” нийлүүлэх нээлттэй тендерт оролцон шалгарсан тухай СЭ-112-12/7966 дугаар бүхий мэдэгдэл хүлээн авсан.

1.2.Тус нээлттэй сонгон шалгаруулалтад оролцсон байгууллагууд болох “А” ХХК болон “Т” ХХК-иас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гарсан ба Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 03/9098 дугаартай албан бичгээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар түдгэлзүүлсэн тухай мэдэгдлийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ДҮ-112- 12/7959 дугаартай албан бичгээр манай компани хүлээн авсан.

1.3.Оролцогчдын гаргасан гомдлыг Сангийн яам хэрхэн шийдвэрлэсэн талаар бидэнд огт мэдэгдээгүй байж байгаад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01  сарын 22-ны СЭ-112-12/328 дугаартай албан бичгээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг үндэслэн танай тендер шалгараагүй гэж үнэлгээний хороо дүгнэсэн” гэж мэдэгдсэн.

1.4.Захиалагчаас “бараануудын зураг хоорондоо ижил, Техникийн тодорхойлолтын санал болгосон 46 дахь бараанд GB/T34201-2017 стандарт бүхий “Ган дөрвөлжин төмөр” санал болгосон боловч барааны чанарын гэрчилгээний мэдээлэл ирүүлээгүй” гэж үндэслэлээр тендерт шалгаруулаагүй нь үндэслэлгүй,

 

Хоёр. Хариуцагч талаас “...Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын даргаас  2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “...ирүүлсэн тендер нь шааардлага хангаагүй” талаар тендерт оролцогч нарт мэдэгдсэн. Захиалагчийн гаргасан дээрх шийдвэрт тендерт оролцогч нараас гомдол гаргасаныг Сангийн яамнаас хянасан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 12 сарын 07-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” СЭ-112-12/7466 дугаартай албан бичгээр “М” ХХК-тай гэрээ байгуулахаар мэдэгдсэн шийдвэрийг Монгол улсын Сангийн яамны 2023 оны 12 дугар сарын 26-ны өдрийн 03/9431, 03/9432, 03/9433 дугаар шийдвэрүүдээр хүчингүй болгосон. Энэ шийдвэрт “М” ХХК-аас гомдол гаргаагүй. Тус Сангийн яамны шийдвэрүүдийн дагуу тендерийн Үнэлгээний хороо дахин хуралдаж зохих шийдвэрүдийг гаргасан. Сангийн яамны дээрх шийдвэрүүд нь хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус маргасан.

 

Гурав: Нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр СЭ-112-12/328 дугаартай мэдэгдлийг эс зөвшөөрч 2024 оны 01 сарын 23-ны өдөр Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 03/485 дугаартай албан бичгээр “захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргаж ирүүлээгүй” гэх үндэслэлээр гомдлыг буцаасан байна.

 

Дөрөв: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

4.1. ЭҮТӨҮГ/202301224 дугаартай тендерийн баримт бичигт нийлүүлэх барааны зургийг шаардаагүй. Бид тухайн нийлүүлэх барааны техникийн тодорхойлолтыг бараа нэг бүр дээр нарийвчлан явуулахдаа зургийг хавсаргаж явуулсан. Ер нь ган туйван нь гаднах харагдах байдлаар ялгарахгүй бөгөөд гагцхүү агууламж болон хэмжээгээр өөр байна. Ийм учраас ирүүлсэн зураг “ижил” гэх үндэслэлээр манай тендерийг шалгаруулаагүй нь үндэслэлгүй.

 

4.2. Тендерийн баримт бичигт барааны чанарын гэрчилгээний мэдээлэл шаардаагүй. Бид харин өөрсдийн санаачлагаар уг гэрчилгээг хавсаргаж явуулсан атал ийм гэрчилгээ ирүүлээгүй гэх бодит байдалд илт нийцээгүй үндэслэл зааж, тендерийн баримт бичигт шаардаагүй баримтыг ирүүлээгүй гэж дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг зөрчсөн.

4.3.Сангийн яам манай гаргасан эхний гомдлыг “захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргаагүй” шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан. Татгалзсан шийдвэрээ манай компанийн хаягийг буруу бичиж шуудангаар илгээснээс болж бид уг албан бичгийг 2024 оны 01 сарын 30-ны өдөр хүлээн авч мөн өдөр дахин гомдол гаргасан. Сангийн яам 2024 оны 02 сарын 01-ний 03/602 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг баримтлан гомдлыг хүлээн авахаас татгалзсан” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай М" ХХК "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас зарласан "Ган туйван I” нийлүүлэх сонгон шалгаруулах ажиллагаанд оролцож, улмаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шалгараад гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл гардаж авсан байгаа. Тэрнээс хойш 3 компанийн гомдол Сангийн яаманд ирсэн гэдэг үндэслэлээр Үнэлгээний хороо хэд хэдэн удаа хуралдаж хамгийн сүүлд тус тендерийг бүхэлд нь цуцалсан асуудал гарсан. Бид нар тэрнийхээ дагуу нэхэмжлэлийн шаардлага дээрээ “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ -ын 2024 оны 01 сарын 22-ны СЭ-112-12/328 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын СЭ-112-12/7466 дугаартай шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах” гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага дээр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Үнэлгээний хороо болон Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах. "М" ХХК нь “Эрдэнэт үйлдвэрт холбогдуулан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СЭ-112-12/328 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын СЭ-112-12/7466 дугаартай шийдвэрийг хэвээр үйлдэж гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж “Ган туйван I” нийлүүлэх тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан уг Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний 11 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн байгаа. Ган туйван нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороо 2 удаа хуралдаж манай компанийн ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзсэн. Гэтэл бусад оролцогчоос Сангийн яаманд гомдол гаргасан тул Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр дахин хуралдаж шаардлагад нийцсэн нэг ч тендер байхгүй тул бүх тендерээс татгалзаж байна гэж шийдвэрлэсэн. Татгалзах үндэслэлээ "Ган туйван I" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд хийсэн мониторингийн дүгнэлтийг баримталсан байгаа юм. Мониторингийн дүгнэлтэд юу гэсэн бэ гэхээр Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 тушаалын хавсралтаар батлагдсан журмыг Үнэлгээний хороо хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж үзсэн. Гэтэл тус А/253 дугаар тушаалаар батлагдсан журам нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтыг эш татсан хэм хэмжээ. Харин энэ нь хууль хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 онд батлагдсан хуулиар зохион байгуулж дуусгахаар дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан. Ингэснээр мониторингийн дүгнэлт нь энэ харилцаанд үйлчлэхгүй. Сангийн яамны шийдвэрийн хувьд манай компанийн санал болгосон барааны чанарын гэрчилгээний мэдээлэл ирүүлээгүй бараануудын зураг ижил байгаа нь ТШЗ 19.4-д заасан шаардлагыг хангаагүй гэдэг. Гэтэл ТШЗ 19.4-д “тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, өгөгдлийн хэлбэрээр, тендерийн баримт бичгийг техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ” гэж заасан байдаг. Энд тавьсан шаардлага дотор чанарын гэрчилгээний мэдээлэл ирүүлэх тухай ямар нэг үг, үсэг байхгүй байсан. Харин зураг ижил гэх үндэслэлийн тухайд ямар зураг байх, хэрхэн харьцуулахтай холбоотой ажлын зургийг шаардаагүй, шаардлага тавигдаагүй. Худалдан авах гэж буй Ган туйван гэдэг нь гаднаасаа харахад нэг л янзын тийм цул бөөрөнхий төмөр байгаа. Зураг бол нэг л янзын байх нь хэнд ч ойлгомжтой зүйл. Гаднаас нь хараад ялгах боломжгүй. Бүгд л адилхан цул хар бөөрөнхий төмөр.

Зураг дээр бөөрөнхий цул хар төмөр л байгаа. Тэрийг зурагнаас хараад ялгаж тодорхойлох ямар ч боломжгүй. Тэгэхээр бид нар өгөгдлийн хүснэгтэд нэг бүрчлэн тодорхой бичиж тендерийн баримт бичигт хавсарган хүргүүлсэн байгаа. Сангийн яам оролцогчдын гомдлыг шийдвэрлэхдээ дээрх байдлаар илэрхий алдаатай шийдвэр гаргасан байхад түүнийг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйл 98.2-т зааснаар заавал биелүүлэх шаардлагагүй гэж бид нар үзэж байгаа.

Гэтэл үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд Сангийн яамны шийдвэрийг биелүүлэх ёстой учраас өмнөх шийдвэрээ үгүйсгэе гэдэг томъёоллоор санал хурааж илтэнд үндэслэлгүй шийдвэр гаргасантай бид нар санал нийлэхгүй байгаа. Иймд Эрдэнэт үйлдвэрийн ЭҮТӨҮГ/202301224 дугаартай “Гантуйван I” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү хэмээн  нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, бусад шаардлага хэвээр байгаа. Нэг ёсондоо тендерийн баримт бичигт байхгүй шаардаагүй зүйлээр энэ тендерийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй маргаж байгаа” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа шаардлагаа тайлбарлая.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Гантуйван I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301224 дугаартай цахим тендерийн урилгыг Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn-д зарлаж, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тендерийн нээлт хийхэд “А” ХХК, “А” ХХК, “А” ХХК, “М” ХХК, “Т” ХХК, “Д” ХХК, “Т” ХХК болон “М ХХК” гэсэн 7 оролцогч тендерээ ирүүлсэн. Үнэлгээний хороо 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тендерийг үнэлж, “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай ” СЭ-112-12/7466 дугаар мэдэгдлийг тус компанид хүргүүлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “ирүүлсэн тендер нь шаардлага хангаагүй тухай” СЭ-112-12/7467, СЭ-112-12/7468, СЭ-112-12/7469, СЭ-112-12/7470, СЭ-112-12/7471, СЭ-112-12/7472 дугаартай мэдэгдлүүдийг тендерт оролцогчдод хүргүүлсэн. Дээрх албан мэдэгдлүүдэд: “Захиалагчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын 5 өдрийн дотор төсвийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах эрхтэй болох”-ыг дурдсан. Монгол Улсын Сангийн яамнаас 2023 оны 12 дугаар сарын 13-ний өдөр “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 03/9098, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Тендер шалгаруулалтад гомдол гарсан тухай” 03/9129 дүгээр албан бичгүүдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлсэн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн тухай” ДҮ-112-12/7659 дугаар албан бичгээр “Ган туйван I” нийлүүлэх тендерт оролцогчдод мэдэгдсэн. Тендерт оролцогч “Т” ХХК, “А” ХХК, “А” ХХК-иудаас захилагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам тендерт оролцогч “Т” ХХК-ийн гаргасан гомдлыг хянан үзээд, 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/9431 дүгээр шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлсэн.

Сангийн яамны 03/9431 дүгээр шийдвэрт “М” ХХК-ийн тендерт санал болгосон техникийн тодорхойлолтын 46 дахь GB/T34201-2017 стандарт бүхий “Ган дөрвөлжин төмөр” барааны чанарын гэрчилгээний мэдээллийг ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.4-т заасан “Тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, өгөгдлийн хэлбэрээр тендерийн баримт бичгийн техникийн толорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. “М” ХХК-ийн тендерт санал болгосон техникийн тодорхойлолтын 2, 3, 6, 17, 19, 20, 23, 25, 26, 30, 32, 33-41, 43-45 дахь бараануудын зураг ижил, 7-16, 28, 29 дэх бараануудын зураг ижил байгаа нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.4-т заасан “Тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод гийцэж буйг нотлох баримтыг зураг, өгөгдлийн хэлбэрээр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд захиалагчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн СЭ-112-12/7466, СЭ-112-12/7469 тоот шийдвэрүүдийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн хүчингүй болгож байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье” гэж тус тус шийдвэрлэсэн.

Сангийн яам тендерт оролцогч “А” ХХК-ийн гаргасан гомдлыг хянан үзээд, 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/9432 дугаар шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлсэн. “Сангийн яамны 03/9432 дугаар шийдвэрт “М” ХХК-ийн тендерт Н ХХК-ийн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хавсарган ирүүлсэн байна. “А” ХХК-ийн гомдолд дурдсан “М” ХХК-ийн тендерт ирүүлсэн цахим холбоосуудаар нэвтрэхэд бүгд Н ХХК https://www.yongkunmetal.com/ байх бөгөөд Н ХХК болон Н ХХК-уудын талаар холбогдох мэдээллийг ирүүлээгүй, техникийн тодорхойлолтын 1 дэх “Сталь круглая Д 180 СТ20Х2Н4А” барааны гангийн маркийг дүйцүүлэх зорилгоор тус компанийн албан бичигт тусгасан цахим холбоосоор шалгахад БНХАУ-ын гангийн маркийн мэдээлэл гарч ирэхгүй байгаа нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.4-т заасан шаардлагыг хангахгүй, Чанарын удирдлагын системийн гэрчилгээний QR код болон гэрчилгээний дугаараар тус гэрчилгээнд бичигдсэн цахим хаягаар үзэхэд харагдахгүй байх тул хуурамч бичиг баримт ашигласан байх магадлалтай материалуудыг холбогдох байгууллагаас тодруулж, нягтлан үзэх шаардлагатай байна. Иймд захиалагчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн СЭ-112-12/7466, СЭ-112-12/7471 тоот шийдвэрүүдийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн хүчингүй болгож байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье.” гэж тус тус заасан.

Сангийн яам тендерт оролцогч “А” ХХК-ийн гаргасан гомдлыг хянан үзээд, 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/9433 дугаар шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлсэн. “Сангийн яамны 03/9433 дугаар шийдвэрт “М” ХХК-ийн тендерт санал болгосон техникийн тодорхойлолтын 46 дахь GB/T34201-2017 стандарт бүхий “Ган дөрвөлжин төмөр” барааны чанарын гэрчилгээний мэдээллийг ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.4-т заасан “Тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, өгөгдлийн хэлбэрээр тендерийн баримт бичгийн техникийн толорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцулж ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд захиалагчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн СЭ-112-12/7466 тоот шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн хүчингүй болгож байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье” гэж шийдвэрлэсэн.

Сангийн яамны дээрх шийдвэрүүдийн дагуу Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, “Ган туйван I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301224 дугаартай тендерт оролцогч “М” ХХК-ийн тендерт ирүүлсэн “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл” олгосон гэх Н ХХК-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэг “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасныг үндэслэн тодруулга авахаар шийдвэрлэсэн бөгөөд Н ХХК-аас ирүүлсэн тодруулагын дагуу Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 10-ны хуралдан тендерийг үнэлж, үнэлгээний хорооны гишүүдийн 85,7 хувийн саналаар “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 46 дугаар зүйлийн 46.1-ийн 46.1.2-т Захиалагч “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” эрхтэй, гэж заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын даргаас 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Үнэлгээний хорооны шийдвэрт  хяналт хийхээр цохолт хийсний дагуу Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын Төлөвлөлт, мониторингийн албанаас 2021 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр “Ган туйван I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд мониторингийн дүгнэлт хийсэн. Уг дүгнэлтээр Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3-т “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ” гэж заасан бөгөөд үнэлгээний хороо тус заалтыг хэрэгжүүлэж ажиллаагүй байна” гэж дүгнэсэн. Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж, тендерийг дахин нэг бүрчлэн үнэлж, гишүүдийн 100 хувийн саналаар “Ган туйван I” нийлүүлэгчийг шалгаруулах ЭҮТӨҮГ/202301224 дугаартай тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-т заасны дагуу “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул бүх тендерээс татгалзах” үнэлгээний хорооны шийдвэрийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, худалан авах ажиллагааны бодлогын газрын даргаас 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “ирүүлсэн тендер нь шаардлага хангаагүй тухай” мэдэгдлийг  “М” ХХК-д болон тендерт оролцогчдод тус тус хүргүүлсэн. Дээрх мэдэгдлүүдэд “Захиалагчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын 5 өдрийн дотор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Захиргааны байгууллага гэж” Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагыг” гэж заасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1,  5.1.2-д “хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага” нь захиргааны байгууллага байна гэж заасан. Сангийн яам нь дээрх хуулийн заалтад хамаарах захиргааны байгууллага бөгөөд тус яамнаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 03/9431, 03/9432, 03/9433 дугаар шийдвэрүүд нь дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт бөгөөд хүчин төгөлдөр байна.

Мөн нэхэмжлэгч “М” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.1-д “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендер оролцогч шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 03/9431, 03/9432, 03/9433 дугаар шийдвэрүүдийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана, 55.3.3 дахь заалтад “зөрчлийг арилгасны үднсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж тус тус заасан бөгөөд захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 03/9431, 03/9432, 03/9433 дугаар шийдвэрүүдийг биелүүлж, Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж, тендерийг дахин үнэлж, гишүүдийн 100 хувийн саналаар “Ган туйван I” нийлүүлэгчийг шалгаруулах ЭҮТӨҮГ/202301224 дугаартай тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-т заасны дагуу шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул бүх тендерээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Ган туйван I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202401021145 дугаартай тендерийн урилгыг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn –д дахин зарласан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тендер нээгдсэн. Дахин зарласан тендерт “Т” ХХК, “А” ХХК, “А” ХХК, “Б” ХХК, “Г” ХХК, “М” ХХК, “А” ХХК, “Г” ХХК, “Г” ХХК, “Ц” ХХК, “Т” ХХК-иуд цахим тендер ирүүлсэн. Үнэлгээний хороо 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж, тендерийг хянан үзэж, үнэлгээ хийсэн бөгөөд Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар тендерт оролцогч “А” ХХК-ийн ирүүлсэн тендерт хавсарган ирүүлсэн үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлсэн байх боловч нотариатчийн нэр, тамгын дугаар уншигдахгүй байх тул Монголын нотариатчдын танхимаас тодруулга авч үнэлгээг дахин хийхээр шийдвэрлэсэн.

Үнэлгээний хорооны дахин хуралдаж гишүүдийн 100 хувийн саналаар “А” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үнэлэн, захилагчид зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Захиалагчийн зүгээс Үнэлгээний хорооны зөвлөмжийг зөвшөөрч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын даргаас 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” СЭ-112-12/1708 дугаар мэдэгдлийг “А” ХХК-д, бусад оролцогчдод ирүүлсэн тендер нь шалгараагүй тухай мэдэгдлүүдийг мөн хүргүүлсэн. Мэдэгдэлд дурдсан гомдол гаргах хугацаанд оролцогчдоос Сангийн яаманд гомдол гаргаагүй бөгөөд захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн “А” ХХК-тай гэрээ байгуулсан. Ган бэлдэц /Дугуй огтлолтой/ ЭҮТӨҮГ/20240102068 дугаартай тендерийн тухайд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ган бэлдэц /Дугуй огтлолтой/ ЭҮТӨҮГ/20240102068 дугаартай тендерийн урилгыг Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn–д зарласан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тендерийг нээсэн байна.

Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар гишүүдийн 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн нэг ч оролцогчийн санал ирээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасны дагуу дахин зарлах гэсэн зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тус тендерийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn–д дахин зарласан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тендер нээгдэнэ. Ган бэлдэц /Дугуй огтлолтой/ ЭҮТӨҮГ/20240102134 дугаартай тендерийн тухайд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ган бэлдэц /Дугуй огтлолтой/ ЭҮТӨҮГ/20240102134 дугаартай тендерийн урилгыг Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn–д зарласан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тендерийг нээсэн байна. Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар гишүүдийн 100 хувийн саналаар “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Захиалагчийн зүгээс Үнэлгээний хорооны зөвлөмжийг зөвшөөрч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын даргаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ий өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” СЭ-112-12/2234 дугаар мэдэгдлийг “М” ХХК-д, бусад оролцогчдод ирүүлсэн тендер нь шалгараагүй тухай мэдэгдлүүдийг мөн хүргүүлсэн. Мэдэгдэлд дурдсан гомдол гаргах хугацаанд оролцогчдоос Сангийн яаманд гомдол гаргаагүй бөгөөд захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн “М” ХХК-тай гэрээ байгуулах ажиллагаа явагдаж байна.

Тендерт оролцогч “М” ХХК нь захиалагчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СЭ-112-12/328 дугаартай мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх боловч Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 4.1.3-т  “...захиалагчийн шийдвэрийн хуулбар”-ыг тус яаманд гаргах гомдолд хавсаргаж ирүүлээгүй бүрдүүлбэр дутуу шалтгаанаар гомдлыг буцаасан талаар тус яамнаас 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03/485 дугаар албан бичгээр “М” ХХК-д хариуг өгсөн. Нэхэмжлэгч “М” ХХХ нь нэхэмжлэлийн шаардлагадаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын СЭ-117-12/7466 дугаартай шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах” гэсэн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын СЭ-117-12/7466 дугаартай шийдвэр нь Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 03/9431, 03/9432, 03/9433 дугаар шийдвэрүүдээр хүчингүй болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууллийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана. Мөн хуулийн 56.1-д гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасан бөгөөд тендерт оролцогчоос Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 03/9431, 03/9432, 03/9433 дугаар шийдвэрүүдийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гараагүй бөгөөд хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн 39-57 дугаарт талд техникийн тодорхойлолтод байгаа  2, 3, 6,17, 19, 20, 22, 23, 25, 26, 30, 32, 33-41, 43-45 дахь бараануудын зургууд нь ижил байгаа. байгаа. Үүнийг сая манай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дурьдсан. Сангийн яам болоод захиалагчаас хэлсний дагуу дахин нягталж үнэлэхэд бүгд ижил зургууд байсан. Хэмжээний хувьд бүгд өөр, диаметр нь өөр, өөр барааг захиалагчаас тендерийн баримт бичгийн техникийн тодрхойлолтын ТШЗ 19.4-т зааж өгсөн. Ган төмөр гэдэг нь ерөнхийдөө ийм бөөрөнхий төмөр байдаг. Гэвч хэмжээ нь өөр өөр барааг манайх захиалсан. Эдгээрт ижил зураг байна гэдгийг дээд байгууллагаас ирсэн шийдвэрийн дагуу үнэлгээний хороо дахин нягталж үзсэн.

Ингээд эдгээр зургууд нэг ижил байна гээд тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийн ТШЗ 19.4-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзээд бүх тендерээс татгалзсан” гэв.

 

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Нэхэмжлэгч М” ХХК нь анх 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн №44 тоотоор нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа

1.1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12.2, 15.5, 26.4, 26.6-д  заасныг үндэслэн Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СЭ-112-12/328 дугаартай албан бичигт дурдсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын СЭ-112-12/7466 дугаартай шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах”  /1 дэх ХХ-ийн 25-27 дугаар тал/,

1.2. Мөн 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №56 тоотоор нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан шаардлагадаа: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СЭ-112-12/328 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын СЭ-112-12/7466 дугаартай шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах” гэж тус тус тодорхойлсон. /1 дэх ХХ-ийн 35-37 дугаар тал/

1.3. Шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг тодорхой болгохоор нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан ба нэхэмжлэгч нь  2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №99 тоотоор нэхэмжлэлийн шаардлагаа “ЭҮТӨҮГ/202301224 дугаартай “Ган туйван I” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлж, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СЭ-112-12/328 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” СЭ-112-12/7966 дугаартай шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах”  шаардлагаа дэмжиж буйгаа илэрхийлсэн. / 2 дахь ХХ-ийн 34-36 дугаар тал/

1.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-оос  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СЭ-112-12/328 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай”  СЭ-112-12/7466 дугаартай шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах”, “ЭҮТӨҮГ/202301224 дугаартай “Ган туйван I” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагуудыг дэмжиж шүүх хуралдаанд оролцов.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарууд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 /Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй/ дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/99 дугаартай тушаалаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт ЭҮТӨҮГ/202301224 дугаартай “Ган туйван I” нийлүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулсан бөгөөд тус хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар байнгын бус ажиллагаатай байна.

Гурав. Нэхэмжлэлийн ЭҮТӨҮГ/202301224 дугаартай “Ган туйван I” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

3.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны  02 дугаар сарын 20-ны өдрийн А/99 дугаартай тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт ЭҮТӨҮГ/202301224 дугаартай “Ган туйван I” нийлүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим сүлжээгээр 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нийтэд нээлттэй зарлаж, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тендерийн нээлтээ хийжээ. /1 дэх ХХ-ийн 147 дугаар тал/

3.2. Тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн  ЭҮТӨҮГ/202301224 дугаартай “Ган туйван I” тендер шалгаруулалтад ирүүлсэн тендерүүдийг хянан үзэж  “М” ХХК-аас ирүүлсэн тендерийг Үнэлгээний хорооны олонхийн саналаар “хамгийн сайн” тендер гэж үнэлсэн бөгөөд Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” СЭ-112-12/7466 дугаартай албан бичгийг “М” ХХК-д  хүргүүлжээ. /1 дэх ХХ-ийн 160, 189-195 дугаар тал/

3.3. Тендерт оролцогч “Т” ХХК, “А” ХХК, “А” ХХК зэрэг компаниудаас захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яамны 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/9431, мөн өдрийн “Гомдол хянасан тухай” 03/9432,  “Гомдол хянасан тухай” 03/9433 дугаартай албан бичгээр тус тус “...тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх”-ийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т мэдэгдэж, “М” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн СЭ-112-12/7466 дугаартай албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /1 дэх ХХ-ийн 173-176 дугаар тал/

3.4. “М” ХХК нь Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/9431, мөн өдрийн “Гомдол хянасан тухай” 03/9432,  “Гомдол хянасан тухай” 03/9433 дугаартай албан бичгүүдэд гомдол гаргаагүй тухайгаа шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд эдгээр шийдвэрүүд нь хүчин төгөлдөр байна.

3.5. Түүнчлэн, дээрх Монгол Улсын Сангийн яамны албан бичгүүдийн дагуу тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 01 дугаар сарын 10-ны өдөр дахин үнэлгээ хийж,  М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг 10 дугаартай шийдвэрээр  “хамгийн сайн” тендер гэж үнэлсэнийг Захиалагчийн зүгээс зөвшөөрөөгүй тул  2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЭҮТӨҮГ/202301224 дугаартай “Ган туйван I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд хийсэн Мониторингийн дүгнэлтээр “...Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ” гэж заасныг Үнэлгээний хороо хэрэгжүүлж ажиллагаагүй байна” гэж дүгнэсэн байна. /1 дэх ХХ-ийн 189-202 дугаар тал/

3.5. Энэ дагуу тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр тендерийг дахин үнэлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэг заасан үндэслэлээр “шаардлагад нийцсэн  нэг ч тендер ирээгүй тул бүх тендерээс татгалзаж” шийдвэрлэсэнийг захиалагч Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12/328 дугаартай албан бичгээр “М” ХХК-д  мэдэгдсэн байна. /1 дэх ХХ-ийн 203-212 дугаар тал/

3.6. Тодруулбал, Захиалагч болон тендерийн Үнэлгээний хороо Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/9431, мөн өдрийн 03/9432,  03/9433 дугаартай албан бичгүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т /энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ/ зааснаар хүлээн авч, Захиалагчийн тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.4-т заасан “Тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, өгөгдлийн хэлбэрээр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ” гэсэн шаардлагад нийцээгүй гэж үнэлсэнийг буруутгах үндэслэлгүй  бөгөөд нэхэмжлэгчийн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 2, 3, 6,17, 19, 20, 22, 23, 25, 26, 30, 32, 33-41, 43-45 дахь бараануудын зураг ижил байгаа нь Захиалагчийн тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн  ТШЗ 19.4-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй болох нь тогтоогдож байна. /1 дэх ХХ-ийн 86, 132, Хэрэгт авагдсан “М” ХХК-ийн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 39-57  дүгээр тал CD-нд авагдсан/

3.7. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны  “...“М” ХХХ нь нэхэмжлэлийн шаардлагадаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын СЭ-117-12/7466 дугаартай шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах” гэсэн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын СЭ-117-12/7466 дугаартай шийдвэр нь Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 03/9431, 03/9432, 03/9433 дугаар шийдвэрүүдээр хүчингүй болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууллийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана. Мөн хуулийн 56.1-д гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасан бөгөөд тендерт оролцогчоос Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 03/9431, 03/9432, 03/9433 дугаар шийдвэрүүдийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гараагүй бөгөөд хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй”  гэх тайлбар үндэслэлтэй.

3.8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т  “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” , 56 дугаар зүйлийн 56.1-т “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар “М” ХХК нь захиалагчийн тендерийн баримт бичиг болон Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/9431, мөн өдрийн “Гомдол хянасан тухай” 03/9432, “Гомдол хянасан тухай” 03/9433 дугаартай албан бичгүүдэд зохих газарт нь гомдол гаргах эрх нээлттэй боловч гомдол гаргаагүй. “М” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн СЭ-112-12/7466 дугаартай албан бичгийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон гэж дүгнэхээр байна. /1 дэх ХХ-ийн 173-176 дугаар тал/

3.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1.5тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг”, 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “тухайн бараа ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн болон тухайн бараа, ажил, үйлчилгээ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлох”, 12 дугаар зүйлийн 12.1-т “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ гэж тус тус заасан бөгөөд захиалагчаас тендерийн баримт бичгийг тодорхойлж боловсруулдаг ба тендерт оролцогч нь захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, тендерийн баримт бичигт заасан бараа, ажил, үйлчилгээг хүргэдэг онцлогтой.

3.10. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”,  47 дугаар зүйлийн 47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно, 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж тус тус заасан.

             

3.11.Дээрх үндэслэлүүдээр ЭҮТӨҮГ/202301224 дугаартай “Ган туйван I” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай шийдвэр нь хууль зөрчөөгүй, Үнэлгээний хорооны шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул  нэхэмжлэлийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301224 дугаартай “Ган туйван I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж “бүх тендерээс татгалзах тухай” 11 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Дөрөв. Нэхэмжлэлийн Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СЭ-112-12/328 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

4.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301224 дугаартай “Ган туйван I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж “бүх тендерээс татгалзах тухай” 11 дугаартай шийдвэрийг гаргасан.

4.2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар нь тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай  шийдвэрийг Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СЭ-112-12/328 дугаартай албан бичгээр “М” ХХК-д мэдэгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “ ...бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ”Захиргааны актыг хаягласан этгээд болон эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ” гэх зохицуулалтад нийцсэн байна.

4.3. Иймд тендерийн Үнэлгээний хорооны  2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 11 дугаартай шийдвэрийг  “М” ХХК-д мэдэгдсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СЭ-112-12/328 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул тус шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Тав. Нэхэмжлэлийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” СЭ-112-12/7466 дугаартай шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгахнэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу “Тендерийг хянан үзэх”,  28 дугаар зүйлд заасан “Тендер үнэлэх”, 29 дүгээр зүйлд заасан “Гэрээ байгуулах эрх олгох”, шийдвэрүүдийг гаргах, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2, 47.7 дахь хэсэгт тус тус зааснаар Үнэлгээний хороо гаргасан шийдвэрээ захиалагчид хүргүүлэхээр зохицуулсан.

5.2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт ЭҮТӨҮГ/202301224 дугаартай “Ган туйван I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “М” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлага хангаагүй, нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр хууль зөрчөөгүйн дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” СЭ-117-12/7466 дугаартай шийдвэрийг Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 03/9431, 03/9432, 03/9433 дугаар бүхий шийдвэрүүдээр хүчингүй болгосон, тус шийдвэрүүд нь хүчинтэй байх тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн СЭ-117-12/7466 дугаартай шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй.

5.3. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ. 

5.4. 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгана” гэж заасан бөгөөд маргаан бүхий тус тендерийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олон нийтэд нээлттэй зарлаж, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тендерийн нээсэн тул уг захиргааны хэргийг шийдвэрлэхдээ 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтласан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1.14 , 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 5 дугаар зүйлийн  5.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 27 дугаар зүйлийн  27.4, 47 дугаар зүйлийн 47.2.2, 47.7, 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.1, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  ЭҮТӨҮГ/202301224 дугаартай “Ган туйван I” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасанЭҮТӨҮГ/202301224 дугаартай “Ган туйван I” нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СЭ-112-12/328 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” СЭ-112-12/7966 дугаартай шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,  51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.САРАНГЭРЭЛ