Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 1080

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

К-

а-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00603 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: К-а-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б-” ХХК, “Н-” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 1 374 604 855 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч “Б-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Б, Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч “Б-” ХХК, хамтран зээлдэгч “Н-” ХХК нь “Капитал банк” ХХК-тай 2015 оны 9 сарын 14-ний өдөр 41 тоот зээлийн гэрээг байгуулан, 1 000 000 000 төгрөгийг, 1 сарын 0.75 хувийн хүүтэй, жилийн 9 хувийн хүүтэй, 2019 оны 2 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлсэн. Зээлдэгч “Б-” ХХК нь “Капитал банк” ХХК-тай 2015 оны 9 сарын 14-ний өдөр 41 тоот барьцааны гэрээг байгуулж, “Б-” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороонд байрлалтай, 80 000 м.кв талбайтай, 2.9 жилийн хугацаатай орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газрыг компанийн эргэлтийн хөрөнгө, бараа материал, тоног төхөөрөмжүүдийн хамт, “Б-” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлалтай NZS 120 маркийн, 1 ком, бетон зуурмагийн машиныг барьцаалсан. Зээлдэгч зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 5 018 606 төгрөг, зээлийн хүүд 31 068 493 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 533 500 төгрөг тус тус төлсөн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 994 981 393 төгрөг, хүүгийн үлдэгдэл 345 606 006 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 33 987 956 төгрөг, нийт 1 374 575 355 төгрөгийн 687 287 677 төгрөгийг хариуцагч “Б-” ХХК-иас, 687 287 677 төгрөгийг хариуцагч “Н-” ХХК-иас тус тус гаргуулж, хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 29 500 төгрөгийн зардлыг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компанийн авсан зээлийн                 530 000 000 төгрөгийг “Н-” ХХК, 40 000 000 төгрөгийг тус компанийн захирал З.Энх-Амар авсан. Зээл эргэн төлөхтэй холбоотой хуулийн этгээдүүдийн хооронд маргаан үүссэн. “Н-” ХХК өөрт хамаарах зээлийн төлбөрт орон сууц өгөх саналыг банкны эрх хүлээн а-ид тавьсан боловч үнэлгээн дээр тохиролцоогүй байдаг. Ингээд манай компани орон сууцыг 540 000 000 төгрөгт тооцон авсан. Иймд орон сууцны үнийг 320 000 000 төгрөгт тооцож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч “Н-” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2019 оны 11 сарын 18-ны өдөр “Б-” ХХК-тай төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу 520 000 000 төгрөгийг барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “Б-” ХХК-иас 687 287 677 төгрөг, нотариатчийн хөлс 14 750 төгрөгийг, хариуцагч “Н-” ХХК-иас 687 287 677 төгрөг, нотариатчийн хөлс 14 750 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч К-а-ид олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 164 дүгээр зүйлийн 164.1-д заасныг баримтлан хариуцагч “Б-” ХХК, “Н-” ХХК нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох “Б-” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байршилтай, орон сууцны зориулалттай, нэгж талбарын 178027/0104, 18633304128961 дугаар бүхий 80 000 м.кв газрыг 2.9 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон газар, компанийн эргэлтийн хөрөнгө, бараа материал, тоног төхөөрөмжүүдийн хамт, мөн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлалтай, NZS 120 маркийн, 1 ком, бетон зуурмагийн машиныг дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Б-” ХХК-иас 3 594 462 төгрөгийг, хариуцагч “Н-” ХХК-иас 3 594 462 төгрөгийг тус тус гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Б-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байдлыг тодруулж үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн байна. Талууд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан байдаг. Хариуцагч нар нь уг гэрээг “Капитал банк” ХХК-тай анх байгуулсан бөгөөд тухайн үед тус банк нь хэвийн үйл ажиллагаа явуулж байсан байдаг. Харин К-а-тай гэрээ байгуулаагүй атал шүүхээс нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсан байна. Банкны эрх хүлээн а- нь тус банкыг төлөөлж шүүхэд нэхэмжпэл гаргах эрхийг хуулиар тусгайлан олгоогүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт “нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасны дагуу банкны эрх хүлээн а-ийн ямар эрх ашиг, хуульд заасан эрх ашиг нь хөндөгдсөн болохыг шүүхээс тодорхой тайлбарлаагүй буюу энэ хэргийн нэхэмжлэгч байх боломжгүй гэж харагдаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэл байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэл байсан атал шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

                 

Нэхэмжлэгч К-а- нь хариуцагч “Б-” ХХК, “Н-” ХХК-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 1 374 604 855 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “Капитал банк” ХХК  нь 1 000 000 000 төгрөгийг, сарын 0.75 хувийн, жилийн 9 хувийн хүүтэй, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаатайгаар зээлдүүлэх, хариуцагч “Б-” ХХК, “Н-” ХХК нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд “Капитал банк” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1 000 000 000 төгрөгийг хариуцагч “Б-” ХХК-ийн зээлийн дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 29-32, 41-44-р тал/

            Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, хариуцагч “Б-” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байршилтай, орон сууцны зориулалттай, нэгж талбарын 178027/0104, 18633304128961 дугаар бүхий, 80 000 м.кв газар, компанийн эргэлтийн хөрөнгө, бараа материал, тоног төхөөрөмжүүдийн хамт, мөн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлалтай, 27-06-418/70 дугаар гэрчилгээтэй, NZS 120 маркийн, 1 ком бетон зуурмагийн машин зэргийг барьцаалжээ. /хх-ийн 34-39-р тал/. Уг гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан журмын дагуу байгуулсан байна.  

 

                        Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “ ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.2, 3.1.3-т зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч “Б-” ХХК, “Н-” ХХК нь биелүүлэх үүрэгтэй юм.

 

            Хариуцагч нар нь үндсэн зээлд 5 018 606 төгрөг, зээлийн хүүд 31 068 493 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 533 500 төгрөг, нийт 36 620 599 төгрөг төлж, зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч К-а- нь зээлийн төлбөрийг шаардах эрхтэй. /хх-ийн 49-50-р тал/  

 

                        Иймд хариуцагч “Б-” ХХК, “Н-” ХХК-иас үндсэн зээлд 994 981 393 төгрөг, зээлийн хүүд 345 606 006 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 33 987 956 төгрөг, нийт 1 374 575 355 төгрөг болон нотариатын зардалд 29 500 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж, нэхэмжлэгч К-а-ид олгуулж, хариуцагч нар нь зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо банкны эрх хүлээн а- нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэх боловч Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгаж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар К-а-аар М.Адилбишийг 2019 оны 4 сарын 08-ны өдрөөс нэг жилийн хугацаатай томилж, М.Адилбиш нь 2019 оны 12 сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хх-ийн 6-р тал/. Түүнчлэн М.Адилбишид олгосон итгэмжлэлийн хугацааг 2020 оны 4 сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгасан байх тул К-а-ийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, нэхэмжлэгч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагч “Б-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

 

                        Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Б-” ХХК-иас төлсөн 3 594 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

     

         ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                 

                                                                              Г.ДАВААДОРЖ