Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/864

 

 

 

 

А.Эад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Даваадорж,

шүүгдэгч А.Эа, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Ю.Сэвлэгмаа,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/656 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Эа, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор А.Эад холбогдох 2109017260380 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Аийн Эа, 1987 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Булган аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Н” ХХК-нд цахилгаанчин ажилтай , ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхний лавлагаагаар - тоотод оршин суух бүртгэлтэй, одоо - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

Шүүгдэгч А.Эа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хын зусланд 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хохирогч П.Гтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохих, төмсөг рүү өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь “...зүүн нүдний дээд, доод зовхинд няцрал, хуухнагны цус хуралт. ...” гэмтэл учруулж, төмсгийн няцрал гэмтлийн улмаас баруун төмсгөө авахуулсан мэс засал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Аийн Эыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эад 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эад оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Гийн 20.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, дахин нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч А.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Эагийн өмгөөлөгч Н.Нарантуяа хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Эад холбогдох хэргийг хянан хэлэлцээд гаргасан 2022/ШЦТ/656 дугаартай шийтгэх тогтоолын зөвхөн тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтад заасан шүүгдэгчийг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон гэх хэсэгт холбогдуулан шүүгдэгч А.Эа, түүний ар гэрийн зүгээс хорих ялыг торгуулийн ялаар солиулахаар давж заалдах гомдлыг гаргаж байна. Хэдийгээр шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийг хянан хэлэлцэж гаргасан шийтгэх тогтоолд хөнгөрүүлэх, эсхүл хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, хуулийн хэрэглээг сонгон хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал мөн боловч энэ шүүгдэгчийн хувьд хавтаст хэрэгт авагдсан үйл баримт, мэдүүлэг, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргээс харахад шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг торгуулийн ялыг оногдуулах бүрэн боломжтой байсан. Шийтгэх тогтоолын 10 дугаар талд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын зорилгод нийцүүлэн шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзэж, тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлаж, хорих ял оногдуулав” гэсэн байна. Харин ч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Эыг нийгмээс тусгаарлахгүйгээр торгуулийн ял оногдуулах боломжтой байсан гэдэг нь дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хувийн байдлууд хохирол төлнө гэсэн амлалт зэргээс харагддаг. Гэвч өнөөдөр шүүгдэгч нь 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл нийт 20 хоног цагдан хоригдох хугацаанд нийгэмд аюултай байдал нь бүрэн арилж, өөрийн хийсэн гэмт үйлдлээ ойлгон ухамсарлаж, маш их гэмшин, өөрт холбогдох хэргээ хууль зүйн үүднээс хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаас гадна хохирол төлбөрийг хэдий үед төлөх ёстой байсан цаг хугацааны асуудлаа мэдээгүйн улмаас өөрийн эрх зүйн байдлаа дордуулснаа ойлгосон юм. Шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мэдүүлгийг тогтвортой өгч, хохирогчоос уучлалт гуйж байсан боловч хэрэгт хохирол төлбөртэй холбоотой баримтыг үндэслэн төлбөрийг төлдөг гэж ойлгосоор хэрэг хянан хэлэлцэж дууссан ба шийтгэх тогтоол нэгэнт гарсны дараа ар гэрээрээ дамжуулан хохирогчоос уучлалт гуйж, хохирогчид 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн хохирлыг нөхөн төлж, цаашид гарах зардлыг төлөхөө амлаж, бага насны хүүхэдтэй, хүнд байдалд үлдсэн жирэмсэн эхнэрээ хүнд байдалд оруулсандаа харамсаж, төрөөс энэрэнгүй хандан нэг удаа өршөөж, шүүхээс торгуулийн ялыг оногдуулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Иймд шүүгдэгч А.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан, бага насны хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 3 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг торгуулийн ялаар сольж, нийгмээс тусгаарлахгүйгээр шийдэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Эа “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч А.Эын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Н.Нарантуяа болон А.Эа нарын гаргасан гомдлыг дэмжин оролцож байгаа. А.Эа нь “Н” ХХК-нд цахилгаанчин ажилтай, сарын 1.725.000 төгрөгийн цалинтай. Энэ нь гэр бүлээ тэжээж, торгуулийн ялыг биелүүлэх боломжтой. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй, хохирлын мөнгийг хүлээн авсан гэсэн баримт гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдааны үед хохирлыг төлөөгүй байсан нь хохирогч хохирлын баримтаа орчуулаагүй, хохирлын баримт нь эргэлзээтэй байсан учраас төлж чадаагүй байсан. Хохирлыг бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, торгуулийн ялыг төлөх боломжтой тул А.Эад торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Торгох ял шүүгдэгчид оногдуулах боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасан шаардлагыг А.Эын хувьд хангасан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч А.Эа нь 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хын зуслангийн байшинд өндөр насны тэтгэвэрт гарсан нэгнийгээ үдэх үдэлтийн арга хэмжээний үеэр шүүгдэгч А.Эа, хохирогч П.Г нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хоорондоо согтуурхаж, үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар шүүгдэгч А.Эа нь хохирогч П.Гийн нүүрэн тус газарт цохих, төмсөг рүү нь өшиглөх зэргээр биед нь хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь “...зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд шарх, баруун төмсгийн няцрал, хуухнагны цус хуралт...” гэмтэл учирч төмсгийн няцрал гэмтлийн улмаас баруун төмсгөө авахуулсан мэс засал, үлдэц, уршигт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч П.Гийн “...Ууж байхад Л намайг дуудаад “би жижиг захирлын жолооч, чи том захирлын жолооч, хоёулаа зодолдъё” гэж хэлээд дуудахаар нь би түүн дээр очоогүй. ...Тэгээд унтаад нэг сэрсэн чинь Эа гэх эрэгтэй миний нүүр рүү цохиод, дахин толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд би өндийгөөд босож ирэхэд хүмүүс салгасан ба салгаж байх хооронд Эа нь миний төмсөг рүү өшиглөсөн юм. Тэгээд дахиад хүмүүс намайг салгасан. Тэгтэл миний шээс хүрээд байгаа юм шиг сонин болоод байхаар нь “00” ороход миний төмсөг хавдсан байсан. Тэгээд би түүн рүү “чи миний төмсөг рүү өшиглөөд хавдчихлаа” гэж хэлэхэд тэрээр юм хэлээгүй. ...Эмнэлэгт очоод үзүүлэхэд миний баруун төмсөг бяцарсан байна гэхэд нь Гуравдугаар эмнэлэг рүү очиж үзүүлсэн. Миний төмсгийг эмчлэх арга байхгүй, авахуул гээд би төмсөгөө авахуулсан. ...Миний биед зүүн нүд хавдсан, толгой хэсэгтээ өвчтэй, баруун төмсөгөө авахуулж хагалгаа хийлгэсэн байдалтай байна. ...” /хх 10, 16-17, 21-22/,

гэрч Э.Хын “...Г ах орон дээр Бат ахтай сууж байхдаа Эатай хэрүүл хийж байсан. Тэгтэл Эа нь Г ахын зүүн нүд рүү нэг удаа хүчтэй цохисон. Тухайн үед би Эа ахыг салгаж холдуулсан. ...Г ах Эа ахад цохиулаад орон дээр цаашаа хараад хэвтсэн. ...Г ах хоол идэхгүй цаашаа хараад унтаад байсан. ...Гэр гэрт нь хүргэж өгөхөөр болоод суухад Г ах “Старикс” маркийн машины урд талд сууж байхаар нь би хажууд нь суух гээд “цаашаа суу” гэж хэлэхэд тэрээр “миний төмсөг болохгүй байна, ахын дүү хар даа” гэхээр нь би машин дотор Г ахын бэлэг эрхтэнг харахад нилээн том аймаар хавдчихсан байсан. Г ах хэлэхдээ “Эа намайг өшиглөсөн, ... Эа мөн, намайг хэвтэж байхад өшиглөсөн” гэж хэлсэн. Зуслангийн газраас хөдлөх гэж байхад Г ах орноос босож чадахгүй, мөн явж чадахгүй зөөлөн, зөөлөн гишгээд явж байхаар би “та яасан юм бэ” гэж асуухад тэрээр “ах нь явж чадахгүй байна, төмсөг хавдчихсан байна” гэж хэлсэн. ...” /хх 58-59/,

гэрч С.Тын “...Г урд талаас бууж ирэхдээ зүүн талын нүд нь хөхөрчихсөн, явж чадахгүй, өмднийх нь урд тал нь норчихсон байхаар нь би “яасан юм бэ, шээчихсэн юм уу” гэж асуухад Г “Эа намайг цохиж өшиглөсөн, би өөрөө Э.Хад бэлэг эрхтнээ харуулсан, хавдаад өвдөөд байна, шээх гээд байсан боловч өөрийн мэдэлгүй шээсэн юм шиг байна, хэдий согтсон ч гэсэн хэнд зодуулсан талаар санаж байна” гэж өөрөө хэлсэн. Ер нь бол машинд явж байхад Г нь “миний төмсөг өвдөөд байна, хавдаад байна” гэж байн байн хэлээд байсан. ...Г надад хэлэхдээ “Эа гэх хүнд зодуулсан” гэж хэлсэн. ...Машинд явж байхад Г нь “миний төмсөг, бэлэг эрхтэн өвдөөд байна, хавдсан юм шиг байна” гэж хэлээд байсан. Гийг явж чадахгүй, суухад нь өвдөөд байна гэснийг бодоход хамгийн урд талд суулгасан юм шиг байсан. ...Эа нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнийг өдсөн, хор шар малтсан хүн байгаа юм. ...” /хх 46-47/,

гэрч Д.Бгийн “...Намайг нэг харахад Г нь байшин дотор орон дээр цаашаагаа хараад хэвтэж байсан. Тухайн үед бид нар түүнийг тасраад унтсан байна гэж ярилцаад гарсан. Тэгээд бид нарын арга хэмжээ 18-19 цагийн орчимд дуусаад хоёр машинд хуваагдаж суух үед хальт харахад Гийн нүд нь хөхөрч хавдсан байсан ба зүгээр алхаж гишгээд явж байсан. ...” /хх 31-32/

гэрч Э.Чы “...Арга хэмжээ дуусах үед Гийн зүүн талын нүд хөхөрсөн байхаар нь би яг хэн гэдэг хүнээс нь асууснаа санахгүй байна, “энэ хүн нүдээ яасан юм бэ” гэж асуухад “Эа, Г хоёр жоохон маргалдсан” гэж хэлсэн. ...” /хх 34-35/,

гэрч Д.Лгийн “...Би архи ууж байхдаа Гтой жоохон маргалдаад тэгээд бид хоёр хоорондоо гурван удаа бөх барилдсан бөгөөд би 3 удаа түүнийг давсан. Тэгээд бид хоорондоо эвлэрээд дахиж маргаж, муудалцаагүй. Бөх барилдаад дуусах үед Г надад бэртсэн, гэмтсэн гэж ямар нэгэн юм хэлээгүй. ...Намайг Эынд очиж хоноход тэрээр надад хэлэхдээ “Г намайг эхэлж цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь цохисон, тэрнээс өөр юм болоогүй. ...” гэсэн. ...” /хх 40-41/,

гэрч Г.Эийн “...Сүүлд явахын үед Гийн нүд нь хавдсан байхыг хараад “та нар нэгнийгээ яагаад ийм болгочихвоо” гэж хэлээд машинд суугаад харьсан. Маргааш нь би Таас Гийн төмсөг нь хагарсан байна гэдгийг сонсоод “юу болсон” талаар асуухад тэрээр “Г өөрөө хэлэхдээ Эыг өшиглөсөн гэж хэлсэн” гэж надад хэлсэн. ...” /хх 49-50/,

гэрч Ц.Мгийн “...Тэр үед Г нь Эын нэрийг чангаар дуудаж хашхираад “чи Төрийн банкны цалинг голоод явсан” гээд орилоод байсан. Тухайн үед Эа нь Гийн хэлээд байсан үгийг тоохгүй байсан. Эа гадаа гарч тамхи татаад буцаад орж ирэхэд Г түүнийг өөр рүүгээ татаж ойртуулаад “чи Төрийн банкны цалинг голоод явсан” гэж хэлээд үглээд байхаар нь Эа нь “чи одоо жоохон унтчих” гэж хэлээд хойш нь ор руу түлхэж хэвтүүлэхэд Г нь Эын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Эа зөрүүлээд Гийн нүүр рүү гараараа нэг удаа цохих үед дотор байсан хүмүүс тэр хоёрыг салгаж хоёр тийш нь болгосон. ...” /хх 61-62/,

гэрч Д.Лгийн “...Г Эа руу агсраад байсан ба Л, Мягмарсайхан нар Гийг “жаахан унтаадах” гээд орон дээр хэвтүүлээд байсан. Г босож ирээд Эатай зууралдаад бие биенээ боогоод байсан. Тэгтэл дундуур нь Л, Ч, М нар очиж салгаж байсан. ...” /хх 64-65/,

гэрч Б.Гын “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Г гэх хүн над руу залгаад “ахынх нь төмсөг няцарсан байна, эмнэлгээр явж байна” гэж хэлэхээр нь би түүнд хандаж “та гомдол, саналгүй гээд байсан болохоор нь уг материалыг татгалзсан шүү дээ, та одоо 20 дугаар хороо дээр хүрээд ир” гэж хэлээд дуудсан. Тухайн үед Г ганцаараа өрөөнд маань орж ирэхэд түүний зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байсан ба би түүнээс “та хүнд цохиулаад төмсөг чинь няцарсан байхад яагаад гомдол, саналгүй гэж хэлсэн юм бэ” гэж асуухад тэрээр “тухайн үед гайгүй, надад мэдэгдэхгүй байсан болохоор гайгүй байх гэж бодож байсан юм” гэж хэлсэн. ...” /хх 24-26/,

А.Эын яллагдагчаар өгсөн “...Г орон дээр суучихсан над руу агсараад байсан. Намайг зогсож байхад Г орон дээр сууж байхдаа баруун гараараа зүүн талын эрүү рүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Гийн нүүр рүү нь нэг удаа цохиход тэнд байсан Х, М нар дундуур орж салгасан. ...” /хх 123-124, 158-159/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...П.Гийн биед баруун төмсгийн няцрал, баруун төмсөг авах мэс заслын дараах байдал, хуухнагийн цус хуралт, зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар үлдэц, уршигт гэмтэл тул гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн 11131 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 12-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...П.Гийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд шарх, баруун төмсгийн няцрал, хуухнагийн цус хуралт гэмтэл учирч баруун төмсөг авах мэс засалд оржээ, Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тус бүрдээ 1 удаагийн цохих, өшиглөх үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Баруун төмсгийн няцрал гэмтлийн улмаас баруун төмсөгийг мэс заслаар авахуулсан нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Мэс заслын шарх нь хүндрэлгүй анхдагчаар эдгэрэх хугацаа хүн бүрд харилцан адилгүй байх ба дунджаар 10-14 хоног байдаг. ...” гэсэн 181 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх 72-76/,

 Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн оношилгооны баримт, өвчний түүх, мэс заслын өмнөх дүгнэлт /хх 83-106/, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 109-110/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Эын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч А.Эа, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нар хамтран “...хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Эрүүгийн хариуцлага хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон байх хуулийн шаардлагыг хангасны дээр ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг хангалттай шалгаж, тодруулсан байна.

Шүүх, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон бүрэн эрх юм.

Шүүгдэгч А.Эад холбогдох гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, бага насны хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг 2 жил болгон хөнгөрүүлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч А.Эа, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/656 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эад 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Эад 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эад оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ