Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/833

 

 

 

                                             

Х.Б д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан  даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч Л.Цэндоо,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/889 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б ийн өмгөөлөгч Л.Цэндоогийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Б д холбогдох 2208000000859 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

……. овгийн Х ын Б, …… оны дугаар сарын ……-ний өдөр …………………. төрсөн, …..настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ….., эцэг, эхийн хамт …………………… дүүргийн ……. дугаар хороо, ……………..  дүгээр гудамжны……. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мiraj” зочид буудлын хашаан дотор иргэн Б.А, Д.Б  нар хамт архи ууж байхад нь тааралдаж “Чи хувцсаа муухай болгож болохгүй, авч өгсөн хувцас хог түүгээд муухай болгох гээд байх юм, хог түүдэг хувцсаа өмсөөч” гэж хэлээд, хамт сууж байгаад архинаас нь нэг татчихаад Д.Б ын хамт салаад явахад араас нь Б.А  очиж, улмаар өөрийг нь заамдаж авах зэргээр зүй бус үйлдэл гаргах үед нь түүний нүүр, толгойн тус газарт гараараа цохих, мөргөх, газар унасан байхад нь толгой хэсэг рүү нь гараараа цохих, олон удаа өшиглөх зэргээр зодсоны улмаас хохирогчид тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан доорх архаг хураа, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн зулайн тархины эдийн голомтлог няцрал, баруун хоншоорын ар хананы хугарал гэмтлүүдийг учруулснаас тэр дороо ухаан алдаж босох чадваргүй болгосон, улмаар эмчилгээ хийгдэж байгаад дээрх гавал тархины битүү гэмтлийн хүндрэлийн улмаас 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нас барж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Б г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б г 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.538.250 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар Х.Б ээс 3.353.650 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт /Төрийн сан 10090020080 дансанд/ олгож, шүүгдэгч Х.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б ийн өмгөөлөгч Л.Цэндоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийн бодит нөхцөл байдлыг судалж үзэхэд, Х.Б  нь бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож хүнд гэмтэл учруулсан, гэмтлийн хүндрэлийн улмаас эмчилгээ авахгүй байсаар 22 хоногийн дараа хохирогч нас барсан, хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийн хувьд Х.Б  нь найз болох талийгаач Б.А г архинаас гаргаж ажил төрөлтэй болгох гэсэн оролдлого, үйлдлийн явцад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эргэлзээтэй байдлууд тогтоогдсон байдаг болохыг анхан шатны шүүх харгалзаж үзэлгүй шууд аллагын хэргээр зүйлчилснийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Өмгөөлөгч миний бие хүний амь нас хохирсныг үнэгүйдүүлэх гэсэнгүй, хэрэг болсон нөхцөл шалтгааныг бодитой үнэлэхийг хүссэнээ үүгээр илэрхийлэх гэсэн юм.

2. Х.Б , талийгаач Б.А  нар 3 жилийн өмнөөс бие биесээ мэддэг, хамтарч хог түүх, архи уух зэргээр санаа нийлдэг байсан найзууд бөгөөд Х.Б  нь аав, ээж, ах нарынхаа нөлөө, үг сургаал шаардлагаар архи уухаа багасгаж барилгын гадна пасадны ажилд мэргэшиж ажиллаж байсан бөгөөд энэ ажилдаа талийгаач Б.А г туслалцуулж, хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлэхээр санаачилсан явдлаас эхэлсэн байдаг.

3. Хэрэг гарсан 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Х.Б  нь өөрийнхөө өнгө үзэмжтэй гэсэн өмд, цамц, пүүз малгайгаа талийгаачид өгч өмсгөн дагуулж пасад хийдэг ажил дээрээ удирдаж байгаа хүнтэйгээ уулзуулж ажилд оруулахаар дагуулж очиход пасадны материал нь талбайд буугаагүй тасалдсанаас түүнийг амьдардаг газар руу нь явуулж өөрөө материал буух хугацааны талаар холбогдох удирдлагатайгаа уулзаж ярилцаад буцаж Б.А ийн байрладаг урцанд очиход нь өмссөн хувцастайгаа хог түүж, үүрсэн байдалтай, өмссөн хувцсыг нь муухай болгосон, архи уусан, согтуу байсан тул хог түүхэд өмсдөг хувцсаа өмссөнгүй, хувцсаа муухай болголоо гэж зүй ёсны шаардлага тавиад хийж өгсөн архинаас нь 50 грамм орчмыг балгаад Б ын хамт гарч явахад араас нь Б.А  гүйж очиж хоёулаа зодолдъё, чамайг ална гэх мэтээр дайрч заамдаж авахад нь Х.Баатархүү газар унагааж 2-3 удаа нүүр, толгой руу нь гараараа цохиж, 5-6 удаа хөлөөрөө өшиглөх үйлдэл хийсэн байдаг. Ингээд согтуудаа босохгүй байна гэж ойлгоод Б ын хамт орхиж явсан гэж хэлдэг бөгөөд энэ нь дүрс бичлэгээр батлагддаг.

 4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М хэргийн материалтай танилцаад болсон асуудлын талаар ямар нэг гомдолгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй гэдгээ бичгээр хүсэлт гаргаж өгсөн байдаг.

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 1322 тоот дүгнэлтэд “Талийгаачид тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан доорх архаг цусан хураа, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн зулайн тархины эдийн голомтлог няцрал, баруун хоншоорын ар хананы хугарал гэмтэл зэргийг тогтоож, тархи хавагнах хүндрэл үүсэх хүртлээ амьд явах боломжтой гэж дүгнээд гэмтлийн улмаас тархи хавагнаж, тархины аалзан хальсан доорх үрэвслийн улмаас нас баржээ” гэж дүгнэсэн. Тэгэхээр тархины хаван, үрэвслийг дарах эмчилгээ зохих ёсоор хийгдсэн эсэх тухай асуудал зүй ёсоор гарч байна.

6. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 4-т “Б г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эд материалын хохирлыг сайн дураараа төлсөн, хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон” гэсэн атлаа тогтоох хэсэгтээ хэрэглээгүй. Дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэл болгон дахин нарийвчлан хянаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэн мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн дагуу хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Б д холбогдох хэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Улсын Дээд шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаартай тогтоолд “хүнийг алах гэмт хэргийг бусдын амь насыг хохирооход чиглэсэн, санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байхыг” шаарддаг. Хүнд гэмтэл учруулсны улмаас нас барсан гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялгаж зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ хандсан хандлага, харилцаа, санаа зорилго, үйлдсэн цаг хугацаа, мөн хохирогчид учруулсан гэмтэл үхэлд шууд хүргэсэн эсэх нөхцөлүүдийг харгалзан үзсэн. Тухайн үед хамт явж байсан Баттулга 0,75 граммын архи авч өгч уулгаж, Б, амь хохирогч нар цаашаа явахад өөрөө араас нь дагаж хэрүүл маргаан зодоон эхлүүлсэн. Цементэн талбай дээр хавсарч унагаагаад толгой, тархи руу нь олон удаа өшиглөж гэмтэл учруулсан. Тухайн авсан тархины гэмтлийн улмаас хохирогч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч нас барсан. Иймд хүнийг санаатай алах гэмт хэргийн шинж бүрэн хангасан. Хэсэг хугацааны дараа хохирогчийн амь нас хохирсон нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч хохирогчийн толгойн хэсэгт олон удаагийн давтамжтайгаар босох чадваргүй болтол нь зодож байгаа нь хяналтын камерт бичигдсэн.  Гэрч Б  нэн даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн тулдаа хохирогч хэд хоног амьд байсан ба эмнэлгээс гараад нэг хоногийн дараа нас барсан. Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мiraj” зочид буудлын хашаан дотор иргэн Б.А-н нүүр, толгойн тус газарт цохих, газар унасан байхад нь толгой рүү нь өшиглөх зэргээр зодсоны улмаас хохирогчид тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан доорх архаг цусан хураа, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн зулайн тархины эдийн голомтлог няцрал, баруун хоншоорын ар хананы хугарал гэмтлүүдийг учруулснаас ухаан алдаж, улмаар эмчилгээ хийгдэж байгаад гавал тархины битүү гэмтлээс тархи хавагнаж, тархины аалзан хальсан доорх үрэвслийн улмаас 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нас барсан буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Д.Б ын “... 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ... А бид хоёр Миражийн тэнд хог түүгээд байж байсан чинь нэг мэдэхэд Баатархүү хүрч ирээд “Чи хувцсаа муухай болгож болохгүй, авч өгсөн хувцас хог түүгээд муухай болгох гээд байх юм, хог түүдэг хувцсаа өмсөөч” гэсэн. Бид хоёрт 1 шил 0,75 литрийн архи авч өгөөд бид хоёр талд нь ортол уугаад байж байсан ба Б  уухгүй гэж байгаад за за ганц татчихъя гээд 50 гр орчим л уучихаад дахиж уугаагүй. ... тэгээд Б  бид хоёр алхаад явж байтал Алтаншагай араас хүрч ирээд Б г барьж аваад “Ална шүү” гээд дайраад байхаар нь би боль гээд хэлсэн боловч салахгүй байсан, ... тэгсэн Б  барьж байгаад хавсарч газар унагаагаад гар, хөлөөрөө нүүр толгой руу олон удаа цохисон, хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. ... одоо боль гээд хэлсэн боловч Б  “танд хамаагүй” гээд орилохоор нь би айчихсан юм, тэгээд А газар хэвтээд үлдсэн. ...” /хх 49-51/,

шүүгдэгч Х.Б ийн яллагдагчаар “...Би А г ажилд оруулах зорилгоор өөрийн өмсдөг цэвэрхэн хувцсаа өгсөн байсан юм. Тэгтэл А  нь тэр хувцсаа өмсчихөөд хог ухаад, бохир шуудай үүрээд яваад байсан. Тухайн үед А  нь архи уугаад согтчихсон байсан ба ер нь согтчихоороо хүмүүс рүү агсраад дайраад байдаг юм. Тэгээд гэнэт миний араас хүрч ирээд ална, хоёулаа зодолдъё гээд байхаар нь би “Хувцсаа муухай болголоо” гэж хэлсэн, тэгээд намайг заамдаж авч боогоод цохих гээд дайраад байхаар нь би тийм үйлдэл хийсэн юм. ... Дээрх гэмтлүүд нь миний А н нүүрэн тус газар нь баруун гараараа 2-3 удаа цохисон, тэгээд гараараа цохисныхоо дараа зүүн хөлөөрөө нүүрэн тус газар нь 2 удаа өшиглөх үед үүссэн гэмтэл байна. ...” /хх 184-186/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1322 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн “...Талийгаачид тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан доорх архаг цусан хураа, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн зулайн тархины эдийн голомтлог няцрал, баруун хоншоорын ар хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. Талийгаачид тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан доорх архаг цусан хураа, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн зулайн тархины эдийн голомтлог няцрал, баруун хоншоорын ар хананы хугарал гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Талийгаачид тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан доорх архаг цусан хураа, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн зулайн тархины эдийн голомтлог няцралын улмаас их, бага тархины аалзан хальсны үрэвсэл, тархи хавагнах хүндрэл үүсэх хүртлээ амьд явах боломжтой. Талийгаачид тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан доорх архаг цусан хураа, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн зулайн тархины эдийн голомтлог няцрал, баруун хоншоорын ар хананы хугарал гэмтлүүд нь амьд үед үүссэн гэмтлүүд байна. Талийгаачид учирсан тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан доорх архаг цусан хураа, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн зулайн тархины эдийн голомтлог няцрал гэмтлүүд нь хүнд, баруун хоншоорын ар хананы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. ... Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж, тархины аалзан хальсан доорх үрэвслийн улмаас нас баржээ. ...” /хх 100-101/ гэсэн дүгнэлт,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-9, 18-25/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Х.Б ийн өмгөөлөгч Л.Цэндоо “...Х.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж, ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэн мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дагуу хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

“Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийн шинжийг харьцуулан хууль зүйн дүгнэлт хийхээс гадна гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэгт бодитой дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох нь чухал ач холбогдолтой.

Амь хохирогч Б.А  нь 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр бусдад зодуулсны улмаас гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн тус эмнэлэгт эмчлүүлж байгаад 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нас барсан талаар эмнэлгийн бичиг баримт, өвчний түүхэнд тусгагдсан байх бөгөөд тэрээр шүүгдэгч Х.Б д зодуулсан даруйдаа ухаан алдаж, улмаар эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэсэн боловч оюун санааны хувьд дахин сэрээгүй үйл баримт тогтоогджээ. 

Дээрх байдлаас дүгнэхэд, амь хохирогч Б.А г үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь шүүгдэгч Х.Б ийн толгойн тус газарт нь цохих, газар унасан байхад нь толгой рүү нь өшиглөх зэрэг үйлдлүүдтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд дээрх гэмтлээс улбаатай амь хохирогчийн тархи хавагнаж, тархины аалзан хальсан доорх үрэвслийн улмаас нас баржээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Б г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд 8-12 жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүхээс Х.Б ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн шинж чанарыг харгалзан 9 жилийн хорих ял оногдуулсан нь гэм бурууд нь тохирчээ.

Иймд шүүгдэгч Х.Б ийн өмгөөлөгч Л.Цэндоогийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Х.Б үүд шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 44 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/889 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б ийн өмгөөлөгч Л.Цэндоогийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 44 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                   М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                   Т.ӨСӨХБАЯР