Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2024/00561

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын*** дугаар багт оршин суух, Ш овогт Уы М;

Хүсэлтийн шаардлага: Ш овогт Уы М нь С овогт Аийн Хтэй 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс гэр бүл болж хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч У.М

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Т.Б,

Орчуулагч А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ш овогт Уы М нь С овогт Аийн Хтэй 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс гэр бүл болж хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Миний бие 1971 онд төрсөн, одоо 53 настай, 1991 онд С.Т гэдэг хүнтэй анх гэр бүл болсон боловч хоорондоо таарамжгүй байдлаас болж Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан юм. Харин С.Т нь гэрлэлт цуцлуулсны дараа 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болно.

1.2.Тэгээд миний бие хэсэг хугацааны дараа өөрийн 3 хүүхдийн хамт Өлгий суманд амьдарч байгаад 2010 оны 3 дугар сарын 10-ны өдөр тус аймгийн Ц сумын 2 дугаар багийн иргэн малчин Аовогтой Хтэй гэр бүл зохиогоод амьдарч байгаа боловч гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авч чадаагүй юм.

1.3.Харин А.Хийн хувьд 1963 онд төрсөн бөгөөд 1989 онд А овогтой Б гэдэг хүнтэй гэр бүл болж, 2 хүүхэдтэй ба 2008 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эхнэр нь нас барсан юм байна. Тэгээд бид хоёр 2010 оны 3 дугаар сард надтай гэр бүл болсон ба Бид хоёр одоо хүртэл нэг гэр бүлд хамтарч байгаа ба дундаасаа хүүхэдтэй болоогүй. Миний 3 хүүхэд, Хийн 2 хүүхэд нийтдээ 5 хүүхдийг асран өсгөн хүмүүжүүлж одоо хүүхдүүдийн хамт малаа маллаж амьдарч байгаа. Хөдөө мал дээр байдаг болохоор хоёр дахь гэрлэлтээ бүргүүлж чадаагүй.

1.4.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ш овогт Уы М нь С овогт Аийн Хтэй 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Хүсэлт гаргагчаас У.М, А.Х нарын Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр олгосон *********дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр олгосон Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон ************дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон **************дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа, Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №135 дугаартай Шийдвэр, Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаартай тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 7 дугаартай тодорхойлолт, А.С, Е.Е, Ж.Ж нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

3.Тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 633 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 588 дугаар албан бичгээр У.М, А.Х болон тэдний хүүхдүүдийн ХААТР маягтуудыг шүүхэд хүргүүлсэн байна.

Мөн тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 650 дугаартай албан бичгийн дагуу Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 02/534 дугаартай албан бичиг болон лавлагаа Үндэсний төв архивын 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 03-05/2898 дугаартай лавлагаа зэрэг нь хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Хүсэлт гаргагч У.М нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие анх 1991 онд Ттэй гэрлэж, 3 хүүхэдтэй болсон боловч таарч тохирохгүйгээс шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Тэгээд А.Хтэй 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2 дахь удаагаа гэр бүл болсон. Одоо хүртэл Баян-өлгий аймгийн Ц сумын 2-р багт нөхөр Хийн хамт амьдарч байгаа. А.Хийн анхны эхнэр Б нь 2008 онд нас барсан ба 2 хүүхэдтэй байсан. Хөдөө мал дээр амьдардаг болохоор Х бид хоёр дахь гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй. Иймд холбогдох нотлох баримтыг үндэслэн Ш овогт Уы М нь С овогт Аийн Хтэй 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэсэн байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1.Хүсэлт гаргагч У.М нь 1991 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Найман жарменбет овогт Сагибатын Тавсиртэй гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр олгосон Гэрлэсний бүртгэлийн лавлагаа-аар нотлогдож байна.

6.2.Хүсэлт гаргагч У.М С.Тавсир нар гэрлэлтээ 2006 оны 03 дугаар сарын 10-ны өдөр цуцлуулсан нь Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №135 дугаартай Шийдвэр-ээр,

6.3.Найман жарменбет овогт Сагибатын Тавсир нь 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болох нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон **************дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа-аар,

6.4.Хүсэлт гаргагч С овогт Аийн Х нь 1989 оны 06 дүгээр сарын 26-ны өдөр Авилхааны Бтай гэрлэлтээ бүртгүүлсэн, мөн 2008 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлт дуусгавар болсон нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр олгосон *********дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаа-аар,

6.5.Авилхааны Б 2008 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан болох нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон ************дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа-аар тус тус нотлогдож байна.

6.6.Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаартай тодорхойлолтод: Тус сумын 2-р багийн иргэн Уы М нь 2010 оны 3 дугаар сарын 10-нд тус багийн иргэн А.Хтэй 2 дахь удаагаа гэр бүл болсон бөгөөд одоо хүртэл амьдарч байгаа юм. А.Х, У.М нар улсын бүртгэлд бүртгүүлж гэрлэлтээ батлуулаагүй нь үнэн гэсэн байна.

6.6.Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 7 дугаартай тодорхойлолтод: Тус багийн иргэн Аийн Х нь ам бүл 6, 2-р багийн иргэн У овогтой М нар нь гэр бүл болж, тус багийн газар нутагт мал маллаж амьдардаг нь үнэн гэсэн байна.

6.7.Хүсэлт гаргагч У.М, А.Х нарын талаар А.Сийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие тус аймгийн Ц сумын 2 дугаар багийн иргэн бөгөөд одоо аймгийн төвд шилжин ирж суурьшсан. Аовогтой Х нь Ц сумын 2 дугаар багт олон жил манайхтай айл хөршүүд байсан. Түүний анхны эхнэр Аы Б 2008 онд нас барсан тул 2010 оны 3 дугаар сард Уы Мтэй гэр бол болсон гэсэн байна.

Мөн Е.Еийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие Ц сумын 2 дугаар багт оршин суудаг, мал маллаж амьдардаг малчин хүн. А.Х нь манайхтай олон жилийн турш айл хөршүүд байсан. А.Хийн анхны эхнэр А.Б 2008 онд нас барсан тул 2010 оны 3 дугаар сард Уы Мтэй гэр бол болсон, одоо хүртэл хамт амьдарч байгаа гэсэн байна.

Мөн Ж.Жы нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие тус аймгийн Ц сумын 2 дугаар багт амьдарч байгаад 2023 онд аймгийн төвд шилжин ирсэн. Аовогтой Х нь Ц сумын 2 дугаар багт олон жил манайхтай айл хөршүүд байсан ба анхны эхнэр А.Б 2008 онд нас барсан тул 2010 оны 3 дугаар сард У.Мтэй гэр бол болсон, одоо хүртэл хамт амьдарч байгаа гэсэн байна.

6.8.Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 02/534 дугаартай албан бичигт: Манай архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Хүн амын орон сууцны 2010 оны улсын тооллогын Баян-Өлгий аймгийн Ц сумын Загаст нуур багийн бүртгэлээс А.Х, У.М нарт холбогдох хүн амын тооллогын лавлагааг хавсралтаар хүргүүлэв. Мөн тус архивд хадгалагдаж буй Хүн амын орон сууцны 2020 оны улсын тооллогын Баян-Өлгий аймгийн Ц сумын Загаст нуур багийн цаасан суурьтай бүртгэлийг шүүж үзэхэд А.Х, У.М нарт холбогдох хүн амын тооллогын баримт байхгүй байгаа тул лавлагаа гаргах боломжгүй гэсэн байна.

6.9.Үндэсний төв архивын 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 03-05/2898 дугаартай лавлагаанд:

7.Хүсэлт гаргагч У.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу гэрлэлт бүртгүүлсэн байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна гэж заасан ба Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Гэрлэгч нас барсан болон түүнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болсонд тооцогдоно, 11.2-т Гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэлт дуусгавар болно гэж тус тус заасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №135 дугаартай Шийдвэр-ээр хүсэлт гаргагч У.Мийн анхны гэрлэлт, мөн А.Б 2008 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нас барснаар А.Хийн анхны гэрлэлт нь тус тус дуусгавар болсон байна.

Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч У.М нь А.Хтэй 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-г баримтлан хүсэлт гаргагч Ш овогт Уы М нь С овогт Аийн Хтэй 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч У.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК