| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2009010660511 |
| Дугаар | 2022/ДШМ/834 |
| Огноо | 2022-08-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.2., 17.2.3.2., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/834
М.М, О.О, Н.Э,
Д.Д нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр,
Б.Э, Д.З, Х.Б нарын болон нэр бүхий 53 иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр,
хохирогч “ТБТ” ХХК-ийн төлөөлөгч Ө.Б, Ч.Б, хохирогч “ТБТ” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат,
шүүгдэгч Н.Э-нь өмгөөлөгч Г.Тамир,
шүүгдэгч М.М-ньөмгөөлөгч Ж.Гантулга,
шүүгдэгч О.О- нь өмгөөлөгч С.Батнасан,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШТ/76 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлээр М.М, Н.Э, О.О, Д.Д нарт холбогдох 2009010660511 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ……... овгийн М.М, ….. оны .. дугаар сарын …-ны өдөр…………..төрсөн, …настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл …,……. дүүргийн …. дүгээр хороо,…….. ….. дугаар гудамжны ……. тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15, 91.2.16 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15, 91.2.16-т зааснаар оногдуулсан 15 жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 181 дүгээр зүйлийн 181.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан ялуудыг багтааж, биечлэн эдлэх ялын хэмжээг 15 жилийн хугацаагаар тогтоосон,
Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.1, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 9 сар 8 хоногийн хорих ялын заримыг буюу 5 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хорих ял шийтгүүлсэн,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасныг баримтлан Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 96 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан;
2……… овгийн Н.Э, ….. оны …. дүгээр сарын …-ний өдөр …………….. төрсөн,… настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл …., эхнэр, хүүхдийн хамт ………..аймгийн ………..сум ……тоотод оршин суух,
Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 88А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүгчийн захирамжаар тэнсэн суллагдсан;
3. ……….овгийн Д.Д, ……. оны … дугаар сарын ….-ны өдөр ……….. төрсөн,… настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ……, эх, эгч, эхнэр, хүүхдийн хамт……….. дүүргийн …… дүгээр хороо, …………. дугаар гудамжны …….тоотод оршин суух,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 635 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 467 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 286А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял тус тус шийтгүүлсэн;
4. …….овгийн О.О, ……. оны …… дугаар сарын…….-ны өдөр……. төрсөн, …..настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл …., …….. дүүргийн …… дүгээр хороо, ………… гудамжны …… тоотод оршин суух,
Нийслэлийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялуудыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хорих ял,
Нийслэлийн шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жил, 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 жил, 267 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 11 жилийн хорих ял,
Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сар баривчлах ялыг багтааж, нийт 6 жил хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулан 6 жил хорих ял дээр Нийслэлийн шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 11 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 8 сар 8 хоногийн зарим болох 4 жил хорих ялыг нэмж нийт 10 жилийн хорих ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор урьд дээрмийн хэрэгт ял шийтгүүлсэн хэргийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 723 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч М.О нь 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 05 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Б” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт тус газрын ажилтан Ж.С-нь амь биед аюултай нөхцөлөөр хүч хэрэглэн довтолсон хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн дээрэмдэж, бусдад 2.921.000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.Д, Н.Э нартай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “С” барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хутга хэрэглэж 670.747.500 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж дээрэмдсэн,
О.О бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБТ” ХХК-ийн Л-4 салбарын байранд тус компанийн ажилтан Х.Д, Х.Д, Ж.Б нарын амь биед аюултай нөхцөлөөр хүч хэрэглэн довтолсон хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн үйлдэж, бусдад 1.191.296.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Н.Э нь М.М, Д.Д нартай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “С” барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, 670.747.500 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж дээрэмдсэн гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д.Д нь М.М, Н.Э нартай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “С” барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, 670.747.500 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж дээрэмдсэн,
мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Т.О эрүүл мэндэд “тархи доргилт" бүхий хөнгөн хохирол, хохирогч Б.Б эрүүл мэндэд “умайн доргилт, зулбахыг завдсан байдал” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч О.О нь М.М той бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБТ” ХХК-ийн Л-4 салбарын байранд тус компанийн ажилтан Х.Д, Х.Д, Ж.Б нарын амь биед аюултай нөхцөлөөр хүч хэрэглэн довтолсон хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн үйлдэж, бусдад 1.191.296.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Ж.Б ын биед халдан “баруун сарвууны зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,
Н.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Д.Д ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
О.О ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанд гаргасан прокурор, хохирогч, түүний өмгөөлөгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан санал, хүсэлт, тайлбар зэрэгтэй холбогдуулан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим хангагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараах үндэслэлтэй гэж үзэв. Үүнд:
1. Гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон барьцаалан зээлдүүлэх газруудаар үйлчлүүлж байгаад эд зүйлээ алдаж иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн хувьд эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлж байсан иргэдийн заримыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод олон тооны иргэдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй нь Эрүүгийн хуулийн зорилтод нийцэхгүй, иргэд өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх нь эрх нь ноцтой зөрчигдөж байна. Олон тооны иргэд буюу барьцаалан зээлдүүлэх газрын үйлчлүүлэгчдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг бүрчлэн шалгаж алдагдсан эд зүйлийн талаарх мэдүүлэг авч хохирол, хор уршгийн хэр хэмжээг тогтоох нь эд зүйлийн үнэлгээг зөв тогтооход ач холбогдолтой юм. Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг бүрэн гүйцэд тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох шаардлагатай. Энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Дээрхээс үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн буюу хохирогчоор тогтоогдвол зохих этгээдүүдийн эрхийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх зайлшгүй шаардлагатай байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан эсэхийг нягтлан шалгах шаардлагатай.
Хохирол, хор уршигтай холбоотой гаргасан хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах нь зүйтэй. Учир нь, хөрөнгийн үнэлгээ нь алт, монет, мөнгөний сорьцыг ялган салгалгүйгээр үнэлгээ гаргасан нь хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй нөхцөл үүсгэж байна.
2. 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 607 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэсэн атал гэмт хэргийн зүйлчлэл өөр өөр байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн үйлдэл оролцоог нарийвчлан тогтоох шаардлагатай. Шүүгдэгч Д.Д ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Да Хүрээгийн С ломбардын урдуур Н.ын хөх өнгийн “Приус 30” маркийн автомашинтай явж онгорхой байгааг нь харчихаад буцаад Да Хүрээ захын урдуур Офицерын хажуугаар урагш яваад Нарантуул орж ...” /7хх 30-34/ дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ өмссөн хувцас авсан талаар мэдүүлсэн, хохирогч байгууллагын өмгөөлөгчдийн гаргасан саналыг авч үзэхэд энэ тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай.
Дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийлгүйгээр шүүгдэгч М.М, Н.Э, Д.Д, О.Оч нарт холбогдох 2009010660511 дугаар хэргийн хохирол, хор уршгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүхээс дүгнэлээ.
Шүүхийн тогтоолд дурдаагүй боловч хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт болон хэргийн бодит байдлыг нотлох хуульд заасан бүх арга хэмжээг авах нь зүйтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч М.М, Н.Э, Д.Д, О.О нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.
Тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурор хяналт тавих, нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн, мөн оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр нэг мөр шийдвэрлэхийг тус тус анхаарах нь зүйтэй гээд хэргийг прокурорт очтол шүүгдэгч М.М, О.О нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Н.Э, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн тогтоолыг хүлээн авч танилцахад шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж эс зөвшөөрч байна. Үүнд:
Энэ хэргийн тухайд, гэмт халдлагад өртсөн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б.Б” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн автобусны буудлын орчим үйл ажиллагаа явуулдаг “С ломбард” барьцаалан зээлдүүлэх газар, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБТ барьцаалан зээлдүүлэх газруудад гэмт этгээдүүд халдаж, эд зүйл дээрэмдсэн, ингэхдээ бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан зэрэг байдлаар уг асуудлыг авч үзэх нь зүйтэй.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.5 дугаар зүйлд зааснаар дээрх аж ахуйн нэгжийн төлөөлөх эрхтэй иргэнийг бусдын эд хөрөнгийг хадгалж хамгаалах үүрэг бүхий байгууллагын өмчлөлд шууд шилжүүлсэн иргэдийн өмчлөлд байгаагүй гэрээний нөхцөлтэй хадгалагдаж байсан байдалд дүгнэлт өгч, өөрөөр хэлбэл хохирогч бол гагцхүү Эрүүгийн хуульд заагдсан нийгэмд аюултай гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдийг ойлгохоор тодорхойлсны дагуу уг аж ахуйн нэгжийн төлөөлсөн иргэнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон болно. Энэ талаар шүүхээс хийсэн эд хөрөнгийн өмчлөгч иргэдийг тус хэрэгт хохирогчоор тогтоон, учирсан хохирол, хор уршгийг тогтоох шаардлагатай гэсэн байдалд тухайн иргэдийн барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн гэрээний үндсэн дээр хадгалагдаж хамгаалагдаж байсан эд хөрөнгийг “ТБТ”, “С ломбард” зэрэг аж ахуйн нэгж хариуцах бөгөөд Эрүүгийн хуульд заагдсан нийгэм аюултай гэмт хэргийн улмаас шууд уг аж ахуйн нэгжүүд хохирсон гэж үзэж байгаа тул дээрх ажиллагааг хийх боломжгүй гэж үзэж байна.
Нөгөө талаар шүүхээс мөн хохирогч нарыг бүрэн гүйцэд тогтоогоогүй буюу иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй эсэхийг нягтлан шалгаж хохирол, хор уршгийг тогтоосон асуудлыг нэг мөр шалгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг тогтоох шаардлагатай. Хохирол, хор уршигтай холбоотой гаргасан хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах зэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар заажээ. Гэтэл шүүх хуралдаанаар нөхөн хийж болохгүй бүрэн биш ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа явуулж байж нотлох баримт шинээр цуглуулах, гэмт хэрэгт сэрдэгдсэн бусад этгээдийг олох, эсхүл мөрдөн шалгах ажиллагааг өөр газарт буюу нэмэлт олон ажиллагаа явуулах шаардлага үүссэн байхыг ойлгохоор тодорхойлсон бөгөөд энэ тохиолдолд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэл бүрдээгүй байна.
Шинжээчийн дүгнэлт нь хэргийн талаар нотлох баримтын нэг эх сурвалж бөгөөд шинжлэх ухаан, техникийн нарийн мэргэжлийн хүн буюу тусгай мэдлэг бүхий этгээдийн гаргасан шинжилгээний хариу бөгөөд тусгай мэргэжлийн гэдэг нь нийтлэг биш, нарийн мэргэжлийн гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд хэргийн бодит үнэнийг тогтооход ашиглаж буй хэлбэр юм.
Шүүхээс ... “учир нь хөрөнгийн үнэлгээ нь алт, монет, мөнгөний сорьцыг ялган салгалгүйгээр үнэлгээ гаргасан нь хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй” гэжээ. Хэргийн хэлэлцүүлгийн явцад шинжээчид асуулт тавьж, дээрх асуудлын талаар үндэслэл шалтгаанаа шинжээч хариулж тодорхойлсон шинжилгээний хариу бүхэлдээ тодорхой биш, хэргийн бодит байдал, бусад нотлох баримтуудтай нийцэхгүй, зөрчилдөх, аль эсхүл хуульд заасан журам, шинжилгээ хийх дүрмийг зөрчсөн, түүнчлэн шинжээчийн мэдлэг чадварт эргэлзээ төрвөл дахин шинжилгээ хийлгэх хууль зүйн үндэслэл үүсээгүй гэж үзэж байна.
Шүүх хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, ямар хууль зүйн үндэслэлээр няцаан хэрхэн үгүйсгэж, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэх талаар шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх яллагдагч нарын гэмт хэрэг үйлдсэн, түүнийг нотолсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн яллах талын нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд бодит байдлыг тогтоох, улмаар яллагдагчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж дүгнэлт өгч, тэдгээрийн агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулах шаардлагатай гэрч, хохирогч, шинжээч нарыг оролцуулах хэлбэрээр хэргийг хуралдаанаар хянан хэлэлцэх боломжийг үүсгэсэн хэдий ч энэ талаар хэрэг шийдвэрлэхүйц хууль зүйн дүгнэлт өгч чадахгүй хэргийг дахин буцааж байгаа нь үндэслэл бүхий болоогүй болно.
Шүүхийн дүгнэлт хэт нийтлэг, ойлгомжгүй, хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа тодорхойгүй байдлаар үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь учир дутагдалтай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан агуулгад нийцээгүй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.
Б.Э, Д.З, Х.Б нарын болон нэр бүхий 53 иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй. Бид хууль гэж ярихаас өмнө хүний эрхийг хамгийн түрүүнд харах ёстой. Жинхэнэ хохирсон иргэд нь “ТБТ ХХК-д эд зүйлээ барьцаанд тавьсан хохирогчид. Прокурор “ТБТ ХХК-д барьцаалуулсан учраас түүнийг төлөөлж эд зүйлийг хадгалж байсан компанийг хохирогчоор татсан, тэр журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэж байгаа ч “ТБТ” ХХК-ийн ашиг сонирхол өөр юм. Жишээлбэл, эд зүйлээ барьцаанд тавьсан хүмүүсийн хувьд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон 5 хүнээс гадна 2000 гаруй хүний эрх ашиг яригдана. Эд зүйлээ барьцаанд тавьсан хүмүүсийн хувьд үнэлгээ хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд биш байгаа. Учир нь, эд зүйлээ барьцаанд тавьж байх үеийн үнэ нь өөр бөгөөд дараа нь тухайн хөрөнгө байхгүй байхад шинжээч эд зүйлийн үнэлгээ гаргасан. Тэр хүмүүсийн тухайд эд зүйлийг худалдаж авсан үнэ цэнэ гэдэг зүйлийг харьцуулахгүйгээр үнэлгээ гаргасан. Миний үйлчлүүлэгч 5 хүний эд зүйлийн үнэлгээ нь худалдаж авсан үнээсээ 30-40 хувиар доогуур үнэлгээтэй болсон. Энэ хэргийн гадна үлдсэн 2000 гаруй хүний эрх ашиг хөндөгдөхгүй байгаа энэ үед эрүүгийн журмаар хэрэг шийдвэрлэгдсэний дараа иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх гэхээр эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн үнэлгээгээр нэхэмжлэх эрхтэй болно. Тэгэхээр энэ үнэлгээ нь бодитой эд зүйлийн үнэлгээ биш. “Тайгын булаг трейд” ХХК нь өөр ашиг сонирхолтой, энэ үнэлгээг өндөр гарсан гэж маргаж байгаа. Жинхэнэ эд зүйлээ барьцаанд тавьсан хүмүүс эд зүйлийн үнэлгээ бага гарсан гэсэн хоёр өөр эрх ашиг сонирхолтой. Хоёр өөр ашиг сонирхолтой хүмүүсийг зөвхөн “ТБТ” ХХК-иар төлөөлүүлж хохирлын асуудлыг шийдвэрлэнэ гэдэг нь миний үйлчлүүлэгч 5 хүн, түүний гадна үлдэж байгаа 2000 гаруй хүний эрх ашигт хохиролтой байна. Тийм ч учраас иргэний нэхэмжлэгчээр оролцуулж, тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бодитой оролцуулж эрх ашгийг нь хамгаалах нь Эрүүгийн хуулийн зорилтод заасан хохирлыг бодитой тооцох, зөрчигдсөн эрх ашгийг сэргээх гэдгээс хол байсан учраас анхан шатны шүүхэд энэ талаар тайлбар гаргаж шүүхээс хохирогч нарыг үнэн зөв, бодит үйл ажиллагаанд оролцуулж, хохирлыг зөв тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй” гэв.
Б.Э, Д.З, Х.Б г нарын болон нэр бүхий 53 иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Наранзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Б.Өлзийбаяртай санал нэг байна. Улсын яллагчийн бичсэн эсэргүүцэл ямар хууль зүйн үндэслэлээр гарсан нь тодорхой бус. Өмнө нь энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарч анхан шатны шүүхэд буцаасан үндэслэлийг ярьж байна. Нэр бүхий 50 иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцсоноос 5 хүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, 6 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно” гэж тус тус заасан. Хэрвээ эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж иргэний журмаар хандах болбол эд зүйлийн үнэлгээ бага тусна. Хохирлын хэмжээ тодорхой бус, жинхэнэ хохирсон иргэдийн хохирлыг бодитоор гаргаагүй байж хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлгүй тул шинжээчийн дүгнэлтийг эсэргүүцэж байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогч “ТБТ” ХХК-ийн төлөөлөгч Ч.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нарын удаа дараагийн дээрмийн гэмт хэргийн улмаас манай байгууллага болон 3000 гаруй иргэдийн эд хөрөнгө, өмчлөх эрхэнд их хэмжээний хохирол учирсан. Манай байгууллагын албан хаагч нарын эрүүл мэнд, эрх чөлөөнд хохирол учирсан байтал прокуророос гэм буруутай этгээдүүдийг хаацайлж байгаа хандлага гаргаж, тухайн иргэдийг буруутгаж эрх зүйн байдлыг дордуулж байгааг хууль бус гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан мөрдөгч, прокурор мэргэжлийн ур чадвараа алдсан, хуульд заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүйгээс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн эд мөрийн баримт болох эд хөрөнгөөс өнөөдрийн байдлаар гаргуулж, илрүүлээгүй зэргээс харахад хуулийн байгууллага хуульд заасан гүйцэтгэх ажиллагааг хангалтгүй хэрэгжүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус заасан шударга ёсны зарчмыг прокурорууд баримтлаагүй нь шударга ёсонд нийцэхгүй байна. Тухайлбал, шүүгдэгч М.М, Н.Э, О.О, Д.Д нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна. Гэтэл прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хэрэгт авагдсан баримтуудыг хууль зүйн хүрээнд үндэслэлтэй дүгнэж шийдвэрлээгүй. Үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэж, бүлэглэн энэ гэмт хэрэг үйлдсэн байхад зөвхөн М.М г хутга хэрэглэсэн, бусад хоёрыг нь хутга хэрэглээгүй гэж зүйлчилж байгаа нь хуульд нийцээгүй. Прокурор хохирогчийн эд зүйл, мөнгийг ямар аргаар авч шүүгдэгч нарын өмчлөлд шилжиж байгаад дүгнэлт хийгээгүй, яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй. Мөрдөн байцаалтын үед иргэний нэхэмжлэгчээр оролцвол зохих этгээдүүдийг оролцуулаагүй, тэдгээрийн гаргасан гомдол, нэхэмжлэлийг хүлээн аваагүй нь мөрдөгч, прокурорын ажиллагаатай холбоотой хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлүүдийн нэг болсон. Уг хэргийг хуулийн дагуу бүх нотлох баримтуудад тулгуурлан үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой шинжээчийн дүгнэлт нь үнэт металлуудыг ялгаж, салгалгүй үнэлгээ гаргасан. Шинжээчийн хариу бүхэлдээ тодорхой бус, хэргийн бодит байдал болон нотлох баримтуудтай нийцэхгүй байгаа нь 1500 иргэд болон хохирогч байгууллагын зүгээс эргэлзээ төрүүлж байна. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж үндэслэлтэй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогч “ТБТ” ХХК-ийн төлөөлөгч Ө.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоолыг дэмжин оролцож байна. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүгдэгч нарын эд хөрөнгийн лавлагааг авч, шалгах ажиллагааг хийгээгүй. Хэрэв эд хөрөнгөтэй бол иргэд болон хохирогч байгууллагын хохирлыг барагдуулах зорилгоор тэдгээрийн эд хөрөнгийг битүүмжлэх ёстой. Энэ ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтэй байна. Н.Э, Д.Д нар 25, 30 сая төгрөгийн үнэтэй автомашин унаж байхад эдгээр автомашиныг ямар замаар олж авсан талаар тодруулах шаардлагатай. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж энэ талаар шалгуулах саналтай байна. Мөн шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтэй байна. Учир нь, манай компанийн албан хаагч нар энэ хүмүүсийг гадуур байгаа гэхээр ажлын байраа орхиж, ажлаа хийж чадахгүй нөхцөлд хүрч байна. Манай компанид хөрөнгө мөнгө гэхээс илүү ажиллах хүч хэрэгтэй байгаа” гэв.
Хохирогч “ТБТ” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулж нэмж тайлбарлаж байгаа ч энэ нь хуулийн нэмэлт өөрчлөлтөд хамаарахгүй. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх эрхтэй учир шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй. Прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэл хууль зүйн үндэслэлгүй. Өмнө нь энэ хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Түүнээс биш хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэж дуусга гээгүй. Мөрдөн байцаалттай холбоотой хэд хэдэн ажиллагааг зайлшгүй хийх ёстой. Гэмт хэрэгт хамтран оролцсон бусад этгээдүүд байгаа эсэхийг шалган тогтоох ажиллагаа явуулаагүй. Алдагдсан эд зүйлсийг эрэн хайх ажиллагаа явуулаагүй. Дээрэмдсэн этгээдүүд олж авсан үнэт эдлэлүүдийн зарим хэсгийг нуусан байдаг ч энэ талаар олж тогтоохоор мөрдөгч, прокурор удаа дараа хэргийн хугацааг сунгаж байсан. Эрэн хайх ажиллагааг явуулах зорилгоор хугацаа сунгаж байсан ч эд зүйлийг эрэх, хайх ажиллагаа огт хийгээгүй. Прокуророос гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг зэвсэг хэрэглээгүй гэж зүйлчилсэн. Бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэсэн атлаа нэгийг нь зэвсэг хэрэглэсэн, нөгөө хоёрыг нь зэвсэг хэрэглээгүй гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хохирогч иргэдийн гарыг нь хүлэхдээ цагдаагийн байгууллагын нэг удаа хэрэглэдэг багцлагчийг ашиглан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн. Энэхүү багцлагч буюу нэг удаагийн гавыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн эсэх асуудлыг шалган тогтоогоогүй. М.М, Н.Э, О.О, Д.Д нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэргээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, байгууллагын компьютерийн дэлгэц хагалсан, бусдын хүзүүнд хутга тулгаж заналхийлсэн, хүнийг барьцаалсан үйлдлүүд байдаг. Эдгээр олон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдэд прокурор, мөрдөгч нар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох ажиллагаа огт явуулаагүй. Гэтэл прокурор хэргийг бүрэн гүйцэд шалган тогтоосон гэж байгаа нь ойлгомжгүй байх тул анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогч “ТБТ” ХХК-ийн өмгөөлөгч Г.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоолыг зөвшөөрч байна. Прокурор эсэргүүцэлдээ өмчлөгч нь ломбард гэдэг. Эд хөрөнгөө ломбардад тавьчихаар тэр эд зүйл нь ломбардны өмч болох уу, эсхүл ломбардны барьцааны хөрөнгө болох уу. Жинхэнэ эд хөрөнгийн хохирогч нь олон хүмүүс байна. Эд хөрөнгө хэнд байгаагаас шалтгаалж өмчлөгч өөрчлөгдөх үү. Энэ мэтийн зүйлийг прокурор эсэргүүцэлдээ дурдсан нь үндэслэлгүй. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашиныг шалгаагүй. Шинжээчийн дүгнэлт өөр өөр байдаг. Шинжээч шүүх хуралдаанд “сорьц нь өндөр алт бага үнэтэй, сорьц нь бага алт өндөр үнэтэй байна” гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгэх шаардлагатай. Хэргийн оролцогч нараас гаргасан гомдолд “гомдлыг тань хянаж байна, одоогоор хариу өгөх боломжгүй” гээд мөрдөгч, прокуророос тодорхой хариу өгдөггүй. Анхан шатны шүүх тодорхой даалгавар өгөөд байхад шүүхийн тогтоол хэт нийтлэг, ойлгомжгүй гэж эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх эрх хадгалагдаж байгаа учраас анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогч Н.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй. Шүүгдэгч нар бүлэглэж бид нарыг үхэхээс наагуур байдалд оруулж, 3000 иргэнийг хохироож, тэрбум гаруй төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн аймшигтай хэрэг үйлдсэн байхад прокуророос тэдэнд бага ял төлөвлөж, улмаар анхан шатны шүүхийн тогтоолд эсэргүүцэл бичиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 3000 гаруй хохирогч бидний ажлын байранд өдөр бүр орж ирж “эд зүйлээ авмаар байна” гэж дарамталж ажлаа хийхэд төдийгүй сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд хэцүү байдалд оруулж байна. Ажлын байранд хүн гаднаас орж ирээд орилж хашгирснаас болж ажилтан ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэх, жирэмсэн эмэгтэйн хүүхэд зулбах зэрэг байдалд орж байсан. Эд зүйлээ ломбардад тавьсан хүмүүсийн эд зүйлийг өгчихвөл бид ажлын байран дээрээ амар тайван ажлаа хиймээр байна. Манай байгууллагаас дээрэм хийсэн хүмүүсээс эд зүйлийг гаргуулж өгөхөд нөлөөлөх хүн нь прокурор гэж үзэж байгаа. Эд зүйл олох талаар ажиллагаа явуулаагүй хэрнээ шүүгдэгч нарт бага ял төлөвлөж, хамгаалж байгаа нь ямар ашиг сонирхол, санаа зорилготойг ойлгохгүй байна” гэв.
Шүүгдэгч Н.Э ын өмгөөлөгч Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Уг хэрэг анхан шатны шүүхээс хохиролтой холбоотойгоор буцаж, давж заалдах шатны шүүхээс захирамжийг үндэслэлгүй, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байсан. Гэтэл 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 76 дугаар тогтоол нь өмнөх захирамжид дурдсан үндэслэлийг бичсэн. Анхан шатны шүүхийн тогтоол миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Даваахүү “Да хүрээ зах руу явахдаа Э ын цэнхэр өнгийн “Тоёота Приус” маркийн автомашинтай явсан” гэж мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдэхдээ энэ автомашиныг ашигласан эсэхийг шалга гэж буцаасан нь үндэслэлгүй. Хавтаст хэргийн 223-224 дүгээр талд гэрч Л, Ч нарын мэдүүлэгт ямар тээврийн хэрэгсэл ашигласан нь нотлох баримтаар авагдсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.М ын өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхийн тогтоол 2 үндсэн агуулгаар гарсан. Хэргийн оролцогч иргэний нэхэмжлэгч, хохирогчийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоогоогүй байна, тогтоох шаардлагатай гэсэн. Прокурорын эсэргүүцэлд хохирлын хэмжээг ямар үндэслэлээр гаргасан талаар тодорхой дурдаагүй. 2 дугаар хавтаст хэргийн 124-125 дугаар талд мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хийж, М.М ын мэдүүлгээр 34 ширхэг бөгж, 32 ширхэг ээмэг, 3 ширхэг гинж нийт 69 нэр төрлийн эд зүйлүүдийг хураан авсан. Эдгээр эд зүйлийг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж байсан. Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах ломбарднаас гарсан хохирлын хэмжээг тогтоохоор мөрдөгч шинжээч томилох тогтоолд 1562 эд зүйлийн үнэлгээ хийлгэхээр тогтоол явуулсан. Шинжээчийн дүгнэлтээр 1561 эд зүйлд үнэлгээ хийсэн. 670.483.500 төгрөгийн хохирол гарсан. Энэ хохирлын дүнд 69 нэр төрлийн эд зүйлийн үнэлгээ тооцогдсон эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхойгүй, бүрэн бус, шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч О.О ийн өмгөөлөгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн тогтоолын 1 дэх үндэслэлд “... барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлж байсан иргэдийн заримыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод заримыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй нь хохирол төлүүлэх эрхийг нь ноцтой зөрчиж байна. ...” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж,
мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч М.М, О.О, Н.Э, Д.Д нар нь барьцаалан зээлдүүлэх газарт орж, уг байгууллагын ажилчидад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийж эд хөрөнгө авсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд барьцаалан зээлдүүлэх газарт байсан зарим эд хөрөнгө нь тус газарт эд хөрөнгөө барьцаалж зээл авсан иргэдийн өмч байна.
Иймд барьцаалан зээлдүүлэх газрыг, эсхүл тус газарт эд хөрөнгөө барьцаалж зээл авсан иргэдийг хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоох эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.
Ингэхдээ, барьцаалан зээлдүүлэх газар, уг газарт эд хөрөнгөө барьцаалж зээл авсан иргэд хоорондын эрх, үүргийг тодорхойлсон иргэний эрх зүйн хэм хэмжээ, уг хэм хэмжээнд болон хуулиар хориглоогүй асуудлаар талууд тохиролцож байгуулсан гэрээний заалтуудын хүрээнд дүгнэлт хийвэл зохино.
Анхан шатны шүүхийн тогтоолын 2 дахь үндэслэлд “...2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 607 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэсэн атал гэмт хэргийн зүйлчлэл өөр өөр байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн үйлдэл оролцоог нарийвчлан тогтоох шаардлагатай. ...” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан байна.
Бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдүүдийн зарим нь зэвсэг хэрэглэсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, оролцоо, зорилгоо хэрэгжүүлж гэмт хэргийг төгсгөсөн зэрэг нөхцөл байдлуудад дүгнэлт хийсний эцэст өөр өөр зүйл, хэсгээр, эсхүл нэг зүйл, хэсгийн хүрээнд зүйлчлэх эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байна гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Анхбаярын бичсэн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШТ/76 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР