Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 119/ШШ2024/0022

 

                                           Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                      

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би ОА-ийн ПГ-ын АП Л.О-ийн Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч Д.Энхмөнхөд холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0010571 дугаартай шийтгэлийн хуудсаар М.Ч-т Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад                             

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

ОА-ийн ПГ-ын АП Л.О шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ОА-ийн ПГ-ын АП Л.О би тус аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын улсын байцаагч Д.Энхмөнхийн “ЗХ .. дугаар ангийн САД М.Ч нь П.Ш-ыг 2023 оны 11 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй орхигдуулсан” гэх үйлдэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 2024 оны 03 сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шалгалтаар бүхэлд нь хянав.

1. Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Энхмөнх нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.

Холбогдогч М.Ч нь зх ... дугаар ангид САД-аар ажилладаг төрийн албан хаагч бөгөөд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зөрчил үйлдсэн нь холбогдогчийн мэдүүлэг, Зх ... дугаар ангийн 2024 оны 03 сарын 07-ны өдрийн 120 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-д зааснаар "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 4-д зааснаар “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. гэсэн заалтыг,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 10-д зааснаар “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүрэгтэй холбоотой хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хариуцлагыг хүлээлгэх талаар харьяалах байгууллагын удирдлагад албан бичгээр, гэмт хэргийн шинжтэй бол энэ хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурорт даруй мэдэгдэнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.

Прокурор нь Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг хяналтаар илрүүлж, өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үүрэгтэй. Энэ эрх үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд дүгнэлт бичих ажиллагаа юм.

Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Орхон аймгийн нийгмийн даатгалын газрын хяналтын байцаагч Д.Энхмөнхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 0010571 дугаартай шийтгэлийн хуудсаар М.Ч*т Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичивгэжээ. 

 

Хариуцагч Д.Энхмөнх шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ПГ-ын АП, ХЦИЗ Л.О-ийн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай 2024 оны 04 сарын 04-ний өдрийн дугаар 06 тоот дүгнэлттэй уншиж танилцлаа.

Прокурорын захиргааны хэргийн шүүхэд гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Зөрчлийн тухай хуулийн 3.5 дахь заалтын торгох шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэл 1 дэх заалтын дагуу 500 нэгжийг 50% хөнгөрүүлэн 250000 (хоёр зуун тавин) мянган төгрөгний торгуулийг төлүүлсэн. Иймд шүүгчийн захирамжиндаа 500000 төгрөгөөр биш 250000 төгрөгний торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

ОА-ийн ПГ-ын АП Л.О нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагч Д.Энхмөнхөд холбогдуулан “Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0010571 дугаартай шийтгэлийн хуудсаар М.Ч-т Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн 06 дугаартай дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Энхмөнхөөс прокурорын дүгнэлтийг бүхэлд нь сайн дураар хүлээн зөвшөөрсөнөө илэрхийлж, тэр тухайгаа шүүхэд бичгээр ирүүлжээ.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Хариуцагч Д.Энхмөнх нь ОА-ын ПГ-ын АП-ын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан ОА-ийн ПГ-ын АП Л.О-ийн Нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0010571 дугаартай шийтгэлийн хуудсаар М.Ч-т Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах”-ыг  хүссэн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаартай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, уг дүгнэлтэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

       ШҮҮГЧ                             Д.САРАНГЭРЭЛ