| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2017/0369/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/02 |
| Огноо | 2017-12-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Б.Амартүвшин,
ШүүгдэгчЦ.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнЦ.Бд холбогдох эрүүгийн 1738002880113 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
ШүүгдэгчЦ.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Д-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
ШүүгдэгчЦ.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Д-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчЦ.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...5-р хорооны хойд талын гудамж руу орж ирж яваад Нямбуутай маргалдсан. Нямбуу 10 гаран жилийн өмнө манай нагац Должинтой үерхэж байгаад больсон юм. Тэрнээс болж бид хоёр маргасан. Би Нямбууг 2-3 удаа өшиглөсөн. Бусдыг зодсон маань миний буруу юм...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Д-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Бүдбал бид хоёр юм ярьж байгаад маргасан. Тэгээд бид хоёр барилцаж аваад Бүдбал миний зүүн мөрлүү ямар нэгэн хатуу зүйлээр цохисон. Би нэг цохиулаад ухаан алдсан байна лээ. Би хойд тал дээр харуй бүрий болж байхад ухаан орсон. Намайг ухаан ороход миний хажууд хүн байгаагүй бүгд явсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-15 дугаар хуудас/,
Гэрч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бүдбал Нямбууг чи манай хүргэн болох гэж байсан. Яагаад манай эгчийг хаячихсан юм бэ гээд Нямбуутай маргалдаж байсан... Намайг тэнд байхад Бүдбал Нямбууг ямар нэгэн байдлаар цохиогүй. Намайг явснаас хойш юу болсныг нь мэдэхгүй байна. Би Нямбууг зодуулсан талаар маргааш нь мэдсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-21 дүгээр хуудас/,
Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бүдээ бид хоёрБгийн ангийн найзынд очиход байхгүй байсан. Утас руу нь залгаад дуудахад нөгөө найз нь нэг найзтайгаа хамт ирсэн. Тэгээд бид дөрөв хойд талд очиж суугаад архи уусан. Мөрөн сумын хойд гудамж руу орж ирж яваадБ нөгөө цуг ирсэн найзтай нь маргасан. Тэгээд тэр залууг газарт сууж байхад ньБ 2-3 удаа цээж рүү нь өшиглөхөөр нь би салгаж аваад явсан. Өшиглүүлсэн залуу тэндээ суугаад үлдсэн. Ганбаа гэдэг найз нь явчихсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...БиБг хэрэгт холбогдсон талаар нь сар гарны өмнө мэдсэн.Б тэр болгон архи уугаад байдаггүй, зан ааш сайтай хүн юм.Б Улаанбаатар хотод эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ямар хэрэгт шалгагдаж байгааг нь сайн мэдээгүй. Цагдаа дээр шалгагдаж байгааг нь бол 11-р сард мэдсэн.Б Улаанбаатар хотод эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 602 тоот
1. Б.Д-йн биед гэмтэл тогтоогдлоо.
2. Б.Д-йн биед зүүн эгэм ясны далд хугарал, цээж, зүүн мөрөнд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.
3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 29 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1738002880113 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
ШүүгдэгчЦ.Б нь урьд 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 онд эдлээгүй үлдсэн 11 хоногийн хорих ялаас тэнсэж хянан харгалзаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, захирамжийн хуулбар /ХХ-ийн 53, 56-63 дугаар хуудас/-аар тогтоогдож байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болсон байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
ШүүгдэгчЦ.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Б.Д-нь шүүгдэгчтэй 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан /ХХ-ийн 8 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 15 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 225.000 төгрөгөөр тооцож торгох ялын хэмжээнээс хасах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1738002880113 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчЦ.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр тооцож торгох ялаас хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 1738002880113 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчЦ.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР