Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/835

 

 

 

 

 

 

           

Ц.А, Т.А, Ц.Л,

Т.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Буянхишиг,

хохирогч “ТБК” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Мягмархорол, хохирогч “ТБК” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү,

шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

шүүгдэгч Ц.Л, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,

шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, Б.Тэнгис,

шүүгдэгч Ц.Аийн өмгөөлөгч Э.Энххэрлэн,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/623 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Б.Одонтуяа, шүүгдэгч Ц.Л, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.А, Т.А, Ц.Л, Т.Н нарт холбогдох  2009016031007 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ......................овгийн Ц.Л, ...................................... төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт .....................................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ......................../,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 551 дүгээр зүйлийн 551.1, 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сарын хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 4 жилийн хорих ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолоор 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 600 цагийн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон;

2. ................ овгийн Т.А, .............................. төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ......................................тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............................. тоотод түр оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр 2012 оны 360 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор 2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн;

3. ............................. овгийн Т.Н, ................................................... төрсөн, .............. настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “.................................. ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт ..................................тоотод түр оршин суух,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 545 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан;

4. ....................... овгийн Ц.А, ........................................ төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, креамикийн шаазан урлаач мэргэжилтэй, ............................. ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ......................................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Ц.Л, Т.А, Т.Н, Ц.А нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТБК” ХХК-ийн “С” барьцаалан зээлдүүлэх газарт “1 жилийн хугацаатай 3,5 хувийн хүүтэй зээл авъя" гэж осолд орж ашиглагдах боломжгүй болсон тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан өөр автомашинд улсын дугаарыг зүүж, бичиг баримт ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч:

2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр “Лексус 570” маркийн 40-58 УНЯ улсын дугаартай JTJHY00W584008371 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж, барьцаанд тавьж 30.000.000 төгрөгийг,

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Лексус 470” маркийн 81-88 УБР улсын дугаартай JTJHT00WX64004179 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж, барьцаанд тавьж 13.000.000 төгрөгийг,

2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Тоёота Ланд круйзер 200” маркийн 72-52 УБГ улсын дугаартай JTMDU09J194015095 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж, барьцаанд тавьж 32.000.000 төгрөгийг,

2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Лексус 570” маркийн 38-00 УБО улсын дугаартай JTJHY00W9C4092042 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж, барьцаанд тавьж 50.000.000 төгрөгийг,

2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Тоёота Ланд круйзер 200” маркийн 71-10 УБА улсын дугаартай JTMHT05J304020912 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж, барьцаанд тавьж 25.500.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 150.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ц.Л нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг “Х” барьцаалан зээлдүүлэх газарт “Тоёота приус” маркийн 13-04 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арлын дугаарыг засаж, гэрчилгээг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч барьцаалан 3.500.000 төгрөгийг,

2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 91-39 УБУ улсын дугаартай “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг засаж, гэрчилгээг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч барьцаалан 5.000.000 төгрөгийг,

2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-нд 39-04 УНЛ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг засаж, гэрчилгээг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч барьцаалан 3.500.000 төгрөгийг,

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Ар билэг” ХХК-ийн авто ломбардад 96-20 УБП улсын дугаартай, NHW 203189635 арлын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг засаж, гэрчилгээг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч барьцаалан 3.800.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 15.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Л, Т.А, Т.Н, Ц.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Л, Т.А, Т.Н, Ц.А нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Лг 7 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Аг 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Нг 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Аийг 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л, Т.А нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Т.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Л, Т.А, Т.Н нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 11 хоног, шүүгдэгч Ц.Аийн 11 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан буюу 165 нэгж /165.000 төгрөг/-ийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Лгээс нийт 52.384.660 төгрөг гаргуулж, “ТБК” ХХК-д 37.000. 000 төгрөг, “Т” ХХК-д 4.584.660 төгрөг, “Т” ХХК-д 3.500.000 төгрөг, “С” ХХК-д 3.500.000 төгрөг, “А” ХХК-д 3.800.000 төгрөг, шүүгдэгч Т.Н, Т.А тус бүрээс 37.000.000 төгрөг гаргуулан “ТБК” ХХК-д тус тус олгож, шүүгдэгч Ц.Л, Т.А, Т.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Ц.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, гомдолтой байна. Учир нь, 1. Болдбаатар гэх хүний мэдүүлэг худлаа, намайг илт гүтгэсэн. Би Болдбаатарыг гуйсан болохоор бичиг баримтыг нь зарж өгсөн. Гэхдээ өөрийнх нь ярьж байгаа шиг 5 автомашины гэрчилгээ биш. 38-00 УБО “Lexus 570” автомашины гэрчилгээг 20.000.000 төгрөгөөр, 71-10 УБА “Land Cruiser 200” маркийн автомашины гэрчилгээг 10.000.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь Болдбаатарын данс руу шилжүүлсэн. Надад хэлэхдээ “миний танил байгаа юм, надаас уг гэрчилгээг хямд авах гээд байна. Тийм болохоор чинийх гэж хэлээд заръя” гэж хэлсэн. Нөгөө 3 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг би огт мэдэхгүй. Ц.Л өөр хүнээс худалдаж авсан гэж мэдүүлдэг ч шалгалгүй зөвхөн Болдбаатарын худал мэдүүлгээр намайг Болдбаатараас 5 автомашины гэрчилгээг шилжүүлж авсан гэж шүүх үзээд байгаад маш их гомдолтой байна.

2. Гэрчээр мэдүүлэг өгсөн Наранбатын яриа байгаа. 2020 оны 2 дугаар сарын 22, 23-ны өдөр миний бие нь Улаанбаатар хотод байгаагүй тухайгаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, ахмад Буянбатад хэлсэн боловч намайг хотод байгаагүйг гэрчлэх хүмүүсийг хүлээж аваагүй, хэргийг прокурорт шилжүүлсэн. Мөн энэ асуудлаар прокурор Н.Булганчимэгт хэлсэн боловч шүүх шийдвэрлэнэ гэж хариу өгч байсан.

3. Хэргийн газарт хийсэн үзлэгээр Болдбаатарын хашаанд “С” ломбардны нэр дээрх 3 автомашины рам бүхээг байсан гэж тэмдэглэсэн нь намайг Болдбаатараас 5 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг аваагүй гэдгийг нотолж болох байтал мөн л тоолгүй хэргийг шийдсэн.

4. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөгч, ахмад Буянбат намайг дуудаж өрөөндөө авчираад гэрч гэх Наранбат, Отгонбаатар, Цэрэндамба, Адъяахүү нартай нүүрэлдүүлж, намайг “машин барьцаанд тавиулж зээл авахуулсан хүн мөн үү” гэж асуухад “биш” гэж хэлснийг хавтаст хэрэгт баримтжуулж аваагүй байж 2 хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр миний зургийг яаж таньж, намайг заасанд гайхаж, би уг асуудлыг мөрдөгч, ахмад Буянбат, прокурор Н.Булганчимэгийг хамааралтай гэж үзэж байна. Учир нь, хэрэгт хамааралтай буюу яллагдагчаар татагдсан байсан хүмүүсийг огт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж шүүх үзэж хэрэг прокурорт буцаж, улсын яллагч солигдож байсан удаатай.

5. Болдбаатарын худал мэдүүлээд байгаа 5 ширхэг гэрчилгээг надад өгөөгүй гэдгийг нотлох бас нэг баримт хэрэгт байдаг. Гэрч Энхбаатар “Ланд круйзер 200” маркийн 72-52 УБГ улсын дугаартай автомашины гэрчилгээг Цэрэндамба гэдэг хүнд зарсан. Тухайн үед Амартүвшин байгаагүй гэж мэдүүлдэг. Мөн гэрч Цэрэндамба нь өөрөө бас мэдүүлдэг, бусад автомашиныг яг хэнээс, хэний гуйлтаар шилжүүлж авсныг мөрдөгч шалгаагүй. Шалгасан бол намайг 5 ширхэг гэрчилгээ шилжүүлж аваагүй гэдэг нь нотлогдох байсан.

6. Шүүхээс намайг 5 удаагийн үйлдэл дээр гэм буруутайд тооцож, нийт 37 сая төгрөгийн хохирол тогтоосон. Гэвч миний бие хоёр удаа Болдбаатарын гуйлтаар гэрчилгээг нь зарж өгсөн. 3 үйлдлийг би огт мэдэхгүй, мөн зарсан мөнгийг нь Болдбаатарын данс руу шилжүүлсэн. Шүүх хуралд гэрчээр оролцуулаад өг гэж удаа дараа гуйсан боловч шүүх хуралд санаатай ирж оролцоогүй. Дээрх асуудлаар урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан боловч шүүх авч хэлэлцээгүй, гэм буруугийн хурлыг шууд явуулсан. Болдбаатарт шилжүүлсэн мөнгийг гаргуулж авбал надад оногдсон хохирлын ихэнх хувь нь төлөгдөхөөр байхад энэ асуудлыг үнэн зөвөөр шийдээгүй нь харамсалтай байна.

Иймэрхүү байдлаар хэтэрхий хувийн байдал харж, цагаатгах биш яллах талаас нь шийдвэрлээд байгаа тул давж заалдах шатны шүүхээс надад холбогдох хэрэгт үнэн зөв, бодит шийдвэр гаргаж өгөхийг хичээнгүйлэн гуйж байгааг минь шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Л нь Амартүвшингээс тайз заслын ажил хийж хамтран ажиллая, мөнгө хэрэг болоод байна гэхэд нь Амартүвшин найз Батсайханы Хосжаргалаас мөнгө зээлж Ц.Лд өгснийг Ц.Л буцааж төлсөн тул энэ талаар Б.Хосжаргалын бичгийн тодорхойлолт, дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар гарган өгч, уг асуудлыг шалгаж, хэргийг бодитой шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ч шүүх хүлээн аваагүй. Амартүвшин мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхдөө ч энэ талаар тууштай мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын шатанд Амартүвшингээс бусад яллагдагч нар өмгөөлөгчтэй оролцдог ч түүнийг өмгөөлөгчөөр хангаагүй мөрдөн шалгах ажиллагаа явагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг зөрчсөн.

2. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Г.Адъяахүү, А.Отгонбаатар, Б.Цэрэндамба, А.Энхбаатар, А.Болдбаатар, Б.Наранбат нар нь бүгд өөрсдийн гэсэн ашиг сонирхолтой байсан ба яллагдагчаар татагдсан тул хэрэгт холбогдож дахин шалгуулахаас айж эмээн өөрсдийгөө хаацайлж, бусдыг гүтгэж худал мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй. Тэдний мэдүүлэг үнэн зөв эсэхийг нягтлан шалгаж тогтоохын тулд хогийн цэг дээр анх дуудаж өгсөн Бөмбүүлэй, Энхтайван нарыг гэрчээр асуух, “ТБК” ХХК-ийн дотор, гадна байрлах камерын бичлэг болон бусад маршрутын дагуу байрлах камерын бичлэгүүд, тухайн автомашинуудын эзэмшигч гэх хүмүүсээс Ц.Лтэй хэн хэн явж байсныг тодруулах шаардлагатай байхад шүүх эргэлзээтэй нотлох баримтаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах,цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн заалтыг баримтлаагүй.

3. Т.Агийн өмгөөлөгч миний хувьд 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг бичгээр шүүхэд гаргаснаар 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагт урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал зарлагдсан ч тус хуралдаанд прокурор ирээгүй тул урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуусч байгаа тул хойшлуулах боломжгүй гэж хүсэлтийг хүлээн авалгүй, шүүх хурал огт хийхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “шүүхийн  урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар хэлэлцэж шийдвэрлэнэ”, 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлтээ шүүхэд гаргана” гэсэн хуулийн заалтыг хэрэглээгүйг анхаарч үзнэ үү.

Нэгэнт шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийхгүй яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тул анхан шатны шүүх хуралдаанд өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар татагдаж хэрэгсэхгүй болгосон, дараа нь иргэний хариуцагчаар тогтоогдож мөн хэрэгсэхгүй болгосон уг хэргийн гэрч гэх Г.Адъяахүү А.Отгонбаатар, Б.Цэрэндамба, А.Энхбаатар, А.Болдбаатар, Б.Наранбат нарыг оролцуулах хүсэлтийг Амартүвшингийн өмгөөлөгч миний хувьд гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн ч хэргийн гол гэрч А.Болдбаатарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. Эдгээр гэрчүүд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө ямар хүмүүс байсныг огт санахгүй байна гэж удаа дараа мэдүүлэг өгч байсан ч тэд нараар таньж олуулах ажиллагаа явуулж, Т.Аг заалгаад байгаа нь эргэлзээтэй тул маш их гайхаж байна. Үүнийг нягтлан үзэж үнэн зөвийг нь тогтоох шаардлагатай байна.

Анхан шатны шүүх хуралдаанд гэрч А.Отгонбаатар мэдүүлэхдээ “халзан нөхөр Ц.Л, ах дүүс гээд үстэй хүн байсан. Шүүх хуралдааны танхимд тэр хүн байхгүй байна” гэсэн тул Амартүвшинг хамт байгаагүй өөр хүн байсан гэж мэдүүлдэг. Тэгвэл тэр хүн нь хэн бэ, түүнийг олж тогтоож хэрэгт шалгах ёстой болж байна. Гэтэл Амартүвшинг уг үйлдэлд хамтран оролцсон гэж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгоно уу.

Гэрч А.Энхбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Ланд круйзер 570” маркийн 38-00 УБО улсын дугаартай автомашиныг Амраагийн нэр дээр итгэмжлэл хийж шилжүүлсэн гэдэг ч уг итгэмжлэлийг хэрэгт хавсаргаагүй тул нотлогдохгүй, үндэслэлгүй байна. “Ланд 200” маркийн 72-52 УБГ улсын дугаартай автомашиныг Амраатай цуг ирсэн Цэрэндамбын нэр дээр худалдсан гэх ч автомашин худалдсан гэрээг хэрэгт хавсаргаж нотлох ажиллагаа явуулаагүй тул эргэлзээтэй байна. Нягтлан шалгаагүй орхигдуулсан тул хянаж үзнэ үү.

Гэрч Б.Цэрэндамба шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Ланд 200” маркийн 72-52 УБГ улсын дугаартай автомашиныг 30 орчим насны өөр хүн ирж нэрээ шилжүүлсэн. Амартүвшинг огт байгаагүй гэж мэдүүлсэн тул түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгоно уу. 30 орчим насны хүнээс нь мэдүүлэг авах шаардлагатай байна. Б.Цэрэндамба өмнө нь “Ланд 200” маркийн 40-58 УНЯ улсын дугаартай өөрийнхөө нэр дээрх боловч ах Ганаагийнхаа машиныг тус ломбардад тавьж, төлөлтийг нь хийж дуусгаад Ц.Лгийн нэр дээр шилжүүлсэн гэж шүүх хуралдаанд мэдүүлдэг. Тэрээр Ц.Лг урьд таньдаг байсан, түүнтэй үйлдлээрээ хамтран оролцсон болох нь энэ мэдүүлгээр нотлогдож байгаа тул шалгах шаардлагатай байна.

Гэрч Б.Наранбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ 2020 оны сүүлээр ах дүү Бөмбүүлээ, Энхтайван 2 ирээд надад урьд нь Адъяахүү машин тавьж байсан ямар ч асуудалгүй гэсэн. Ц.Лтэй жолооч хамт явсан. Мөнгө аваад гарч ирэхэд Ц.Л байсан, баримт бичиг шилжүүлэхэд өндөр туранхай залуухан хүн шилжүүлсэн, Амартүвшинг хамт байгаагүй гэсэн тул хэрэгсэхгүй болгоно уу. Ах дүү Бөмбүүлээ, Энхтайван нарыг гэрчээр зайлшгүй асууж, анх ямар зүс царайтай, хэдэн хүн, ямар машинтай, юу гэж хэлж ирсэн гэдгийг тодруулах, машин шилжүүлсэн гэх өндөр туранхай, залуухан хүнийг гэрчээр асууж өгнө үү.

Гэрч Г.Адъяахүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Клуйгер” автомашинтай 3 хүн ирсэн гэдэг тул тэдгээр хүмүүсийг олж тогтоон, “Клуйгер” автомашины эзэмшигч нь хэн болох, уг этгээд хэрэгт хамтран оролцсон уу, хэргийг хэн хэн, ямар оролцоотой, хэрхэн яаж үйлдсэнийг нарийвчлан тогтоож, хэн нэгэн хүнийг ял завшуулахгүй хэргийн үнэн зөвийг олж тогтоох шаардлагатай байна. Үүнийг анхаарч үзнэ үү.

4. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Л уг хэргийг Оюуны Баттүшиг гэх хүнтэй хамтран хийсэн. Тэр хүн ломбардны мөнгийг авсан боловч өөрийг нь дарамталж хэргээс мултарсан тул түүнийг шалгуулж өгнө үү гээд тухайн хүний иргэний үнэмлэхийн хуулбар, явуулсан мессежийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх уг хэргийн бодит үнэнийг тогтоож, үнэн зөвөөр нь шийдвэрлэлгүй, эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэсэнд гомдолтой байна.

5. 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 163 дугаар прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад “яллагдагч Ц.А нь Т.Н, Т.А, Ц.Л нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТБК” ХХК-ийн “С” барьцаалан зээлдүүлэх газарт хамт ажиллаж байсан зээлийн мэргэжилтэн Ц.Ад “1 жилийн хугацаатай 3,5 хувийн хүүтэй зээл гаргуулъя, салбар мөнгөтэй байгаа бол зээлийг жаахан дээш нь гаргаад өгөөч” гэж ... 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцож ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. Энэ нь яллагдагч Ц.А нь өөрөө өөртөө хэлээд байгаа юм уу, өөр хүнд хэлээд хамтран залилсан юм уу гэдэг нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа нь яллагдагч, шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг нь хэрэгжүүлээгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана”, 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтаар зүйчлэгдэх” гэснийг зөрчсөн байна. Яллах дүгнэлтэд яллагдагч бүрийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хуульд зааснаар Эрүүгийн хуулийн зүйлчлэлийг бичээгүй, өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэж бичээгүй, хууль буруу хэрэглэж байгааг зөвтгүүлэх шаардлагатай байна.

6. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/623 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт шүүх хуралдаанд оролцсон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг огт үндэслэл болгоогүй зөвхөн мөрдөн байцаалтад өгч байсан эргэлзээтэй, тодорхойгүй мэдүүлгийг үндэслэл болгож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул анхан шатны тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг зөрчиж гэрчүүдээс мэдүүлэг авсанд гомдолтой байна.

Иймд эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхэд Оюун овогтой Баттүшиг гэдэг хүн энэ гэмт хэргийг санаачилж, намайг удаа дараа дарамталж хийлгэсэн. Хохирол мөнгийг чинь би төлнө, тийм учир намайг энэ гэмт хэргийг хийсэн гэж хэлэхгүй бол чамайг ална, эхнэр хүүхдийг чинь бас зүгээр байлгахгүй гэж байнга дарамталж сүрдүүлдэг байсан. Мөрдөн байцаалтын шатанд би энэ гэмт хэргийг хийсэн гэж хэлсэн нь маш их дарамтан доор тэгж хэлсэн. О.Баттүшигт дарамтлуулж энэ хэргийг хийсэн гэж прокурор, мөрдөгч хоёрт хэлдэг байсан. Чи дарамтлуулж ийм хэрэг хийнэ гэж юу байсан юм гээд тохуурхсан, доромжилсон байдлаар харьцдаг байсан. Прокурор М.Отгонбаатартай удаа дараа уулзаж, энэ асуудлаа хэлэхэд шүүхийн хэлэлцүүлэгт хэл гэдэг байсан. Гэтэл шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүй шууд гэм буруугийн шүүх хурал зарласан. Гэм буруугийн шүүх хуралдаанд хэлсэн боловч шүүх авч хэлэлцээгүй. Анхан шатны шүүх хуралд нэмэлт нотлох баримтаар О.Баттүшигийн бичсэн чат, иргэний үнэмлэхийн хуулбарыг гаргаж өгсөн боловч О.Баттүшигийг авч хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна. Гэрч Болдбаатар нь О.Баттүшигтэй найзууд бөгөөд хямд онхолдсон, ашиглагдах боломжгүй болсон машин, бичиг баримт худалдан авч, бичиг баримтыг нь өндөр үнээр зарж ашиг олдог. Уг бичиг баримтаа О.Баттүшигээр дамжуулж зардаг ба “Ланд круйзер 200”, “Лексус 570” маркийн автомашины бичиг баримтууд олддоггүй үнэтэй байдаг. Гэрч Болдбаатар, Баттүшиг нар нь ийм наймаа хийж ашиг олдог хүмүүс. Гэрч Болдбаатар нь 5 автомашины бичиг баримт зарсан гэж худал мэдүүлдэг. “Лексус 570” маркийн 40-58 УНЯ, “Ланд круйзер 200” маркийн 71-10 УБА улсын дугаартай 2 автомашины бичиг баримтыг гэрч Болдбаатараас аваагүй нь үнэн. “Лексус 470” маркийн 81-88 УБР, “Ланд круйзер 200” маркийн 72-52 УБГ, “Лексус 570” маркийн 38-00 УБО улсын дугаартай 3 автомашины бичиг баримтыг гэрч Болдбаатараас авсан нь үнэн. Гэтэл гэрч Болдбаатар нь энэ 5 автомашины бичиг баримтыг Т.Ад зарсан гэж худал мэдүүлж энэ гэмт хэрэгт холбоогүй юм шиг үлдсэн. Мөрдөн байцаагч а/х Буянбат нь бичиг баримт зарсан нь үнэн гэж гэрч Болдбаатар мэдүүлж байхад мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж хийгээгүй. Би гэрч Болдбаатартай нүүрэлдэн байцаалтад орох хүсэлтэй байна гэж хэлэхэд хүртэл оруулаагүй. Анхан шатны шүүх хурал дээр гэрчээр оролцуулах байсан ч бас худал хэлж ирээгүй. “Лексус 470” маркийн 81-88 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг 4.500.000 төгрөг, “Ланд круйзер 200” маркийн 72-52 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг 15.000.000  төгрөг, “Лексус 570” маркийн 38-00 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг 22.000.000 төгрөгөөр авсан. Эдгээр мөнгөнүүд нь гэрч Болдбаатарын дансны хуулгаар гэрчлэгдэх ёстой. Гэвч а/х Буянбат энэ ажиллагааг хийгээгүй. “Ланд круйзер 200” маркийн 71-10 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг 12.000.000 төгрөгөөр авсан. Энэ хүнийг хүртэл тогтоох байтал гэрч Болдбаатарын үгээр л шийдсэн. Болдбаатар нь эвдэрхий рам бүхээгээ бичиг баримттай нь зардаггүй. Зөвхөн бичиг баримтыг нь зардаг, өмнө нь ч гэсэн бичиг баримт зарсан асуудалд орж байсан. Энэ мөнгөө гэрч Болдбаатараас гаргуулан авч, хохирол мөнгөө барагдуулах хүсэлтэй байна. Гэрчүүд болох Наранбат, Адъяахүү нар “энэ хүмүүс гурвуулаа явж байсан” гэж мэдүүлдэг. Гэрч Отгонбаатар, Цэрэндамба нар намайг  ахтайгаа явж байсан гэж мэдүүлдэг. Гэрчүүдийн энэ мэдүүлгээс 3 дахь хүн нь хэн байна гэдгийг а/х Буянбат тогтоогоогүй. Мөн гэрчүүдийн яриад байгаа “хар клуйгер” машин О.Баттүшигийнх. Энэ машин нь тухайн үед О.Баттүшигийн нэр дээр байсан ба хавтаст хэрэгтэй танилцах үед мөрдөгчдөө хэлсэн боловч авч хэлэлцээгүй. Энэ бүхнээс 3 дахь хүн нь О.Баттүшиг байсан гэдгийг хангалттай нотолж олж болохоор байсан. Гэвч мөрдөгч тийм ажиллагаа хийгээгүй. Анхан шатны шүүх хурал хүртэл энэ асуудлыг авч хэлэлцээгүй. “Т” ХХК-ийн нэхэмжилсэн мөнгөн дүнг анхан шатны шүүх 4.584.660 төгрөг гэж тогтоосон. Би “Т” ХХК-д 1.850.000 төгрөг төлсөн. Гэвч анхан шатны шүүх надаас 52.384.660 төгрөг гаргуулахаар шийдсэн байна. Энэ мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Ц.А нь энэ гэмт хэргийг анхнаасаа мэдэж байсан.  40-58 УНЯ, 81-88 УБР, 72-52 УБГ, 71-10 УБА гэсэн 3 автомашины бичлэг байсан. 38-00 УБО улсын дугаартай энэ автомашины бичлэг байхгүй. “С” ломбардны гэрчүүд болон Ц.А нь худал мэдүүлж бичлэгийг ор үндэсгүй байхгүй болгосон. Ц.А, О.Баттүшиг хоёр хамгийн их мөнгө завшсан. Гэрч Дөлгөөн, хохирогч Мягмархорол нар нь камерын бичлэг байхгүй гэж хэлдэг бол гэрч Баярмагнай нь бичлэг үзсэн гэдэг. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байхад анхан шатны шүүх бичлэг байхгүй гэж шууд үзсэн. Мөрдөгч, ахмад Буянбат нь гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байхад нягталж үзэлгүй камерын бичлэг байсан, байгаагүй гэдгийг нотлон шалгах ажиллагаа хийгээгүй. Гэрч Болдбаатар, О.Баттүшиг хоёрын хооронд ярьсан утасны билл, Ц.А, О.Баттүшиг хоёрын утасны билл, Ц.А, Т.Н хоёрын утасны билл, Т.Н бид хоёрын утасны билл гээд энэ бүхнийг мөрдөгч Буянбат нь шалгаж тогтоогоогүй. Мөрдөн шалгах ажиллагаа хийж байхад энэ бүхнийг хэлэхэд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Утасны биллүүдээс энэ гэмт хэрэгт хэн хэн холбоотой болох нь тогтоогдох байтал а/х Буянбат нь шалгах ажиллагаа хийгээгүй. Шүүх бүрэлдэхүүн та бүхэн энэ бүх байдлыг минь үнэн зөвөөр нь нягтлан шалгаж, энэ гэмт хэргийн ард ял завшиж байгаа О.Баттүшиг, Болдбаатар гэсэн хоёр хүнийг дахин шалгуулж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.Лгийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхэд хэргийг мөрдөн байцаалтад буюу прокурорт буцаах байр суурьтай оролцсон. Харамсалтай нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах гэсэн хуулийн зорилтыг хангалгүй бусдад ял завших боломж олгон хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, үйлчлүүлэгч маань хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд энэ 9 үйлдлийг бүгдийг нь ганцаараа үйлдсэн. Үйлдэхдээ унасан машины баримт бичгийг зарын дагуу худалдан авч дугаар, арлын дугаарыг нь өөр машин дээр зүүхийн тулд түрээсээр машин авч, түүнийхээ дугаар, арлын дугаарыг нь өөрөө сольж ломбардад тавьдаг байсан гэж мэдүүлж ирсэн. Харин шүүх хуралдааны шинэчилсэн мэдүүлэгтээ би гэм буруугаа зөвшөөрч байна. Гэхдээ би хэргийг ганцаараа хийгээгүй, би арлын дугаарыг өөрчилж хийж чадахгүй, бүх зүйлийг УХ82012411 регистрийн дугаартай, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 15 дугаар гудамжны 549 тоотод оршин суух Оюун овогтой Баттүшиг гэдэг хүн хийдэг байсан. Тэгээд намайг машин тавих хүн олоод уулзуулдаг байсан. Хүмүүстэй уулзахдаа, ломбардад машин тавихдаа дандаа цуг явдаг байсан. Бид 2 Багануурын шоронд анх танилцаж байсан. Анх надаар машин тавиулахын өмнө 2019 онд намайг ууланд аваачиж ална гэж айлган сүрдүүлж эхний машиныг надаар тавиулж байсан. Машин тавьсан бүх мөнгийг Оюуны Баттүшиг авдаг байсан. Баттүшиг хохирлын мөнгийг нь төлнө гэж ам гарсан хэрнээ ганц төгрөг төлөөгүй учраас энэ хүнийг хэлэхээс өөр аргагүй боллоо гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх энэхүү мэдүүлгийг нь авч хэлэлцээгүй. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийн маань мэдүүлээд байгаа мэдүүлгийнх нь дагуу Оюуны Баттүшиг гэгч хэн бэ гэдгийг шалгаад өгөөч, миний гар дээр Оюуны Баттүшигийн иргэний үнэмлэхийн хуулбар, мөн Ц.Лд бичсэн мессежний хуулбар байна. Энэ мессежид нь “чи хуцалгүй наад хэргээ даагаад яв, чамайг болон авгай хүүхдийг чинь ална шүү” гэж янз бүрээр дарамталсан байна. Мөн 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Ланд круйзер 200” маркийн 71-10 УБЛ улсын дугаартай автомашиныг 1 эмэгтэйгээр “С” ломбардны 17 дугаар салбарт тавиулж байсныг тухайн үед Ц.Лгийн тэмдэглэсэн тэмдэглэгээ байна гэх зэргээр дүгнэлтээ хэлсэн боловч авч хэлэлцсэнгүй. Шүүх хуралдаанд дуудагдсан бүх гэрчүүд 3 хүн явж байсан гэж мэдүүлсэн. Тэгэхээр гуравдагч этгээд нь хэн бэ гэдгийг тогтоох шаардлагатай байна гэсэн боловч авч хэлэлцсэнгүй. Нөгөө талаар бүх шүүгдэгч нарын мэдүүлгийг сонсоход “С” ломбардад тавьсан бүх автомашин нь Т.Ны гуйлтаар Ц.Алтангарэл зээлийг нь шийдвэрлэсэн байдаг. Т.Н мэдүүлэхдээ “нэг удаа Амартүвшин надаас машин авч байгаа юу гэж утсаар ярьсан” гэдэг. Тэгвэл нөгөө 4 автомашиныг тавихад хэн Нямтайван руу ярих уу, энд бас нэг Нямтайвантай ярьдаг хүн гарч ирж байна. Нямтайван Ц.Лг танихгүй, надтай ярьж байгаагүй гэдэг. Тэгэхээр Нямтайвантай ярьж машин тавиулдаг гуравдагч хүн хэн бэ. Энэ нь Оюуны Баттүшигтэй холбоотой байж болзошгүй эргэлзээ байгааг шүүх анхаараагүй. Ц.А нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж хорих ялаас мултарсан. Гэмт хэрэг үйлдэх боломжийг олгосон Ц.А яагаад хорих ялаас мултрав. Ц.А нь тухайн хэргээ хүлээж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял шийтгүүлж, бусад шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас олсон мөнгийг ашиглаж завшсан буюу мөнгө угаах зүйлээр шийдвэрлэх байсныг шүүх анхаараагүй. Эдгээр нөхцөлүүдийг харгалзан үзээд хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүднээс хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь, тус шүүхийн үзсэнээр намайг Ц.Л, Т.А, Ц.А нартай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр өмчлөгчийн 150.500.000 төгрөг шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэн 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, мөн 37.000.000 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэжээ. Ийм шударга ёс гэж байдаг юм уу. Зээл авах гэсэн хүнд тухайн үед зээл олгож байсан хүний утасны дугаарыг өгснийхөө төлөө гэм буруутан болж шоронд яваад байх юм бол Монгол Улсад гэмт хэрэг хийгээгүй хүн үлдэх юм уу. Анхнаасаа хэргийн талаар мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр мэдүүлж байсан бөгөөд гэрчээр нэг, яллагдагчаар нэг удаа нийт 2 удаа байцаалт, мэдүүлэг өгсөн. Гэрчээр өгсөн мэдүүлгийг ганцаараа, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг өмгөөлөгчтэй өгсөн. 2019 онд “С” ломбарднаас гараад удаагүй байх үед хуучин харилцагчид холбогдож “автомашинаа барьцаалж зээл авах гэсэн юм” гэдэг байсан. Би ч аль болох чадах боломжоороо туслаад зээл гаргаж байгаа хүний утасны дугаарыг өгөөд хооронд нь холбогдуулчихдаг, хуучин хамт ажилладаг байсан залуучуудаасаа лавлаад өгчихдөг байсан. Ингэж асууж, лавлаж өглөө гээд надаас уначих зүйл байхгүй. Харин ч хуучин хамт ажиллаж байсан залуустаа тус болдог байсан. Учир нь, том үнэтэй машины зээл гаргах тусам даатгалаас авах урамшуулал ихэсдэг тул зээлийн мэргэжилтнүүд том машины зээлийг гаргах сонирхол илүү байдаг. Тухайн өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Т.А над руу залгаж “Лексус 570” маркийн автомашин унаж явах нөхцөлтэй зээл гаргуулах гэсэн юм, ажил дээрээ байна уу гэж асуусан. Би ажиллахаа больсон гэдгээ хэлэхэд харин Амартүвшин тусламж гуйсан. Би зөвшөөрч “С” ломбардад хамт ажилладаг байсан залуучуудаас асуусан. Тухайн үед мөнгө муутай өдрийн зузаатгал багатай байна гэж ихэнх салбарууд хэлсэн. Харин Ц.А салбартаа мөнгөтэй байна гэж хэлээд, би энэ тухай Амартүвшинд хэлж Ц.Аийн дугаарыг өгсөн. Ийм л зүйл болсон. Миний бие тухайн автомашин болох “Лексус 570” байгаа, байхгүй гэдгийг мэдээгүй, мэдэх боломж байгаагүй. Амартүвшин надад “Лексус 570” машин барьцаанд тавих гэсэн юм, туслаач гэсэн, би машин байгаа л гэж бодсон. Өөр юу гэж бодох вэ дээ. Утасны цаанаас л болсон зүйл юм. Гэтэл ийм зүйл хийснийхээ төлөө гэм буруутан болж 4 жил шоронд явах дээрээ тулаад байна. Ийм зүйл байж болно гэж үү, шударга ёсонд нийцнэ гэж үү.

“ТБК” ХХК-ийн автын зээлийн мэргэжилтэн залуусын цалингийн гол цөм нь даатгалын компаниас байдаг байсан. /Миг, Монре/ Тиймдээ ч зах зээлийн ханш өндөртэй, даатгал өндөртэй машин зээл гаргах сонирхол бүгдэд нь л байдаг байсан. Тухайн үед Ц.Аээс өөр салбартаа мөнгөтэй зээлийн мэргэжилтэн байсан бол хэн ч байсан хамаагүй тухайн “Лексус 570”-ын зээлийг гаргая л гэх байсан. “Ланд круйзер 200”,  “Лексус 570” машинуудын хувьд хамгийн хямдаар даатгахад л тухайн өдрийн даатгалын урамшуулал 150.000 төгрөг. Ийм байхад би хүнээс уг зээлийг гаргаад өг гэж гуйх ямар ч шаардлага байхгүй. Мөн прокурор үргэлжилсэн 5 удаагийн үйлдлээр гэж дүгнэсэн байдаг. Гэвч үнэн хэрэгтээ миний бие 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр “Лексус 570” гэж ярьснаас өөрөөр яриагүй, өөр бусдыг нь мэдэхгүй гэдгээ удаа дараа хэлж мэдүүлж байсан байдаг. Гэтэл яаж нотлоод байгаа нь тодорхойгүйгээр үргэлжилсэн бүлэглэн үйлдсэн гэдэг нь хэт өрөөсгөл, яллах талыг баримталсан. Миний эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт юм. Ц.Аийн мэдүүлэг яагаад ийм үнэ цэнэтэйд тооцогдоод миний болон бусад хүмүүсийн мэдүүлэг яагаад тийм үнэ цэнэ багатай байгаад, прокурорууд ямар учраас хэргээ хүлээсэн яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн, намайг гэм буруутай гэж үзээд байгаа, мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ямар учраас энэхүү процессын алдаатай ажиллагааг үл ойшоож хэргийг шийдвэрлэж ял оногдуулсанд гомдолтой байна. Миний бие тухайн хэргийн талаар огт мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд миний мэдээгүй байсан тухайн хэрэгт хамааралгүй гэдгийг Ц.Л, Т.А нар мэдүүлсэн байдаг. Гэтэл прокурор болон шүүх нь намайг Ц.Аийн мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцож ялласан нь хэт нэг талыг барьсан, хэргийн ээдрээ төвөгтэй байдлын мэдүүлэг, нотлох баримтыг эцэслэн мухарлаж шалгалгүйгээр шийдвэр гаргаж миний эрх зүйн байдлыг маш ихээр дордуулсанд гомдолтой байна. Би эхнээс нь мэдүүлгээ үнэн зөвөөр нь өгч байсан бөгөөд хэргийн мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч Н.Буянбат Ц.Атэй нүүрэлдүүлсэн мэдүүлэг авна гэж байсан. Гэтэл аваагүй байтал Ц.А авто осолд орж эмнэлэгт бие нь муу байгаа гэсэн. Гэвч удалгүй Сүхбаатар дүүргийн прокурор Н.Булганчимэг яллах дүгнэлт гардуулж өгсөн. Тухайн үед яллах дүгнэлтээ гардаж авахдаа Ц.Аийг иргэний хариуцагч болгосон байгааг харсан. Би болон миний өмгөөлөгч Б.Оюунбилэг нар нь мөрдөгч н.Буянбат, прокурор н.Булганчимэг нарт удаа дараа нүүрэлдсэн мэдүүлэг өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан бөгөөд ямар нэгэн шалтгаанаар нүүрэлдсэн мэдүүлэг авалгүй байсаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг үйл ажиллагаа шүүхийн шатанд засаж болохгүй процессын алдаа бөгөөд миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэрийг гаргах шүүхийн шийдвэрийн үндэс болсон гэж үзэж гомдолтой байна. Мөн шүүхийн шатанд Ц.Л болон түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нар О.Баттүшиг гэх хүнийг шалгуулах шаардлагатай гэж мэдүүлсэн бөгөөд анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул түүнтэй холбоотой мэдээлэл хавтаст хэрэгт байхгүй гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагагүй гэж үзсэн нь уг хэргийн үнэн мөнийг тогтоож шийдвэрлэхээсээ илүүтэй хурдан шийдвэрлэх сонирхолтой байсан гэж харахад хүргэж байна. Уг шүүх хуралд гэрчээр оролцсон Б.Наранбат, Г.Адъяахүү, А.Отгонбаатар, Б.Цэрэндамба нар нь машин барьцаалахаар явахад Ц.Лгээс гадна өөр хүн байсан гэж мэдүүлцгээж байсан ч гэрчүүдийн мэдүүлгийг үл тоон хэн нэгнийг ял завшуулсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа тул хэргийг прокурорт буцаан, нэмэлт мөрдөн байцаалт явуулж Ц.А бид хоёрын мэдүүлгийн зөрүүг гаргах, мөн О.Баттүшиг гэх хүн үнэхээр байсан эсэхийг нягтлан тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Магадгүй О.Баттүшиг нь Ц.Лгийн шүүхэд мэдүүлсэн гэр бүлийг нь заналхийлж сүрдүүлсэн, гэхдээ ижил төрлийн аргаар Ц.Аийг дарамталж мөрдөн байцаалтад худал мэдүүлэг өгүүлсэн байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж байгаа тул нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагатай гэж үзэж байна. Намайг гэм буруутайд тооцож буй нотлох баримтуудын талаар:

1. Ц.Аийн мэдүүлгүүд /гэрч, яллагдагч/

2. Ө.Баярмагнайн мэдүүлэг /гэрч, Тайгын булаг ХХК/

3. Н.Мягмархоролын мэдүүлэг /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/

4. Дансны хуулга

Дээрх мэдүүлгүүд нь тухайн хэрэгт хамааралтай мэтээр харьцуулж байгаа бөгөөд гэм буруутай мэтээр Н.Мягмархорол, Ө.Баярмагнай, Ц.А гэсэн харилцан хамаарал бүхий шууд гүтгэсэн юм. Уг гүтгэлгийг нотлох баримт болгон ашиглаж байгаа нь нүүрэлдсэн  мэдүүлэг аваагүй хэрнээ миний мэдүүлгийг эс үнэлсэн, Ц.Аийн мэдүүлгээр намайг яллаж байгаа нь шүүхийн шатанд засаж болохгүй мөрдөн байцаалтын үеийн маш том процессын алдаа юм. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Н.Буянбат болон тус дүүргийн прокурорын газрын прокурор Н.Булганчимэг, М.Отгонбаатар нар нь ямар нэгэн шалтаг шалтгаанаар нүүрэлдсэн мэдүүлэг авалгүйгээр 2 ч удаа Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, мөн тус шүүх нь процессын алдаатай чигээр нь улайран шийдээд байгааг нь цаагуураа ашиг сонирхлын зөрчил байгаа юм биш байгаадаа гэх хардлага төрүүлж байна. Мөн шударга ёсонд нийцэхгүй байна. Ц.Атэй уулзсан 5 сая төгрөг өгөх гэж байсан гэдэг нь үндэслэлгүй худлаа цуурхал гүтгэлэг бөгөөд тухайн үед гадуур явах боломж байгаагүй. Үүнийг нүүрэлдсэн мэдүүлэг аваад харж болно. Ц.Лгийн данснаас миний данс руу орсон гэх 1 сая төгрөгийн гүйлгээг ч мөн л нотлох баримтаар авч үзсэн байдаг. Гэвч уг нотлох баримтыг эцэслэн мухарлалгүйгээр намайг гэмт хэрэгт хамаатуулан татан оролцуулсан /магадгүй захиалгатай/ явуулга гэж харахад хүргэж байна. Тухайн гүйлгээний талаар хавтаст хэрэгт мэдүүлэг, тайлбар авагдаагүй байдаг ба энэ нь мөн л намайг хамаатуулах гэсэн шалтаг гэж харахад хүргэж байна.

Ер нь мөрдөн байцаалт, прокурор, шүүх зэрэг нь яагаад миний мэдүүлгийг үнэлэхгүйгээр Ц.Аийн мэдүүлгээр намайг гэм буруутан болгож миний эрх зүйн байдлыг дордуулаад байгаад гомдолтой байгаагаас гадна өөр ямар нэгэн хүчин зүйлсийн нөлөөлөл байгаад байна гэж хардаж байна.

Ц.Лг огт таньдаггүй, анх 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр харсан. Энэ тухай анхнаасаа мэдүүлж байсан. Ц.А нь намайг 5 машин барьцаалж зээл авахад бүгдэд нь гуйж ярьсан гэдэг. Угтаа бол тийм зүйл болоогүй бөгөөд тухайн автомашинуудын талаар анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө сонссон. Ц.Л, Ц.А нар нь анхнаасаа гэм буруу дээр маргалгүй хэргээ хүлээсэн бөгөөд прокурор ямар шалтгаанаар Ц.Аийн мэдүүлгийг шууд үнэлээд Ц.Лгийн мэдүүлгийг хэрэгсэхгүй байгааг олж тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул  гэм буруутайд тооцсоны дараа хохирол төлөх 5 хоногийн завсарлага авсан. Эрүүгийн хариуцлагын хурал болоход Сүхбаатар дүүргийн прокурор М.Отгонбаатар бус тухайн прокурорын газрын прокурор Ц.Буянхишиг томилолтоор оролцсон бөгөөд хэрэгтэй танилцан 14 хоногийн завсарлага хүссэн байдаг. Гэвч шүүгч Г.Мөнхзул тухайн прокурорт хэрэгтэй танилцах 2 хоногийн хугацаа өгсөн нь хэт богино хугацаа байсан. Ц.Буянхишиг прокурорын ялын санал нь 4 жил хаалттай хорих ангид биечлэн эдлүүлэх гэсэн нь хэрэгтэйгээ бүрэн танилцах хугацаа өгөөгүйтэй холбоотойгоор хэргийн ээдрээ төвөгтэй байдалтай бүрэн танилцаагүй гэж үзэж байна. Би өөрийн хийсэн үйл, хэлсэн үгэндээ  эзэн байдаг хүн ёсны зарчмыг эрхэмлэн дээдэлдэг учир гэм буруугүй гэж анхнаасаа маргаж ирсэн байдаг. Миний хувьд гэр бүлийн байдал тогтвортой. Эхнэрийн хамт амьдардаг, ханилаад 11 жил болж байгаа, 1 хүүтэй, хүү маань Хөвсгөл аймагт өвөө, эмээ дээрээ байдаг. Эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу эрхэлсэн тодорхой ажилтай /Royal Power Energy LLC/ хөдөлгүүрчин, механик инженер. Эхнэр маань төрдөө тангараг өргөсөн хавдрын хими хөнгөвчлөхийн эмч хүн. Эхнэр жирэмсэн, энэ ондоо бүл нэмнэ. Хувийн байдлыг тодорхойлох лавлагаа хуулбаруудыг хэргийн материалд хавсаргасан байдаг. Гэтэл шүүх дүгнэлт хийхдээ “Эрхэлсэн тодорхой ажилгүй” гэж миний эрх зүйн байдлыг  дордуулсан дүгнэлт хийж ял оногдуулахад сөргөөр нөлөөлсөн алдаа гаргасан.

Иймд хуулийн хэм хэмжээ, шаардлагад нийцүүлэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, процессын зөрчилтэй ажиллагааг тухайн шатанд нь засуулахаар хэргийг прокурорт буцааж, гэм буруугүйг  минь тогтоон миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.Ны өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч би шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч доорх давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх нь миний үйлчлүүлэгч Т.Ныг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийг нотлоогүй, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал нь хөдөлбөргүй, эргэлзээгүй байх хуулийн шаардлагыг зөрчсөн, шүүх хуулийг хэрэглэхдээ шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг болон Улсын Дээд шүүхийн 2006 оны Шүүхийн шийдвэрийн тухай 21 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар миний үйлчлүүлэгч Т.Ныг бусдад мэдээлэл өгснийх нь төлөө гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулж, Т.Наас 37.000.000 төгрөгийн хохирол төлбөр гаргуулан “ТБК” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Түүнчлэн шүүх Улсын Дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 3.3.2-т “ ...Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь “...яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулгын хүрээнд, ... яллах дүгнэлтэд тусгагдсан дээрх байдлын талаар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан шинжлэн судалсны эцэст шүүх хэрхэн үнэлж, ямар дүгнэлт хийснээ, энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ямар хэм хэмжээнд тулгуурлаж байгаа талаар дэлгэрэнгүй тусгасан байх-ыг тогтоож тайлбарласан байтал шүүх нь зөвхөн яллах дүгнэлтэд хөтлөгдөж хэргийн нотолбол зохих зүйлүүд нотлогдоогүй байтал хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан болон Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор тайлбарласнаар залилах гэмт хэргийн гол шинж болох “... бусдыг хуурч, эд зүйл, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, ... итгэл эвдэх замаар өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, өмчлөх, эзэмших эрхийг өөртөө хууль бусаар олж, шилжүүлэн авсан байх...”-ыг шаардсан байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч Т.Н нь хохирогч “ТБК” ХХК-ийн “С” ломбардтай харьцаж, өөртөө бусдын эд хөрөнгийг олж авах зорилгоор очиж уулзан нэг ч автомашин барьцаанд тавиагүй, мөнгө аваагүй, бусад хохирогч нартай огт харьцаагүй, хэн, хэдэн төгрөгийн барьцаанд ямар автомашин тавьж байгаа талаар огт мэдээгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг анхаарч үзсэнгүй. Улсын Дээд шүүхийн 2006 оны 51 дүгээр тогтоолын тайлбарын 9 дэх хэсэгт залилах гэмт хэргийн обьектив талын шинж болох итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг тул хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэг үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж /УДШ, 2019.10.23, 538 тогтоол/, мөн тайлбарын 16-д “...Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө эсхүл өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцно” гэж, мөн тайлбарын 6-д “Бусдын эд хөрөнгө эсхүл  эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл  хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байх, өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байдаг” гэж /УДШ, 2019.10.23, 569 тогтоол/, мөн тайлбарын 21-д “...залилах гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө, эсхүл өмчлөх эрхийг олж авах гэсэн субьектив санаа зорилготой байсан эсэхийг заавал тогтоосон байвал зохино” гэснийг анхаарч үзэлгүй, миний үйлчлүүлэгч Т.Н нь яллах дүгнэлтэд бичсэн 5 удаагийн үйлдлээр бусдаас автомашин аваагүй, “С” ломбардад бусдын автомашиныг тавиагүй, дээрх 5 автомашиныг “С” ломбардад тавьсан мөнгөнөөс өөртөө мөнгө аваагүй зэрэг залилах гэмт хэргийн бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн өмчлөх болон эзэмших эрхийг өөртөө олж аваагүй зэргийг харгалзан үзэлгүй миний үйлчлүүлэгч Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулж, 37 сая төгрөгийн хохирол төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн шийтгэх тогтоол, түүний агуулга нь Ц.А нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүгдэгч Ц.Ад үйлчилсэн хэт нэг талыг барьж, Ц.Аийг хаацайлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шүүгч нь ялтан Ц.Аийн өмгөөлөгч Л.Батжаргалтай урьд хамт ажиллаж байсан талаараа шүүхийн хэлэлцүүлгийн үед тайлбарласан, хэргийг мөрдөн шалгах үед улсын яллагч М.Отгонбаатар нь анх хэргийг шүүхэд ирүүлэх үед үндэслэлгүйгээр түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг эхлэх үед шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Отгонбаатар нь шүүх хуралдааны завсарлагаанаар шүүгдэгч Ц.Аийн өмгөөлөгчтэй хамт хооллож байгааг Т.Н бид өөрсдийн нүдээр харсан ч тэдэнд холбогдох хэргийг таслан шийдвэрлэхдээ шударга байна гэж итгэж, тэднээс татгалзаагүй нь бидний буруу байж. Шүүгч нь энэ хэрэг буцвал Ц.Аийн үйлдэлд албан тушаалын үйлдэл нэмэгдэх болж байна гэж шүүх хуралдаан дуусахын үед хэлснээс болон урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор ирээгүй шалтгаанаар урьдчилсан хэлэлцүүлэг хийх хурлыг зарласан атлаа өмгөөлөгч нарыг үл тоож урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр шууд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шийдвэрлэхдээ хэргийг хэлэлцсэн эхний өдөр болох 2022 оны 4 дүгээр сарын 29-ний баасан гарагт шүүх хуралдааныг хэлэлцэж эхэлсэн бөгөөд тэр өдөртөө дуусах боломж бүхий хугацаа байхад шүүх хуралдааныг ажлын цаг дууссан шалтгаанаар 18 цагийн үед завсарласан. 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр шүүх хуралдаан үргэлжилж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ажлын 5 өдрийн завсарлага авсан. 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр шүүхийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан эхлэх үед улсын яллагч М.Отгонбаатар өөр ажилд томилогдсон шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж хуулиар хатуу тогтоосон хугацааг дур мэдэн, хууль зөрчиж хэтрүүлэн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөр дүүргийн буюу Сүхбаатар дүүргийн прокурор Ц.Буянхишиг хэрэгтэй танилцана гэсэн хүсэлтээр мөн шүүх хуралдаан хойшилж, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн зэргээс харагдана. Учир нь, анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэргийн бүрдэл дутуу, мөрдөн шалгах үед шалгавал зохих гол зүйлүүдийг шалгаагүй, шүүгдэгч нарын санаа зорилго, үйлдлийг нарийвчлан тогтоогоогүй, хохирлын хэмжээг тодорхой тогтоогоогүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийг нотлоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тодруулбал, шүүх нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Ц.Л нь Оюуны Баттүшиг гэгч хэргийн өөр оролцогч ял завшиж үлдэх болоод байгаа, мөрдөн шалгах үед хохирол төлнө гэсэн, дарамталсан учир энэ талаар мэдүүлэг өгөөгүй гэх ноцтой байж болох мэдүүлэгт шүүх ач холбогдол өгөөгүй, О.Баттүшиг гэгчид ял завших боломж олгож, Үндсэн хуулийн 14.1, 16.14-д заасныг зөрчсөн, мөн өмгөөлөгчийн Ц.А нь Нямтайван нарт холбогдуулан мэдүүлж буй 5 автомашины зээлийг гаргахдаа автомашинуудыг өөрийн нүдээр харж, бичлэг хийсэн эсэх, автомашинуудыг биеэр үзэж шалгасан эсэхийг тодруулах зорилгоор Ц.Аийн мэдүүлсэн “С” ломбардын Бөхийн-Өргөө салбарын Ц.Аийн ашиглаж байсан компьютерийн процессор эвдэрсэн эсэх, уг компьютерийн процессор дахь бичлэгийг сэргээлгэхээр “Компьютер ланд” дээр аваачиж сэргээлгэсэн эсэхийг, бичлэг сэргээсэн гэрчээс асуух, сэргээлгэсэн бичлэг нь устсан эсэхийг тодруулах, “С” ломбардын мэдээлэл технологийн инженер Билгүүн яагаад Ц.Аийн “Компьютер ланд” дээр байсан компьютерийн процессорыг авч явсан, Ц.А тэдгээр 5 машинд бичлэг хийсэн эсэхийг нотлох баримтаар тогтоогоогүй, Ц.А нь зээл гаргах ямар журам баримтлах байсан, энэ талаарх тухайн үед мөрдөж байсан “С” ломбард, “ТБК” ХХК-ийн зээлийн харилцааны журмыг хэрэгт авагдаагүй, Ц.А зээлийн журам зөрчсөн эсэх нь ч тодорхой бус, шүүгдэгч нарын хоорондын холбоог тодорхойлох үүрэн телефоны билл шалгаагүй, Ц.Аийн Нямтайван надад 5 сая төгрөг авчирч өгөхөд нь би 1 сая төгрөгийг хүүхдийн сургалтын төлбөрт ашиглахаар авсан гэх мэдүүлгийг огт шалгаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний үйлчлүүлэгч Т.Н нь Т.Агийн хүсэлтээр “С” ломбардын салбаруудаас зээл гаргаж буй эсэхийг асууж, Ц.Атэй утсаар холбогдож, Бөхийн-Өргөө салбар мөнгөтэй зээл гаргаж байгаа юм байна гэсэн мэдээллийг Амартүвшинд дамжуулсан, өөрөөр энэ хэрэгт оролцоогүй талаар гэрчүүд, шүүгдэгч нар мэдүүлж байхад өөрийн хууль бус үйлдлээ халхавчилж, төлөх хохирлоо багасгах зорилготой байж мэдэх Ц.Аийн мэдүүлгийг шүүх яагаад бусад оролцогчдын мэдүүлгээс давуу байдлаар үнэлсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Миний үйлчлүүлэгч Т.Н нь анх өгсөн мэдүүлгээ огт өөрчлөөгүй, түүний ямар оролцоо байгаа, санаа сэдэл, хэнтэй, хэзээ, хаана уулзсан, ямар автомашиныг “С” ломбардад тавьсан, автомашин тавих талаар хэнтэй, юу ярьсан, өөрийн биеэр болон санаа сэдлээр хэрэгт яаж оролцсон оролцоо, үйлдэл, эс үйлдэхүй, хэдэн төгрөгийн хохирол хэнд учруулсан зэргийг нотлох баримт байхгүй бөгөөд зөвхөн Ц.Аийн “Нямтайван 5 автомашиныг бүгдийг нь гаргаж өгөөч гэж гуйсан” гэснийг нотлох ямар ч баримт байхгүй байгаа, мөн “5 сая төгрөг өгөхөд нь би 1 саяыг нь авсан” гэх эх сурвалжгүй мэдүүлэгт тулгуурлан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Ц.Лгийн данснаас Т.Нд орсон 1 сая төгрөг нь түүнийг эрүүгийн гэмт хэрэгт буруутгах үндэслэл болохгүй юм.

5. Шүүх яллах дүгнэлтээс хальж хохирлын хэмжээг тогтоож дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг 148.000.000 төгрөг гэж, бодит хохирол гарсан зээлийн гүйлгээгээр 150.500.000, хохирогч болох “ТБК” ХХК нь хохирол болох 150.500.000 төгрөг дээр бодит хохирлоос үүссэн зээлийн хүү, алданги 290.013.500 төгрөг, нийт 298.500.000 төгрөг гэж нэхэмжилдэг, улсын яллагч хохиролд 178.500.000 төгрөгийг Амартүвшин, Ц.Л нараас гаргуулах санал тавьсан зэргээс үзвэл хохирол яг хэдэн төгрөг болох нь тодорхой бус бөгөөд шүүх шийдвэрлэхдээ 150.500.000 гэж яллах дүгнэлтээс 500.000 төгрөгөөр илүү дүнгээр дүгнэж, шүүгдэгч нарын оролцоог харгалзан үзэлгүй хувь тэнцүүлж тус бүр 37.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.Ны өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Т.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр буюу 5 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн. Тухайн хохиролтой холбоотой асуудлыг Т.Н хүлээн зөвшөөрөхгүй байсан. Өмгөөлөгчийн зүгээс Т.Н, түүний ар гэртэй уулзаж хохирлын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал тавиад хохирлыг төлүүлсэн. Өмгөөлөгч болон шүүгдэгч нарын гомдолд дурдаж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлд заасан мэдүүлгийн эх сурвалж бусад нотлох баримттай тохирч байгаа зэрэг үйл баримтууд дутуу хийгдсэн байдаг. Т.Ныг Ц.Аээс “автомашиныг өндөр үнэтэй тавиад өгөөч” гэж хэлснээр болон “Лексус 470”, “Тоёота Ландкруйзер 200” “Лексус 570” маркийн автомашинуудыг тодорхой хугацаанд буюу 2019 оноос 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд тавьсан мэтээр үргэлжилсэн үйлдлээр дүгнэж, нийт хохирлын хэмжээг 37.000.000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл хэргийн үйл баримтаас харахад Ц.Аийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн “Лексус 570” маркийн автомашиныг 30.000.000 төгрөгтэй холбоотой цагаан өнгийн “Тоёота приус” маркийн автомашинтай манайд ирээд ах автомашин тавьж өгсөнд баярлалаа гээд 5.000.000 төгрөг өгөхөд аваагүй, 1.000.000 төгрөг авсан гэж хэргийн үйл баримттай уялдаатай мэтээр мэдүүлсэн мэдүүлэгт үндэслэж шүүх түүнийг залилах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Лексус 470” маркийн 81-88 УБР улсын дугаартай автомашин 13.000.000 төгрөгөөр, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Тоёота Ландкруйзер 2003” маркийн 72-52 УБГ улсын дугаартай автомашин 32.000.000 төгрөгөөр, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Лексус 570” маркийн 38-00 УБО улсын дугаартай автомашин 50.000.000 төгрөгөөр, 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Тоёота Ландкруйзер 200” маркийн 71-10 УБА улсын дугаартай автомашин 25.500.000 төгрөгөөр тус тус тавьж, бусадтай бүлэглэж ямар гэмт хэргийн шинжтэй оролцсон нь тодорхойгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ” гэснийг онцгой анхаарч өгнө үү. “ТБК” ХХК-д учруулсан 37.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болох хууль зүйн зохицуулалттай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт нь сонгох санкцитай. Шүүгдэгч Т.Ны өндөр настай эх, жирэмсэн эхнэртэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.Аийн өмгөөлөгч Э.Энххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэсэн учраас давж заалдах гомдол гаргаагүй. Ц.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын дүгнэлт, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хүндрүүлж, хөнгөрүүлэх санал зэргийг харгалзан анхан шатны шүүх торгох ял оногдуулсныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын Ц.Ад холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч “ТБК” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Т.А болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын тухайд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн 19.983.000 төгрөгийн баримт хэргийн материалд авагдаагүй бөгөөд 5 автомашинтай холбоотой асуудал биш. Т.А гэдэг хүн өөрт хамааралтай эд хөрөнгөө бусдын нэр дээр барьцаалж манай байгууллагаас зээл авч, зээлээ хугацаанд нь төлж тухайн барьцаанд тавьсан автомашинаа чөлөөлж авсан харилцаа юм. Шүүгдэгч Ц.Л болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын тухайд, шүүгдэгч Ц.Аийг уг хэргийн гол үндсийг тавьж, зохион байгуулсан, бусад шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгч Т.Н болон түүний өмгөөлөгч нарын тайлбарын тухайд, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт талууд хэргийн материалыг бүхэлд нь шинжлэн судалсан. Эдгээр шинжлэн судалсан баримтуудад Т.Н, Ц.А нарын мэдүүлэг орсон байдаг. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Т.Н Т.Атэй уулзаж автомашиныг Ц.Аээр яриулж барьцаанд тавьсан гэдэг. Барьцаанд тавьсан автомашин нь бодитоор байдаггүй. “С” ломбардад зээлийн үйл ажиллагааны журам байдаг. Шүүгдэгч Ц.А мэдүүлэгтээ “барьцаалах үйл ажиллагааг журмын дагуу явуулсан” гэдэг. Манай байгууллагын журамд барьцаанд тавигдаж байгаа эд хөрөнгө дээр бичлэг хийдэг. Гэвч шүүгдэгч Ц.Атэй холбоотой 5 автомашины бичлэг байдаггүй. Түүнчлэн, шүүгдэгч Т.Ны өмгөөлөгч нарын нэг нь хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэж байхад нөгөө нь оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү гэсэн хоёр өөр байр суурийг илэрхийлж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч Т.Н давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө 37.000.000 төгрөгийг төлж барагдуулсан тул өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргаж байгаа саналтай холбогдуулж хэлэх тайлбар байхгүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ байх” гэв.

Хохирогч “ТБК” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Мягмархорол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбаргүй. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна” гэв.

Прокурор Ц.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Л, Т.Н, Т.А, Ц.А нар нь нийт 5 удаагийн үйлдлээр осолд орж ашиглагдах боломжгүй болсон тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан нарийн зохион байгуулалтад орж буюу Улаан чулуутын хогийн цэг дээр, гудамжид байдаг хүмүүсээс тухайн этгээдүүдийг онцолж бичиг баримтыг гуйж, ашиглаж, банк бус санхүүгийн байгууллагуудад очиж зээл гаргуулан авч 148.500.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн шүүгдэгч Ц.Л ганцаараа дээрх үйлдлийн аргаар нийт 4 удаагийн үйлдлээр бусдад 15.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хангалттай нотлогдсон. Шүүгдэгч Т.Ны өмгөөлөгчөөс прокурор, шүүгч болон шүүгдэгч Ц.А нарын тухай асуудал ярьж байна. Хэрэв албан тушаалтнуудыг хардаж байгаа бол зохих шатны байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй. Шүүгдэгч нарын гэм буруу хэрэгт авагдсан хохирогч Н.Мягмархорол, гэрч Баярмагнай, Болдбаатар, Тамир, Баттүшиг, Хоролгарав нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийг барьцаалсан зээлийн гэрээнүүдийн хуулбар, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Ц.Л болон бусад шүүгдэгч нарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэргээр хангалттай нотлогдон тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй. Учир нь, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт, шүүгдэгч нарын тайлбар, мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа, дансны хуулга, Ц.Л, Т.А нар тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь ашиглан Улаан чулуутын хогийн цэг, гудамж талбайгаас хэн нэгэн этгээдийг олж тухайн этгээдийн бичиг баримтыг ашиглаж банк бус санхүүгийн байгууллагаас их хэмжээний зээл гаргуулан авахдаа өөрсдийн хууль бус үйлдлийг тухайн банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байсан Т.Н, Ц.А нартай бүлэглэж хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Т.Н “би энэ гэмт хэрэгт оролцоогүй, нэг л удаа асууж өгсөн” гэдэг боловч энэ нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Т.Н гэмт хэрэг хамтран үйлдсэн нь тогтоогддог. Жишээлбэл, гэрч, хохирогч нарын мэдүүлэгт “5.000.000 төгрөг бэлнээр аваачиж өгсөн, Ц.Аийн дансанд 1.000.000 төгрөг шилжүүлэн орж ирсэн” гэдэг. Хэрэв Т.Н байгаагүй бол энэ хэрэг гарахгүй байсан. Цаашлаад Т.Н Ц.А рүү утсаар яриагүй бол Ц.А ч гэмт хэрэгт холбогдохгүй байсан. Ц.Л, Т.А нар нь Ц.Атэй холбогдож байгаагүй, харин Т.Н байнга холбогдож зээл гаргуулж авдаг байсан нь нотлогддог. Шүүгдэгчийн өмгөөлөгч залилах гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж байна. Гэтэл залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдыг хуурч, зохиомол байдал зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулах байдаг. Шүүгдэгч нарын үйлдэл нь төөрөгдөлд оруулж байгаа үйлдэл мөн. Шүүгдэгч нараас автомашин дотор явж байсан гуравдагч этгээд О.Баттүшиг гэх хүний талаар ярьдаг. Энэ хүнийг гэмт хэрэг хамтран үйлдсэн гэх үндэслэл хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтаар үүсдэггүй. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч Ц.Л нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нэр бүхий яллагдагч нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагч татаж, мөрдөн шалгаж ажиллагаа явуулаад тэдгээрийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шүүхэд шилжүүлсэн. Гэтэл тухайн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгэсний эцэст хяналтын прокурор М.Отгонбаатар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэм буруугийн шүүх хуралдаанаар яллагдагч нарын гэм бурууг нотолж шүүх хуралдаанд оролцсон. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд цугларч, хэрэгт авагдсан баримтуудыг нотлох, шинжлэн судалж хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгч нарын гэм буруутай байдлыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч нарын үйлдлийн улмаас “ТБК” ХХК-д 148.500.000 төгрөгийн хохирол учирсан гэж хохирлын талаар үндэслэлтэй, зөв дүгнэлт хийгээгүй боловч яллагдагч нарын үйлдлийн улмаас “ТБК” ХХК-д 150.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно” гээд уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж заасны дагуу хохирлыг баримтын хүрээнд тогтоож, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч нараас ирүүлсэн хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг 5 хоногоор хойшлуулсан. Тухайн шүүгдэгч нарын гэм буруугийн шүүх хуралдаан завсарлах явцад улсын яллагчаар оролцсон хяналтын прокурор М.Отгонбаатар Улсын Ерөнхий прокурорын газрын тушаалаар өөр байгууллагад шилжин томилогдсон. Түүнээс биш дур мэдэж шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн асуудал байхгүй. Улмаар миний бие Сүхбаатар дүүргийн прокурорын газар ажилладаг ба тус шүүх хуралдаанд томилолтоор оролцсон байсан. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Л нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр бүлэгт заасны дагуу шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн явуулж дуусахад шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар шийдвэрийг хэргийн оролцогч нарт уншиж сонсгож, шүүх хуралдааныг завсарлуулсан. Прокурорын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 8-д “улсын яллагч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол дээд шатны прокурор өөр прокурор томилно” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан үргэлжлэн явагдсан. Үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд тооцохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Сүхбаатар дүүргийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТБК” ХХК-ийн “С” барьцаалан зээлдүүлэх газарт “1 жилийн хугацаатай 3,5 хувийн хүүтэй зээл авъя" гэж осолд орж ашиглагдах боломжгүй болсон тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан өөр автомашинд улсын дугаарыг нь зүүж, бичиг баримт ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч:

Шүүгдэгч Ц.Л, Т.А, Т.Н, Ц.А нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр “Лексус 570” маркийн 40-58 УНЯ улсын дугаартай, JTJHY00W584008371 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж, барьцаанд тавьж 30.000.000 төгрөгийг,

2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Тоёота Ланд круйзер 200” маркийн 72-52 УБГ улсын дугаартай, JTMDU09J194015095 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж, барьцаанд тавьж 32.000.000 төгрөгийг,

шүүгдэгч Ц.Л, Т.А, Ц.А нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Лексус 470” маркийн 81-88 УБР улсын дугаартай, JTJHT00WX64004179 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж, барьцаанд тавьж 13.000.000 төгрөгийг,

2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Лексус 570” маркийн 38-00 УБО улсын дугаартай, JTJHY00W9C4092042 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж, барьцаанд тавьж 50.000.000 төгрөгийг,

2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Тоёота Ланд круйзер 200” маркийн 71-10 УБА улсын дугаартай, JTMHT05J304020912 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж, барьцаанд тавьж 25.500.000 төгрөгийг тус тус залилан авсан болох нь:

хохирогч “ТБК” ХХК-ийн төлөөлөгч Н.Мягмархоролын “...Манай “ТБК” ХХК-ийн “С” ломбардад 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Ц.Л “Toyota Lexus 570” маркийн 40-58 УНЯ улсын дугаартай автомашиныг 30.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж, нэг жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээл авсан.

... 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр А.Отгонбаатар Toyota Lexus 470” маркийн 81-88 УБР улсын дугаартай автомашиныг 13.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж, нэг жилийн хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээл авсан.

... 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.Цэрэндамба “Toyota Land Cruiser 200” маркийн 72-52 УБГ улсын дугаартай автомашиныг 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьж нэг жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээл авсан.

... 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Г.Адъяахүү “Toyota Lexus 570” маркийн 38-00 УБО улсын дугаартай автомашиныг 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, нэг жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээл авсан.

... 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Б.Наранбат “Toyota Land Cruiser 200” маркийн 71-10 УБА улсын дугаартай автомашиныг 25.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, нэг жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр тус тус зээл гаргуулан авсан байсан.

... Манай компанийн зээлийн мэргэжилтэн зээлийн хугацаа хэтэрсэн машинуудаа хайж явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамжны 135 тоотод байрлах машин задалж зардаг иргэн А.Болдбаатарын хашаа руу орж үзэхэд хэдэн машин задалсан байхаар нь тэр машинуудыг арлын дугаараар нь барьцаанд байгаа эсэхийг нь шалгаж үзтэл манай Бөхийн өргөөнд байрлах авто ломбардын 24 дүгээр салбарт 3 автомашин, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах 2 дугаар салбарт 2 автомашин нь барьцаанд тавигдсан бүртгэлтэй байсан. Ингээд эдгээр автомашинуудыг тодруулан нарийвчлан шалгаж үзтэл тухайн машинуудыг зээлийн мэргэжилтэн Ц.А нь анх зээл олгохдоо барьцаанд тавигдаж байгаа автомашинуудыг нарийвчлан арлын дугаарыг оролцуулан бичлэг хийж нэгдсэн санд оруулсан байх ёстой журмыг зөрчсөн нь тогтоогдсон. Ц.А нь дээрх хүмүүстэй нийлж санаатайгаар тухайн автомашинуудыг зөвхөн тээврийн хэрэгслийн гэрчилгээг үндэслэж автомашин байхгүй байхад бодитоор үзсэн мэт тээврийн гэрчилгээгээр гэрээ байгуулж, бусадтай хуйвалдан үгсэн тохиролцож манай байгууллагад хохирол учруулаад байна. ...” /1хх 162-164/,

мөн түүний “...Нямтайван манай байгууллагад ажиллаж байгаад ажлаасаа халагдсан. Зээлийн мэргэжилтнээр ажилладаг байсан Ц.А ахлах менежер Баярмагнайтай хамт явж байхдаа Нямтайвангаас болж ийм хэрэгт уналаа гэж яриад 3 дугаар хороололд хамт Нямтайвантай уулзаад “чамаас болоод би ийм хэрэгт унаад явж байна” гэхэд Нямтайван “юу яриад байгаа юм бэ, би тэр хэрэгтэй чинь ямар ч холбоогүй” гэж ярьсан гэж ахлах менежер Баярмагнай надад хэлсэн. ...” /1хх 162-164/,

гэрч А.Болдбаатарын “...2020 оны 4 дүгээр сард Сайн ломбардын хуулийн зөвлөх нь 6 хүн дагуулж ирээд танай хашаанд байгаа машинуудын рам болон бүхээгээс 5 ширхэг авто машины рам, бүхээг нь манай Сайн ломбардад барьцаанд тавигдсан машины рам, бүхээг байна. Манай компаниас одоо ачиж явна гэж ирэхээр нь би өгөөгүй юм. Тухайн үед Сайн ломбардын хүмүүс миний хүмүүсээс худалдан авч Амараа гэдэг Барс зах дээр жимс зардаг 88009905 гэсэн утасны дугаартай хүнд зарсан.

... 93118899 гэсэн утасны дугаартай Монгол Улсын начин Баасандорж гэх хүнээс 2020 оны 1 дүгээр сарын үеэр 81-88 УБР улсын дугаартай “Лексус 470” маркийн авто машиныг хажуугаар уначихсан байхад нь 25.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг машины рам болон бүхээг, бичиг баримтын хамт Амараад 4.000.000 төгрөгөөр зарсан.

... 88111350 гэсэн утасны дугаартай үл таних хүн 2 удаа унаж осолдсон “Ланд круйзер 200” маркийн автомашиныг зарна гэхээр нь би тэр хүнээс 72-52 УБГ улсын дугаартай хар өнгийн “Ланд круйзер 200” маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авсан. Би тухайн үед нэрээ шилжүүлж авалгүй дараа нь Амараад зарахдаа шууд Амарааг өөр дээрээ шилжүүлж аваарай гэж хэлээд уг машины рам, бүхээг, бичиг баримттай нь Амараад 9.000.00 төгрөгөөр зарсан. Яг хэзээ зарснаа мэдэхгүй байна.

... 38-00 УБО улсын дугаартай цагаан өнгийн “Лексус 570” маркийн автомашиныг хэн гэдэг хүнээс 2020 оны 1 сард авсан шиг санагдаж байна, утасны дугаараар нь ярьж байгаад Гурвалжингийн гүүрний тэндээс очиж авч байсан. Намайг худалдаж авах үед осолд ороод уначихсан байсан. Би уг машиныг 27.000.000 төгрөгөөр худалдан авсан. Утасны дугаар нь гэрт байгаа, цээжээр хэлж мэдэхгүй байна. Уг машины рам, бүхээг, бичиг баримттай нь Амараад 15.000.000 төгрөгөөр зарсан.

... 40-58 УНЯ улсын дугаартай хар өнгийн “Лексус 570” маркийн автомашины рам, бичиг баримтыг нь Амараад 10.000.000 төгрөгөөр зарсан. Гэхдээ хэзээ, хэнээс авч Амараад зарснаа санахгүй байна.

... 71-10 УБА улсын дугаартай хар өнгийн “Ланд круйзер 200” маркийн автомашиныг хэзээ, хэнээс авснаа санахгүй байгаа. Амараад бичиг баримт, рам, бүхээгийг нь 10.000.000 төгрөгөөр зарсан. Уг 5 автомашиныг хүнээс худалдаж аваад задалж зараад Амараад бичиг баримт болон рам, бүхээгийг нь цувуулж зарсан нь үнэн. ...” /1хх 173/,

гэрч А.Энхбаатарын “...38-00 УБӨ 570 маркийн автомашин нь задаргаанд орсон кузов байгаа юм. Уг машиныг унасан байхад нь худалдан авсан. Би өөрөө унасан болон эвдэрсэн машиныг худалдан авч задалж сэлбэгээр зардаг юм. Уг машиныг би зарын дагуу Гурвалжингийн гүүрний орчим грашид байхад нь худалдан аваад сэлбэг болгож зарсан. ... Би бичиг баримтыг нь кузов, рамын хамт Амараа гэх хүнд зарсан. Уг Амараа гэх хүн кузовоо авна гэж хэлээд аваагүй, харин бичиг баримтыг шилжүүлээд аваад явсан.

... 72-52 УБГ улсын дугаартай уг машиныг Тасганы овооны орчмоос мөн унасан, явах боломжгүй болсон машин худалдан авсан, дээрхтэй адилхан Б.Цэрэндамба гэдэг хүнд өмнө кузовын хамт зарсан. Уг хүн бас бичиг баримтыг нь худалдан авах гэрээ, итгэмжлэх хийж аваад кузовоо эргэж ирж аваагүй. Би Амараа гэдэг хүнийг харвал танина. Харин Цэрэндамбыг хараад танихгүй байх, нэг л удаа уулзсан. Амараа манай ах Болдбаатараас мөн кузов худалдан авна гэж ирж байхад нь харж байсан. ...” /1хх 234-235/,

гэрч Ш.Тамирын “...71-10 УБА улсын дугаартай “Ланд Круйзер 200” машин нь 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн чиглэлд явж байгаад замаасаа гарч онхолдож аваарт орсон, тухайн үед ачилтын машин дуудаж хотод авчираад найзынхаа хашаанд байлгаж байгаад найзаасаа унасан машин авдаг хүний утасны дугаарыг аваад нөгөө хүн нь ирж авсан. Нэрийг нь мэдэхгүй байна. Утасны дугаар нь 95117777 гэсэн дугаартай хүн байсан. ... би машинаа бичиг баримтын хамт зарсан. Тэр хүн яг өөрийн нэр дээрээ биш хүүхдийнхээ нэр дээр шилжүүлж авч байсан санаж байна. ...” /1хх 224-225/,

гэрч Ш.Баттэгшийн “...72-52 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байсан. 2018 оны 5 дугаар сард би хөдөө явж байгаад уг машинаа унагаад ашиглах боломжгүй болсон тул сэлбэгэнд зарах шийдэлд хүрээд 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зарсан. Тэгээд 99029090 гэсэн дугаартай машины задаргаа зардаг Авирмэндийн Энхбаатар гэдэг хүний нэр дээр бичиг баримтын хамт шилжүүлж өгсөн. ...” /1хх 228-229/,

гэрч Г.Дөлгөөний “...Манай байгууллага нь тээврийн хэрэгсэл барьцаанд авах тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг биетээр нь үзэж, гүйлтийг нь шалгасан талаар камерын бичлэг хийж материалжуулдаг юм. Гэтэл манай байгууллагын ажилтан Ц.А нь зориуд санаатайгаар дээрх автомашинуудыг үзэж шалгалгүй бусадтай хуйвалдан үгсэн тохиролцож, магадгүй мөнгө авч манай байгууллагад их хэмжээний хохирол учруулаад байна. Уг барьцаанд тавигдсан машинууд нь бүгдээрээ одоо Сонгинохайрхан дүүргийн Москва хороололд байдаг Болдбаатарын хашаанд задаргаанд ороод зарагдаж тоногдсон байдалтайгаар машины рам, кузов зэргүүд нь үлдсэн байсан. Хашааны эзэн болох Болдбаатарын төрсөн дүү Энхбаатар гэгч нь Цэрэндамба гэж хүнд 7252 УБГ улсын дугаартай автомашиныг худалдан авах гэрээ байгуулсан нэрээр халхавчлан Цэрэндамба гэгч хүнээр манай ломбардад 32 сая төгрөгийн барьцаанд тавьсан байдаг. Цэрэндамба нь 40-58 УНЯ улсын дугаартай “Лексус” маркийн машиныг Ц.Л гэж хүнд зарсан гэрээ хийж, Ц.Л нь 40-58 УНЯ улсын дугаартай “Лексус” маркийн машиныг манай компанид 30 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Ц.Л нь 81-88 УБР улсын дугаартай “Лексус 470” маркийн авто машиныг Отгонбаатар гэх хүнд зарсан гэрээ хийж, Отгонбаатар нь уг машиныг манай компанид 13 сая төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Эдгээр хүмүүс нь бүгд нэгнийгээ таньдаг байсан бөгөөд эдгээр автомашинуудыг манай компанид сар гарангийн зайтай 5 автомашиныг барьцаанд тавьсан байсан. Уг машинууд байгаа хашааны эзэн Болдбаатартай очиж уулзахад Барсын Амарсайхан гэх залууд бичиг баримт болон улсын дугаарыг нь зарсан гэж ярьж байсан. Амараа гэгч нь өөрөө болон эхнэр нь манай компанид бусдын нэрээр авто машин барьцаанд тавиулж залилан мэхэлдэг оршин суух тодорхой хаяггүй хүн байдаг. Амараатай 99060809 дугаарын утсаар нь залган холбогдож асуухад Цэ гэдэг найздаа бичиг баримтуудыг нь зарсан, Цэ Хайлаастайд амьдардаг гэсэн. Цэ гэгчийн нэр нь Ц.Л бөгөөд Ц.Л нь 40-85 УНЯ улсын дугаартай “Лексус” маркийн машиныг манай компанид 30 сая төгрөгөөр барьцаанд тавьсан хүн. Наранбат, Адъяахүү нар нь Улаанчулуутын хогийн цэг дээр эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Наранбат, Адъяахүү нартай утсаар холбогдон зээлээ төл гэхэд надад ийм машин байхгүй, тухай үед үл таних 2-3 хүн ирж мөнгө өгье, нэр дээр чинь машин барьцаанд тавих гэсэн юм гээд дагуулж яваад бид хоёрын нэр дээр машин барьцаанд тавьсан. Бид хоёр уг хүмүүсийг танихгүй, өмнө нь харж байгаагүй гэж ярьж байсан. Уг машинуудыг Ц.Аийн байгаа салбарт очиж барьцаанд тавьсан байдаг. ...” /1хх 167-168/,

гэрч Ө.Баярмагнайгийн “... Манай ажилтан Сүхбат машин зардаг хашаанаас задарсан байгаа эвдэрхий машинуудын арлын дугааруудын зургийг нь дараад над руу явуулсан, тэрийг нь шалгаж үзтэл 5 машин нь манай зээлийн мэргэжилтэн Ц.Аийн гаргасан зээлүүдийн барьцаанд тавьсан машин байсан, тэгээд энэ юу болоод байна гээд шалгаад үзтэл манай компанид тавьсан 5 машин байсан. Эхэндээ энэ машинууд нь байсан, би үзсэн, бичлэг нь байгаа гэж хэлдэг байсан. Тэгээд янз бүрээр асуугаад хамгийн анх 81-88 УБР улсын дугаартай машин тавьсан байсан. Түүний бичлэгийг үзтэл бичлэг байгаа мөртлөө машины рам нь задаргааны хашаанд байсан. Тэр машиныг анх зээлийн барьцаанд тавьсны дараа Нямтайван анх Ц.А дээр ирээд баярлалаа гээд 5 сая төгрөг өгөх гээд энэ зээл төлөгдөхгүй шүү гэж хэлж байсан. Ц.А тэр мөнгийг нь би аваагүй гэж надад хэлж байсан. Би Ц.Аийг дагуулаад хорооллын Өргөө кино театрын орчим Нямтайвантай уулзсан. Тэгэхэд хоорондоо Ц.А нь Нямтайваныг би чамд итгэсэн, би чамайг найзаа гэж бодож байсан. Чи амьдралыг минь аллаа гэж хэлсэн. Гэтэл өөдөөс нь Нямтайван би мэдэхгүй гээд тас гүрийгээд огт юм ярихгүй байсан. Ц.А чи надад 5 сая төгрөг авчирч өгөө биз дээ гэж хэлэхэд Нямтайван нь үгүй, чи юу яриад байгаа юм бэ гэж хэлж байсан. ...” /1хх 240-241/,

гэрч А.Хоролгаравын “...миний нэр дээр байдаг боловч манай нөхөр Амартүвшин ашигладаг 5019971352 дансанд миний өөрийн цалинтай ээжийн мөнгө ордог, өөрөөр би ашиглаад байдаггүй. ...” /1хх 237-238/,

А.Отгонбаатарын яллагдагчаар өгсөн “...нэг халзан эрэгтэй таараад, би чамд 200.000 төгрөг өгье, чи надад нэг машин ломбардад тавиад өгчих, төлөлтийг би өөрөө хийчихнэ, ямар нэг асуудал байхгүй гэж хэлэхээр нь би зөвшөөрч, нөгөө машиныг миний нэр дээр шилжүүлж Сайн ломбардад барьцаанд тавьсан. Тэгээд 13.000.000 төгрөг аваад надад 200.000 төгрөг өгсөн. ... Тухайн үед хажууд ломбардын хүн гэж залуу байсан, нэрийг нь Ц.А гэж байсан. ...” /1хх 16/,

Г.Адъяахүүгийн яллагдагчаар өгсөн “...Клуйгер машинтай хэдэн хүмүүс ирээд машин ломбардад тавиад өгчих хүн байна уу, нэг сая төгрөг өгье гэхээр нь зөвшөөрсөн. ... Лексус 570 машиныг миний нэр дээр шилжүүлэхдээ хорооллын тэнд байдаг нотариат орчихоод шилжүүлдэг газар нь очиж миний нэр рүү шилжүүлсэн. ...” /1хх 9/,

Б.Наранбатын яллагдагчаар өгсөн “... над дээр ах, дүү Энхтайван, Бөмбүүлээ нар ирээд хэдэн ах нар ирчихсэн, машин шилжүүлээд ломбардад тавиад өг гэнэ гэсэн. Гэтэл хөх өнгийн марк-2 машинтай 3 залуу байсан. ... Нэг нь халзан толгойтой Лхагваа байсан. ...” /1хх 30-31/,

шүүгдэгч Ц.Лгийн яллагдагчаар өгсөн “...тэгээд дараа нь Лексус 470 машины гэрчилгээг худалдан аваад Отгонбаатар гэх хүнтэй Хайлаастад явж байгаад танилцсан. ...машины бичиг баримтыг Отгонбаатар гэх хүний нэр дээр шилжүүлж байгаад Бөхийн-Өргөө орчимд байдаг ломбардад 13.000.000 төгрөгөөр барьцаанд тавиулаад 200.000 төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг нь өөрөө авсан.

... “Лексус 570” автомашины гэрчилгээг ашиглан Улаан чулуутын хогийн цэг дээр байсан Адъяахүүг хайж олоод 1.000.000 төгрө өгнө, чи нэр дээрээ машин шилжүүлээд барьцаанд тавиад өг гэхэд зөвшөөрсөн.

... “Тоёота Ланд круйзер 200” маркийн машины бичиг баримтыг худалдаж аваад Улаан чулуут хогийн цэг дээрээс Наранбат гэдэг хүнийг олоод сая төгрөг өгнө, чи энэ машиныг барьцаанд тавиад өг гэхэд зөвшөөрсөн. ...  /1хх 55/,

шүүгдэгч Ц.Аийн яллагдагчаар өгсөн “...Манай Нямтайван гэх найз бид хоёр нэг газарт буюу Сайн ломбардад ажилладаг юм. Тухайн үед Нямтайван надад манай ахын машин байгаа юм, үнэлгээг нь жаахан дээш нь гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл тухайн үед Нямтайвангийн ах гэж 3 залуу ирээд “Toyota Lexus 570” гэдэг машин барьцаанд тавина гэж хэлсэн. Тухайн үед уг машины бичиг баримт, машин бүгд ямар нэгэн зөрчилгүй байсан. Үнэлгээг нь хүссэн хэмжээнд нь гаргаж өгсөн, тэр машин авчирсан хүн нь тариалан эрхэлдэг гэж ярьж байсан. Тэр орой нь ажлаа тараад ... 23 цаг өнгөрч байхад над руу Нямтайван утсаар залгаад гадаа чинь ирчихлээ гараад ирээч гэж хэлсэн. Тэгээд гараад очтол Нямтайван ганцаараа цагаан “Toyota Prius 41” маркийн машинтай ирээд 5 сая төгрөг гаргаад үүнийг ах чамд баярлалаа гээд өгчих гэсэн юм. Тэгэхээр нь тухайн үед танай ахад тусалсан болохоос биш мөнгө төгрөг хараагүй гэж хэлсэн. Тэгтэл Нямтайван наад машиныг чинь төлөхгүй хаях юм шиг байлаа гэсэн, тэгэхээр нь чи юу яриад байгаа юм бэ гэтэл худлаа худал тоглосон юм гэж хэлсэн, би цааргалаж байгаад 1 сая төгрөг авсан, тухай үед авсан шалтгаан нь хүүхдийн төлбөр нэхэгдэж байгаа болохоор авлаа, боломжтой болохоороо өгнө гэж хэлсэн. Нямтайван 4 сая төгрөгийг нь авчихъя гэхээр нь би чи тэгвэл наад мөнгөө төлөлтөд нь хийгээрээ, хугацаа хэтрүүлж болохгүй шүү гэж ойлгуулж хэлээд явуулсан. ... Нямтайван утсаар залгаад бас нэг машин байна, мөнгийг нь гаргаад өгөөч гэж хэлсэн. Нямтайван дандаа л аминд тулсан тэр ах, энэ эгч гээд юм гуйдаг юм. ...” /1хх 45-47/

Ц.Лгийн яллагдагчаар өгсөн “...Эхний машиныг Бөхийн Өргөөний “С” ломбардад барьцаанд тавихад эдийн засагч нь Ц.А гэж залуу байсан, түүнээс хойш дандаа Ц.Аийг хаана байна, тэр газрыг нь тоочиглож байгаад барьцаанд тавьсан. ... Би түүнд урамшуулал маягаар нэг машин тавиад сая орчим болон түүнээс дээш мөнгө өгч байсан. Нийт 10 сая гаруй төгрөг өгсөн байх. ...” /1хх 54-56/,

Ц.Лгийн гэрчээр өгсөн “...Ц.А гэдэг зээлийн мэргэжилтэн дээр эхний хоёр машинаа тавьж байсан. Харин 3 дахь удаагаас нь утсаар яриад би дахиад машин тавих гэсэн юм, зээлийг нь өндөр гаргаад өгөх боломж байна уу, би 10.000.000 төгрөг өгье гээд бид хоёр тохироод “Лексус 570” маркийн автомашиныг 50.000.000 төгрөгөөр тавьсан. ...Сайн ломбардны зээлийн эдийн засагч Ц.Ад урамшуулал өгсөн...” /1хх 178-180/,

Т.Агийн гэрчээр өгсөн “...Би яг одоо нэр усаар нь таних хүн байхгүй, харвал таних хүмүүс байгаа байх. Саппорогийн тойрогт байдаг “С” ломбардын салбар дээр суудаг залууд хоёр удаа машин барьцаанд тавьж байсан. ... /хүмүүсийн зураг харуулж таних уу гэж асуухад/ ...Нямтайван гэх ломбардны залуу байна. ...” /1хх 217-218/,

шүүгдэгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Анх Амартүвшин надтай ярьж байсан. “Лексус 570” маркийн автомашин өгөх гэсэн юм гээд над руу ярьсан. Намайг Саппорогийн салбар дээр байхад ирж хэд хэдэн удаа зээл авч байсан. Тухайн үед би гэртээ ажилгүй, хөлөө гэмтээгээд байж байсан. Тэр үед залгаад нэг Лексус 570” маркийн автомашин тавих гэсэн юм, чи зээл гаргаж байгаа юу, аль салбар дээрээ байгаа вэ гэж асуусан. Би ажилгүй гэртээ байгаа, чамд салбар асууж өгье гэж хэлсэн. Ц.Аийн салбартай ярихад мөнгөтэй байсан болохоор Ц.Аийн дугаарыг өгсөн. ...” /6хх 5/,

шүүгдэгч Ц.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...5 автомашиныг Ц.А шалгаж байсан, ...2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Лексус 570” маркийн автомашин барьцаанд тавьсан. ...” /6хх 7/,

шүүгдэгч Т.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны хавар өөрийнхөө машиныг ломбардад тавиад зээлээ хугацаанд нь төлж байсан. Тэр үед анх Нямтайваныг таньдаг болсон. Ц.Лгээс гайгүй зээл гаргах газар байна уу гэхээр нь Нямтайванаас асууж байсан...” /6хх 7/,

шүүгдэгч Т.Ны яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдөр Сайн ломбардын бүх салбарууд руу яриад мөнгө байхгүй гээд байсан, тэгэхээр нь Ц.Атэй ярьтал мөнгө байгаа гэхээр нь би тийш нь явуулсан, түүнээс биш үнэлгээ их гаргаад өгөөч гэж хэлээгүй, Ц.Аийн дугаарыг урьд нь манай харилцагч байсан Амараа гэх залууд өгсөн. ...” /1хх 37-39/ гэсэн мэдүүлгүүд,

Ц.Лгийн Хаан банкны 5926142596 тоот данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх Т.Ны Хаан банкны дансны /3хх 197, 199/

шүүгдэгч Ц.Лгийн “Х” банкны депозит дансны /3хх 144/ тус тус дэлгэрэнгүй хуулгууд,

2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн “ТБ Авто Финанс” ХХК-ийн “С” барьцаалан зээлдүүлэх газар болон Ц.Л нарын хооронд байгуулсан 24900376 дугаартай /2хх 194-200/,

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “ТБ Авто Финанс” ХХК-ийн “С” барьцаалан зээлдүүлэх газар болон А.Отгонбаатар нарын хооронд байгуулсан 24900460 дугаартай /2хх 174-179/,

2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “ТБ Авто Финанс” ХХК-ийн “С” барьцаалан зээлдүүлэх газар болон Б.Цэрэндамба нарын хооронд байгуулсан 24900531 дугаартай /2хх 168- 173/,

2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “ТБ Авто Финанс” ХХК-ийн “С” барьцаалан зээлдүүлэх газар болон Г.Адъяахүү нарын хооронд байгуулсан 02000221 дугаартай /2хх 186-193/,

2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “ТБ Авто Финанс” ХХК-ийн “С” барьцаалан зээлдүүлэх газар болон Б.Наранбат нарын хооронд байгуулсан 02000408 дугаартай /2хх 180-185/ тус тус зээлийн гэрээнүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 98-136/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 141, 145, 150/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 155/,

шүүгдэгч Ц.Лгийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 124-126/,

шүүгдэгч Т.Агийн Хаан банкны 5022353636 дугаарын дансанд бэлнээр мөнгө тушаасан болон түүний эхнэр А.Хоролгаравын Хаан банкны 5019971352 дугаарын дансанд мөнгө шилжүүлсэн баримт /5хх 26, 70-71/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Ц.Л нь ганцаараа 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг “Х” барьцаалан зээлдүүлэх газарт “Тоёота приус” маркийн 13-04 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арлын дугаарыг засаж, гэрчилгээг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч барьцаалан 3.500.000 төгрөгийг,

2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 91-39 УБУ улсын дугаартай “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг засаж, гэрчилгээг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч барьцаалан 5.000.000 төгрөгийг,

2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-нд 39-04 УНЛ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг засаж, гэрчилгээг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч барьцаалан 3.500.000 төгрөгийг,

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “А” ХХК-ийн авто ломбардад 96-20 УБП улсын дугаартай, NHW   203189635 арлын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг засаж, гэрчилгээг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч барьцаалан 3.800.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 15.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ч.Отгонтөгсийн “...2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр манай байгууллагын зээлийн эдийн засагч Тулга гэгчтэй иргэн Ц.Л нь 91-39 УБУ улсын дугаартай “Toyota Sai” маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж, 5 сая төгрөгийн зээлийг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 12-198 тоотод байрлах зээлийн төвөөс зээлийн гэрээ хийж авсан юм. Тэгээд графикийн дагуу төлөлт хийгдээгүйн улмаас манай зээлийн мэргэжилтэн хаягаар нь явж очиж үзэхэд хаяг дээрээ амьдардаггүй байсан, тэгээд залгаад утсаа авахгүй, тэгж байгаад нэг утсаар холбогдох үед зээлийг чинь төлж чадахгүй, наад машин чинь аваарт ороод төмөрт тушаасан, шүүх, цагдаагийн байгууллагаар явах талаар та нар өөрсдөө мэд гэж хэлээд огт холбогдоогүй. ...” /2хх 23-24/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батдуламын “... Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Ц.Л нь “Тоёота приус 20” маркийн 39-04 УНЛ улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалж 3.500.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд зээл авсан өдрөөс эхэлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн төлөлтөөс нэг ч төгрөг төлөөгүй болно. Зээл авахдаа бүрдүүлж өгсөн хувийн мэдээллээс гар утасны дугаар нь дуудаад огт авдаггүй байсан. Ингээд манай байгууллага залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Манай байгууллагад Ц.Л дээрх машиныг л барьцаанд тавьсан ба машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ Ц.Лгийн нэр дээр харагддаг. Манай байгууллага анх машинд зээл гаргахдаа машины арлын дугаарыг шалгаж үзэхэд гэрчилгээ дээрх арлын дугаар тохирч байсан. Одоо манай байгууллага хохиролд 3.500.000 төгрөг нэхэмжилж байна. ...” /2хх 76/,

хохирогч Х.Гантулгын “... 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн ажил болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Хаан авто ломбардад байж байтал гаднаас үл таних залуу өөрийн “Toyota Prius 20” маркийн 13-04 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээ барьцаанд тавихыг хүссэн, тодруулж асуухад тухайн үл таних залуу би энэ тээврийн хэрэгслийг худалдаж авч байгаа юм, тэгээд 3.500.000 төгрөг дутаад, би өөрийн авах гэж байгаа машинаа шууд барьцаанд тавьж байгаа юм гэж хэлсэн. Улмаар бүх материалыг бүрдүүлж тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаар болон бусад зүйлсийг шалгахад ямар нэгэн байдлаар зөрүү гараагүй тул би тухайн тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгөөр барьцаанд авсан. Би тухайн залууд зээл гаргаж өгөхдөө тухай залуугийн бичиг баримтыг харж байж тухайн зээлийг гаргаж өгсөн. Тухайн залуу нь Ц.Л гэх залуу байсан. ...” /2хх 106-107/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ариунаагийн “...2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ц.Л гэх хүн ирээд “Тоёота приус 20” маркийн автомашин барьцаанд тавимаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хамтран зээлэх хүн хэрэгтэй гэж хэлтэл гараад яваад өгсөн. Тэгээд 2 цагийн дараа ирээд манай эхнэр ирэхээр болсон гэж хэлээд уг машиныг барьцаанд тавихаар болсон. Тэгээд Ганчимэг гэдэг хүний хамт гарын үсэг зурсан. 96-20 УБП улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн цагаан өнгийн автомашиныг барьцаанд тавьсан. ... “ /5хх 135-136/,

гэрч Г.Ганчимэгийн “...Ц.Л нь миний нөхөр байгаа юм. Намайг ажил дээрээ байж байхад би зээл авах гэсэн юм, батлан даагч болоод өгөөч гэж хэлсэн, тэгэхээр нь би өөрөө зээлтэй гэж хэлсэн. Тэгтэл би өөрөө төлөөд явна гэж хэлсэн. Тэгээд би очиж гарын үсэг зурсан, өөр мэдэх зүйл байхгүй. Бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа нэг хүүхэдтэй. Тухайн үед бид хоёр салсан, тусдаа амьдарч байсан. ...” /5хх 138-139/,

шүүгдэгч Ц.Лгийн яллагдагчаар өгсөн “...Би 39-04 УНЛ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг танихгүй хүнээс худалдаж аваад тухайн гэрчилгээг түрээсийн газраас 3 хоногийн хугацаатай түрээсэлж авсан машин дээрээ ашиглаж, дараа нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Т” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3.500.000 төгрөгийн зээл авсан.

... Би 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Үнэгүй.мн сайтаас түрээсээр “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл түрээсэлж авсан. Улмаар тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг би өөрөө замаскдаж янзалж, өмнө худалдаж авсан байсан өөр “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр байсан арлын дугаарыг сольж янзалж орхисон. Улмаар 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан гэх авто ломбардад тавьж, 3.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5926142596 тоот дансаар шилжүүлэн авсан.

... Би машины бичиг баримт буюу “Тоёота Приус 20” автомашины бичиг баримтыг фейсбүүк зараас худалдан авсан. Тэр авсан бичиг баримтаараа түрээсийн газраас 2 өдрийн хугацаатай машин түрээсэлж аваад, түүнийхээ арлын дугаар дээр нь замаск түрхэж өөрийн худалдан авсан бичиг баримтын арлын дугаарыг дээр нь цохиж сольж байгаад Орчлон хорооллын байрны дунд “Ар Булаг” нэртэй авто ломбардад 3.800.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгийг нь төлөөгүй. ...” /2хх 39, 94, 5хх 146-147/ гэсэн мэдүүлгүүд,

2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн С5000674 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, түүний хавсралт /2хх 10-20/,

“Т” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/156 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, түүний хавсралт /2хх 45-49/,

Т.Ганхуягийн Хаан банкны 5128050745 дугаарын данснаас 4.584.660 төгрөг Ц.Лд шилжүүлсэн талаарх депозит дансны хуулга /2хх 9/,

Х.Гантулгын Хаан банкны данснаас мөнгө шилжүүлсэн талаарх депозит дансны хуулга /2хх 102/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нар ... Болдбаатар гэх хүний мэдүүлэг худлаа, намайг илт гүтгэсэн, 3 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээг би огт мэдэхгүй, ... гэрч гэх Наранбат, Отгонбаатар, Цэрэндамба, Адъяахүү нартай нүүрэлдүүлж, намайг “машин барьцаанд тавиулж зээл авахуулсан хүн мөн үү” гэж асуухад “биш” гэж хэлснийг хавтаст хэрэгт баримтжуулж аваагүй байж 2 хоногийн дараа таньж олуулах ажиллагаа явуулсан, ... шүүхээс намайг 5 удаагийн үйлдэл дээр гэм буруутайд тооцож, нийт 37 сая төгрөгийн хохирол тогтоосон. Гэвч миний бие хоёр удаа Болдбаатарын гуйлтаар гэрчилгээг нь зарж өгсөн. ... Мөрдөн байцаалтын шатанд Амартүвшингээс бусад яллагдагч нар өмгөөлөгчтэй оролцдог ч түүнийг өмгөөлөгчөөр хангаагүй мөрдөн шалгах ажиллагаа явагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг зөрчсөн. ... камерын бичлэг болон бусад маршрутын дагуу байрлах камерын бичлэгүүд, тухайн автомашинуудын эзэмшигч гэх хүмүүсээс Ц.Лтэй хэн хэн явж байсныг тодруулах, ... 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагт урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал зарлагдсан ч тус хуралдаанд прокуророос ирээгүй тул урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуусч байгаа тул хойшлуулах боломжгүй гэж хүсэлтийг хүлээн авалгүй, шүүх хурал огт хийхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, ... гэрч А.Отгонбаатар мэдүүлэхдээ “халзан нөхөр Ц.Л, ах дүүс гээд үстэй хүн байсан. Шүүх хуралдааны танхимд тэр хүн байхгүй байна” гэсэн тул Амартүвшинг хамт байгаагүй өөр хүн байсан гэж мэдүүлдэг. Тэгвэл тэр хүн нь хэн бэ, түүнийг олж тогтоож хэрэгт шалгах ёстой болж байна. ... Ах дүү Бөмбүүлээ, Энхтайван нарыг гэрчээр зайлшгүй асууж, анх ямар зүс царайтай, хэдэн хүн, ямар машинтай, юу гэж хэлж ирсэн гэдгийг тодруулах, ... шүүгдэгч Ц.Л уг хэргийг Оюуны Баттүшиг гэх хүнтэй хамтран хийсэн. Тэр хүн ломбардны мөнгийг авсан боловч өөрийг нь дарамталж хэргээс мултарсан тул түүнийг шалгуулж өгнө үү гээд тухайн хүний иргэний үнэмлэхийн хуулбар, явуулсан мессежийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх уг хэргийн бодит үнэнийг тогтоож, үнэн зөвөөр нь шийдвэрлэлгүй, эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэсэнд гомдолтой байна. ... Иймд эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулж өгнө үү” гэсэн,  

Шүүгдэгч Ц.Л, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нар ... Оюун овогтой Баттүшиг гэдэг хүн энэ гэмт хэргийг санаачилж, намайг удаа дараа дарамталж хийлгэсэн, ... гэрч Болдбаатар нь О.Баттүшигтэй найзууд бөгөөд хямд онхолдсон, ашиглагдах боломжгүй болсон машин, бичиг баримт худалдан авч, бичиг баримтыг нь өндөр үнээр зарж ашиг олдог. ... Гэрчүүд болох Наранбат, Адъяахүү нар “энэ хүмүүс гурвуулаа явж байсан” гэж мэдүүлдэг, гэрчүүдийн яриад байгаа “хар клуйгер” машин О.Баттүшигийнх, ... энэ гэмт хэргийн ард ял завшиж байгаа О.Баттүшиг, Болдбаатар гэсэн хоёр хүнийг дахин шалгуулж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ... гэсэн,  

Шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нар ... Миний бие тухайн хэргийн талаар огт мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд миний мэдээгүй байсан тухайн хэрэгт хамааралгүй гэдгийг Ц.Л, Т.А нар мэдүүлсэн байдаг. Гэтэл прокурор болон шүүх нь намайг Ц.Аийн мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцож ялласан нь хэт нэг талыг барьсан, хэргийн ээдрээ төвөгтэй байдлын мэдүүлэг, нотлох баримтыг эцэслэн мухарлаж шалгалгүйгээр шийдвэр гаргаж миний эрх зүйн байдлыг маш ихээр дордуулсанд гомдолтой байна. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан болон Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор тайлбарласнаар залилах гэмт хэргийн гол шинж болох “... бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, ... итгэл эвдэх замаар өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, өмчлөх, эзэмших эрхийг өөртөө хууль бусаар олж, шилжүүлэн авсан байх...”-ыг шаардсан байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч Т.Н нь хохирогч “ТБК” ХХК-ийн “С” ломбардтай харьцаж, өөртөө бусдын эд хөрөнгийг олж авах зорилгоор очиж уулзан нэг ч автомашин барьцаанд тавиагүй, мөнгө аваагүй, бусад хохирогч нартай огт харьцаагүй, хэн, хэдэн төгрөгийн барьцаанд ямар автомашин тавьж байгаа талаар огт мэдээгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг анхаарч үзсэнгүй. ... шүүгдэгч нарын оролцоог харгалзан үзэлгүй хувь тэнцүүлж тус бүр 37.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. ... Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 Гэрч А.Болдбаатар, А.Энхбаатар нар нь шүүгдэгч Т.Аг 5 машины гэрчилгээ худалдаж авсан талаар мэдүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татагдсан Б.Наранбат, Г.Адьяахүү нараар таньж олуулах ажиллагаа явуулахад тэд шүүгдэгч Т.Аг таньж, түүний оролцооны талаар мэдүүлэг өгчээ.

Шүүгдэгч Т.А нь өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө /1хх-68/ гээд яллагдагчаар мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний хувьд заавал өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгах зорилгоор хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авах, таньж олуулах ажиллагаа явуулах, бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргах зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудын хооронд зөрүүтэй гэж үзэх, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэнээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөл байдал үүсээгүй байна гэж үзэв.

Гэрч, хохирогч нар нь хэргийн талаар өөр өөрсдийн мэдэх зүйлийн талаар мэдүүлэг өгсөн байх бөгөөд шүүхээс бүх л нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаж, хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Ц.Л, Т.А нар нь нэр бүхий хүмүүсийг хэрэгт холбогдуулан шалгуулах асуудал нь нээлттэй бөгөөд энэ хэргээс тусдаа буюу шинээр илэрсэн нөхцөл байдлын журмаар шалгуулж, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээс шалтгаалан өөрсдөдөө холбогдох хэрэгт шинэ нөхцөл байдлаар хууль зүйн дүгнэлт хийлгүүлэх боломжтой.

Өмгөөлөгч Н.Одонтуяа шүүхийн урдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж, шүүх 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн урдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хийж, уг хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шүүгчийн захирамж гаргажээ. 

Ингэхдээ, өмгөөлөгч Н.Одонтуяагийн хүсэлтэд заасан асуудлуудыг гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй байна.    

2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр “Лексус 570” маркийн 40-58 УНЯ улсын дугаартай JTJHY00W584008371 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж барьцаанд тавьж 30.000.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Тоёота Ландкруйзер 200” маркийн 72-52 УБГ улсын дугаартай JTMDU09J194015095 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж, барьцаанд тавьж 32.000.000 төгрөгийг тус тус залилсан үйлдлүүдэд Т.Н оролцсон болох нь хохирогч Н.Мягмархорол /1хх 164/, гэрч Ө.Баярмагнай /1хх 240-241/, шүүгдэгч Ц.А /1хх 187/, шүүгдэгч Т.Н /1хх 37-39/ нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Лгийн Хаан банкны 5926142596 тоот данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх шүүгдэгч Т.Ны Хаан банкны дансны /3хх 197, 199/ хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Н нь шүүгдэгч Ц.Л, Т.А нарын бүлэглэн осолд орж эвдэрсэн машины бичиг баримт ашиглан “ТБК” ХХК-ийн “С” барьцаалан зээлдүүлэх газраас зээл авахад тус газрын ажилтан, өөрийн танил Ц.Ад нөлөөлж, улмаар түүнд урамшууллын 1 сая төгрөг өгч, өөрөө шүүгдэгч Ц.Лгээс мөнгө авах зэргээр шунахай сэдэлтээр хамтран оролцсон байна гэж үзэв.

Харин 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Лексус 470” маркийн 81-88 УБР улсын дугаартай JTJHT00WX64004179 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж, барьцаанд тавьж 13.000.000 төгрөгийг, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Лексус 570” маркийн 38-00 УБО улсын дугаартай JTJHY00W9C4092042 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж барьцаанд тавьж 50.000.000 төгрөгийг, 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Тоёота Ландкруйзер 200” маркийн 71-10 УБА улсын дугаартай, JTMHT05J304020912 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж барьцаанд тавьж 25.500.000 төгрөгийг тус тус залилан авсан 3 үйлдэлд түүний үйлдэл холбогдол тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.Ны 3 үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон тул түүнд оногдуулсан хорих ялыг өөрчлөх үндэслэл үүссэн болон өөрт ногдох хохирлыг төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.

Шүүгдэгч Т.Н нь 108 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт эдлэх торгох ялаас 1.620.000 төгрөгийг хасаж, 8.380.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Хохирол төлбөрийн тухайд, шүүгдэгч Т.Ныг хоёр үйлдэлд гэм буруутайд тооцсон, түүний гэмт хэрэг үйлдэхэд болон гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг захиран зарцуулсан байдалд оролцсон оролцоо зэрэгт дүгнэлт хийн түүнээс 15.500.000 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Т.Ны хувьд, давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед хохирол төлбөрт 37.000.0000 төгрөгийг төлж барагдуулсан /7хх 138/ байх тул уг мөнгөнөөс хохирлын төлбөрөө шийдүүлж, илүү гарсан мөнгийг шаардах эрх нээлттэй болохыг тэмдэглэж байна.

Түүнчлэн, зарим шүүгдэгч нараас хохирол төлбөр төлсөн нөхцөл байдал, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг ялгамжтай тооцон гаргуулах үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Иймд, шүүгдэгч Ц.Лгээс 58.500.000 төгрөг гаргуулан “ТБК” ХХК-д, мөн түүний төлсөн 1.805.000 төгрөг хасч 2.779.660 төгрөг гаргуулан “Т” ХХК-д тус тус олгохоор өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Агийн хувьд, тэрээр давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед 19.983.000 төгрөг төлсөн /7хх 141/ талаарх баримт гаргаж өгсөн байх ба уг баримтыг шинжлэн үзэхэд, 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Тоёота Ландкруйзер 200” маркийн 71-10 УБА улсын дугаартай JTMHT05J304020912 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж барьцаанд тавьж 25.500.000 төгрөгийн хохирол учруулсан өдөр шүүгдэгч Т.Агээс “ТБК” ХХК-ийн Хаан банкны 5124029955 тоот данс руу шилжүүлсэн үйл баримт байна.

“ТБК” ХХК-ийн өмгөөлөгчөөс уг мөнгө шүүгдэгч Т.Агийн өөр гэрээний үүрэгтэй холбоотой талаар тайлбарласан бөгөөд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Т.Аг 19.983.000 төгрөг төлсөн гэж үзэж, төлбөрөөс хасч тооцох хангалттай баримт, үндэслэгээ үүсээгүй болно. Харин  шүүгдэгч Т.А нь 19.983.000 төгрөгийг хохиролд төлсөн гэдгээ нотолсон тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед хасуулж тооцуулах боломжтой болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Лг ганцаараа болон бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэсэн хэрнээ гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ зөвхөн бусадтай бүлэглэсэн гэж тооцож ганцаараа үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөв.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүгдэгч Ц.Л, түүний өмгөөлөгч Б.Сэргэлэнбат, шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Л нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 600 цагийн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон, шүүгдэгч Т.А нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 он 12 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Т.Н нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 545 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан буюу шүүгдэгч нар 2020 онд ял шийтгэл хүлээж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх шүүгдэгч нар оногдуулсан ялыг эдэлж дууссан эсэх, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан эсэх, нэмж нэгтгэх ял шийтгэл байгаа эсэх талаар дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Анхан шатны шүүх дээрх асуудлаар дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэлт хийх боломжгүй байна гэж үзэв.

Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн А.Болдбаатар нь осолд орсон авто машины бичиг баримтыг өндөр үнээр шүүгдэгч Т.Ад худалдсан, уг бичиг баримтыг шүүгдэгч Ц.Л, Т.А нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байхад гэрч  А.Болдбаатарыг иргэний хариуцагчаар татах эсэхэд хууль хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлд заасан “...Шүүх хуралдаан завсарлах...”, 34.16 дугаар зүйлд заасан “...Шүүх хуралдаан хойшлуулах...”  нь хоёр өөр хууль зүйн үндэслэл бөгөөд тухайн үндэслэлүүдээс шалтгаалж гарах үр дагавар нь өөр өөр байдаг.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “...учирсан хохирлыг нөхөн төлөх талаар санал, хүсэлт гаргасан...” нь шүүх хуралдаан завсарлах,

мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “...улсын яллагч, өмгөөлөгч солигдож, эсхүл нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон...” нь шүүх хуралдааныг хойшлуулж болох үндэслэлд тус тус хамаарна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны ажиллагааг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжаар “...хяналтын прокурор М.Отгонбаатар өөр газар шилжин томилогдсон...” үндэслэлээр завсарлуулсан шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед дээрх нөхцөл байдал үүссэн тохиолдолд прокурор солигдож оролцсон нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгаа эсэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Л, Т.А нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 97 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/623 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Шүүгдэгч Т.Нд холбогдох 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Лексус 470” маркийн 81-88 УБР улсын дугаартай, JTJHT00WX64004179 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж, барьцаанд тавьж 13.000.000 төгрөгийг, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Лексус 570” маркийн 38-00 УБО улсын дугаартай, JTJHY00W9C4092042 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж, барьцаанд тавьж 50.000.000 төгрөгийг, 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Тоёота Ланд круйзер 200” маркийн 71-10 УБА улсын дугаартай, JTMHT05J304020912 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан арлын дугаарыг засаж, барьцаанд тавьж 25.500.000 төгрөгийг тус тус залилан авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Ны цагдан хоригдсон 108 хоногийн 1 хоногийн торгох ялын 15 нэгжтэй дүйцүүлэн 1.620.000 төгрөгийг торгуулийн ялаас хасч 8.830.000 төгрөгөөр, шүүгдэгч Ц.Аийн цагдан хоригдсон 11 хоногийн 1 хоногийн торгох ялын 15 нэгжтэй дүйцүүлэн 165.000 төгрөгийг торгуулийн ялаас хасч 9.835.000 төгрөгөөр тус тус тогтоосугай гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, Ц.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ц.Л ганцаараа болон шүүгдэгч Ц.Л, Т.А, Т.Н, Ц.А нар бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Лг 7 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Аг 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Н, Ц.А нарыг тус бүр 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 3 дах заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л, Т.А нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Л, Т.А нарын тус бүр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 11 хоногийг тэдний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай гэж,

тогтоох хэсгийн 5 дах заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Т.Нд оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай гэж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Лгээс 58.500.000 төгрөг гаргуулан “ТБК” ХХК-д, 2.779.660 төгрөг гаргуулан “Т” ХХК-д, 3.500.000 төгрөг гаргуулан “Т” ХХК-д, 3.500.000 төгрөг “С” ХХК-д, 3.800.000 төгрөг гаргуулан “А” ХХК-д,

шүүгдэгч Т.Наас 15.500.000 төгрөг, шүүгдэгч Т.Агээс 37.000.000 төгрөг тус тус гаргуулан “ТБК” ХХК-д тус тус олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүгдэгч Ц.Л, түүний өмгөөлөгч Б.Сэргэлэнбат, шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч нь Т.Н нь 37.000.000 төгрөгийг “ТБК” ХХК-д төлсөн болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л, Т.А нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 97 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР