| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0369/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/04 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч П.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.О-д холбогдох эрүүгийн 1738000000165 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч П.О нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой Хөвсгөл Мөрөн сумын 2-33-10 тоотод иргэн Л.Ням-Очиртой маргалдаж улмаар түүний хурууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.О нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны орой Хөвсгөл Мөрөн сумын 2-33-10 тоотод иргэн Л.Ням-Очиртой маргалдаж улмаар түүний хурууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч П.Оюун-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Манай салсан нөхрийн дүү Ням-Очир манай дүү Оюунбаатарынд ирсэн. Ням-Очир манайд орж ирээд хүү Идэрсайханыг авч хөдөө явах гэсэн юм гэхээр нь би ирээд удаагүй байна хэд хоногтоо эндээ байж байг гэснээс болоод бид хоёр маргалдсан. Ням-Очир миний хувцаснаас зуурч, үснээс зулгаасан, толгой руу гараараа цохиод гэдэс хэвлий рүү өшиглөсөн. Ням-Очирыг намайг алгадах үед нь би хуруунаас нь хазсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Л.Ням-Очирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Бид хоёрын дундах маргаан бол хүүхэд авч явахаас болсон. П.О миний гарыг хазсан. Үс зулгаасан. Би Оюун-Эрдэний нүүрлүү нь нэг удаа цохисон. Гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-7 дугаар хуудас/,
Гэрч Г.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Ням-Очир эгч П.О эгчтэй хэрүүл маргаан хийгээд орилж хашгираад байсан. Би хэрүүл болж байх үеэр машин дотроо сууж байсан болохоор болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Гэрч Л.Нямцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Манай ээж Даваажав ач хүү Идэрсайханыг аваад ирээрэй гэж байсан болохоор Идэрсайханыг авахаар эгч Ням-Очир, нөхөр хүүхдүүдийнхээ хамт 2-р хороонд П.О эгчийн байгаа гэрт очсон. Ням-Очир эгч П.О эгчтэй хэрүүл маргаан хийгээд орилж хашгираад байсан. Би хэрүүл болж байх үеэр машин дотроо сууж байсан болохоор болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Ням-Осорын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 649 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн 1738000000165 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч П.О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 27 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч П.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Л.Ням-Очир нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1738000000165 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Ням-Очир нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.О-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 1738000000165 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Ням-Очир нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР