Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/851

 

 

 

 

 

 

 

                                           

Ө.Ө д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/796 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Ө ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208000000846 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

……. овгийн Ө ийн Ө , …… оны …… дугаар сарын ….- ны өдөр …………….. төрсөн, ……. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “………… ХХК-д жолооч хийдэг гэх, ам бүл .., ………. дүүргийн ……. дугаар хороо, ……………. ….-……. тоотод оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 955 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүнд ялд нь багтаан нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял  тус тус шийтгэж, хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 7 сарын хугацаагаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 704 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 7 сар 25 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн 3 жил 9 сар 25 хоногийн хорих ялаар,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 16 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт зорчих эрх хязгаарлах ялыг 3 жил 9 сар 16 хоногийн хугацаагаар тус тус тогтоосон;

Шүүгдэгч Ө.Ө нь 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Поло” нэртэй караокед үйлчлүүлж байсан Б.А ын цүнхнээс бэлэн 105.000 төгрөг, “Xiaomi Poco М3” загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч Б.А д 994.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ө.Ө ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Ө д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ө.Ө д оногдуулсан 1 жил энэ тогтоолоор оногдуулсан ял нэмэх 3 жил 3 сар 13 хоног Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 608 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял нэмэх 160 цаг буюу 20 хоног Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 252 дугаартай шийтгэх тогтоолоос нэмэх ял 4 жил 4 сар 3 хоногийн хорих ялаар түүний биечлэн эдлэх ялын хугацааг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Ө д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ө.Ө д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.Ө  гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 3 жил 4 сар 3 хоногийн зорчих эрх хязгаарлах эдэлж байсан бөгөөд уг ялыг эдэлж байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдож 1 жилийн хорих ял, энэ тогтоолоор оногдуулсан ял дээр 3 жил 4 сар 3 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 4 сар 3 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр шийдвэрлэгдсэн. Миний бие зорчих эрх хязгаарлах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял сонссондоо харамсаж байгаа бөгөөд уг ялыг эдэлж байх хугацаандаа бүсээс гарах, цахим бугуйвчаа унтраах зэргээр зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Хохирогчид төлөх төлбөрөө бүгдийг барагдуулсан, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг минь, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ялтай байх хугацаандаа хөнгөн зэргийн гэмт хэрэгт холбогдож гэм буруугаа маргалгүй хүлээж, гэмшиж байгааг минь харгалзан хорих ялыг багасгаж, мөн хорихоос өөр төрлийн ялаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокурор Г.Мөнхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ө.Ө урьд нь 5 удаа ял шийтгүүлж байсан. Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн учраас шүүх үүнийг харгалзан үзэж 4 жил 4 сар 3 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шийдвэрийг гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ө.Ө нь 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Поло” нэртэй караокед үйлчлүүлж байсан Б.Алтанзулын цүнхнээс бэлэн 105.000 төгрөг, “Xiaomi Poco M3” загварын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогч Б.Алтанзулд 994.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.А ын “...Би 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 15-16 цагийн хооронд найз Зулчимэгтэй Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах “Fashion” нэртэй пабд ороод хоол идэж, пиво уугаад сууж байтал өөрийгөө Ө гэж танилцуулсан залуу бид хоёр дээр ирээд би сийлбэрчин мужааны ажил эрхэлдэг гэхээр нь бид хоёр хамт суухгүй гэж хэлэхэд гуйсаар байгаад хамт суусан. ... Бид 3 юм яриад сууж байтал Ө  гэх залуу гадагшаа гараад явж байхыг хараад найз Зулчимэг “чиний гар утас байна уу” гэж асуухаар нь би өөрийн утсаа шалгахад миний гар утас байхгүй байсан. ...” /хх 21-22/,

шүүгдэгч Ө.Ө ын яллагдагчаар өгсөн “...Би нилээд согтсон байсан. Тухайн газраас гарахдаа Б.А ын гар утсыг хулгайлаад гарсан байсан. Миний бие хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан байгаа болно. ...” /хх 52/ гэсэн мэдүүлгүүд,

“Т  Э” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 37-38/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Өлзийжаргалыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ө.Ө ын шунахай сэдэлтээр хохирогч Б.А ын гар утсыг нууцаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч Ө.Ө  “...миний бие зорчих эрх хязгаарлах ялтай байх хугацаандаа хөнгөн зэргийн гэмт хэрэгт холбогдож гэм буруугаа маргалгүй хүлээж, гэмшиж байгааг минь харгалзан үзэж хорих ялыг багасгаж, мөн хорихоос өөр төрлийн ялаар шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Ө.Ө ыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 704 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 16 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт зорчих эрх хязгаарлах ялыг 3 жил 9 сар 16 хоногийн хугацаагаар тогтоосон байхад дахин дээрх 608 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 160 цаг буюу 20 хоногийн ял нэмж нэгтгэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 4/10739 тоот албан бичгээр шүүгдэгч Ө.Ө  нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 9 сар 16 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас 3 жил 4 сар 12 хоногийн ялыг эдлээгүй байгааг тодорхойлжээ.

Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 160 цаг буюу 20 хоногийн ял нэмж нэгтгэсэн нь буруу байх тул зөвтгөн өөрчлөв.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Ө.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх тул түүний давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Ө ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ө.Ө д шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 64 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/796  дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ө.Ө д оногдуулсан 1 жил энэ тогтоолоор оногдуулсан ял + 3 жил 3 сар 13 хоног Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 608 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял + 160 цаг: 8 буюу 20 хоног Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 252 дугаартай шийтгэх тогтоолоос нэмэх ял = 4 жил 4 сар 3 хоногийн хорих ялаар түүний биечлэн эдлэх ялын хугацааг тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ө.Ө д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 608 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 13 хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 4 жил 3 сар 13 хоногоор тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Өлзийжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 64 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                     Б.АРИУНХИШИГ

                                 ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР