Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/852

 

 

 

 

 

 

Ц.Н д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Амармөрөн,

шүүгдэгч Ц.Н , түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,  

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/639 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Н д холбогдох 2009008801270 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

……… овгийн Ц ын Н , …… оны ………. дугаар сарын ……….. -ны өдөр …………………… төрсөн, ……..настай, эмэгтэй, дээд боловсролтой, япон хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл …. нөхөр, хүүхдүүдийн хамт ………. дүүргийн ……. дүгээр хороо, …….. мянгат гудамж, ………. дугаар байрны …….. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ………. дүүргийн ……… дүгээр хороо,………-……… тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Ц.Н  нь Сүхбаатар дүүрг.2ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЮБЭ” төвд үйл ажиллагаа явуулдаг “Б  В” ХХК-ийн лавлагаа, мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан шинжилгээний захиалгыг хүлээн авдаг пос програмд захиалга цуцлагдсан гэх хуурамч мэдээлэл оруулан 2018 онд 437 ширхэг захиалгын гүйлгээг цуцалж 17.726.800 төгрөгийг, 2019 онд 474 ширхэг захиалгын гүйлгээг цуцалж 23.355.500 төгрөгийг тус тус завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Н ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Н г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Н ээс 36.807.122 төгрөг гаргуулан хохирогч “Б В” ХХК-д олгож, шүүгдэгч Ц.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өөрийн хийсэн гэм бурууд маргаагүй, шүүхээс оногдуулсан ялыг хүндэтгэн үзэж байгаа. Шүүх миний гэм буруугаа хүлээсэн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү” гэв. 

Шүүгдэгч Ц.Н ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан болно.

1. Миний үйлчлүүлэгч хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон байдаг. Мөн хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны хугацаанд тодорхой хэмжээний буюу нийт 4.275.178 төгрөгийг төлсөн талаар талууд маргадаггүй. Харин ч тус үйл баримтыг тооцоо нийлсэн талаараа мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн шатанд тайлбарладаг. Чухамдаа миний үйлчлүүлэгч огтоос хохирлоо нөхөн төлөхгүй гэсэн санааг илэрхийлээгүй атал шүүх уг нөхцөл байдлыг буруугаар дүгнэсэнд гомдолтой байна.

2. Шүүх Ц.Н ийн хувийн байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзээгүй нь шийтгэх тогтоолоос харагдаж байна. Ам бүл…, бага насны 2 хүүхэдтэй, нөхөр Б.А хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан, урьд шийтгэл эдэлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдсон /1хх 247-249/ боловч ял шийтгэхдээ уг нөхцөл байдлыг харгалзалгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод үл нийцсэн шийдвэр гэж үзэхээр байна. Чухамдаа шүүх шударга ёсны зарчмыг баримталж шийдвэр гаргадаг бөгөөд тухайн шийдвэрийн үр дагавар нийгэмд хийгээд талуудад ямар ач холбогдолтой талаар тооцоолж шийдвэрлэх нь өөрөө шударга шийдвэр гарах үндэс болдог. Үүнээс үзвэл шүүгдэгч 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл авлаа ч хохирогчийн хохирол богино хугацаанд барагдахгүй, дахин хугацаа хойшлох үндэслэл болно. Харин хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулснаар хохирогчийн хохирол, хор уршгаа нэхэмжлэн хангуулж авах эрх илүүтэй бодит амьдралд нийцэх үндэстэй. Гэвч шүүх уг нөхцөл байдал, үр дагаврыг тооцоололгүйгээр субьектив хандлагаар шахуу шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэсгүй гэж үзэж байна. Нэг үгээр хэлбэл шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээ тогтоохдоо ямар үндэслэл баримтын хүрээнд шийдвэрлэсэн талаар огтоос дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн нь эргэлзээ төрүүлэхүйц байна.

3. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш миний үйлчлүүлэгчийн ар гэрийнхний зүгээс 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 16.500.000 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хоёр хувааж 3.500.000 төгрөгийг, нийт 20.000.000 төгрөгийг хохирогч байгууллагын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 458036891 бүхий дансанд шилжүүлж хохирлоос төлсөн. Мөн үлдэгдэл 16.807.121 төгрөг дээр шүүгдэгчийн ар гэрийнхний зүгээс эргэн төлөлтийн баталгаа хийж, хохирлыг бүрэн барагдуулах талаар зөвшилцөлд хүрсэн болно. Иймд хохирол өнөөдөр бодит байдалд төлөгдсөн, төлөгдөх боломж бүрдсэн байна. Мөн миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 4.275.178 төгрөгийг төлсөн. Нийт шүүгдэгчийн зүгээс 24.275.178 төгрөгийг төлсөн байна. Нийт хохирлын дийлэнхийг төлж барагдуулсан нь баримтуудаар баталгаажин харагдах болно. /гомдлын хавсралтаар тусгасан болно/

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхой тусгасан байдаг бөгөөд бодит байдалд нийцсэн гэмт үйлдэл хийсэн этгээдэд нийгэмд аливаа этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэхэд ач холбогдол өгч байдаг. Энэ ч утгаараа хохирогчид хамгийн гол зүйл нь хохирлоо барагдуулах байдаг. Харин тус шийтгэх тогтоолоор хохирогчийг хохирол өр төлбөрөө хурдан хугацаанд авах хүсэл, эрмэлзлийг үгүй хийж байгаатай агаар нэг адил. Миний үйлчлүүлэгчийн хувьд бага насны, нялх нярай 2 хүүхэдтэй, нөхөр нь 50 хувийн группт байдаг, хохирлоос 24.275.178 төгрөгийн хохирол төлсөн зэргээс үзвэл заавал миний үйлчлүүлэгчид хорих ял бус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйлдэлтэй нь холбоотойгоор сонгох санкцийн нэг болох торгуулийн шийтгэлийг оногдуулсан нь аль алиндаа шударга үр дагаврыг, хууль ёсны шийдвэрийг гаргах үндэслэл болох нь гэж үзэж байна. Чухамдаа миний үйлчлүүлэгч ажил хийж байж, орлого олох боломжтой болж байж хохирогчийн хохирлыг барагдуулах, хохирогч богино хугацаанд хохирлоо барагдуулж авах боломж бий болно. Нөгөөтэйгүүр, шүүгдэгчийн ар гэрийнхний зүгээс хохирогч талтай байгуулсан баталгааны баримтын хүрээнд сар эргэн төлөгдөх хэлбэрээр хохирлыг бүрэн барагдуулж дуусгах боломж миний үйлчлүүлэгчид бий. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр буюу хэргийн зүйчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчид холбогдох ял шийтгэлийг торгуулийн ялаар өөрчилж өгөх боломжтой. Тус холбогдох заалтад 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санкци, хариуцлагын зохицуулалт байдаг. Уг зохицуулалтыг ашигласнаар өмнө нь дурдсан хохирлоо барагдуулах, үйлчлүүлэгчийн маань хувийн байдал зэргээс хамаарч хамгийн зөв шийдэл гэж харж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 жил хүртэлх хугацаагаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шүүх шийдвэрлэх боломжтой учраас миний үйлчлүүлэгчид оногдуулсан ялыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар сольж, тус ялыг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Амармөрөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ц.Н  нь мөрдөн шалгах болон прокурорын шатанд хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн баримт, баталгаа гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдаан болох үед шүүгдэгч Ц.Н  4.275.000 төгрөг буюу нийт хохирлын 10 хувийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хурал дууссаны дараа буюу шийтгэх тогтоол гарсны дараа хохирол төлбөр төлж байна. Шүүгдэгч Ц.Н хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ч хохирогчид учирсан хор уршгийг харгалзан анхан шатны шүүх 3 жилийн хорих ял оногдуулсан бөгөөд тухайн шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Н  нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЮБЭ” төвд үйл ажиллагаа явуулдаг “Б В” ХХК-ийн лавлагаа, мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа шинжилгээний захиалгыг хүлээн авдаг пос програмд захиалга цуцлагдсан гэх хуурамч мэдээлэл оруулж, 2018 онд 437 ширхэг захиалгын гүйлгээг цуцалж 17.726.800 төгрөгийг, 2019 онд 474 ширхэг захиалгын гүйлгээг цуцалж 23.355.500 төгрөгийг тус тус завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхчимэгийн “...Ц.Н нь 2017 оны 7 дугаар сард лавлагаа мэдээллийн ажилтнаар ажилд орсон. Үйл ажиллагааны чиглэл нь шинжилгээ өгөх гэж ирсэн хүмүүсийг ямар шинжилгээ өгөх гэж буйг бүртгээд төлбөрийг авдаг. Мөн шинжилгээг нь лаборатори руу оруулж өгдөг. Бэлэн мөнгөөр шинжилгээ өгөх гэж ирсэн хүмүүсийн мөнгийг өөртөө авч байгууллагын мөнгийг хувьдаа завшиж байгааг манай байгууллага 2019 онд дотоод шалгалтаараа илрүүлсэн. Манай байгууллагад нийт 41.082.300 төгрөгийн хохирол учирсан. ...” /1хх 32-33/,

гэрч Д.Оюунгэрэлийн “...Н  нь кассын өдрийн тайлан дээр тухайн өдөр цуцалсан шинжилгээний мэдээлэл харагддаггүй байдлыг ашиглан цуцалсан шинжилгээний төлбөрийг өөрөө завшдаг нөхцөл байдал шалгалтаар илэрсэн. Үүнийг манай лабораторид ашигладаг Инфинити гэх шинжилгээний хариуг хадгалдаг програмаас харж болно. Харин энэ бүгдийг Нямсүрэн нь цуцалж төлбөрийг дутаасан гэдгийг нэгдүгээрт цуцалсан захиалгын жагсаалтыг гаргаж Инфинититэй тулгахад уг шинжилгээ хийгдсэн байх жишээтэй, мөн Нямсүрэн нь шөнийн ээлжийн ажилтны програмд нэвтрэх эрхээр шинжилгээний захиалгыг цуцалсан нөхцөл байдал илэрч байгаа. ...” /1хх 36/,

гэрч О.Цэвээнжавын “...Ц.Н ийн тохиолдолд бол посын програм дээр захиалгыг авчихаад тухайн захиалгыг буцаагаад посын програм дээр цуцалж шивэлт хийж оруулж байгаа боловч яг бодит хэрэг дээрээ тухайн захиалга нь цуцлагдаагүй, идэвхтэй, шинжилгээ хийгдсэн болж таарч байгаа бөгөөд Инфинити програм дээр тухайн шинжилгээ нь хийгдсэн байгаа юм. Харин Ц.Н ийн посын програм дээр цуцалсан гэж оруулсан үйлчлүүлэгч нарын шинжилгээ нь бүгд хийгдсэн, хариу нь гарсан болж таарч байгаа юм. Гэхдээ орлого нь компанид орж ирээгүй байгаа юм. ...” /1хх 40-41/

шүүгдэгч Ц.Н ийн яллагдагчаар өгсөн “...2018 оны 1 дүгээр сараас эхлээд 2019 оны 10 дугаар сарыг хүртэлх 1 жил 9 сарын хугацаанд манайхаар үйлчлүүлэхээр ирсэн иргэдийг бүртгэж, шинжилгээний цаг өгдөг байсан ба шинжилгээний төлбөрт төлдөг бэлэн мөнгийг хувьдаа авсан асуудал байгаа. Ингэхдээ төлбөрөө төлөөд шинжилгээний цаг авсан иргэдийн бүртгэлийг цахим бүртгэлд оруулаад буцаагаад дээрх бүртгэлийг цуцлагдсан гэсэн төлөвт оруулдаг. Ингэхээр тухайн иргэн бол шинжилгээгээ өгөөд явдаг. Харин манай програм дээр шинжилгээ өгөөгүй, тухайн иргэн цагаа цуцалсан гэж харагддаг болохоор би бэлнээр тушаасан төлбөрийг хувьдаа авдаг байсан. Харин бэлэн бусаар пос машин уншуулсан тохиолдолд ингэж авах боломжгүй гэсэн үг. ...” /1хх 96-98/ гэсэн мэдүүлгүүд,

“Номгон аудит” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн “... 2018-2019 онд Ц.Н өөрийн нэвтрэх эрхээр болон Б.Тамир, Б.Балдандорж, Э.Банзрагч нарын нэвтрэх эрхээр Ибаримт програмаас устгасан нийт захиалгаас дараах нотлох баримтуудад үндэслэн нийт 41.082.300 төгрөгийн үнийн дүн бүхий 911 захиалгыг устгаж байгууллагад хохирол учруулсан. ...” /1хх 48-79/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1165 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Инфинити гэх програм нь үйлчлүүлэгч бүртгэж өгсөн шинжилгээний хариуг хадгалах, хэвлэх үйлдэл гүйцэтгэдэг програм байна. Шинжилгээнд ирүүлсэн Инфинити гэх програмыг тухайн компани өөрийн байранд байрлах сервер компьютерт суулгасан. Хэрэглэгчид програмд тухайн серверийн IP хаягаар хандаж ашигладаг байна. Уг програм нь эмнэлгийн шинжилгээний бүртгэл, мэдээлэл хийж хадгалдаг програм байна. Уг програмд бүртгэгдсэн үйлчлүүлэгчийн мэдээллийг өөрчлөх боломжтой. Шинжилгээний хариу болон бусад мэдээллийг өөрчлөх, устгах боломжгүй байна. ...” /1хх 83-87/ гэсэн дүгнэлтүүд,

хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 128/,

“Б В” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бүрэнжаргалын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Т-86/17 дугаартай “Ажилд авах тухай” тушаал /1хх 131/,

“Б В” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бүрэнжаргал, Ц.Нямсүрэн нарын хооронд байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 04-170724/01 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” /1хх 132/,

“Б В” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бүрэнжаргал, Ц.Нямсүрэн нарын хооронд байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 04-170724/02 дугаартай “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” /1хх 136/,

2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Лавлагаа, мэдээллийн ажилтны ажлын байрны тодорхойлолт /1хх 142/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.Н “...өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээсэн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч Ц.Н ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “...миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхгүй гэсэн санааг илэрхийлээгүй атал шүүх нөхцөл байдлыг буруугаар дүгнэсэн, ... анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа Ц.Н ийн хувийн байдлыг харгалзаж үзээгүй нь эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод нийцээгүй, ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээг сонгохдоо ямар үндэслэл баримтын хүрээнд шийдвэрлэсэн талаар дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн, ... миний үйлчлүүлэгчид холбогдох ял шийтгэлийг торгуулийн ялаар өөрчилж, тус торгох ялыг 3 жил хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд тухайн этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буцаан өгөхгүй байх, өөрийн өмчийн адил эзэмшил тогтоон захиран зарцуулах зэргээр завших гэмт хэргийг үйлдсэн байдаг. 

Харин албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэдэг нь хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдын хөрөнгө завших үйлдэлдээ давуу тал болгон ашигласныг ойлгоно.

Шүүгдэгч Ц.Н нь “Б В” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бүрэнжаргалын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Т-86/17 дугаартай “Ажилд авах тухай” тушаалаар /1хх 131/ тухайн компанийн Захиргаа, аж ахуй үйлчилгээний албанд Лавлагаа, мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд тэрээр шинжилгээний захиалга авч, төлбөрийг бүртгэж авах ажил үүргийнхээ хүрээнд уг үйл ажиллагааг хэрэгжүүлж байхдаа хувьдаа мөнгө завшсан үйлдэлд албан тушаалын байдлаа ашигласан шинж байхгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Н нь ажил олгогчийн зүгээс эрх олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх явцдаа буюу Лавлагаа, мэдээллийн ажилтны хувьд шинжилгээний захиалга авахад бусдаас төлсөн мөнгийг өөртөө авч ашигласан үйлдэлд албан тушаалын байдлаа давуу тал болгон ашигласан шинжгүй байхад түүний шинжилгээний захиалгыг хүлээн авдаг пос програмд захиалга цуцлагдсан хуурамч мэдээлэл оруулж, нийт 911 ширхэг шинжилгээний захиалгыг цуцалж 41.082.300 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй болжээ.

Тэрээр ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүрэг, ажил хэргийн хуваариараа эд хөрөнгө хариуцах ажилтан байсан байх тул прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн мөн зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нямсүрэнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүргийг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Н нь 71 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас 71 хоногийг хасч тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Н нь анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэх үед 4.275.178 төгрөгийг, давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх үед 23.800.000 төгрөгийг, хохиролд нийт 28.075.178 төгрөгийг хохирогч “Б В” ХХК-д төлсөн байгааг дурдаж байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын хорих ялыг торгох ялаар солиулах талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/639 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Ц.Н ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүрэг хүлээлгэсүгэй” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх дэх заалтыг “Шүүгдэгч Ц.Н г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н г 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Н д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 71 хоногийг хасч тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, түүнийг нэн даруй сулласугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Н  нь анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэх үед 4.275.178 төгрөгийг, давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх үед 23.800.000 төгрөгийг, хохиролд нийт 28.075.178 төгрөгийг хохирогч “Б В” ХХК-д төлснийг дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын “...хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР