Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2024/03355

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2024/03355 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  т холбогдох

23.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч О.Ц , хариуцагч Г.Ц , нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч О.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчид холбогдуулан нийт 23.600.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тухайн нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдрийн шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч байгууллага нь Хан-Уул дүүрэг, 24-р хороо, Вива сити хорооллын **** дугаар байранд байрлах M дэлгүүрийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг дотоодын хуулийн этгээд юм.

Хариуцагч Г Ц с нь нэхэмжлэгчийн M  дэлгүүрийг түүн доторх бараа, тавилга, эд хогшлын хамтаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээслэн ажиллуулсан байдаг. Тодруулах юм 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хооронд нэхэмжлэгчийн хүнсний дэлгүүрийг хариуцагч нь бараа материалын хамт хамт үйл ажиллагааны хамт авч ажиллуулсан байдаг.

Тухайн 28.000.000 төгрөгийн бараатай дэлгүүрийг ажиллуулахдаа бусдаас нэмж 11.000.000 төгрөгийн үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн татан авалт хийсэн. Компанийн нэр дээр. Тэр бусдаас худалдаж авсан энэ бараа бүтээгдэхүүний үнээ төлөөгүй, тийм учраас тэр төлбөрийг манай байгууллагаас нэхээд байгаа.

Хариуцагч Г.Ц эс нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн гараар Төлбөр төлөх баталгааг үйлдэж, нэхэмжлэгчийн дэлгүүрийг түүн доторх бараа, тавилга, эд хогшлын хамтаар түрээслэн ажиллуулахдаа хариуцагчийн үүсгэсэн өр, төлбөр болох барааны тооцооны үлдэгдэл 12.600.000 төгрөг, 11,000,000 төгрөгөөр бусдаас бараа бүтээгдэхүүн худалдаж аваад тэрийгээ зарчихсан, харилцагч байгууллагад өр үүсгэсэн, харилцагч байгууллагын тооцооны үлдэгдэл 11.000.000 төгрөг, нийт 23.600.000 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 23 600 000 төгрөгийг төлөх болохоо хангалттай, тодорхой илэрхийлж, тэрээр дээрх 23.600.000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж дуусгахаар, тодруулбал сар бүрийн 25-ны дотор 2.950.000 төгрөгийг тогтмол төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг. Талуудын дээрх хүсэл зоригийн илэрхийлэл буюу 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Төлбөр төлөх баталгаанд хариуцагч Г.Ц эс нэхэмжлэгчийн төлөөлөгч /захирал/ Д.А  нар нь харилцан гарын үсгээ зурж баталгаажуулж нотариатаар гэрчлүүлсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагчид төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх хугацааг өдийг хүртэл олгож, хүндэтгэлтэй хандаж ирсэн боловч ямар нэгэн үр дүн гарахгүй байгаа тул ийнхүү арга буюу шүүхэд хандаж байна. Иймд Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн хариуцагч Г.Ц ээс 23.600.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Ц зэс нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би н.А  гэх эгчтэй А  ХХК хүнсний дэлгүүрийг түрээсэлж авахад ерөнхийдөө аман гэрээ хийгдсэн. Аман гэрээ ч юу байхав ер нь гэрээ хийе гэдэг тохиролцоогоор ярьсан. Дэлгүүрийг түрээслэх үед надад анх өдрийн орлого нь 2.000.000 төгрөг гэж хэлсэн. Эгч нь ингээд чамд түрээсэлье, өдөр өдөртөө түрээсээ болон барааны үнээ бага, бага хэмжээгээр авъя гэдэг боломжийн санал надад тавьсан. Тэгээд аман гэрээгээр дэлгүүрийг түрээсэлж ажиллуулсан.

Гэвч дэлгүүр маань өдрийн 2.000.000 төгрөгийн орлого ажиллуулж байх хугацаандаа нэг ч удаа орж ирээгүй. Дээрээс нь сарын түрээс 2.000.000 төгрөгөөр тохирно. Дээрээс нь урсгал зардлаа төлнө, дээрээс мөн нөат-ын төлбөр болон ямар нэгэн татвар чамаас авахгүй гэж ийм байдлаар, манай компанийн пос машиныг ажиллуулчих гэсэн. Ер нь А ХХК-ийн үйл ажиллагааг бүхэлд нь түрээсэлсэн.

Гэтэл энэ дэлгүүр 2.000.000 төгрөг нэг ч удаа ороогүй. Сарын дундаж орлого нь 15-18,000,000 төгрөг орсон. Тэгээд өндөр түрээсээр ажиллуулдаг учраас сүүлийн 3 сард нь татаж авсан бараа материалынхаа үнийг төлж чадаагүй. Яагаад гэвэл өдрийнхөө ашигнаас илүү мөнгийг түрээсэнд төлдөг байсан. Мөн урсгал зардалд нь өгч явсан. Сүүлд 11.000.000 гээд яриад байгаа барааны төлбөрөөс дансны хуулга болон хаан банкны данс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр барилтад орчихсон байгаа. 1,700,000 төгрөгийг одоогийн байдлаар төлсөн байгаа. Барааны үлдэгдэл гэж яриад байгаа 11.000.000 төгрөгөөс ерөнхийдөө бол хальт тооцоо нийлэхэд 6.000.000 төгрөгийн үлдэгдэл дээрээс нь нөат-ын төлбөрийг нэмж 11.000.000 төгрөг гэж нотариатаар орсон. Тухайн үед тэрийг буруу хийсэн байна лээ. Тухайн үед барааны үлдэгдэл тэд, нөат-ын үлдэгдэл тэд гээд, задаргаа бас нотариатаар орох байсан юм билээ. Тухайн үед хоёр талаасаа уулзаж, бараа нь тэдэн төгрөг, нөат нь тэдэн төгрөг юм байна гээд 11.000.000 төгрөг гээд биччихье гэсэн. Тэгээд 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл энэ мөнгө төлөгдөх байсан боловч төлөгдөх дуусах хугацаанаас өмнө нь нэхэмжлэгч тал маань шүүх рүү шилжүүлсэн.

Ер нь аягүй хэлсэн ярьсандаа байхгүй байгаа учраас надад гомдолтой байна. Анхнаасаа 800.000 төгрөгийн орлого олдог дэлгүүр гэж хэлсэн бол би өнөөдөр ингэж өрөнд орохгүй байх байсан. Дээрээс нь ер нь аягүй гомдолтой байна. Нэг юм яриад дараагийн өдөр нь өөр юм ярьдаг, худлаа ярьдаг. Түрүүчийн шүүх хурал дээр эвлэрье 15.000.000 төгрөг дээр гэсэн боловч өнөөдрийн шүүх хуралдаан дээр тийм юм байхгүй гэх жишээний. Энэ дэлгүүрийг ажиллуулахад зөвхөн энэ дэлгүүрийн төлбөр тооцоо биш, би дахиад бараа татан авах болон, бараагаа эргэлдүүлэх гээд энэ байгууллагын төлбөр тооцооноос гадна дахиад 30.000.000 төгрөгийн өртэй. 30,000,000 төгрөгийнхөө би зөвхөн хүүг төлж чаддаг. Тэгэхээр 23,600,000 гэсэн төлбөрийг үнэхээр би төлж чадахааргүй нөхцөл байдалд хүрсэн.

Би өөрөө түрээсийн байранд амьдардаг, 3 хүүхэдтэй. Тийм учраас 15.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаанд сард 416.000 төгрөгөөр төлөх боломж надад байна. Ерөнхийдөө нэхэмжлэгчид аймар гомдолтой байна гэв.

Нэхэмжлэгч талаас: А ХХК-ийн хуулийн этгээдийн улсыг бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А ХХК-ийн дүрэмийн хуулбар, Төлбөр төлөх баталгааны хуулбар, хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн болно.

Хариуцагч талаас: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаархи хариу тайлбарыг гаргаж өгсөн болно.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч М нь хариуцагч Г.Ц т холбогдуулан түрээсийн гэрээний дагуу дэлгүүрийн барааны тооцооны үлдэгдэл 12.600.000 төгрөг, харилцагч байгууллагын тооцооны үлдэгдэл 11.000.000 төгрөг нийт 23.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Г.Ц  нь нэхэмжлэлийн шаардлага болох 23.600.000 төгрөгөөс 15.000.000 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй харин үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Г.Ц  нь нэхэмжлэгч А  ХХК-ийн Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Вива сити хорооллын ** дугаар байранд байрлах M элгүүрийг сарын 2.000.000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон, түрээсийн төлбөр болох 2.000.000 төгрөгийг сар бүр А ХХК-нд төлж байсан бөгөөд түрээсийн төлбөрийн тооцоо байхгүй талаараа тайлбарлсан бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч О.Ц  нь талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд барааны тооцооны үлдэгдэл 23.600.000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч Г.Ц нь А  ХХК-ийн бараатай дэлгүүрийг сарын 2.000.000 төгрөгийн түрээсэлсэн ... хугацаа нь дуусах гэж байсан маш их бараа хүлээж авсан дэлгүүрийг түрээслэх үед надад анх өдрийн орлого нь 2.000.000 төгрөг гэж хэлсэн гэтэл 2.000.000 төгрөгийн орлого ордоггүй, анхнаасаа 800.000 төгрөгийн орлого олдог дэлгүүр гэж хэлсэн бол би өнөөдөр ингэж өрөнд орохгүй байх байсан нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч А ХХК нь Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Вива сити хорооллын ** дугаар байранд байрлах Meat   дэлгүүрийг сарын 2.000.000 төгрөгөөр түрээслүүлэх, хариуцагч Г.Ц нь түрээсийн төлбөрийг сар бүр түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон боловч түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь нэхэмжлэгч А  ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагч Г.Ц ийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

Хэдийгээр талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж дээрх түрээсийн гэрээг байгуулахаар харилцан тохиролцсон боловч үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

Нэгэнт талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Г.Ц  нь нэхэмжлэгч А ХХК-ийн Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Вива сити хорооллын  ** дугаар байранд байрлах Meat mini market дэлгүүрийг түрээслэхдээ тус дэлгүүрийн барааг хүлээн авсан мөн тус А  ХХК-ийн харилцагч бусад байгууллагаас А  ХХК-ийн нэрээр бараа бүтээгдэхүүн авч байсан талаараа маргаагүй бөгөөд А ХХК-ийн дэлгүүрийн бараанаас 12.600.000 төгрөгийн бараа дутаасан, харилцагч байгууллагад 11.000.000 төгрөгийн төлбөр тооцооны үлдэгдэлтэй талаараа хүлээн зөвшөөрч Төлбөр төлөх баталгаа-г бичиж төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулжээ.

Өөрөөр хэлбэл А  ХХК нь дутаасан барааны үнэ 12.600.000 төгрөг, харилцагч байгууллагад төлөх төлбөр тооцооны үлдэгдэл 11.000.000 төгрөгийг хариуцагч Г.Ц ээс нэхэмжлэх эрхтэй, хариуцагч Г.Цэ  нь нь дутаасан барааны үлдэгдэл болон нэхэмжлэгч байгууллагын нэрээр үүсгэсэн өр төлбөрийг төлөх үүрэгтэй байна гэж үзлээ.

Иймд хариуцагч Г.Ц ээс 23.600.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А  ХХК-нд олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч О.Ц  нь талуудыны хооронд хамтран ажиллах гэрээ байгууллагдсан гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч А  ХХК, хариуцагч Г.Ц  нар нь хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох зорилгоор хамтарч ажилласан, олсон ашгаа хэрхэн хувиарлахаар харилцан тохиролцсон зэрэг үйл баримт тогтоогдоогүй тул талуудын хороонд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Талууд Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Вива сити хорооллын *** дугаар байранд байрлах Meat mini market дэлгүүрийг нэхэмжлэгч А  ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө биш гэж маргаагүй, хариуцагч Г.Ц  нь А  ХХК-ийн нэрээр харилцагч байгууллагад өр төлбөр үүсгэсэн талаараа маргаагүй болно.

Хариуцагч Г.Ц  нь анх манай нөхөр, манай хоёр дүү надтай цуг тоолцож всан. Хугацаан нь дуусахаар бараа байсан бэ? гэдгийг аль аль тал мэдэж байгаа бараа хүлээж авсан баримт байгаа ... энэ хэргийн материалд өгөөгүй, мөн харилцагч байгууллагын өрийг төлсөн ... гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч Г.Ц т 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг шүүхээс тайлбарлан, танилцуулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаархи баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэлээ. /хх-ийн 19/

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугар зүйлийн 318.1, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-т зааснаар хариуцагч Г.Ц ээс 23.600.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А  ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ