Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 463

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Ж.Ганзориг,

           улсын яллагч Б.Уранцэцэг,

            шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Дийн Уод холбогдох 1708005770091 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “...” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “...’’-ын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ш овогт Дийн У /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.У нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Содон хорооллын ... тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Аыг “гар утсаа аваагүй, өөр дугаараас гар утсанд нь мессеж ирсэн” гэх шалтгааны улмаас хардаж, ванны өрөөндөө оруулан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2017 оны 07 дугаар сарын 06-ны оройн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Содон хорооллын ... тоотод байх гэртээ эхнэр Б.Аыг зодох үедээ өөрийн хүүхэд У.Аг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Д.У нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал,

шүүгдэгч Д.У нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хорооны Содон хорооллын ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Аыг хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, тус хугацаанд өөрийн хүүхэд У.Аг ээжийгээ өмөөрлөө гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

 

                  Хохирогч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би гадуур ажилтай байж байгаад орой
харих гээд 13 дугаар хорооллоос харих гээд автобусанд суугаад явж байхад манай нөхөр над руу удаа дараа залгаж байсан. Би автобусанд явж байсан учир утсаа сонсоогүй. Тэгээд Содон хорооллын гэрийнхээ буудал дээр 21 цагийн үед буугаад алхаж явтал манай нөхөр У нь өөдөөс алхаж ирээд миний гар утсыг булааж аваад тэгээд намайг хэд хэдэн удаа татаж байгаад хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ гээд зандарсан байдалтай надтай харьцсан, тэгээд гэр лүүгээ ор гээд өөрөө урд гараад би араас нь алхаж явсан. Тэгээд гэрийнхээ хаалгаар ороод намайг ванны өрөө рүү түлхэж оруулаад хаалгаа дотор талаас нь түгжиж байгаад чи хаана хэнтэйгээ юугаа хийж явж байгаад ирж байгаа юм гээд шууд нүүр нүдгүй зодоод эхэлсэн. Би үг өөдөөс нь хэлж чадаагүй, би учрыг нь олоогүй бараг 10 минут орчим болсон. Би өөдөөс нь нүүрээ хаагаад түлхээд байхад миний толгой руу л их цохиж зодоод байсан. Энэ үед манай охин А хаалгаа тайлаач ааваа та болиоч таниас гуйж байна шүү дээ гэж хэлээд хаалгаа гадна талаас балбаад байсан санагдаж байна. Тэгээд манай нөхөр миний гар утсыг булааж аваад үзэж байхдаа энэ юун дугаар юм бэ гээд чи яасан хүн амьтантай явалдаж байгаад ирсэн үү, жаргаж байгаад ирсэн үү гэж хэлээд зодоод байсан. Тэгээд би арай гэж зууралдаж байгаад ванны өрөөний хаалгаа онгойлгоод мөлхөөд гарсан чинь манай хүү том өрөөд над руу хараад зогсож байсан. Охин миний урдуур орж ааваа та болиоч гээд салгах гэхэд охин А руу нүүрэн тус газар нь миний харснаар 3 удаа үсэртэл нь цохьсон. Тэгээд миний нүүрэн тус газар ванны өрөөнөөс гарч ирээд миний өөрийн гар утсаар миний толгой руу цохиод байсан чинь би бараг ухаан алдах шахаж миний ухаан санаа орж гараад байсан юм. Охин маань хажууд ааваа болиоч дээ гээд та болиоч дээ гээд орилоод байсныг санаж байна. Миний нүүр лүү цохиод авахад миний хамарнаас цус гараад эхэлсэн чинь У харж байснаа хэсэг зодохоо больсон. Тэгэхээр нь үүд рүү гараад зугтаах гэсэн У намайг зулгаагаад түлхэж унагаагаад байсан. Тэгж байгаад гэрийнхээ хаалгаар гараад зугтаарай гэж хоёр хүүхдээ хэлсэн миний араас охин А, хүү Эрхэс нар хөл нүцгэн гарч ирсэн. Би өөрөө ч гэсэн хөл нүцгэн байсан. ...Тэгээд би хоёр хүүхэдтэйгээ доошоо нэг давхар буугаад орцондоо чимээгүй сууж байсан чинь манай нөхөр гарч ирээд намайг өшиглөөд байж байтал манай аав Б лифтнээс гарч ирсэн. Тэгээд манай нөхрийг чи арай дэндэж байгаа юм бишүү чамайг хуулиар чинь ярина гэж Уод хэлээд манай охин, хүү бид гурвыг дагуулаад явах гэж байхад хүртэл явуулахгүй гээд араас татаад чангаагаад байсан. Тэр оройноо манай охины гар өвдөөд байна гэж А уйлаад байсан. Тэгээд яасан юм бэ гээд охиноосоо асуусан чинь аав намайг хана руу хавсраад мушгичихлаа гэж эрхий хуруугаа бариад уйлаад байсан. Тэгээд шууд гэмтэлд охиноо үзүүлсэн чинь зөөлөн эдийн гэмтэл байна гэж хэлээд байсан. Тэр оройноо би аавынхаа гэр лүү хүүхдүүдтэйгээ очиж хоносон. ...Намайг 2007 онд охин маань төрөөд байж байхдаа л анх зодож гар хүрч эхэлсэн. Сандлаар хүртэл толгой руу цохиж зодож байсан. Тэгээд би салах гэхээр хүүхдээ бодоод л тэвчиж явж байдаг байсан. ...Надад нөхрөөсөө нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-иийн 16-18, 19х/

 

                  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8775 дүгнэлтэд: “...1/Б.Аын биед тархи доргилт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2/Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3/Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 36х/

 

                  Насанд хүрээгүй хохирогч У.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр орой яг хэдэн цаг болж байсныг би мэдэхгүй байна. 21-22 цагийн орчим аав, ээж хоёр гаднаас орж ирсэн. Ээж уйлсан байдалтай байсан. Тэгээд ээж орж ирээд том өрөөнд ороод суутал аав, ээжийг чирээд угаалгын өрөө рүү ороод хаалгаа цоожилчихсон. Би гаднаас нь онгойлгох гээд зөндөө оролдоод онгойлгож чадаагүй. Тэгээд 3-4 минутын дараа ээж угаалгын өрөөнөөс мөлхөөд гарч ирээд ээж том өрөө рүү ортол аав араас нь очоод ээжийг гараараа толгой нүүр лүү нь гараараа цохиод байхаар нь би дундуур нь ороод салгах гэтэл миний зүүн шанаа руу гараараа цохьсон. Тэгээд холдтол ээж коридороор гадагшаа гарах гээд зүтгэтэл ээжийг үсдээд зодоод гар хөлийг нь тавихгүй байхаар нь би очоод аавын гарыг тавиулах гэтэл аав мушгиад эвгүй дарсан. Тухайн үед аав ээжийг зодсоноос болж ээжийн доод уруул, хамраас нь цус гарсан байсан. Ингээд ээж арай гэж гэрээс гараад явахаар нь би араас нь гараад 7 давхарт гараад нэг хүний утсаар би аавын талын эмээ, өвөө хоёр луу залгаад аав ээжийг зодоод байна гэтэл нэг их тоохгүй болохоор нь би дараа нь ээжийн аав, ээж рүү залгатал өө тийм үү гэж хэлэхээр нь би ээжийн хамт 6 давхарт байж байтал аав бууж ганцаараа ирээд гэрийн түлхүүр өгөөд би энэ гэрээс чинь яваад өгье гээд байж байтал өвөө Б лифтнээс буугаад ирсэн. Тэгээд өвөө уурлаад аавыг нэг удаа шанаа руу нь цохиж авсан. Тэгээд аав түлхүүр аваад явсан. Тэгээд өвөө ээж, манай дүү Эрхэс нарыг дагуулаад таксинд суулгаад гэмтлийн эмнэлэг дээр очиж ээж бид хоёрыг үзүүлсэн. ...Би аавыгаа одоо уучилсан. Манай аав, ээж хоёр хоорондоо эвлэрсэн болохоор энэ хэргийг хааж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8776 дүгнэлтэд: “...1/У.Агийн биед зүүн сарвууны 1 дүгээр хуруунд зөөлөн эдийн няцрал, баруун бугуйнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2/Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3/Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарна. 4/Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 38х/

     

                  Гэрч О.Мэнджаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би ажлаа тараад Атай эгчтэй утсаар ярьж байгаад Сансарын тунел дээр Атай уулзсан. Тэгээд тэндээсээ гараад бид хоёр Сансар дээр ... нэртэй караокед орж дуулж байхдаа би Аын эгчийн гар утсаар өөрийн найз залуутай мессеж бичсэн. Тэгээд бид хоёр караокеноос гараад 20-21 цагийн үед гэр гэр лүүгээ салаад явцгаасан. Тэгээд би маргааш нь А эгчийн гар утас руу залгахад У ах утсыг нь аваад А байхгүй байна, бид хоёр муудалцсан гар утсанд нэг залуугаас мессеж ирсэн гэхээр нь наадах чинь миний найз залуу байгаа юм, би А эгчийн гар утсаар мессеж бичиж байсан юм. Тэрийгээ устгаагүй байна, та буруу ойлгосон байна гэж хэлсэн. Тэгтэл У ах сайн итгэхгүй л байсан, ингээд би дараа нь А эгчтэй дараа нь уулзахад эртээд бид хоёр уулзаад гэртээ харихад чиний найз залуутайгаа бичсэн мессежийг У уншаад намайг хардаад зодсон гэж хэлж байсан өөр зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/

 

Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр манай зээ охин А нь эмээ рүүгээ утсаар залгаад аав ээжийг зодоод байна, та яаралтай ирээч гэж хэлж байсан. Тэгэхээр нь над руу манай эхнэр надад охин Аыг зээ нарыг нөхөр нь зодоод агсам тавиад арай гэж гэрээсээ зугтаад нүцгэн шалдан коридортоо гарсан байна гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад такси бариад охиныхоо ...ын 105 дугаар байрны гадаа 00 цагийн үед очсон байх байрны хаалгаар нь дотогшоогоо ороод ирэх үед хүүхдийн уйлах чимээ гараад манай хүргэн Уын чанга чанга зандрах дуу гараад байсан. Би дээшээ 7 давхарт гарах гэтэл 6 давхарт манай охин А зугтаж гарсан юм шиг байгаа юм. Тэгээд би 6 давхрын лифтнээс буугаад харахад яг хажуу талд нь манай охин Аыг түүнй нөхөр У нь хөл рүү нь өшиглөөд зогсож байсан. Хажуу талд нь май 2 зээ нар маань уйлчихсан сууж байсан. Харин манай зээ охин А нь бас хуруугаа барьчихсан хувцас хунар нь цус болсон байдалтай бас харагдаж байсан. Манай охин Аын хамар ам нь нилэнхүйдээ цус болчихсон хувцас хунар нь хүртэл бохирдсон байсан. Тэгэхээр нь би Уыг чи муу яаж байгаа юм гээд мөрөн дээрээ нь татаад шанаа тус газар нь холдуулах гэж цохьсон. Тэгтэл У нь танай охины чинь буруу гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би чи ямар анх удаа зодож байгаа биш би чамтай хуулиар нь ярина гэж хэлээд охин, зээ нараа дагуулаад лифтэнд суугаад явах гэтэл эхнэр хүүхдээ явуулахгүй гэртээ орж учраа олоё гээд надаас зууралдаад байсан. Тэгээд дагаж явсаар байгаад гадаа таксиндаа суух гэтэл бас хаалганаас нь татаад байсан. Тэгээд би охин зээ нараа таксиндаа суулгаад Уыг бууж холдуулаад такситайгаа шууд цагдаа дээр очоод хэлтэл 2 дугаар хэлтэс рүү яваарай гэж хэлэхээр нь за одоо шууд гэмтэл рүү явъя охин зээ нар маань ямар гэмтэл бэртэл аваа билээ гэж бодоод үзүүлэх үед манай охиныг ил шархгүй болохоор оёдол тавиагүй юм байна лээ. Харин би зээ охиноо гар хурууг нь үзүүлээд харуулах үед боолт хийгээд ясандаа гайгүй юм шиг байна, харин зөөлөн эдийн гэмтэлтэй байх шиг байна гэж хэлж байсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34х/

 

                  Шүүгдэгч Д.Уын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би гадуур ажилтай явж байгаад орой 18 цагт эхнэр А руу залгаад 2 хүүхэд чинь гэртээ хоол ундгүй байна, чи эртхэн хариад хоол ундаа хийгээрэй гэтэл за гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад 18 цагаас хойш эхнэр лүү ахин удаа дараа залгаад утсаа аваагүй. Тэгэхээр нь би гэртээ 20 цаг 30 минутанд харихад манай хоёр хүүхэд гэртээ хоёулахнаа том охин А байцааны шөл хийчихсэн байж байхаар нь уур хүрээд гадагшаа гараад 1 шил пиво авч уучихаад эхнэр лүү залгахад ерөөсөө утсаа авахгүй байсан. Тэгээд би гэртээ байж байтал 23 цагийн орчим манай эхнэр залгаад намайг Саппоро дээрээ ирээд авчих гэхээр нь чи шоудаж явж байгаа бол өөрөө хүрч ир гэж хэлсэн. Тэгээд би хэсэг хугацааны дараа хүний хань юм байна гарч тосъё гэж бодоод гадагшаа гартал манай урд талын 102 дугаар байрны гадаа явган хүний хашилган дээр манай эхнэр нилээн согтуу байдалтай суучихсан гар утсаа оролдоод байж байхаар нь гар утсыг нь аваад үзтэл гар утсанд ... гэсэн дугаараас хаана байна, уулзъя, санаад байна гэсэн мессеж ирэхээр нь би утсыг нь булааж аваад Аринжаргалыг гэр лүүгээ аваад орсон. Тэгээд гэртээ оруулаад жорлонд оруулж байгаад хэд хэдэн удаа нүүр лүү нь алгадсан. Тэгтэл гаднаас охин А орж ирээд салгаад аваад гадагшаа гарсан би араар нь месежний учрыг нь олох гэж нөгөө ... гэсэн дугаар луу нь залгатал нэг залуу авахаар нь чи хэн бэ, яахаараа чи манай эхнэр лүү мессеж бичдэг юм бэ, би хаана байгаа газар чинь очоод уулзъя гэтэл уучлаарай ахаа дахиж тэгж мессеж бичихгүй гээд утсаа салгасан. Тэгэхээр нь би эхнэртэй хамт явсан найз Мэндээ рүү залгаад ... гэсэн дугаарыг мэдэх үү гэтэл наадах чинь манай найз залуугийн утас шүү дээ гэхээр нь танай найз залуу яахаараа манай эхнэр лүү мессеж бичдэг юм бэ гэтэл миний гар утас болохгүй болохоор нь би танай эхнэр Аын утсаар найз залууруугаа мессеж бичсэн юмаа гэж надад хэлсэн, ерөнхийдөө би буруу ойлгоод эхнэрийгээ хардаад зодчихсон юм. Тэгээд гэртээ байж байтал манай хүү Эрхэс ааваа би ээж аниа хоёрыг харчихаад ирье гээд гарсан. Тэгээд буцаж орж ирээд ааваа доод давхарт ээж эгч хоёр байна гэхээр нь би гараад очтол хадам аав Б ирж таараад манай эхнэр хоёр хүүхдийг аваад явсан. Одоо эхнэр хүүхэдтэйгээ эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Д.У нь эхнэр болон охиндоо учруулсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 8775, 8776 тоот дүгнэлтүүдээр давхар нотлогдсон тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн ба Д.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.У нь эхнэр Б.Аыг хардалтын улмаас бие махбодид нь халдаж, хөнгөн хохирол, насанд хүрээгүй хүүхэд болох өөрийн охин У.Аг эхийгээ өмөөрлөө гэх шалтгаанаар биемахбодид нь халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдлийг нэг цаг хугацаанд хийсэн байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүнэсэн болно.

 

Д.Уын хувийн байдлын талаар:

Хохирогч Б.Аын мэдүүлэг /хх-ийн 19х/

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 49х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51х/

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54х/

Бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 59-60х/

Урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Б.А, У.А нар нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан ба “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 15-16, 52х/

 

Шүүгдэгч Д.Уыг хохирогч нарын биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Д.Уын үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж, хохирогч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн, хэвийн харилцаатай амьдарч байгаа тухай санал хүсэлт, мөн  шүүгдэгчийн тодорхой орлогын эх үүсвэртэй байдал буюу “...” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, цалин хөлс авдаг тухай хохирогч Б.Аын мэдүүлэг /хх-ийн 19х/, шүүгдэгч Д.Уын мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдсон тул түүнд 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Д.Уын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш овогт Дийн Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 зааснаар шүүгдэгч Д.Уыг 1.500 /нэг мянга таван зуу/ нэгж буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уод оногдуулсан 1.500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Уод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ