Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/853

 

 

 

 

   

Э.Ж д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

хохирогч Г.С,

шүүгдэгч Э.Ж ийн өмгөөлөгч Н.Энхбаатар,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/816 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ж, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар, хохирогч Г.С нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Жаргаланд холбогдох 2208002750769 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

…………. овгийн Э ны Ж , …….оны………. дугаар сарын …………..-ний өдөр ……………. төрсөн, ……… настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ……, эхнэр, хүүхдүүдийн хамт …………. дүүргийн ….дүгээр хороо, ……..дугаар хороолол, …………. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ………. дүүргийн ……… дугаар хороо, ……….дугаар байрны ……….тоотод түр оршин суух,

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр тэнсэн суллагдсан;

 

Шүүгдэгч Э.Ж нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 230 тоот гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Г.С г 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрүүдэд үүрч шидэх, мөргөх, гарынх нь хурууг мушгих, 5 сартай жирэмсэн байхад гэдэс дэх хүүхдийг гаргана гэж гэдэс дээр нь дарах зэргээр байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Ж ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Ж г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ж г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Ж г цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Ж гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 1990 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй. Ам бүл 6, эхнэр Г.С , том охин С.А 14 настай, бага охин С.А 5 настай, хүү Ж.Э 2 настай, хүү Ж.Э 3 сартай. Миний бие эхнэр Г.С тэй 2016 оноос хойш амьдарч байгаа бөгөөд 3 сараас 14 насны 4 хүүхдийн ээж, аав болцгоосон. 2021 оны 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 27, 8 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 12, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрүүдийн цагдаагийн дуудлагууд болох үед би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан ба тухай бүрд нь Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн. Эдгээр хавтаст хэрэгт авагдсан цагдаагийн дуудлагуудыг өгөх үед миний эхнэр Г.С  маань жирэмсэн буюу хүү Ж.Э  гэдсэнд, хүү Э.Э  1 настай байсан тул сэтгэл санаа тогтвортой биш, уур уцаар ихтэй байсан болохоор жижиг зүйл дээрээс хэрүүл маргаан үүсгэж, намайг дийлэхийн тулд худлаа дуудлага, худал мэдүүлэг өгч арга хэмжээ авахуулж байж санаа нь амардаг байсан төдийгүй ингэж худлаа дуудлага, худал мэдүүлж байсан талаараа мөрдөн байцаагчид мэдүүлж, буруугаа хүлээсэн байдаг. Намайг Зөрчлийн хуулиар шийтгэж байсан боловч дахин хорих ял шийтгэж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна хэмээн үзэж буй тул гомдолтой байна.

Миний гэр бүлийн хүн Г.С  нь төрөөд удаагүй, нялх хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа бөгөөд намайг хоригдож байх хугацаанд байр, цахилгаан, Юнивишн, гар утас болон банкны зээлийн төлбөрүүдээ төлж чадахгүйд хүрч санхүүгийн дарамтад орж, 4 хүүхэд маань аавыгаа үгүйлэн сэтгэл санаагаар унаж хэцүү байгаа сурагтай.

Миний бие үйлдсэн хэрэгтээ туйлын их гэмшиж, харуусч байгаа бөгөөд шүүх хуралдаан болохоос өмнө 7 сар орчмын хугацаанд нэг ч хэрүүл маргаан бололгүй, эхнэр, хүүхдүүдтэйгээ элэг бүтэн амьдарсан. Иймд миний засарч хүмүүжсэн, ойлгож ухамсарласан байдал, ар гэрийн хэцүү нөхцөл байдал зэргийг харгалзан гэр бүлдээ түшиг тулгуур нь болж ажил хөдөлмөр эрхлэн сайхан амьдрах боломж олгож, хорихоос бусад төрлийн ялаар шийтгэж өгч надад болон миний гэр бүлд гүн туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.

 

Шүүгдэгч Э.Ж ийн өмгөөлөгч Н.Энхбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд;

1. Э.Ж н, түүний хамтран амьдрагч Г.С  нар нь 2 сар, 2, 5, 12 насны 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Г.С  нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ямар ч орлогогүй, Э.Ж  нь ажил хийж гэр бүлээ ганцаараа тэжээдэг байсан тул одоо хорих ял авснаар энэ айлын амьдрал хүнд байдалд ороод байгаа болно.

2. Хохирогч Г.С  нь бусдаас автомашин худалдаж аваад төлбөрөө төлөөгүйн улмаас шүүхийн шийдвэрээр төлбөрийг албадан гүйцэтгэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүүхдийн мөнгөний бүх дансыг хаасан тул орлогогүй байна.

3. Г.С  нь хамтран амьдрагч Э.Ж г намайг байнга хардаж, гар утсыг шалгаж, тэвчихийн аргагүй ааш араншин гаргадаг байсан тул анх цагдаа дуудахад торгуулаад ааш зан нь сайхан болсон тул ааш гаргахаар нь цагдаа дууддаг болсон гэдэг. Түүнээс ингэж хоригдоод амьдрал хүндэрнэ гэж огт бодоогүй, бид хоёр бие биедээ хайртай, салахгүй гэдэг юм. Иймд Э.Ж д оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгөхийг хүсье” гэв.

 

Хохирогч Г.С  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.С  миний бие Э.Ж тай 2017 онд гэр бүл зохиож, 2017 оноос хойш өдийг хүртэл миний тэвчээргүй, уур уцаартай, тэвчишгүй аашнаас болж бид хоёр маргалдах бүрт би 102-т дуудлага өгчихдөг, дуудлага өгөөд цагдаад өөрийгөө өмөөрч дандаа Ж г буруутгадаг байсан. Бид хоёр маргалдах үед миний биед ямар нэг гэмтэл учруулж байгаагүй бөгөөд миний дуудлага өгөх шалтгаан нь цагдаа дуудсаны дараа ааш зан нь зөөлөн болдог байсан учир дуудлага өгөөд сурчихсан юм. Сүүлийн өгсөн дуудлагаар 2 жилийн хорих ял авсан. Би 1 жилийн хорих ял авна гэж бодоогүй.

Ж  нь 2017 оноос хойш энэ гэр бүлээ ганцаараа авч явж байгаа бөгөөд би энэ хугацаанд бага насны хүүхдүүдээ харж, эрхэлсэн ажилгүй байна. Ж ийн орлогоор амьдардагаас гадна би буруу ажил хийж өрөнд орсныг чадахаараа төлж, байр, тог, СӨХ, кабель болон хоол унд, хувцас, 4 хүүхдийн бүх хэрэглээ, зардлыг шийддэг цор ганц хүн.

Нэг жилийн хорих ял авснаас хойш ажилгүй надад 1 сарын хугацаанд маш хүнд тусч үр хүүхдүүд ч олон зүйлээр дутагдаж, өр шир нэхэгдэж, байрны мөнгө нэхэгдэж, тог тасалж, кабелийн мөнгө төлөөгүйгээс хүүхдүүд үзэх юмгүй болж, 2 сартай хүү маань сүүн тэжээл болон памперсаар дутагдаж, тал бүрээс өр нэхэгдэж дарамтлагдаж би болон үр хүүхдүүд маань ч маш их хүнд байдалд орсон тул эрхэм шүүгчид та бүхнээс Э.Жаргаланг үр хүүхдүүдийнх нь өмнө үүрэг хариуцлагыг нь хүлээлгэж, гадуур ял шийтгэлийг нь эдлүүлж өгөхийг чин сэтгэлээс хүсье. Би ямар ч орлогогүй, бүх данс хаагдсан болно” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Ж  нь байнгын тодорхой давтамжтайгаар Г.С ийн биед халдаж байсан бөгөөд зөрчил тус бүр дээрээ шийтгүүлсэн. Мөн Г.С г 5 сартай жирэмсэн байхад зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Э.Ж ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан 1 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү”  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Ж нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 230 тоот гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Г.С г 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрүүдэд үүрч шидэх, мөргөх, гарын хурууг нь мушгих, 5 сартай жирэмсэн байхад нь хүүхдийг гаргана гэж гэдсэн дээр нь дарах зэргээр байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.С ийн “...Би Э.Ж тай анх 2016 онд танилцаад 2020 оны 3 дугаар сараас эхлэн манай аавын байр болох …………дүүргийн …….. дугаар хороо, ………. дугаар байрны ……… тоотод хамт амьдрах болсон. Би 3 хүүхэдтэй ба том охин А гаас бусад нь Ж ийн хүүхдүүд. Ж  бид хоёр албан ёсоор гэр бүл болоогүй хамт амьдарч байгаа. Анх 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Ж намайг гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас болж цохиж, үснээс зулгааж, би цагдаад дуудлага өгснөөр Ж 100.000 төгрөгөөр торгуулж байсан.

... 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр …………. дүүргийн ………. дүгээр хороо, ………. дугаар байрны ……….тоотод байх манай ээж  Г ийн ажиллуулдаг үсчний газар Ж  намайг урьд үерхдэг байсан найз залуутай хардаж, миний биед гар хүрэхээр нь би бас цагдаад дуудлага өгч Баянгол дүүргийн шүүхээр орж баривчлах шийтгэл оногдуулж байсан.

... 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 230 тоот гэртээ нөхөр Ж намайг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодож, мөн цагдаад дуудлага өгч торгуулж байсан.

 ... 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 230 тоот гэртээ нөхөр Ж намайг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодож, мөн цагдаад дуудлага өгч Сонгинохайрхан дүүргийн шүүхээр баривчлуулж байсан.

... 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 230 тоот гэртээ нөхөр Ж намайг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодож, мөн цагдаад дуудлага өгч торгуулж байсан. Ж намайг энэ үед үүрч орон дээр шидэж зоддог байсан ба тухайн үед гэмтэл бэртэл учирсан зүйл байгаагүй.

... 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ……………дүүргийн ………… дугаар хороо, ……….. дугаар байрны …………тоот гэртээ нөхөр Жаргалан намайг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодож, цагдаад дуудлага өгч торгуулж байсан.

... Ингээд сая 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ………….. дүүргийн ………. дугаар хороо, …………. дугаар байрны ………… тоот гэртээ манай нөхөр Ж унтаж байгаад өдөр 12 цагийн орчимд босож ирээд манай 5 настай охин А-г урагт үзээд байж байхад зурагтыг нь унтраачихаар нь би “хүүхэд юм үзэж байна” гээд зурагтыг асаасан чинь Ж уурлаж, зурагтыг гараараа хага цохиод “ингээд нэг мөсөн үзэх юмгүй амар байж бай, гэр орондоо очиж амарлаа” гэхээр нь би “тэг тэг, чи гэртээ очиж амар” гэж хэлсэн чинь Ж намайг орон дээр хэвтэж байхад хүрч ирээд духаараа миний дух руу нийлүүлж түлхээд гэдсэн дээр гараараа дараад “наад хүүхдийг чинь гаргачихъя” гэхээр нь би “болиоч” гэж хэлээд гараараа Ж г холдуулах гэсэн миний гарын хурууг арагш нь гэдийлгэж дараад хугалах шахсан. Тэгээд Жаргалантай хэрэлдээд хэрүүл шуугиан болоод байж байсан, нөгөө өрөөнөөс аав Ганхуяг бид нарын байгаа өрөөнд орж ирээд “чи хүүхэд яаж байгаа юм бэ” гэсэн чинь аавтай ноцолдож байгаад намайг цагдаад дуудлага өгөхийг сонсоод Ж  хөл нүцгэн гэрээс гараад зугтсан. Гэрийнхээ дотор хаалгыг түгжчихсэн байсан чинь гэрийн дотор модон хаалгыг гараараа цохиж эвдсэн, аавтай гадна коридорт ноцолдож байгаад цагдаа дуудсаныг мэдэж байсан тул тэр чигтээ хөл нүцгэн зугтаад явсан байсан. Ж  намайг зодохдоо дандаа миний биед гэмтэл учруулахгүйгээр зоддог байсан тул би ямар нэгэн эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. ... Би одоо 6 сартай жирэмсэн. Хэрэг явдал болоход буюу 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 5 сартай жирэмсэн байсан. Манай аав Г  2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Ж намайг зодоход гэрт хамт байсан боловч өөр өрөөнд байсан болохоор яг нүдээр хараагүй. Би эцэг, эхээс ганцаараа бөгөөд гадны хүмүүст нөхөртөө зодуулсан гэж амьдралаа яриад байдаггүй болохоор өөр мэдэх хүн байхгүй. ...” /хх 38-41/,

гэрч Н.Ганхуягийн “...Би өөрийн охин С , хүргэн болох Ж , хоёр зээгийн хамт ………… дүүргийн ………..дугаар хороо, ………… дугаар байрны ……… тоот 2 өрөө байранд амьдардаг юм. 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр би найзынхаа одонгийн найранд очоод шөнийн 23 цагийн орчимд бага зэргийн халамцуу гэртээ орж ирээд том өрөөндөө унтах гэж байсан чинь манай охин С  намайг “аав” гээд дуудахаар нь “яасан” гээд босоод ирсэн чинь Ж ийн цамцнаас С  зуурчихсан коридорт жижиг өрөөнөөсөө гарч ирсэн. Ж  гарч яваад ойролцоогоор 5 минут орчим болсны дараа хүчтэй чимээ гарахаар босоод харсан чинь Ж  гэрийн хаалганы дотор талын хаалгыг цөм цохичихоод цаашаа зугтаад явсан. 2 хоногийн дараа гэртээ ирээд зурагт, үүдний хаалгыг солиод надаас уучлалт гуйсан. ...” /хх 44-46/,

Э.Ж ийн яллагдагчаар өгсөн “...С  бид хоёр анх 2017 онд танилцаад үерхэж эхэлсэн. Тэгээд би 2019 онд хорих ял эдэлж байх хугацаанд С  нь 7 хоног болгон намайг эргэж ирдэг байсан бөгөөд С  надаас хүүхэдтэй болсон байсан. 2020 оны 2 дугаар сард суллагдаад С тэй хамт амьдрах болсон ба манай хүүхэд төрөөд 5-6 сартай болсон байсан. Хамт амьдарч байх хугацаанд гэр бүлийн асуудлаас болж маргалдахад С  тэвчишгүй зан гаргаад, гар утас шалгана гэхээр нь би үзүүлэхгүй гэхээр улам орилж дайрахаар нь “боль” гэж хэлэхээр цагдаа дуудчихдаг. Би С г зодож биед нь гэмтэл учруулж байсан удаа байхгүй. Манай эхнэр жирэмсэн, бид хоёр 2, 5 настай хоёр хүүхэдтэй, цагдаа дээр очвол дахин баривчлагдана гэж бодоод ирэлгүй удсан. ...” /хх 56-58/ гэсэн мэдүүлгүүд,

аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 26-27/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 143-151/, …………….дүүргийн ……….. дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 152-153/, “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч” картын хуулбар /хх 154-155/, Э.Ж д холбогдох зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийн лавлагаа /хх 117-127, 158/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан  журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Э.Ж  “...Намайг Зөрчлийн хуулиар шийтгэж байсан боловч дахин хорих ял шийтгэж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна, ...миний засарч хүмүүжсэн, ойлгож ухамсарласан байдал, ар гэрийн хэцүү нөхцөл байдал зэргийг харгалзан гэр бүлдээ түшиг тулгуур нь болж, ажил хөдөлмөр эрхлэн сайхан амьдрах боломж олгож хорихоос бусад төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Э.Ж ийн өмгөөлөгч Н.Энхбаатар “... Ж д оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгөхийг хүсье. ...” гэсэн,

Хохирогч Г.С “...Э.Ж  хорих ял авснаас хойш ажилгүй надад 1 сарын хугацаанд би болон үр хүүхдүүдэд маань маш хүнд тусч байх тул Э.Ж г үр хүүхдүүдийнх нь өмнө үүрэг хариуцлагыг нь хүлээлгэж, гадуур ял шийтгэлийг нь эдлүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсье. ...”  гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ж г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Ж ийн хамтран амьдрагч Г.С г 3 удаагийн үйлдлээр зодсон зарим үйлдлийн цаг хугацаанд хохирогч жирэмсэн байсныг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.Ж  нь хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн хамтран амьдрагч Г.С г зодсоны улмаас 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр тус тус Зөрчлийн хуулиар торгох, баривчлах арга хэмжээ авагдсаны дараа дахин 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр түүнийг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон шинжийг хангасан байна.

Түүнчлэн, шүүгдэгч Э.Ж  нь хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн хамтран амьдрагч Г.С г зодсоны улмаас 2020 оны 4 дүгээр сарын 27, 2021 оны 3 дугаар сарын 24, 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр тус тус Зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан болох нь зөрчлийн хэрэг шийдвэрлэлтийн лавлагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Ж нь хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн хамтран амьдрагч Г.С г зодсоны улмаас 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 20 хоног баривчлах шийтгэл, 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл тус тус эдэлсэн байх бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Зөрчлийн хуулиар 2 удаа шийтгэл хүлээсний дараа дахин гэр бүлийн гишүүддээ хүч хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон шинжид хамааруулан үзэхээр хуульчилсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй.

Шүүгдэгч Э.Ж нь дээрх байдлаар хэд хэдэн удаа зөрчлийн хэрэгт шийтгүүлсний дараа дахин хамтран амьдрагч Г.С г зодож 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 20 хоног баривчлах шийтгэл, 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл тус тус эдэлсэн буюу Зөрчлийн тухай хуульд заасан 2 өөр зөрчилд арга хэмжээ авагдсан байх боловч түүний аль аль үйлдэл нь хамтран амьдрагч Г.С д гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шинжтэй байх бөгөөд заавал Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар хэд хэдэн удаа шийтгэл хүлээсэн байх нөхцлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон шинж шаардахгүй гэж үзэв.   

Шүүгдэгч Э.Ж ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн санаатай үйлдлүүд нь байнга тогтвортой давтагдаж, хамтран амьдрагч Г.С г бие махбодь, сэтгэл санааны шаналал, зовуурь, шаналгаат байдалд оруулж байсан болох нь тогтоогдсон учраас анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог тул шүүгдэгч Э.Ж г нийгмээс тусгаарлан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Ж д шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 58 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/816 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ж, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар, хохирогч Г.С нарын  гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 58 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР