Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/00963

 

Х.Зы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00561 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х.Зы нэхэмжлэлтэй хариуцагч “ШТШ” ХХК-д  холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 45 223 853 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Х.Заас 14 139 270 төгрөг гаргуулах тухай “ШТШ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.З, түүний өмгөөлөгч Х.Наранзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлээ, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

            Нэхэмжлэгч Х.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Х.Наранзул, Ж.Энхтуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “ШТШ” ХХК нь “Глобал инвест” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Өнөр плаза гэх 9 давхар, 36 айлын, үйлчилгээний талбай бүхий орон сууцны дотор засал, өрлөг, шавардлагын ажил гүйцэтгүүлэх 276 184 907 төгрөгийн 2018/037 дугаар гэрээг байгуулсан. “ШТШ” ХХК нь өөрийн мэргэжлийн ажилтан байхгүй тул дээрх гэрээний дагуу гүйцэтгэх ажлуудыг надаар хийлгүүлэхээр тохиролцож, ажлын хөлсөнд нийт 225 000 000 төгрөг авахаар болсон. Дээрх ажлыг хийж гүйцэтгэж байх хугацаанд нэмэлт ажил хийх шаардлага гарсан тул 45 төрлийн 38 896 565 төгрөгийг надад өгөхөөр тохиролцсон. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хийсэн ажлуудын гүйцэтгэлийн тайланг гаргаж, 342 900 102 төгрөгтэй дүйцэхүйц ажлын гүйцэтгэлийг захиалагч тал хүлээн авсан. Гэрээнүүдийн ажлын хөлсөнд “Глобал инвест” ХХК нь нийт 339 178 712 төгрөгийг “ШТШ” ХХК-д шилжүүлсэн ба, тус компани миний үндсэн ажлын хөлсөнд 225 000 000 төгрөг, нэмэлт ажлын хөлсөнд 48 149 565 төгрөг, нийт 273 149 565 төгрөг өгөх байснаас миний дансаар 219 251 712 төгрөгийг, бэлнээр 8 674 000 төгрөгийг өгсөн. Одоо “ШТШ” ХХК нь нэмэлт ажлын хөлс 45 223 853 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба үүнийг нэхэхээр захиалагч талаас мөнгө аваагүй, авахаараа өгнө гэдэг. Захиалагч талтай уулзахаар бид нар гэрээний мөнгөө бүгдийг нь өгчихсөн, “ШТШ” ХХК-тайгаа учраа ол гээд мөнгө шилжүүлсэн тухай санхүүгийн тооцоог надад өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 24-нд үндсэн болон нэмэлт ажлын гүйцэтгэлээ хийж дуусгаад хүлээлгэж өгсөн. Глобал инвестийн хяналтын инженер, талбайн инженерүүд байнга шалгадаг байсан. 8 647 000 төгрөгийг манай ажилчдад өгсөн гэдгийг ажилчид дараа нь надад хэлсэн. Энэ төлбөрийг нь би ажлын хөлсөөс хасч тооцсон. Хамгийн сүүлд хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сард төлбөр авсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлыг нэхэмжлэгч бүрэн хийж гүйцэтгэсэн. Уг барилгыг ямар нэг доголдолгүй гэсэн улсын комиссын дүгнэлт гарсан. ШТШ ХХК нь ажлын үр дүн доголдолтой байсан болон ажил чанарын шаардлага хангаагүй талаар ямар нэг гомдол гаргаагүй. Захиалагчид чанарын шаардлага хангаж ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн. “Глобал инвест” ХХК бол захиалагч, тус компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гүйцэтгэгч нь “ШТШ” ХХК юм. Барилгын тухай хуульд зааснаар гүйцэтгэгч туслан гүйцэтгэгч ажиллуулж болдог ба Х.З туслан гүйцэтгэгчээр оролцсон. Бичгийн нотлох баримтаар Х.З нэмэлт ажил хийсэн гэдэг нь нотлогдож байна. Гэрээт ажил хийгдсэний дараа Тоглоомын талбай хийлгэе гэж ярьдаг. Д.Дайчинхүү гэрчлэхдээ тийм зүйл хийгээгүй гэж хэлдэг. “Глобал инвест” ХХК-иас “ШТШ” ХХК-д ажлын хөлсийг Т.Хулангийн даснаар дамжуулж авсан атлаа Х.Зы мөнгийг өгөөгүй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “ШТШ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ШТШ” ХХК-ийн захирал Б.Эрдэнэзул нь Х.Зтай Өнөр плаза барилгын ажлыг хариуцан ажиллахаар аман гэрээ хийж, ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Х.З нь барилгыг 220 000 000 төгрөгөөр хийхээр тохиролцож, туслан гүйцэтгэгчээр өрлөг, шавар, засал гээд 100 хувь хүлээлгэн өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын хөлсийг Х.Зы данс руу нь шилжүүлж байснаас 1 080 000 төгрөгийг бэлнээр, хорооллын Өргөө кино театрын автобусны буудал дээр хүлээлгэж өгсөн. 2018 оны 7 дугаар сард Х.З нь тухайн барилгыг дуусгаж чадахгүй гэсэн тул ажлыг нь өөр хүмүүсээр гүйцэтгүүлэхээр болсон ба, тухайн хүмүүс нь барилга дээр ирж танилцаад ажлыг хийж эхлэхээс нь өмнө Х.З өөрөө ирж ажлаа үргэлжлүүлэхээр болсон. Ингээд 2018 оны 12 дугаар сард ажилчид нь цалингийн өр нэхэж эхэлсэн. “ШТШ” ХХК-тай гэрээ байгуулсан захиалагч Глобал инвест ХХК дээр ажилчид нь очиж уулзсан ба, захирал н.Дайчинхүү нь тэднийг надтай уулз гэсний дагуу ажилчид, Х.Зтай манай гэрийн гадаа ирж, бүх ажилчид байхад дансны хуулга, өгсөн мөнгө, ажил гүйцэтгэхээр тохиролцсон бүх мөнгөө авсан гэж Х.З өөрийн амаар ажилчдын өмнө хүлээн зөвшөөрч, үнэнээ хэлсэн. Тэрээр хийж гүйцэтгэх ёстой ажлаа хийж дуусгаагүй байсан хэрнээ дуусгасан гэж акт үйлдсэн. Мөн тэрээр хариуцсан ажлаа чанар хангахгүй хийж гүйцэтгэснийг түүний ажилчдад нэмэлт цалин өгч байж засварласныг тухайн ажилчид нь нотолно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч “ШТШ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хулан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Х.З нь гэрээт ажлыг хийж гүйцэтгэхдээ өөрийн ажилчдаар хийлгүүлж, тэдний цалин хөлс, бусад гарах зардлыг өөрөө хариуцахаар тохирсон. Гэтэл тэрээр 220 000 000 төгрөгийн хөлсөө бүрэн авсан атлаа ажлыг хийж дуусгалгүй, хөлсөөр ажиллуулж байсан ажилчдынхаа цалинг олголгүй ажлаа хаяж явсан. Х.Заас цалингаа аваагүй ажилчид нь хийж байсан ажлаа зогсоосон тул “ШТШ” ХХК нь гэрээт ажлаа цаг хугацаанд нь хүлээлгэн өгөхийн тулд арга буюу Х.Зы хөлсөөр авч ажиллуулж байсан нэр бүхий 14 ажилчдад түүний өмнөөс нийт 14,139,270 төгрөгийн цалин олгож, ажлаа хэвийн байдалд явуулсан. Иймд Х.Заас 14,139,270 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.З сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “ШТШ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хулан нь намайг ажлын хөлсөө бүрэн авсан атлаа ажлыг хийж дуусгалгүй, ажилчдынхаа цалинг олголгүй, ажлаа хаяж явсан мэтээр сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг гаргажээ. Харин би гэрээт ажил болох өрлөг, шавардлага болон дотор заслын ажлыг, мөн “ШТШ” ХХК-иас санал болгосон нэмэлт ажлыг бүрэн гүйцэтгэж, тус тус хүлээлгэн өгсөн. Хариуцагч тал надаар гүйцэтгүүлсэн нэмэлт ажлынхаа 38 896 754 төгрөгийн хөлсийг огт төлөөгүй атлаа дахин нэмэлт ажлын санал тавьсан боловч би татгалзсан. Хариуцагч нь миний гэрээт ажилчдад 14 139 270 төгрөгийн ажлын хөлсийг миний өмнөөс өгсөн гэж нэхэмжилж байгаа нь ор үндэслэлгүй юм. Учир нь “ШТШ” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Өнөр плаза 9 давхар, үйлчилгээний талбай бүхий орон сууцны подвалийг хүүхдийн тоглоомын газар болгон засч янзлах дахин нэмэлт ажил хийлгүүлэх саналыг надад тавьсан бөгөөд, урьд гүйцэтгүүлсэн нэмэлт ажлын хөлсийг огт төлөөгүй гэх үндэслэлээр би татгалзсан тул миний гэрээт ажилчидтай дээрх ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон байсан. Өөрөөр хэлбэл миний гэрээт ажилчидтай надаас хамааралгүй шинээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ШТШ” ХХК-иас 42 629 809 /дөчин хоёр сая зургаан зуун хорин есөн мянга найман зуун есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Зд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 2 594 044 төгрөгт холбогдох хэсгийг болон, хариуцагч “ШТШ” ХХК-ийн Х.Заас 14 139 270 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 384 070 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 302 556 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ШТШ” ХХК-иас 371 099 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Зд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Хариуцагч тал “ШТШ” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Глобал инвест” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууц цогцолборын А блокын дотор засал, өрлөгийн ажил гүйцэтгэхээр тус компанитай 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2017/35 тоот “Дотор заслын ажил гүйцэтгэх” гэрээ тус тус байгуулсан. “ШТШ” ХХК нь “Глобал инвест” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих ажлыг Х.Заар гүйцэтгүүлэхээр ажлын хөлсийг 220 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцож түүнтэй ажил гүйцэтгэх гэрээг аман хэлбэрээр байгуулсан. Х.З гэрээт ажлыг гүйцэтгэхдээ өөрийн ажилчдаар хийлгүүлж, тэдний цалин хөлс, бусад гарах зардлыг өөрөө хариуцахаар тохиролцсон. Гэтэл Х.З ажлын хөлс 220 000 000 төгрөгөө бүрэн авсан атлаа ажлаа хийж дуусгаагүй, хөлсөөр ажиллуулж байсан ажилчдынхаа цалинг олгоогүй ажлаа хаяж явсан. Х.Заас цалин аваагүй ажилчид хийж байсан ажлаа зогсоосон тул “ШТШ” ХХК нь гэрээт ажлаа цаг хугацаанд нь хүлээлгэн өгөхийн тулд арга буюу Х.Зы хөлсөөр ажиллуулж байсан нэр бүхий 14 ажилчдад нийт 14 139 270 төгрөгийн цалин олгож ажлаа хэвийн байдалд явуулсан. Х.З шүүхэд “ШТШ” ХХК-иас нэмэлт ажлын хөлс 45 223 853 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. “ШТШ” ХХК нь Х.Зтай нэмэлт ажил хийлгэхээр гэрээ байгуулаагүй ямар нэгэн санал оруулаагүй, тохиролцоогүй бөгөөд нэмэлт ажил хийлгээгүй. Гэтэл анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөхдөө гаргасан төлбөрийн нэхэмжлэхэд “ажлын үлдэгдэл захиалагчид 51 303 809 төгрөг” хэмээн тодорхойлсон байгааг үндэслэн, ажилчдын хөлсөнд төлөгдсөнөөр тооцон 8 674 000 төгрөгийг хасч, “ШТШ” ХХК-аас 42 529 809 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болёон. Шүүхийн үндэслэл болгож буй нэхэмжлэх гэгч нь дангаараа нотлох баримт болохгүй ба шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгчийн баримт төдий зүйл гэж үзэж байна. Хэргийн оролцогчид нэмэлт ажлын хөлсөн дээр маргадаг ба дээрх байдлаар үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х.З нь хариуцагч “ШТШ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 45 223 853 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч Х.Зы өмнөөс ажилчдад нь олгосон 14 139 270 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ./хх.1-3, 115/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Ажил гүйцэтгэх гэрээний үнэ 225 000 000 төгрөг байхаар хариуцагчтай тохиролцож, гэрээний хугацаанд нэмэлт 45 төрлийн ажил гүйцэтгэхээр 38 896 754 төгрөг, нийт 273 149 565 төгрөгийн хөлс авахаар тохиролцсон бөгөөд, “ШТШ” ХХК-иас ажлын хөлсөнд дансаар 219 251 712 төгрөг, бэлнээр буюу түүний ажилчдад 8 674 000 төгрөг төлснийг оруулж тооцон 227 925 712 төгрөгийн хөлс хүлээн авч, 45 223 853 төгрөгийн ажлын хөлс төлөгдөөгүй үлдсэн” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд захиалагч “Глобал инвест” ХХК нь гүйцэтгэгч “ШТШ” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Глобал инвест” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны цогцолборын А блокын дотор засал, өрлөгийн ажил 2017/35 тоот “Өрлөгийн ажил гүйцэтгэх гэрээ”, мөн “ШТШ” ХХК нь “Оодс” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2017/037 тоот “Дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсан байна. /1хх.139-146, 160-170/

“ШТШ” ХХК нь захиалагч “Глобал инвест” ХХК-тай байгуулсан дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих нийт ажлыг нэхэмжлэгч Х.Заар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож Х.Зыг ерөнхий инженерээр ажиллуулжээ. /1хх.13/

Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан заалттай нийцсэн байна.

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Глобал инвест” ХХК нь “ШТШ” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Нийт ажлын гүйцэтгэл, нэмэлт ажлын гүйцэтгэл”-ийн талаар бичгийн баримт үйлдэж, хийсэн ажлын үнийн дүнг 304 003 348 төгрөг, нэмэлт ажлын гүйцэтгэлээр 38 896 754 төгрөгөөр тооцож гаргажээ. Иймд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэсэн ажлыг нэг бүрчлэн гаргаж, ажлын хөлсний хэмжээний талаар үнийн дүнг тохирсон гэж үзнэ.  /хх.8-12/

Мөн “ШТШ” ХХК нь “Глобат инвест” ХХК-д Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн, захиалагч “Глобал инвест” ХХК мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар ажлын үр дүнг хүлээж авсан байна. /хх.8-10/

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т “захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч “ШТШ” ХХК нь нэхэмжлэгч Х.Зы гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

Түүнчлэн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 2019/57 тоот Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт гарч, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан дунд төвөгшилтэй ангиллын зоорьтой 9 давхар зоорьтой 5 давхар 8 автомашины дулаан зогсоол, үйлчилгээтэй 75 айлын 27 агуулах хүчин чадал бүхий автомашины дулаан зогсоол, үйлчилгээ, агуулах, орон сууцны барилгыг хүлээн авчээ. /1хх.183, 184/

Захиалагч “ШТШ” ХХК нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардлага гаргах эрхтэй бөгөөд хариуцагч “ШТШ” ХХК нь шаардлага гаргаж байсан гэх баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч “ШТШ” ХХК нь нэхэмжлэгч Х.Зд ажлын хөлсөнд 273 149 565 төгрөг төлөх үүрэгтэйгээс 219 251 712 төгрөгийг төлсөн байна гэж дүгнэн ажлын хөлснөөс төлөөгүй үлдсэн 42 629 809 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “... Х.З хийж байсан ажлаа дуусгалгүй хаяж явснаар гэрээт ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөхийн тулд түүний өмнөөс ажилчдад 14 139 270 төгрөгийг цалинд тооцож олгосон” гэж тайлбарлажээ.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хулангийн Хаан банк дахь депозит дансны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга, Худалдаа хөгжлийн банк дахь депозит дансны гүйлгээний 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 26-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга зэрэг баримтыг гаргасан байгаа боловч 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нэр бүхий иргэдийн дансанд орсон мөнгийг Х.З болон “ШТШ” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээтэй хамааралтайгаар хийгдсэн ажлын хөлс гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээдэг. Хариуцагч “ШТШ” ХХК нь Х.Зы өмнөөс төлсөн 14 139 270 төгрөгийг төлсөн гэдгээ нотолсон баримтыг ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч байгууллага нэхэмжлэгч Х.Зтай ажлын хөлсийг 220 000 000 төгрөг гэж тайлбарлаж энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа боловч уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна. Иймд хариуцагч байгууллагын “...нэхэмжлэгчтэй нэмэлт ажил хийлгэхээр гэрээ байгуулаагүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй, сөрөг нэхэмжлэлийг хангаагүй” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00561 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ОТГОНЦЭЦЭГ

                                ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                  Ц.ИЧИНХОРЛОО