Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2024/00346

 

r

 

 

 

     2024             04           03     

                         130/ШШ2024/00346

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, М овогт Б

Хариуцагч: А аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Ж  овогт Ш

 

Нэхэмжлэлийн шаардлага: 35,000,000 /гучин таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.М түүний өмгөөлөгч С.Н

Хариуцагч Ш.Ж /цахимаар/

Орчуулагч Т.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ш.Ж холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б.М нь намайг БНМАУ-ын үед улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлж байсан ба улмаар шүүхийн шийдвэрээр цагаатгаж, цагаатгасны нөхөн төлбөрт 80,000,000 төгрөгийг улсаас олгохоор болсон билээ. Уг нөхөн төлбөрийг 2022 оны 02 дугаар сард миний Төрийн банк дахь тэтгэврийн нэрийн дансанд улсаас шилжүүлсэн юм. Гэтэл миний зөвшөөрөлгүйгээр хариуцагч Ш.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний Төрийн банкны данснаас итгэмжлэл бүхий бичгээр 35,000,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Ш. нь намайг цагаатгуулах нэхэмжлэлийг хөөцөлдөж байсан ба тухайн үед олгосон итгэмжлэлээр миний өмнөөс нөхөн төлбөрийг надаас зөвшөөрөл авалгүйгээр хувьдаа ашигласан хууль бус үйлдэл гаргажээ.

1.2.Миний бие удаа дараа шаардаж, нөхөн төлбөрийн мөнгийг буцаан өгөх, шилжүүлэхийг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Иймд Ш.Ж миний улсаас цагаатгасны нөхөн төлбөрт өгсөн 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ж хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б М надаас 35,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Би 20,000,000 төгрөгийг Б.М-ы хүү болох Б-ны нэр дээр хадгаламж нээлгэж хийсэн. Ж би 10,000,000 төгрөгийг бэлэн авсан үүний 2,000,000 төгрөгийг Улаанбаатар хотод төв архиваас лавлагаа авахаар 3 удаа очсон. С аймагт нэг удаа, Б суманд нэг удаа очсон. Б.М-ны ах нь болох Ж, нарын бүртгэлийг авах ажлаар очсон боловч ямар ч материал олдоогүй. К суманд нас барсан байсан ба Шаранголд оршуулсан оршуулгын зургийг авчирсан. Ж нүүсэн байсан. А очсон гэсэн сургаар хүүгээ явуулсан боловч ямар ч материал олдоогүй. Мөн Ж гэх хүнийг явуулж байсан. Харин 4,500,000 төгрөгийг Улаанбаатарт байдаг У гэдэг хүнд шилжүүлсэн. У гэдэг хүн уг төрөөс олгох 80,000,000 төгрөгийг авахад тусалцсан хүн юм. Уг 4,500,000 төгрөгийг авахдаа Б.М зөвшөөрсний дагуу авсан бөгөөд Б.М өгсөн итгэмжлэлтэй байсан. Үүнээс үзэхэд зөвшөөрөлгүй мөнгө аваагүй болно. 80,000,000 төгрөгийг авахад 6 жил 6 сарын хугацаа зарцуулсан юм. Б.М нь Х даргад эцгийн хэлмэгдлийг бүтээхэд 20,000,000 төгрөг өгсөн байсан байна. Б.М хамаатан дүү нартай байнга асуудал үүсгэн цагдаад өргөдөл гаргаж байсан. Тухайн үед цагаатгалын нөхөн олговрыг шүүхээс нэхэмжлэх үед 4 удаа шүүхэд хандаж байсан ба улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 удаагийн 70,200 төгрөгийг би өөрөө төлж байсан. Б.М надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татаж авахгүй бол Б.М авах ёсгүй байсан 80,000,000 төгрөгийг улсын төсөвт эргүүлэн төлүүлэх болно. Б М нь 1944 оны хүн амын тооллогын лавлагаанд 4 настай гэж бичигдсэн байсан ба Ер нар 1 дүгээр ангид орж суралцаж байсан. Дээрх хоёр хүнд мөнгө өгнө гэж хуурамч тодорхойлолт бичүүлж авсан. Б.М эцэг нь 1937 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазаар авхуулсан юм. Эцэг нь цаазаар авхуулсны дараа 3 жилийн дараа хоёр дахь эхнэрээсээ төрсөн хүүхэд нь юм. Б.М нь Б 20,0 сая төгрөг, 0,5 сая төгрөг нийт 20,5 сая төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, өмгөөлөгч С.Нтай байгуулсан өмгөөллийн гэрээ, М.Ж олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас Б.М Ш.Ж олгосон итгэмжлэл, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

6. Нэхэмжлэгч Б М нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд Миний бие Б М надад цагаатгалын нөхөн олговорт 80,000,000 төгрөг авах шүүхийн шийдвэр гарсан. Уг нөхөн олговрыг 2022 оны 02 дугаар сард миний Төрийн банк дахь ****** дугаартай тэтгэврийн  дансанд улсаас шилжүүлсэн байдаг. Гэтэл миний зөвшөөрөлгүйгээр хариуцагч Ж 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр миний төрийн банкны данснаас итгэмжлэл бүхий бичгээр 35,000,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Ж нь цагаатгуулах тухай нэхэмжлэлийг хөөцөлдөж байсан тухайн үед олгосон итгэмжлэлээр миний өмнөөс нөхөн төлбөрийг надаас зөвшөөрөл авалгүйгээр хувьдаа ашигласан, миний бие удаа дараа шаардаж, нөхөн олговрын мөнгийг буцаан өгөх, шилжүүлэхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд хариуцагч Ш.Ж цагаатгасны нөхөн олговрын мөнгө 35,000,000 төгрөгийг гаргуулан надад олгож өгнө үү гэв. 

 7. Хариуцагч Ж нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би 20,000,000 төгрөгийг Б.М хүү болох Б нэр дээр хадгаламж нээлгэж хийсэн. Ж би 10,000,000 төгрөгийг бэлэн авсан, үүний 2,000,000 төгрөгийг Улаанбаатар хотод төв архиваас лавлагаа авахаар 3 удаа очсон. Харин 4,500,000 төгрөгийг Улаанбаатарт байдаг У гэдэг хүнд шилжүүлсэн. У гэдэг хүн уг төрөөс олгох 80,000,000 төгрөгийг авахад тусалцсан хүн юм. 80,000,000 төгрөгийг авахад 6 жил 6 сарын хугацаа зарцуулсан юм. Тухайн үед цагаатгалын нөхөн олговрыг шүүхээс нэхэмжлэх үед 4 удаа шүүхэд хадаж байсан ба улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 удаагийн 70,200 төгрөгийг би өөрөө төлж байсан. Б М надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татаж авахгүй бол Б М авах ёсгүй байсан 80,000,000 төгрөгийг улсын төсөвт эргүүлэн төлүүлэх болно. Б М нь 1944 оны хүн амын тооллогын лавлагаанд 4 настай гэж бичигдсэн байсан ба Б.М-ны эцэг нь 1937 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазаар авхуулсан юм. Эцэг нь цаазаар авхуулсны дараа 3 жилийн дараа хоёр дахь эхнэрээсээ төрсөн хүүхэд нь юм. М нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

8.1. Нэхэмжлэгч Б М нь ... Ж нь цагаатгуулах тухай нэхэмжлэлийг хөөцөлдөж байсан тухайн үед олгосон итгэмжлэлээр миний өмнөөс нөхөн төлбөрийг надаас зөвшөөрөл авалгүйгээр хувьдаа ашигласан, миний бие удаа дараа шаардаж, нөхөн олговрын мөнгийг буцаан өгөх, шилжүүлэхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд хариуцагч Ш.Ж с цагаатгасны нөхөн олговрын мөнгө 35,000,000 төгрөгийг гаргуулан надад олгож өгнө үү гэж, хариуцагч Ж нь ... 6 жил 6 сар хөөцөлдсөн миний ажлын хөлсийг авсан. Тэгж яривал М авах ёсгүй мөнгө байсан. Мөн хуурамч нотлох баримтыг шүүхэд бүрдүүлж гаргаж өгч байсан, би үүнийг илчлэх болон гэж тус тус тайлбарлаж зохигчид маргасан болно.

8.2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд нөхөн олговрыг нэхэмжлэх эрх, 10 дугаар зүйлийн 10.1-т  улсын төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөн олговрыг дор дурдсан этгээд нэхэмжлэх эрхтэй , 10.1.1.улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч өөрөө; 10.1.2.хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр нь түүнийг нас барснаас хойш өөр хүнтэй гэрлэсэн эсэхээс үл хамааран; 10.1.3.хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд; 10.1.4.энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ гэж тус тус заасан байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан хүмүүст нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж олгоно. Хэрэв аль нэг нь дангаараа буюу өөр өөр хувь хэмжээгээр нөхөх олговрыг авахаар нэхэмжлэгчид харилцан тохиролцвол шүүх түүний дагуу шийдвэрлэнэ гэжээ.

9. А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШШ2020/00920 дугаартай шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1-д тус тус баримтлан А аймгийн Б сумын Төрийн сангийн санхүүгээс хэлмэгдэгч Н-ы М нөхөн олговрын мөнгө 80,000,000 /наян сая/ төгрөгийг гаргуулан хүүхэд нь болох М овогт Б-д олгосугай гэж шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

9.1.Хариуцагч Ж нь ... М нь нөхөн олговрыг авах ёсгүй гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байна.

9.2. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулгаар данс ******, дансны нэр М Б, харилцагчийн нэр М Б, дансны бүтээгдэхүүн тэтгэврийн нэрийн данснаас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 20,500,000 төгрөг, 4,500,000 төгрөг, 10,000,000 төгрөг  тус тус зарлагаар  ит-ээр Ж шил-в БЭ******** гэснээр нийт 35,000,000 төгрөгийг хариуцагч Ж итгэмжлэлээр шилжүүлж авсан болох нь Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулгаар нотлогдож байна.

Хариуцагч Ш.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

9.3. Мөн хариуцагч Ж нь ... хэлмэгдлийн асуудлыг шүүхэд нэхэмжлэл гарахад 70200 төгрөгийг 4 удаа, нотариатын мөнгийг бүгдийг би төлж байсан. М нь Б 20,0 сая, 0,5 сая бүгд 20,5 сая төгрөгийг үндэсгүй нэхэж байна гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотолсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

9.4. Хариуцагч Ж нь хавтаст хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1414 дугаартай итгэмжлэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг итгэмжлэлээр олгосон бүрэн эрх ... төрийн банкны ********* тоот дансанд, орлого, зарлагын гүйлгээ хийх, бэлэн бусаар гүйлгээ хийх ... зэрэг эрхийг төлөөлөгчид олгож, 3 /гурван/ жилийн хугацаанд хүчинтэй итгэмжлэлийг нэхэмжлэгч Б М төлөөлөгч буюу хариуцагч Ш.Ж олгосон байна. Гэхдээ 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэлээр нэхэмжлэгч Б М нь нөхөн олговрын мөнгийг  хариуцагч Ш.Ж авахыг зөвшөөрч олгосон итгэмжлэл байна гэж үзэхэд учир дутагдалтай байна.

9.5. Дээрх 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэлийг хариуцагч Ж нь ашиглаж  2022 оны 02 дугаар сарын 28-ний өдөр гүйлгээ хийлгэж, өөртөө нөхөн олговрын мөнгийг шилжүүлж авсан үйл баримт болон нөхөн олговрын мөнгөнөөс хариуцагч Ж нь 35,000,000 төгрөгийг хувьдаа авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

9.6. Хариуцагч Ж нь ... би уг нөхөн олговрын асуудлыг хөөцөлдөж явсан учир уг мөнгөнөөс би авах ёстой, Монголхан зөвшөөрсний дагуу авсан бөгөөд М өгсөн итгэмжлэлтэй гэж тайлбарлаж байгаа байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцсон гэх үндэслэл нотлогдохгүй байна.

10.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл  үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэжээ. 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хариуцагч хууль бусаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч Ш.Жээс үндэслэлгүй олж авсан 35,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

10.1. Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ш.Ж с 35,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгох нь зүйтэй байна.

11. Нэхэмжлэгч Б.М ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Ш.Ж с 332,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ж овогт Ш ны Ж с 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М овогт Б д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 332,950 /гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б. д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К.Б