| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 1808052521368 |
| Дугаар | 2020/ДШМ/176 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2020/ДШМ/176
2020 02 6 2020/ДШМ/176
Б.Ат холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Нямбат,
шүүгдэгч Б.А,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1240 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч М.Амарбаярын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ат холбогдох эрүүгийн 1808052521368 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Мөнхөт овгийн Б.А, 1980 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 23 дугаар байрны 21 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дөл хотхоны 97-92 тоотод түр оршин сууж байсан, /РД:УГ80060412/;
Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 721 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих 405 дугаар ангид ял эдэлж байгаа;
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Б.Муулзаж “хүүхдийг чинь Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, “Драгон” үйлчилгээний төвийн автомат машинаас Хаан банкны 5076190428 дугаарын данс руу шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Мөнхөт овогт Б.Аыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Ат энэ тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Аын цагдан хоригдсон 11 /арван нэг/ сар 22 /хорин хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ааас хохирогч Б.Мягмарсүрэнд 5.000.000 /таван сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь сэтгэл санааны хохирол, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч М.Амарбаяр давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Б.Мхүү Дашравжаа нь Ерөнхий боловсролын сургууль төгссөн, тухайн үед сургуульд оруулах зорилгоор хандах үндэслэл байсан эсэх, мөн Б.Мхүү Б.Дашравжаа нь Элсэлтийн Ерөнхий Шалгалтад хэдэн оноо авсан зэрэг холбогдох баримт бичиг хэрэгт авагдаагүй байгаа нь гэмт хэрэгт ач холбогдолтой баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй гэж үзэхээр байна. Дээрх баримт бичгээс шалтгаалан Дашравжаа нь Хууль Сахиулахын Их Сургуулийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/82 дугаар тушаалаар баталсан /босго оноо 480-580/ өдөр, оройн нийт 21 мэргэжлээр суралцах болзол хангагдсан эсэх нөхцөл байдлыг тогтоох бөгөөд Дашравжаа нь онооны хувьд элсэн орох боломж байсан эсэх нь Анхбаяр түүнийг хуурч залилан мэхлэх, эсхүл иргэн хоорондын харилцаа байсан эсэхийг нягтлан шалгах үндэслэл болох юм. Б.А тухайн үед Б.Дашравжааг сургуульд оруулах талаар хөөцөлдсөн боловч бүтээгүй тул мөнгийг нь буцааж өгье гэж Б.Мягмарсүрэнд хандаж байсан тухай Б.А мэдүүлдэг. Б.Мхүү Б.Дашравжаа 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “миний ээж хүүг минь Их Сургуульд оруулж өгвөл нэмж 10.000.000 төгрөг өгнө гэхэд нь би уурлаж байсан гэх мэдүүлгээс харвал Б.А нь залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн бол мөнгө нэмж өгье гэхэд нь хүлээн зөвшөөрч мөнгө авчруулах боломжтой байсан байна. Гэтэл Б.А тэрхүү саналыг хүлээж авахгүй цааргалж таны мөнгийг буцааж өгье гэснээс үзвэл Б.А залилан мэхлэх санаа зорилго агуулаагүй байна. Мөн Б.Дашравжаагийн өгсөн “миний ээж хүүг минь оруулж өгвөл, нэмж 10.000.000 төгрөг өгнө гэхээр би ээжид хэрэггүй” гэсэн гэх мэдүүлэг болон Б.Аын "... мөнгөө буцааж ав гэхэд үгүй, чи заавал оруулж өгнө гэж хэлсэн гээд мөнгөө авахгүй байсан” гэх мэдүүлгээр Б.А нь залилан мэхлэх зорилгогүй байсан нь тогтоогддог. Хохирогч Б.Мягмарсүрэн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “хүүхдийн сургуулийн төлбөр гэж өгсөн” гэж мэдүүлснээс үзвэл хүүхдийнхээ сургалтын төлбөрийг урьдчилан төлсөн гэж хохирогч дурдсан байна. Хэрэв Б.Аын авсан мөнгийг сургуулийн төлбөр гэж үзэхээр бол Б.А бусдын эд хөрөнгийг хууран мэхэлж аваагүй байна. Хохирогч Б.Мягмарсүрэн нь Б.Ат өгсөн мөнгөө бүрэн гүйцэт буцааж авсан зэрэг хэрэгт цугларсан баримтуудаас харагдаж байна. Б.А нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өмнөх шалгагдаж байсан эрүүгийн хэрэгт цагдан хоригдсоны улмаас мөнгийг нь биечлэн буцааж өгөх боломжгүй болж удаасан байдаг. Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд Б.А нь бусдын өмчлөх эрхийг өөрт шилжүүлэн залилан мэхлэх субъектив санаа зорилго агуулаагүй болох нь нотлогддог. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч Г.Алтанцэцэг нь өмгөөлөгч М.Амарбаяр намайг хохирогчоос асуулт асуух явцад өмгөөлөгч та “шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд шинжлэн судална гэсэн баримтаас өөр баримтыг дурдах эрхгүй” гэж хууль буруу тайлбарлан өмгөөлөгч миний эрхэд халдан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан. Өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд нотлох баримт шинжлэн судлах байр сууриа илэрхийлдэг илэрхийлэл нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад бусад нотлох баримтыг дурдаж болохгүй, түүнийг иш татах эрхийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл биш юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай журамласан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд бичмэл нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлах бие даасан ажиллагаа болгон хуульчилсан. Шүүгчийн энэхүү шаардлага нь шүүхэд буруу жишиг тогтоосон явдал буюу эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн үйлдэл юм. Б.А нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 190900210 дугаартай хэрэгт шалгагдаж байгаа тухай лавлагааг тус цагдаагийн хэлтсээс өмгөөлөгч М.Амарбаяр би 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр авлаа. Хэдийгээр Б.А нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан боловч дээр дурдсан давж заалдах гомдлыг хүлээн авч Б.Аын эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэргийг хамтатган шалган тогтоож шийдвэрлэх нь зүйтэй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1240 дугаартай шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул хэргийг бүхэлд нь хянан үзэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.А нь Б.Дашравжааг Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж Б.Мягмарсүрэнгээс нийт 5.000.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж авсан. Хууль сахиулахын их сургууль нь 5-6 дугаар сард элсэлтээ авч, 8 дугаар сар гэхэд цэргийн хээрийн бэлтгэлд гарсан байдаг. Гэтэл шүүгдэгч нь 10 дугаар сард хохирогчид хүүхдийг чинь сургуульд оруулж өгнө авч байгаа нь залилах гэмт хэргийн шинж нь бүрдэж байна. Мөн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 190900210 дугаартай хэрэгт шалгагдаж байгаа тухай ярьж байна. Хэрэг бүртгэлтийн хэргийг, мөрдөн байцаалтын хэрэгтээ нэгтгэнэ гэсэн зохицуулалт байхгүй. Тийм учраас энэ асуудлыг тусад нь шийдвэрлүүлэх боломжтой. Тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдах эсэхийг нь мэдэхгүй байгаа учир тусад шалгуулах нь зүйтэй. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1240 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Б.Муулзаж “хүүхдийг чинь Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, “Драгон” үйлчилгээний төвийн автомат машинаас Хаан банкны 5076190428 дугаарын данс руу шилжүүлэн авсан болох нь:
хохирогч Б.М“...Б.А нь миний хүү Дашравжааг Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж хэлэхээр нь 5.000.000 төгрөгийг өгсөн. Мөнгө өгсөн цагаас хойш сургуульд оруулж өгөөгүй залилсан учир цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаа юм. Гэтэл Анхбаяр нь алга болоод, хохирол мөнгийг минь төлөхгүй хаана юу хийж явж байгаа нь мэдэгдэхгүй байсан.
...Миний хувьд Б.Аыг танихгүй, анх танилцах болсон шалтгаан бол Оюунаа гэдэг үсчин эмэгтэйд хүүхдээ Хууль сахиулахын их сургуульд оруулах талаар ярихад Болдбаатар гэдэг залуутай намайг холбож өгсөн. Болдбаатар нь надтай Анхбаярыг холбож өгсөн, ингээд 5.000.000 төгрөг өгье, миний хүүг Хууль сахиулахын их сургуульд оруулаад өгчих гэхэд болно гэж надад хэлсэн. Б.Атай утсаар холбогдож, Сонгинохайрхан дүүргийн Их нарангийн эцэс дээр анх уулзаж хүүхдээ сургуульд оруулах талаар ярилцаад бичиг баримтыг хуулбарлан өгсөн. Тухайн үед 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр уулзсан. Үүнээс хойш 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл нийт 5.000.000 төгрөгийг Б.Ат өгсөн. Энэ цагаас хойш Анхбаяртай утсаар яриад юу болж байна гэхээр болно, өнөө маргаашгүй болгож өгнө, заримдаа хөдөө ажлаар явж байна, ирээд уулзана гэдэг байсан. Тэгээд аргаа бараад 2018 оны 10 дугаар сард Зайсангийн ойролцоо өөрийн хүү Дашравжаатай хамт очиж уулзсан. Тухайн үед чи миний хүүхдийг сургуульд оруулаад өгчих гэж хэлсэн чинь Анхбаяр хүүхдээ оруулах гэж байвал нэмж 10.000.000 төгрөг олж өг гэж ярьсан. Тэгээд сургуульд оруулах, оруулахгүй асуудал ярилцаж байгаад салсан. Хэсэг хугацааны дараа би мөнгөө авмаар байна гэхэд хэд хоног хүлээчих, удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд мөнгө өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад би хандсан. ...Миний хувьд хүүхдээ сонирхож байгаа Хууль сахиулахын их сургуульд оруулах зорилготой Б.Ат 5.000.000 төгрөгийг өгсөн. Б.Аын хувьд сургуульд оруулж өгнө гэж худлаа хэлж 5.000.000 төгрөг авч надаар болон хүүхдийн минь сэтгэл санаагаар тоглосонд гомдолтой байна. ...” /хх 18-19, 78-79/,
гэрч Б.Болдбаатарын “...2018 оны 8 дугаар сарын дундуур манай нагац эгч Оюунаа /Оюундэлгэр/ миний утас руу залгаад, чи Хууль сахиулахын их сургуульд хүүхэд оруулж чадах уу, чамд таньдаг хүн байна уу гэж асуухаар нь Анхбаярын 91913110 дугаарын утсыг өгсөн. Энэ цагаас хойш юу болсныг мэдэхгүй. Сураг сонсоход Б.А мөнгө авсан гэж ярьсан, хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй. 2018 оны 9 дүгээр сарын дундуур Мягмарсүрэн гэдэг эмэгтэй над руу залгаад хүүхэд юу болж байна, Анхаатайгаа яриад өгөөч гэж хэлэхээр нь за гэж хэлээд Анхбаярын утас руу залгаж нөгөө хүүхэн чинь над руу залгаад мөнгө нэхээд байна, хэдэн төгрөг авсан юм бэ гэхэд мөнгөний тоо хэлээгүй, мөнгө авсан байгаа гэж ярьсан. Тухайн үед мөнгийг нь яаралтай өг гэж хэлээд утсаа тасалсан. Мягмарсүрэн нь намайг мөнгийг нь авсан юм шиг залгаад байхаар нь Анхаатайгаа та нар өөрсдөө учраа ол гэж хэлсэн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Би мөнгө авч өгөөгүй, энэ асуудал Оюундэлгэр, Анхаа, Мягмарсүрэн нарын хооронд болсон асуудал байх. Миний хувьд эгчдээ энэ хүнтэй яриад үз, таньдаг хүн байж магадгүй гэж хэлсэн. Өөр зүйлийн талаар болон Анхаа гэдэг залуу ямар ажил хийдэг талаар мэдэхгүй. Анх танилцахад тагнуулд байдаг гэж ярьж байсан. ...” /хх 24-25/,
гэрч Л.Оюундэлгэрийн “...2018 оны 8 дугаар сард надаар үсээ засуулдаг Мягмарсүрэн Хууль сахиулахын их сургуульд таньдаг хүн байна уу, надад 4.000.000 төгрөг бэлэн байна гэхээр нь за би хүнээс асууж өгье гэсэн. Тэгээд өөрийн төрсөн ахын хүүхэд болох Болдбаатараас асуусан чинь нэг хүнтэй танилцуулсан. Тэр залууг Анхбаяр гэдэг гээд гар утсыг нь олж аваад Мягмарсүрэнд утсыг нь өгсөн. Гар утсаар нь ярьж, тэр хоёр хоорондоо холбогдсон байх, өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Миний хувьд мөнгө өгч авалцаж байгааг бол хараагүй. Харин сүүлд Мягмарсүрэн Анхбаярт мөнгө өгсөн гэж ярьж байсан. ...” /хх 26/,
гэрч Б.Дашравжаагийн “...Б.А нь миний эх Мягмарсүрэнд Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж ярьсан байдаг. Тэгээд ээж 5.000.000 төгрөгийг Б.Ат өгсөн. Тэр цагаас хойш намайг оруулж өгөөгүй, мөнгө авчихаад хөөцөлдсөн асуудал байхгүй, хуурсан байх. Миний хувьд ээж Б.А гэдэг хүнтэй юу ярьсан талаар мэдэхгүй. Миний ээж хууль сахиулах их сургуульд хүүг минь оруулж өгвөл 5.000.000 төгрөг дээрээ нэмж 10.000.000 төгрөг өгнө гэхээр нь би хэрэггүй, энэ их мөнгийг хаанаас олж өгөх гээд байгаа юм, боль гэж хэлсэн. Түүнээс хойш ээж нэмж мөнгө өгөөгүй, зөвхөн хуулбар бичиг баримтыг өгсөн байсан. ...” /хх 81-82/,
гэрч С.Баярцэцэгийн “...манай нөхөр надаар дамжуулж 3.500.000 төгрөгийг урвуулж, цувуулж Мягмарсүрэнд өгүүлсэн. ...” /хх 84/,
шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн: “...Хөдөө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд явж байхад Болдбаатар над руу залгаад Хууль сахиулахын их сургуульд манай дүүг оруулаад өгөх боломж байна уу гэхээр нь хүнээс асууж үзье гэж хэлсэн. Удалгүй Мягмарсүрэн эгч над руу яриад эгч нь 5.000.000 төгрөг өгье, яаж ийж байгаад миний хүүхдийг Хууль сахиулахын их сургуульд оруулж өг гэхээр нь хүнээс асууж өгье гэхэд мөнгөө одоо ав, урьдчилгааг нь өгье гээд 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 5076190428 дугаарын данс руу 2.000.000 төгрөг, дараа нь 1.000.000 төгрөг хийсэн. Мягмарсүрэн эгч мөнгөө хийчихээд одоо юу болж байна, хөөцөлдөж байна уу гэхээр нь би хөдөө явж байна, хүнтэй нь уулзаж үзнэ, болохгүй бол мөнгөө аваарай гээд ярьж хэлсэн. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 1.000.000 төгрөг миний данс руу хий гэж хэлээгүй байхад хийсэн. Би чадахгүй юм шиг байна, надад хүнтэй уулзах зав чөлөө алга, та мөнгөө аваа гэхэд үгүй нэгэнт бүтээж өгнө гэж хэлсэн юм чинь ахиад миний данс руу 1.000.000 төгрөг хийгээд одоо 5.000.000 төгрөгийг чинь өгсөн. Миний хүүг сургуульд оруулж өг, мөн хэлсэн амандаа хүр, оруулчих юм бол дахиад нэмээд 10.000.000 төгрөг өгнө гээд намайг шахаад байсан. Би тухайн үед болимоор байна, мөнгөө ав гэхэд үгүй, чи заавал оруулж өгнө гэж хэлсэн гээд мөнгөө авахгүй байсан. Би Хууль сахиулахын их сургуульд таньдаг хүн байвал уулзаж үзэх талаар бодож байсан боловч олдоогүй, тухайн үед хөдөө хувийн ажлаар явж байсан болохоор мөнгийг нь ажилд хэрэглээд удахгүй өгнө гэж бодож байсан. Мягмарсүрэн эгч залгаад мөнгөө одоо авъя гэхээр нь надад мөнгө чинь алга. Тухайн үед авахгүй яасан гэхэд хэл амаар доромжлоод байхаар нь утсаа тасалсан. ...” /хх 74-77/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Аын хохирогч Б.Мхүүхдийг нь их сургуульд оруулж өгөх хууль бус амлалтыг буюу өөрөө бие даан шийдвэрлэх боломжгүй асуудлыг шийдвэрлэх итгэл төрүүлэн, улмаар 5.000.000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Ат оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч М.Амарбаяр “...Б.Аын сургуульд элсэн сурах боломжтой байсан нөхцлүүдийг шалгах, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 190900210 дугаартай хэрэгт шалгагдаж байгаа тухай лавлагааг тус цагдаагийн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр авлаа. Б.Аын эрх зүйн байдлыг дордуулахгүйн тул Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэргийг хамтатган шалган тогтоож шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хохирогч Б.Мхүү Б.Дашравжаа нь Ерөнхий боловсролын сургууль төгссөн эсэх, Элсэлтийн ерөнхий шалгалт өгч босго оноо нь тэнцсэн эсэхийг шалгах нь шүүгдэгч Б.Аын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолгүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.А нь Хууль сахиулах их сургуульд хүүхэд оруулж чадахгүйгээ мэдсээр байж, хүнтэй уулзсанаар оруулах боломжтой гэсэн итгэл төрүүлэн хуурч хохирогч Б.Мягмарсүрэнгээс 5.000.000 төгрөг авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өмгөөлөгч М.Амарбаяр нь анхан шатны шүүх хуралдаанд хохирогчоос асуулт асуух үед шүүгч Г.Алтанцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд шинжлэн судална гэсэн баримтаас өөр баримтыг дурдах эрхгүй гэж өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн гэх боловч анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй байна. /хх 6/
Мөн Б.А нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа тухай лавлагааг 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1240 дугаартай шийтгэх тогтоолыг гарснаас хойш хэрэгт хавсаргажээ.
Анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед дээрх асуудал яригдаагүй, уг лавлагаа хавтаст хэрэгт байгаагүй тул шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх үедээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Б.Аыг гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар тодруулахад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Б.А нь 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 21-ний хооронд “барилгын ажил олж өгнө” гэж хэлж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фума” ресторанд иргэн Ц.Туулаас 27.000.000 төгрөгийг хуурч авсан үйлдлийг шалгаж байгаа гэсэн бөгөөд энэ үйлдлийг шалгаж дууссан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 хэсэгт зааснаар шүүх нэгтгэн шийдвэрлэх боломжтой тул зөвхөн энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч М.Амарбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1240 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1240 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч М.Амарбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ