Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2020/ДШМ/480

 

 

 

 

 

 

   2020              4            16                                       2020/ДШМ/480

 

 

Э.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

                               

прокурор Х.Эрдэнэтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж, түүний өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч С.Тунбаяр, Ц.Ганчимэг, С.Санжаажамц,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат  даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч С.Тунбаяр, Ц.Ганчимэг, С.Санжаажамц нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Э.Тт холбогдох эрүүгийн 1910001310358 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Намжил овгийн Э.Т, 1987 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хүүхдийн хамт, ....................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /............................/,  

 

Яллагдагч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 1 дүгээр сарын 6-ны орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 60/2 дугаар байрны 00 тоотод байх гэртээ өөрийн төрсөн эцэг Ж.Э“өгсөн мөнгөөр архи уулаа” гэж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж тархины битүү гэмтэл үүсгэн амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Намжил овогт Э.Тыг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тын цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч нь холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Тын 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Тын Бишрэлт-Одын асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Энхбаяр овогтой Жавхлан нь 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолд зааснаар зүйлчлэгдсэн шүүгдэгч Энхбаяр овогтой Тын төрсөн дүү юм. Ерөнхий шүүгч И.Ганбат, шүүгч С.Базарханд, шүүгч Х.Одбаяр нарын гаргасан дээрх тогтоолыг үндэслэлгүй, зөвхөн улсын яллагчийн дүгнэлтээр хяналтгүй хандсан гэж үзэж байна. Мөн дээрх тогтоолд тусгагдсан шинжээчийн дүгнэлт нь бүрэлдэхүүнгүй, ажлын туршлага багатай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргал гэх ганц хүний дүгнэлтэд тулгуурласан. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош хоорондоо зөрүүтэй. Хамгийн сүүлд уулзсан хүн гэдгээр миний ахад хэргийг тохсон. Талийгаачийн гэрээсээ ажил хүрэх маршрутыг шалгаагүй. Цэцэрлэгийн камерын бичлэгт тодорхой заасан байхад хүүг нь эцгээ санаатай алсан мэтээр олон нийтэд худал мэдүүлэг тараан буруутгаж байгаад харамсаж байна. Хохирогч миний бие аавыгаа алдсан харамсалтай хэрэгт ахыг минь хилс хэргээр гүтгэж буруутгасанд нь цагдаа, прокурорын байгууллагад гомдолтой байна. Эрхэм шүүгчид минь хуулиа дээдлэх нь зөв ч хүний сэтгэлийг хөсөрдүүлж болохгүй шүү гэдгийг хэлмээр байна. Талийгаач гэрээсээ ажил руу явах замын маршрут, камерын бичлэгийг хэн ч шалгаагүй. Гэрээсээ ажил хүрэх зай нь энгийн хүний явдлаар явахад 5 минут явах зайд 1 цаг 30 минут явж очсон байдаг. Дэлгүүрээс архи авсан дэлгүүрийн бичлэг, замын камерын бичлэгийг шалгаж үзээгүй. Хүн амины хэрэг болчихоод байхад бүрэн бүрэлдэхүүн гаргасан хэрнээ хүний заавраар зөвхөн ах руу минь гүтгэж ажилласан. Мөн талийгаач аавын минь утас олдоогүй, хувцас нь шороон дээр өнхөрсөн юм шиг шороо болсон. Замдаа хүнд дээрэмдүүлж зодуулсан байж болзошгүйг шалгалгүй, ахыг минь гүтгэсэн. Аавын минь хэргийг үнэн зөв шалгаж мөрдөөгүйд гүнээ харамсаж, маш их гомдолтой байна. Мөн уг хэрэгт задлан шинжилгээ хийсэн эмчийн дүгнэлт ГССҮТ-ийн эмчийн дүгнэлттэй зөрсөн. Анх дуудлага өгсөн хүн нь талийгаач аавын минь дүү Алтангэрэл байсан. Тэрээр дуудлага өгөхдөө талийгаач аавын минь ажлын газрын хүн, аавын дүү Алтангэрэл рүү ярьж “эхнэр хүүхдүүдэд нь хурдан хэл дуулгаарай” гэхийг “эхнэр хүүхэд нь зодоод алсан” гэж сонсоод дуудлага өгсөн байдаг. Улмаар бид гурвыг барьж байцаасан. Энэ хэрэг нь анхнаасаа зохион байгуулалттайгаар миний ах руу бурууг чихэж, гүтгэж хэрэг хүлээлгэхийн тулд хэргийг бүрэн шалгаагүй нь харагдаж байна. Мөн Хан-Уул дүүргийн Яармагийн цагдаагийн хэлтэс рүү ороход даргаас нь авахуулаад бүгд “Энхбаярын хүүхэд үү хорь” гэж байсан нь цаанаасаа бусдын явуулга болохыг харуулж байна. Мөн уг хэргийн прокурор нь хэргийг нягталж шалгаагүй. Анхнаасаа тушаал өгсөн хүнтэй хуйвалдсан байх магадлалтай. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ганчимэг рүү залгаж “чи яах гэж ийм юм авсан юм, зүгээр наадах дээр чинь үүрүүлээд хаях хэргийг” гэж хэлсэн байдаг. Мөн анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгч унтаж хэргийн үнэн зөвийг олоогүй, олохыг ч хүсээгүй. Анхнаасаа шийдвэрлэчихсэн байсан хэрэг юм. Хохирогч миний зүгээс аавыгаа алдсан харамсалтай хэргийн үнэн зөвийг олж чадаагүйд маш их хохирч байна. Цагдаа, прокурор хэргийг бүхэлд нь маш сайн шалгаж үзээгүй, хүний явуулгаар ажилласан, эрх мэдлээ урвуулан ашигласанд маш их гомдолтой байна. Иймд уг хэргийг мөрдөн байцаалтад буцаан үнэн шударгаар мөрддөг цагдаа, прокурорт шилжүүлэн шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүх эмнэлгийн шинжээч Золжаргал анхны мэдүүлэгтээ “баруун тархины эдийн няцрал “ гэснийг “зүүн тархины няцрал“ гэж, “зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зохинд цус хурсан” гэснийг “баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд зовхинд цус хурсан” гэж өөрчилсөн байдаг. Миний эх 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ГССҮТ-д очиж нас барсан хүмүүсийг шалгахад “Жамбалын Энхбаяр”, “Жадамбын Энхбаяр” гэсэн хоёр хүн байсан. Хэргийн материал, шүүх эмнэлгийн дүгнэлт дээр “Жадамбын Энхбаяр” гэдгээр бичигдсэн байдаг. Мөн хэргийн материалд хавсаргасан зургаас үзэхэд миний эцгийн чих, дух биш байсан. Эндээс үзэхэд шүүх эмнэлгийн шинжээч миний эцгийг биш өөр хүнд задлан хийж, дүгнэсэн байх магадлалтай. Би цагдаа, прокурор, анхан шатны шүүхийн шүүгч зэрэг хууль хүчний байгууллагад маш их гомдож байна. Нэгийг нь шороонд, нөгөөг нь шоронд хийсэн хэрнээ шүүгч шүүх хуралдаанд юу ч болоогүй юм шиг унтаж, хэргийн материалтай танилцалгүй хэргийг шийдвэрлэсэн. Би нисэхийн ажил хүртэлх замыг үзэхэд бүгд камертай байсан. Гэвч цагдаа, прокурор энэ талаар огт шалгаж тогтоогоогүй. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батаа нь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатнаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Э.Жг тогтоосон нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлах ёстой байсан. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг.” тогтооно гэж заасан. Гэтэл амь хохирогчийн эхнэр нь байхад хүүхдийг нь тогтоосон нь үндэслэлгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг өөрчлөх асуудал яригдах нь зүйтэй. Энэхүү асуудлыг шүүхийн болон прокурорын шатанд хийх боловч мөрдөн байцаалтад буцааж тогтоох шаардлагатай. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлтэд намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж дүгнэсэн. Гэвч хэрэг гарах үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин үдээс хойш хамт ажиллаж байсан хүнтэйгээ уулзахаар гэрээсээ гарч яваад пиво уусан. Мөн би хүний ёсноос гажсан зүйл хийж төрсөн эцгээ үхэлд хүртэл нь цохих ёсгүй бөгөөд үхэлд хүргээгүй гэдэгтээ итгэлтэй байна. Зөвхөн надад агсам тавиад байхаар нь өөрөөсөө холдуулж, аль болох хэрүүл маргаан үүсгэхгүйн тулд гарч явсан болохоос ямар нэг хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаагүй. Би хуулийн дагуу хариуцлага хүлээсэн, хүлээгээгүй аль нь боловч сэтгэл зүйн хувьд маш хүнд байгаа. Бүтэн 1 жилийн хугацаанд энэ хэргийн ард гарах гэж явсан. Цагдаа, прокурор, шүүх гээд бүх шатанд хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, дуудсан цагт нь очиж байсан. Гэвч эцэст нь өөрийгөө ийм байдалд орно гэж төсөөлөөгүй. Би эх, дүү, хүүгээсээ маш их ичиж, ах, дүү нараасаа санаа зовж байна. Худал үгийг мянга сонсоход үнэн болдог гэгчээр “Т аавыгаа алсан, үхэлд хүргэсэн” гэж олон хүн ярихад би ял авсан, аваагүй ч миний ойр дотны бүх хүн, нийгэм тэгж дүгнэх хандлагатай болсон. Иймд миний хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч С.Тунбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хаалттай хорих ялаар шийтгэгдсэн. Хэргийг шийдвэрлэх явцад анхан шатны шүүх хэргийг үнэн бодитоор шийдвэрлэхэд чухал нөлөө бүхий нотлох баримтуудыг хавтас хэрэгт байхгүй байхад шууд тулган ял оноосон нь учир дутагдалтай байна. Учир нь, амь хохирогчийн тухайн өдөр явсан маршрутыг тогтоож, хамгийн сүүлд гэрээсээ гарахдаа өөрийн гар утастайгаа цэцэрлэг рүү явсан, мөн цэцэрлэгт ирэхдээ тал шил архитай ирсэн асуудлыг ердөө ч шалгаж тогтоогоогүй байхад хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэсэн. Хохирогчийн эзэмшиж байсан гар утас одоо болтол хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Тухайн гар утсыг хаана байгааг тогтоох боломжгүй ч хохирогчийн гар утасны дугааруудын хаашаа залгасан болон орсон дуудлагын жагсаалтыг авах эрх нь цагдаа болон прокурорын байгууллагад байдаг. Энэхүү залгасан дугааруудаас тухайн өдөр хэнтэй ярьсан асуудлыг олж тогтоосноор хаагуур явсан маршрут, хэнтэй эцсийн удаа уулзсан мэдээлэл гарч ирэх боломжтой бөгөөд энэ нь хэрэгт маш чухал мэдээлэл өгөх боломж юм. Хохирогч цэцэрлэгт ирээд архи уусныхаа дараа 2 давхрын өрөөнд унасан асуудлыг мөрдөн байцаагч “хүү нь эцгээ цохисон асуудал байгаа тул” гээд шалгаж тодруулалгүйгээр орхисон. Түүнийг шүүх огт анхааралдаа авсангүй. Гэтэл гэрч Баттулга шүүхийн хэлэлцүүлгээр амь хохирогчийг доошоо хараад унасан байсныг гэрчилсэн. Гэтэл шинжээч эмч “унаснаас болж ямар ч гэмтэл авахгүй” гэж хариулсан нь шинжээч эмчид итгэх итгэлийг огт үгүй хийсэн. Шинжээч эмч анхнаасаа мөрдөгчийн хөтөлсөн асуулт болох “баруун гараар цохисон цохилтоос ийм гэмтэл авах уу” гэхэд “авна” гэж хариулсан хариултаа баталж мэдүүлгүүд өгч байгаагаас гадна хохирогчийн бусад гэмтлийг санаатай эсхүл хариуцлагагүй гэх байдлаар шинжээчийн дүгнэлтдээ оруулаагүй. Тухайлбал, амь хохирогчийн өвдөг халцарсан байсан нь түүнийг унасан гэдгийг нотлох баримт гэж үзэж байсан тул удаа дараа дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Хүний амь эрсдсэн байхад ямар учраас дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилохоос татгалзсаныг ойлгохгүй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал огт нотлогдоогүй. Зөвхөн яллагдагчийн мэдүүлгийг барьж хавтас хэргийг бүрдүүлсэн байгаа нь тодорхой харагддаг. Яллагдагчийн “цохисон” гэх мэдүүлгийг анх сэжигтнээр байцаахдаа мөрдөгч Ч.Анар нь өмгөөлөгчгүй авсан байдаг. 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчсөн. Мөн сэжигтний мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлтэй байх тул мөрдөх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин шинээр явуулах шаардлагатай. Хэргийг прокурорт буцааж дээрх ажиллагаануудыг явуулахыг даалгаж өгнө үү. Түүнчлэн, яллагдагч Э.Т гэртээ эрүүл байхдаа хохирогчтой асуудал үүсгэсэн, гадагш гарч бааранд пиво уухаас өмнө болсон гэдгээ мэдүүлсээр байхад анхан шатны шүүх хүндрүүлэх нөхцөлөөр “согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн” гэж үзсэн. Мөн анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдууулахдаа анхнаасаа хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн, хохирол төлбөргүй байгаа байдлыг нь огт харгалзаж үзээгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч С.Санжаажамцаас давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талийгаачийн эхнэр ГССҮТ-д очиж тухайн өдөр нас барсан хүмүүсийг шүүлгэхэд “Жадамбын Энхбаяр”, “Жамбалын Энхбаяр” гэх хоёр хүн нас барсан байдаг. Амь хохирогчийн өвчний түүхээс үзэхэд “Жадамбын Энхбаяр” гэх хүний материал хавтас хэрэгт авагдсан байсан. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийх үед “Жадамбын Энхбаяр”, “Жамбалын Энхбаяр” гэх хоёр хүний материалыг хольж сольсон байх магадлалтай. Учир нь, шүүх эмнэлгийн дүгнэлтэд “зүүн талын зовхинд язралт үүссэн байна” гэсэн хэрнээ шийтгэх тогтоолд “баруун талын зовхинд язралт үүссэн“ гэж зөрүүтэй дүгнэсэн. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж ялгааг нь гаргахгүй бол хийсвэрээр хүнийг яллах байдалд хүргэж байна. Шүүгдэгч Э.Тын хувьд эцгийгээ цохисон байдаг ч уг үйлдэл нь амь хохирогчийг үхэлд хүргэх үндсэн шалтгааан болсон эсэхийг тогтоох ёстой. Гар утасны асуудлыг анхан шатны шүүхэд хэлж байсан боловч “уг асуудлаа урьдчилсан хэлэлцүүлгийн үед ярихгүй яасан юм” гээд хүлээж аваагүй. Гар утасны асуудлыг мөрдөгч, прокурор анхнаасаа хэргийг шалгаж байх үедээ тогтоох ёстой байсан. Хохирогч, өмгөөлөгч нар энэ талаар сүүлд мэдсэн байдаг. Иймд гар утасны асуудлыг мөн шалгах шаардлагатай. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч Ц.Ганчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гар утасны түүхийн эргэлзээтэй байдлын тухайд, хавтас хэргийн 38 дахь талд авагдсан ГССҮТ-ийн тухайн өдрийн жижүүр эмч байсан Бямба-Эрдэнэтэй уулзаж ярилцсан мөрдөгчийн тэмдэглэлд “өвчтөний тархины зүүн хэсгийн дагзанд цус харвасан, гавлын суурь яс хугарсан байдалтай ирсэн” гэдэг. Гэтэл Бямба-Эрдэнэ эмчийг гэрчээр асууж нөхцөл байдлын талаар тодруулаагүй. ГССҮТ амь хохирогчийг хүлээж авч анхны тусламж үзүүлсэн эмчийн тавьсан онош Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлттэй зөрүүтэй байхад үүнд ач холбогдол өгч шалгаагүй. Нөгөө талаас шинжээчийн “зүүн хөмсөг нь задарсан, зүүн хөмсгөндөө шархтай байсан”, “баруун хөмсөг нь задарсан, баруун хөмсгөндөө шархтай байсан” зэрэг зөрүүтэй дүгнэлт, мэдүүлэг явагдаад байхаар уг дүгнэлтийг дагаж талийгаачийн ажилладаг цэцэрлэгийн манаач гэрч Баттулгын мэдүүлэг өөрчлөгддөг. Гэрч Баттулгын “зүүн талын нүүр орчим тэр чигээрээ цус болсон, зүүн нүдний доод хэсэг нь хагарчихсан байсан“ /хх 78-79/, “баруун шанаа нь нил цус болчихсон байсан, бандан сандал дээрээс унасан” /хх 81-82/ гэсэн зөрүүтэй мэдүүлгүүдийг өгдөг. Иймд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан гэж үзэх үндэслэлтэй. Баттулгын асуудлыг шалгах шаардлагатай. Камерын бичлэгээс үзэхэд Баттулга үүрийн 4 цаг 35 минутад гарч хог асгасан байдаг бөгөөд үүнийг шалгаагүй. Цэцэрлэгт ямар асуудал болсныг бид хараагүй учир мэдэхгүй, уг асуудлыг шалгаж тогтоосон бол амь хохирогчийн ар гэрт гомдол үлдэх нь арай бага байх байсан. Баттулга нь өглөө ажил цуглахаас өмнө “ар гэрт ажил гарсан” гээд яваад өгсөн байдаг. Ингээд явахдаа цэцэрлэгийн эрхлэгч Оюунцэцэгт танилцуулж чөлөө авсан зүйл байхгүй гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч хэлсэн байдаг /хх 88-89/. Ямар учир шалтгааны улмаас гэр рүүгээ явсан, ар гэрээс нь хэн, ямар дугаараас ярьсан болохыг шалгаж тогтоох боломжтой байсан ч шалгаагүй. Энэ хэрэгт Баттулгыг холбогдуулан шалгалгүй, түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон зүйлгүй. ...” гэв.

 

Прокурор Х.Эрдэнэтуяа нь тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэг нь хавтас хэргийн хүрээнд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотлогдон тогтоогдсон. Учир нь, хэрэг гарах үед хохирогч, шүүгдэгч хоёр байсан. Э.Т нь сэжигтнээр өгсөн анхны мэдүүлэгтэй “аавынхаа нүүрэн тус газар гараараа цохисон” гэдгээ хүлээдэг. Цохиж унагаачихаад гарч яваад 2 цагийн дараа буцаж орж ирсэн байдаг. Сэжигтний мэдүүлгээр уг хэрэг 16 цагийн үед үйлдэгдсэн байдаг. Мөн амь хохирогчийн хажуу талын хөрш гэрчүүдийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа давхар нотлогддог. Гэрч Отгонтуяагийн “19 цагийн үед коридорт хохирогч цустайгаа холилдсон, баруун хөмсгөнд нь тав тогтчихсон байсан” гэх, мөн түүний эхийн “хохирогч коридорт цустайгаа холилдсон, баруун хөмсгөнд нь тав тогтчихсон байсан” гэх мэдүүлгүүдээр нотлогддог. Хохирогч 1 дүгээр бүлгийн цустай бөгөөд хэргийн газрын үзлэгээр хохирогчийн цусны ул мөр тогтоогдсон тул гэмт хэрэг амь хохирогчийн гэрт үйлдэгдсэн болох нь бүрэн нотлогддог. Өмгөөлөгч нар хохирогч цэцэрлэгийн сандлаас унасан, гэмт хэрэг цэцэрлэг дээр үйлдэгдсэн байх боломжтой гэж байгаа боловч цэцэрлэгийн хүүхдийн сууж хувцасаа сольдог, 30-40 см өндөртэй бандан сандлаас унахад үүсэх боломжгүй. Гадны хүчний үйлчлэлээр үүснэ гэх шинжээчийн дүгнэлт байдаг. Түүнчлэн, Э.Т бааранд ороод пиво ууж байгаад 2 цаг болоод гэртээ ирэхэд аав нь унтаагүй байсан тул дахин элэг рүү цохисон гэх нөхцөл байдал тогтоогддог. Мөн гэрч Баттулгын мэдүүлгээр “22 цагийн үед амь хохирогч цэцэрлэг дээр ирсэн бөгөөд баруун талын шанаа нь цус болчихсон байсан” гэдэг. Гэрч Энхтайваны “хаалга онгойлгоход шалан дээр цус гоожчихсон хэвтэж байсан” гэх мэдүүлэг, мөн шүүгдэгч Э.Тын биед үзлэг хийсэн тэмдэглэлээр “баруун гарын үе нь хавдсан байсан” гэсэн байдаг. Иймд Э.Тыг амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эцгийгээ цохиогүй гэж байгаа боловч бааранд орж пиво ууж буцаж ирэхдээ зодсон байдаг тул гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Таас сэжигтнээр мэдүүлэг авахдаа өмгөөлөгчөөр хангаагүй гэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заавал өмгөөлөгч оролцуулахаар заасан заалтад хамаарахгүй. Сэжигтнээр мэдүүлэг авахдаа “та өмгөөлөгч авах уу “ гэхэд “үгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө” гээд гарын үсэг зурсан байдаг. Иймд сэжигтний мэдүүлэг давхар бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Амь хохирогч нь хоёр ахтай байсан бөгөөд нэг нь шүүхийн шатанд нас барсан, нөгөө ах нь болох Энхжаргал гэрчээр асуугдахдаа “хохирогчоор оролцохгүй” гэсэн. Эхнэрээс нь асуухад тусдаа амьдралтай тул мөн “оролцохгүй” гэсэн тул ганц хууль ёсны төлөөлөгч нь Э.Ж болж байгаа юм. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг солих эсэх талаар хэлэлцэх үед Э.Ж нь “би өөрөө томилогдъё, гэхдээ би хууль ёсны эрх ашгаа хамгаалуулж өмгөөлөгчтэй оролцоно” гэсэн хүсэлтийг гаргаж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан. Тус хэрэг 2019 оны 1 дүгээр сард гарч прокуророос хэргийг мөн оны 6 дугаар сард шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэтэл шүүх хуралдааныг маш олон удаа хойшлуулсаар ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд оролцогч нараас санал, хүсэлт гаргаж байгаагүй хэрнээ хэргийг удаашруулах, мөрдөн байцаалтад буцаалгах гэсэн байр сууринаас ханддаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Э.Т нь 2019 оны 1 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 60/2 дугаар байрны 00 тоотод байх гэртээ өөрийн төрсөн эцэг Ж.Э“өгсөн мөнгөөр архи уулаа” гэж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж тархины битүү гэмтэл үүсгэн амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

 

Э.Тын сэжигтнээр өгсөн  “...Би аавтай маргалдаад зууралдаад мөнгө төгрөг нэхээд байхаар нь биеэсээ холдуулж нэг удаа түлхэж, нэг удаа цохьчихоод гараад явсан. 2 цагийн дараа буцаад ирэхэд аав унтаагүй, согтуу хэвээрээ, нүүрний хэсэг нь цус болчихсон, над руу хараагаад нулимахад цустай шүлс, хувцсанд тусч бохирлосон. ...” /1хх 130-131/,

 

гэрч Э.Отгонтуяагийн “...2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн орчим Энхбаяр ах газар уначихсан нүд нь нээлттэй хэвтэж байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь нүдээд хүүхдэд нь аавыгаа гэртээ оруул гэж хэлээд гараад явсан, буцаад гараад ирэхэд Энхбаяр ах коридорт байгаагүй. Намайг коридорт Энхбаяр ахтай таарахад баруун талын хөмсөг нь тав болж харласан цустай байсан. Өөрөөр ил харагдах шарх харагдахгүй, хувцас нь шороо болсон байсан. ...” /хх 58-59/,

гэрч М.Энхтуулын “...2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 28 цаг 15 минутын орчим ажил дээр иртэл Энхбаяр ах урьд шөнө согтуу ирээд цаад өрөөнд унтаж байна. Царай зүс нь хачин юм, уначихсан юм шиг байна гэсэн. Тэгэхээр нь би шууд жижүүрийн арын өрөөнд ортол Энхбаяр нь газар хэвтэж байсан. Би эмч хүн болохоор хамгийн түрүүнд биеийг нь сайтар үзтэл бие нь шоконд орсон байдалтай, өмдөндөө шээсэн, нүүр хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсан. ...” /хх 66/,

 

гэрч А.Ганболдын “...Би ээлжийн ажлаа авах гээд ирхэд Ж.Энхбаяр жижүүрийн байран дотор ухаангүй байдалтай хэвтэж байсан. Манай цэцэрлэгийн эмч үзээд түргэн тусламж дуудсан. ГССҮТ-рүү авч явахаар болсон. Цэцэрлэг дээр надаас өөр эрэгтэй хүн байгаагүй учраас би түргэний машин дотор хажууд нь түшиж харгалзан явсан. Энэ хугацаанд Ж.Энхбаяр нь ямар ч зүйл яриагүй. ...” /хх 67-71/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жгийн “...2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Гэмтлийн эмнэлэг дээр яваад очиход намайг уулзуулалгүй машинд суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Мэдүүлэг өгөөд гэмтлийн эмнэлэг дээр буцаад очиход аавын биеийн байдал тааруу ухаангүй, толгойндоо мэс засал хийлгэсэн байдалтай байсан. Сахиж хоноод маргааш нь буюу 2019 оны 1 дүгээр сарын 08-ны орой 22 цагийн үед нас барсан. ...” /хх 55-56/,

 

гэрч Б.Баттулгын "...Ж.Энхбаяр нь 22 цаг 30 минутын үед манай цэцэрлэг дээр согтуу орж ирсэн. Тэр үед малгайгаа духлуулаад өмсчихсөн, баруун шанаа нь нил цус болчихсон байсан. Тэгээд наад нүүр ам чинь яасан юм бэ, хэнтэй зодолдсон юм бэ, аль эсвэл уначихсан юм уу гэхэд унаагүй, хүнд зодуулчихсан гэсэн. Ямар хүнд зодуулсан юм бэ гэхэд чамд хамаагүй гээд байсан. Шөнө пид пад гэх чимээ гарахаар нь очоод харахад явган вандан сандал дээрээс шалан дээр уначихсан сонин дуугараад байхаар нь би бөөлжсөндөө хахаж байгаа юм болов уу гээд нуруунд нь массаж хийхэд урт амьсгаа аваад тайвширсан. Тэгэхээр нь өглөө боллоо наанаасаа доошоо буу, хүүхдүүд ирнэ гэхэд за за гээд хөлөөрөө газар жийгээд суугаад байсан. Би өргөөд босгох гэхэд босохгүй байсан. Тэгэхээр нь цээжнээс нь өргөж доош нь шатаар буулгаж байхад шатны доод хэсэгт очоод суугаагаараа унтчихсан. Хэсэг унтаж байгаад сэргэх байлгүй гэж бодоод унтуулсан. Энхбаяр нь намайг ажилд орсноос хойш миний ээлжин дээр байнга шахам ирж хонож, хоол унд идэж амраад өглөө босоод явдаг байсан. Том залууг нь хоёр удаа харахад аавыгаа манай цэцэрлэг дээр согтуу авчирч хаяад явж байсан. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 29-ний орой бүрэнхий болж байхад аавыгаа манай цэцэрлэгийн гадна хаяад явсан. Яагаад наад хүнээ орхиж байгаа юм бэ гэхэд эрүүлжүүлэх гэж байгаа юм гэж хэлсэн. Тэр үед би манайх эрүүлжүүлэх газар биш аавыгаа гэрт нь аваачиж амраа гэхэд над руу юм яриагүй. Аавтайгаа хэрэлдэж байгаад аавыгаа боож сэгсрээд чамайг эцгээ гэж бодохгүй, чам шиг юмаар яадгийм, дахиж битгий үзэгдээрэй, дахиж үзэгдвэл ална шүү гэж хэлж орхичихоод явж байсан. Энэ байдлаас харахад гэр бүлтэйгээ таарамж муутай болов уу гэж ажигласан. Энхбаяр хэнд зодуулсанаа хэлээгүй. Сүүлийн үед том хүүтэйгээ маргаантай байдаг юм шиг байсан. Тэр орой хувцас нь шороо тоос болоогүй байсан. Би унаад юм мөргөчихсөн юм болов уу гэж бодоод хувцасыг нь сайн ажигласан. ...” /хх 81-82/,

 

гэрч Т.Оюунбаяр “...2019 оны 1 дүгээр сарын 7-ны өглөө 7 цаг 30 минутын үед ажилдаа очиход манаачийн өрөөнд Ж Энхбаяр ах хэвтэж байсан. Очоод Энхбаяр ахаа гээд дуудахад унтаж байгаа байдалтай сэрэхгүй байсан. Нүүр хэсгийг нь харахад цус болоод хатчихсан байхаар нь айгаад цэцэрлэгийн эмч Энхтуулыг дуудахад үзээд түргэн тусламж дуудсан. Намайг өглөө ирэхэд цэцэрлэгийн эд зүйл бүрэн бүтэн, цус  болсон зүйл байхгүй, хэрүүл зодоон болсон шинж байдал ажиглагдаагүй. ...” /хх 86-87/,

 

гэрч Л.Энхтайван "...2019 оны 1 дүгээр сарын 6-ны орой харанхуй байсан, яг хэдэн цаг гэдгийг санахгүй байна. Энхбаяр коридорт согтуу хэвтэж байхаар нь манай охин Отгонтуяа хаалга онойлгоод харахад шалан дээр цус гоожсон хэвтэж байсан. Тэгээд Тт аавыгаа оруулаач гэхэд гэртээ оруулсан. Дараа нь коридорт суучихсан байхаар нь Энхбаяраа чи яагаад согтуу орилоод агсам тавиад байгаа юм бэ, цагдаа дуудсан байгаа, чи наанаа байж бай гэхэд дуугүй сууж байгаад гараад явчихсан. Дахиж харагдаагүй. Энхбаярын хөмсөгний дээд талд цус болоод хатсан харагдаж байсан. ...”/хх 205/,

 

шинжээч эмч М.Золжаргал “...Талийгаач Ж.Энхбаярын тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн цохих, цохигдох, мөргөгдөх, өшиглөгдөх үед үүсэх боломжтой. Талийгаачийн баруун хөмсөгний шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл нь нэг удаа гараар цохих юм уу, хүч үйлчлэхэд үүсэх боломжтой. Баруун хөмсөгт хүч үйлчилсэний улмаас тархины битүү гэмтэл үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний хөмсөгт шарх гэмтлээс өөр биед шинээр үүссэн гэмтэл шарх тогтоогдоогүй. Талийгаачийн биед учирсан тархины битүү гэмтэл, баруун нүдний хөмсөгний шарх баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд нь нэг цаг хугацаанд нэг удаагийн хүч үйлчилсэнээс үүсэх боломжтой. Тархины гэмтэл аваад тархины хатуу хальсан доорх цусан хураа нь тархийг дарах хүртэл хугацаанд ямар нэгэн идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломжтой. Яг хэдий хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийснийг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн биед зохих эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн боловч тархины үйл ажиллагаа сэргэшгүй өөрчлөлтөд орсон тул амь нас аврагдах боломжгүй байсан. ...” /хх 95-97/ гэх мэдүүлгүүд,

 

цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 258 дугаартай “...Талийгаач Ж.Энхбаярын цогцост тархины зүүн тал бөмбөлгийн дагзны хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи дарагдал, баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач 1 дүгээр бүлгийн цустай байсан байна. ...”/хх 92-94/,

 

Шүүх сэтгэц, гэм судлалын 530 дугаартай “...Э.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Т юмыг зөвөөр тусган ойлгож, үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Т нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байсан байна. Э.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” /хх127-128/ гэх дүгнэлтүүд,

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 9-16/, амь хохирогч Ж.Энхбаярын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 19-22/, хэргийн газарт буюу 49 дүгээр цэцэрлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 23-27/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 36- 37/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой,  гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.Тыг хүнийг санаатай алсан  гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.  

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

 

Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урд өмнө нь заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.  

 

Шүүгдэгч Э.Т нь амь хохирогч Ж.Энхбаярын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж тархины битүү гэмтэл үүсгэж, амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч С.Тунбаяр, Ц.Ганчимэг, С.Санжаажамц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж нар нь “хэргийг Э.Т үйлдсэн нь бүрэн нотлогдоогүй, шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шалгуулах”  үндэслэлээр давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 

Э.Тын сэжигтнээр өгсөн “...Би аавтай маргалдаад зууралдаад биеэсээ холдуулж нэг удаа түлхэж, нэг удаа цохьчихоод гараад явсан. 2 цагийн дараа буцаад ирэхэд аав унтаагүй, согтуу хэвээрээ, нүүрний хэсэг нь цус болчихсон. ...” /хх 130-131/,

гэрч Э.Отгонтуяагийн “...2019 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 19 цагийн орчим Энхбаяр ах газар уначихсан нүд нь нээлттэй хэвтэж байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь нүдээд хүүхдэд нь аавыгаа гэртээ оруул гэж хэлээд гараад явсан, буцаад гараад ирхэд Энхбаяр ах коридорт байгаагүй. Намайг коридорт Энхбаяр ахтай таарахад баруун талын хөмсөг нь тав болж харласан цустай байсан. Өөрөөр ил харагдах шарх харагдахгүй, хувцас нь шороо болсон байсан. ...” /хх 58-59/,

шинжээч эмч М.Золжаргал “...Талийгаач Ж.Энхбаярын тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн цохих, цохигдох, мөргөгдөх, өшиглөгдөх үед үүсэх боломжтой. Талийгаачийн баруун хөмсөгний шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл нь нэг удаа гараар цохих юм уу, хүч үйлчлэхэд үүсэх боломжтой. ...” /хх 95-97/ гэх мэдүүлгүүд,

мөн Э.Тын гар нь хавдсан байдалтай гарсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 31/ зэрэг нотлох баримтаас үзэхэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг амь хохирогч гэртээ байхдаа шүүгдэгч Э.Тын цохилтоос авсан, улмаар баруун хөмсгөнд цус хатсанаас болж тав тогтсон байдалтай коридорт байсан нь гэрч Э.Отгонтуяагийн мэдүүлгээр тогтоогджээ.

 

Амь хохирогчийн гэртээ байхдаа авсан гэмтлээс өөр гэмтэл түүнд учирсан байдал тогтоогдоогүй болно. 

 

Хэрэг гарсан цаг хугацаа, амь хохирогчийн гэрээсээ явахгүй гэрийн гадаа орилж хашгирч суусан, улмаар шүүгдэгч Т “цагдаа дуудаад өгөөч” гэж хөрш рүүгээ орсон болон түүнийг гэртээ оруулахгүй “ажил дээрээ очиж амар” гэж хэлээд явуулсан, амь хохирогч дээрх хугацааны дараа 22 цаг 40 минутын орчим ажил дээрээ орж ирсэн зэргээс үзэхэд энэ хооронд Ж.Энхбаяр өөр тийшээ явсан, замдаа бусдад зодуулсан гэж үзэх үндэслэл байхгүй байна.

 

Мөн ажил дээрээ ирж хоносон амь хохирогчийг  тухайн үед байсан гэрч Б.Баттулга болон өөр бусад этгээд  зодож гэмтэл учруулсан гэж үзэх нотлох баримт хавтас хэрэгт байхгүй,  нэгдүгээр хавтаст хэргийн  37 дугаар хуудсанд буй камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр амь хохирогчийн цэцэрлэгт орж ирсэн хугацаа, дээд давхар луу гарсан, Б.Баттулгын Ж.Энхбаярыг доош нь чирж буулгасан үйл баримт тогтоогддог, гэрчийн  мэдүүлэгтэй ноцтой зөрүү байхгүй байна.

 

Иймээс амь хохирогч Ж.Энхбаярын 2019 оны 1 дүгээр сарын 6-ны орой гэрээсээ гараад цэцэрлэг хүртэл хэрхэн явсан маршрутыг шалгах шаардлагагүй, хэргийн үйл баримтаар нотлогдсон.

 

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 258 тоот дүгнэлт нь Жамбалын Энхбаяр гэх хүний дүгнэлт байх бөгөөд түүний гавлын ясыг нээхээс өмнө нүүрний гэрэл зургийг бэхжүүлэн авсан, Жамбалын Энхбаярт биш Жадамбын Энхбаяр гэх өөр хүний биед задлан шинжилгээ хийсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг заавал оролцуулах” үндэслэлд хамаарахгүй бөгөөд шүүгдэгч Э.Т нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхийг хүссэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлт гаргаснаар өмгөөлөгч оролцуулан байцаасан бөгөөд  мөрдөн шалгах ажиллагаанд энэ талаар хуулийн заалт зөрчигдөөгүй.

 

Харин шүүгдэгч Э.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн таарамжгүй харилцаа хэрэг гарахад нөлөөлсөн байдлыг харгалзан  анхан шатны шүүхээс оногдуулсан 10 жилийн хорих ялыг 8 жил хорих ял болгон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд, шүүгдэгч Э.Тын үйлдсэн гэмт хэрэг нь дээр дурдсан байдлаар нотлогдон тогтоогдсон, тухайн хэргийг өөр этгээд үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий зүйл байхгүй, шинжээчийн дүгнэлт нь үнэн зөв, хэргийн талаар дахин тодруулбал зохих мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч С.Тунбаяр, Ц.Ганчимэг, С.Санжаажамц нарын “хэргийг дахин шалгуулах” талаар гаргасан агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолд ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар зохих өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

-2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй" гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

-3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Тт оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч С.Тунбаяр, Ц.Ганчимэг, С.Санжаажамц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                           

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ