Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0811

 

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0811

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхсоёл, прокурор Ц,Ш, улсын байцаагч Б.Өл нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ш дүгнэлттэй, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Өл холбогдох  захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэйгээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ш шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Өл нь 322 дугаартай зөрчилд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар М.А 30 нэгжтэй тэнцэх буюу 30.000 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт гаргаж байна.

Ундрал зоог нэрийн хоолны газрыг М.А нь түрээслэн ажиллуулж байхдаа хог хаягдлыг цуглуулж устгах үүргээ биелүүлээгүй, нийтийн эзэмшлийн орон сууцны хогийн цэгт хаядаг болох нь материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна. Тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө нь гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан Эрх бүхий албан тушаалтан шийтгэх оногдуулах шийдвэртээ ... хуулийн зүйл, хэсэг, заалт талаар тусгана гэж заасныг зөрчиж шийтгэлийн хуудасны зөрчлийн зүйл ангийг бичих хэсэгт Зөрчлийн тухай хуульд байхгүй зүйл анги буюу Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.7 заалт гэж буруу бичиж, хуульд нийцээгүй шийтгэлийн хуудсанд зөрчилд холбогдогчоор гарын үсэг зуруулан шийтгэл оногдуулсан байна. Иймд тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Өл 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 0157100 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зохих шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахыг даалгах гэв.

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу тус дүүргийн 8 дугаар хороонд хоол үйлдвэрлэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн М.А У зоог нэрийн хоолны газарт хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтын явцад иргэн М.А нь хог хаягдлаа эрх бүхий байгууллагад шилжүүлж ачуулаагүй зөрчил илэрсэн. Тухайн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар 30 нэгжийн шийтгэл ногдуулж зөрчил арилгуулах албан даалгавар өгч ажилласан.

Шийтгэлийн хуудаст хог хаягдлыг устгаагүй гэх тайлбарыг бичсэн байх бөгөөд хуулийг зүйл заалтыг илтэд сольж бичих боломжгүй Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйл гэсэн хэсгийг алгасаж бичиж санамсаргүй бичвэрийн алдаа гаргасан байх тул залруулах боломжтой гэж үзэж байна.

Шийтгэлийн хуудсын зүйл ангийг буруу бичсэнээ буюу дүгнэлт гаргасан Прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ..., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ, 112.4.3-т: хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.10, 6.17 ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д: мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.12, 6.13, 6.14, 6.15, 6.16, 6.17 дугаар зүйл, ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.18, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулсан байна.

Энэ утгаараа хариуцагч эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй ба ийнхүү эрх бүхий албан тушаалтан хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, У зоог цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, хог хаягдлыг цуглуулж устгах үүргээ биелүүлээгүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт зааснаар 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэл оногдуулжээ.

Дүгнэлт гаргагч прокурорын хяналтын улсын ахлах байцаагчийн 0157100 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, холбогдогч У зоог хоолны газрын гаргасан зөрчилд шийтгэлийн хуудсаар зохих шийтгэл оногдуулах шаардлагатай гэх дүгнэлтийг хариуцагч Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Ө зүгээс шүүх хуралдааны явцад бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.

Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг хэрэглэн уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зөрчил үйлдэгч болон өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна, түүнчлэн хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Ө үйлдсэн 0157100 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, шийтгэлийн хуудсаар зохих шийтгэл оногдуулахыг даалгах тухай дүгнэлтийг хариуцагч Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Ө бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ш дүгнэлттэй, Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Б.Ө холбогдох 128/2020/0837/з индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН