Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0888

 

   “Ц б г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нарыг оролцуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ц б г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.к, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг тус тус  заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц б г” ХХК-ийн “Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг илт хууль бусд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Тус компани нь Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэст ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NE-026221 дугаарт, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NE-026711 дугаарт тус тус бүртгэгдсэн болно. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1988 тоот албан бичгээр манай өргөдөлд дурьдсан талбайг Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал манай өргөдөл гаргаснаас хойш буюу 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан тул өргөдлийг шийдвэрлэх боломжгүй байгаа талаар мэдэгдсэн билээ. Бид Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дээрх тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолтой нийцэхгүй зөрчилдөж байгаа тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүссэн боловч Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 40 тоотоор боломжгүй гэсэн хариу ирүүлсэн болно. Бид арга буюу зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хариуцагч талд ашигтай байдлаар үнэлж шийдвэрээ гаргасан. Төв аймгийн Засаг дарга 2015 оны 10, 11 дүгээр саруудад “дэмжихгүй” санал хүргүүлсэнээс хойш 4 дүгээр тогтоол гарсан гэж тайлбарласан. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг буюу Засаг дарга нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно гэснийг зөрчиж “дэмжихгүй” санал ирүүлснийг шүүх хууль ёсны гэж үзэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэв аймаг нийслэлийн Засаг дарга нарын “дэмжихгүй” саналаар хайгуулын өргөдөл хүссэн талбайн асуудал эцэслэн шийдвэрлэгддэг бол Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт, тухайн асуудлыг нь хариуцсан төрийн захиргааны байгууллагын хэрэг байхгүй билээ. Тухайн талбайд өргөдөл гаргах үед тусгай хэрэгцээнд аваагүй байсан болно. Монгол Улс нэгдмэл улс бөгөөд орон нутгийн удирдлагууд нь Засгийн газрынхаа тогтоол, шийдвэрийн эсрэг шийдвэр, үйл ажиллагаа явуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 63.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгтэй зөрчилдөж байгааг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй болно. Мөн шүүх шийдвэртээ аймгийн Засаг дарга “хайгуулын зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн бол Ашигт малтмалын газрын тосны газар өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна” хэмээн хэргийн оролцогч биш байгууллагыг хамаатуулан дүгнэлт гаргасан нь хэргийн хүрээнээс хальсан төдийгүй Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг буруу хэрэглэсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Ц б г” ХХК нь Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг тогтоож олон нийтэд зарласан атал Засгийн газрын шийдвэрийг зөрчиж уг талбайг тусгай хэрэгцээнд авсан нь илт хууль бус” гэж маргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Маргаан бүхий Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 16 дугаар зүйлийн 16.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 28 дугаар зүйлийн 3, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн К, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтыг тус тус үндэслэн Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт 10000 га газрыг сумын тусгай хэрэгцээнд авч, цэг солбицлыг баталгаажуулжээ. 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.2 дахь хэсгийн к-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.4-д “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэж, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно”, 20 дугаар зүйлийн 20.1.3-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” гэж тус тус зааснаар Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлж нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нь хуульд нийцсэн байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 289 дүгээр  тогтоолыг хариуцагчид хуулиар олгосон эрхийг хязгаарласан шийдвэр гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.11-д “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон энэ хуулийн 24.1-т зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т ”Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэж эрх олгосон, 14 дүгээр зүйлийн 14.1-д ”Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 14.1.1.”тусгай хэрэгцээнд авсан газар байрших аймаг, сумын нэр”, “14.1.2.”тусгай хэрэгцээнд авсан газрын бүх булангийн цэгийн солбицлууд”,“14.1.3.”тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго” 14.1.4.”тухайн газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа” гэж тусгай хэрэгцээнд авсны дараа хийгдвэл зохих үйл ажиллагаа, хугацаа, төрийн захиргааны байгууллагын үүрэг зэргийг зохицуулж өгснөөс үзвэл нутгийн өөрөө удирдах байгууллага ашигт малтмалын эрх зүйн харилцаанд оролцох нэг хэлбэр нь нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг хуульд заасан үндэслэлээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэр гаргах үйл ажиллагаа гэж ойлгохоор байна.

 Энэ тохиолдолд маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

Харин шүүх нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэртэй болон Засаг даргын саналтай маргаагүй байхад эдгээр захиргааны байгууллага албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоотой дүгнэлт хийх шаардлагагүй байсан бөгөөд хариуцагч байгууллага газрыг тусгай хэрэгцээнд авсан үндэслэл болон процесс ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар нэхэмжлэгч маргаагүй тул энэ талаар шүүх дүгнэлт өгөөгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.БАТБААТАР   

                                       ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ   

                                       ШҮҮГЧ                                                О.НОМУУЛИН