Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 109/2017/0036/З |
Дугаар | 393 |
Огноо | 2018-10-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 393
Г.Б-ын нэхэмжлэлтэй, Архангай
аймгийн Засаг даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны /хагас жил/ үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Г.Б-ыг ажлаас халах тухай Б/94 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд Архангай аймгийн Засаг даргаас Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгуулах тухай.
Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 109/ШШ2018/0014 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0378 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Г.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э нар.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд хангаж, Г.Б-ын 2017 оны /хагас жил/ үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Г.Б-ыг ажлаас халах тухай Б/94 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан /Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал/ ажилд эгүүлэн тогтоож, Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд Архангай аймгийн Засаг даргаас аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас/ 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-ад олгохоор шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-гийн давж заалдах гомдлоор хэргийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 109/ШШ2018/0014 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “...хангаж,” гэсний дараах “...Г.Б-ын 2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох,” гэснийг, мөн “тогтоож” гэсний дараах “... Архангай аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд Архангай аймгийн Засаг даргаас аймгийн боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгосугай...” гэснийг тус тус хасаж, “...тогтоож” гэснийг “тогтоосугай.” гэж өөрчлөн, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “ ...Г.Б-ын 2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд Архангай аймгийн Засаг даргаас аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 3 дахь заалтыг нэмж өөрчлөн, шийдвэрийн үлдэх хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 109/ШШ2018/0014 дүгээр шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0378 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дор дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан байна.
4. Үүнд Нэхэмжлэгч Г.Б- нь тус аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажилласан.
5. Иргэн Г.Б- нь Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/98 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар түр томилогдон ажиллаж байгаад, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар жинхлэн томилогдсон. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Г.Б- нь аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байдаг.
6. Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-ыг Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/94 дүгээр захирамжаар үүрэгт ажлаас нь халах шийтгэл ногдуулсан захиргааны актын тухайд.
7. Төсвийн ерөнхийлөн захирагчаас 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-ын цалинг 3 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь шүүхийн шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзсэн.
8. Үүний дараа Г.Б- нь 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтээ үнэлүүлсэн. Хэдийгээр Г.Б-тай аймгийн Засаг дарга 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан хэдий ч нь үүрэгт ажлаа Г.Б- нь 2017 оны 01 дүгээр сараас гэрээ байгуулах хүртэлх хугацаанд гүйцэтгэсээр байсан. Энэ хугацаанд Г.Б- нь ажиллаагүй зүйл огт байхгүй тул тухайн иргэнийг хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль дээдлэх зарчмаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
9. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс сонгон шалгаруулалттай холбоотой нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын талаар огт дурдаж яриагүй байхад шүүхээс анхны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
10. Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд: "давтан гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ... заасныг зөрчсөн” гэжээ. Гэтэл хуульд тусгайлан “...хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан...” гэж заасаар байтал хариуцлага гарцаагүй байх зарчмын хүрээнд хариуцагчаас хуульд заасны дагуу нэхэмжлэгчид хариуцлага тооцох нь үндэслэлтэй юм.
11. Шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. 4.2.6-д заасан зарчмыг зөрчсөн гэж үзжээ. Гэтэл маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагчаас Төсвийн тухай хуульд заасны дагуу сургууль, цэцэрлэгийн эрхлэгч захирлуудын ажлыг үнэлэх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс бүхий л сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлын ажлыг үнэлж, дүгнэсэн байдаг. Хариуцагчаас Г.Б-ыг ирж үнэлгээтэй танилцах талаар дуудсан боловч өөрөө ирээгүй байдаг. Түүнчлэн үнэлгээтэй холбоотой Нийгмийн бодлогын хэлтсийн даргад гомдол гаргасан. Эндээс үзвэл нэхэмжлэгч нь үнэлгээг 2017 оны 07 дугаар сард мэдсэн байх тул түүнд мэдэгдэж, оролцоог хангах зарчмыг хариуцагчаас зөрчсөн зүйл байхгүй болох нь тогтоогдож байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд ч өөрөө 7 дугаар сард мэдсэн болохоо хэлж мэдүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шударга ёсны зарчмыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хэт нэг талыг барьж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Г.Б-ын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн зүйл байхгүй. Харин ч хариуцагчаас Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “...шударга ёс, ... хууль дээдлэх ...зарчим мөн.”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд “...шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.” гэж заасны дагуу нотлох баримтуудыг үндэслэж, иргэн Г.Б-ад зохих хариуцлагыг тооцсон. Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 109/ШШ2018/0014 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0378 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлажээ.
13. Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/94 дүгээр захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Төсвийн тухай хуулийн 40.4.2 дахь хэсгийг үндэслэн “...үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж дурдаж, Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Б-ыг үүрэгт ажлаас нь халсан, нэхэмжлэгч Г.Б- нь “...сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хууль бусаар халсан” гэж маргажээ.
14. Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/255 дугаар захирамжаар байгуулагдсан “ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2017 оны үр дүнгийн гэрээний эхний хагас жилийн биелэлт”-г дүгнэх ажлын хэсэг 33 захирлын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн, үүнд нэхэмжлэгч Г.Б- хамрагдаж, “Д” буюу “дутагдалтай” гэж дүгнэгдсэн, 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй байсан гэх үндэслэлээр түүнд 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
15. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т заасны дагуу төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах улсын төсвөөс санхүүждэг ерөнхий боловсролын сургуулийн захирлын хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу байгуулан хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах боловч төсвийн шууд захирагчийн хувьд түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг хөдөлмөрийн гэрээний дагуу үнэлэхгүй учраас үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй байдлыг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар тодорхойлогдох сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
16. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэх”-ээр, 40.4, 40.4.2-т заасны дагуу “үр дүнгийн гэрээний биелэлтэд үндэслэн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь урамшуулах, хариуцлага тооцох”-оор, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн... дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно: ...“D” буюу “дутагдалтай” үнэлгээ авсан бол “албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах”-аар тусгайлан зохицуулсан байна.
17. Эндээс үзвэл, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийн хэлбэр биш харин үүний улмаас хүлээх хариуцлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэл байж болох юм.
18. Иймд, 2017 оны үр дүнгийн гэрээний эхний хагас жилийн биелэлт “D” буюу “дутагдалтай” гэж дүгнэгдсэнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, улмаар 2016 оны үр дүнгийн гэрээний үнэлгээгээр “цалин бууруулах” сахилгын шийтгэл хүлээсэнтэй нь холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, ...” гэх үндэслэлд хамааруулж, Г.Б-ыг ажлаас халсан хариуцагчийн шийдвэр хууль бус, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-гийн хяналтын журмаар гаргасан “...хариуцлага гарцаагүй байх зарчмын хүрээнд хариуцлага тооцох үндэслэлтэй” гэх гомдлыг хангах боломжгүй.
19. Түүнчлэн үр дүнгийн гэрээний “үнэлгээ”, сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах “захиалга”-ыг захиргааны акт биш гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, эдгээрт холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны шүүхэд сонгон шалгаруулалттай нэхэмжлэлийн шаардлага яригдаагүй байхад уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн” гэх гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй, нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй учир хяналтын шатны шүүхээс дүгнэх шаардлагагүй.
20. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-гийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА/2018/0378 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ