Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/00981

 

Т.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/02392 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 980 дугаар магадлалтай,

Т.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

Г.Даваасүрэнд холбогдох

Бараа бүтээгдэхүүн нийлүүлсний төлбөрт 11 481 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Даваасүрэнтэй 8 жилийн өмнөөс хамтран ажилласан бөгөөд би “Хүчит шонхор” зах дээр мах зардаг. Г.Даваасүрэн нь Наран нэртэй цайны газар ажиллуулж эхэлснээс хойш надаас мах авдаг, би бэлдэж өгдөг байсан. 2016 оны 4 сард ирээд бууз баншны цех ажиллуулах гэсэн юм гэхэд нь би ямааны мах мэдэхгүй гэж хэлсэн. Нарантуул зах дээр н.Сэргэлэнчимэг гэж охиноор махаа бэлдүүлж эхлээд 2 сарын дараа мах нь чанарын шаардлага хангахгүй байна. Ах нь их мөнгөөр шатлаа, мах нийлүүлж өгөөч гэсэн. 2013 оны 6 сараас өр үүссэн. Нийт 430 хоног мах бэлдэж өгсөн ба тухайн үеийн махны ханш 3 200-3 500 төгрөгийн ханштай байсан. Өдөрт дунджаар 220 кг - 300 кг ямааны цул мах машиндуулдаг байсан. Бууз баншны цех ажиллуулснаас хойш нийт 1 жил 6 сарын дотор 86 тн мах нийлүүлж 330 000 000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байдаг. Өглөө бүр Г.Даваасүрэн өөрөө ирээд 50-60 кг мах аваад явдаг ба үдээс хойш хойноос нь зогсоолын жолоочоор мах хүргүүлдэг байсан. Цагаан сар, амралтын өдөр 118 хоног хасаад 430 хоногт мах нийлүүлсэн. 2013 оны 6 сараас 2014 оны 11 сарын 26 хүртэл 336 000 000 төгрөгийн гүйлгээ бидний хооронд хийгдэж, 11 481 000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Авсан мах болгонд падаан бичиж зогсоолын жолооч нараар явуулж байсан. Одоо Г.Даваасүрэн шүүхэд гаргаж өгсөн падаан маргаантай хугацаанд хамааралгүй. 1 кг махыг 120 төгрөгөөр машинддаг байсан. Падаан очоогүй тохиолдол гараагүй. Орой болгон Г.Даваасүрэнгийн эхнэр ирж, үлдэгдлээ тулган маргаашийн захиалгаа өгдөг байсан. Намайг эзгүйд манай аль ч лангуунаас миний нэрийг махаа аваад явдаг байсан, би мөнгийг нь төлдөг. Захын ажил ер нь өрийн сүлжээгээр явдаг. Итгэлцлийн үндсэн дээр хамтран ажиллаж байсан болохоор алхам тутам баримт үйлдэж, гарын үсэг зураагүй явсан. Харин 2015 оны 7 дугаар сарын  02-ны өдөр талууд баталгаажуулж өрийн бичиг үйлдсэн. Г.Даваасүрэнгийн эхнэр н.Ариунсанаа урьд ч сүүлд нь ч байнга өөрийн 99079099 утаснаас ярьдаг, мессеж бичдэг байсан, эдгээр баримтуудыг гаргасан. Уг мөнгийг Портер автомашин эсвэл газар зарахаар өгнө гэж хэлдэг байсан. Уг мөнгийг л хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчээс ийм их хэмжээний мах аваагүй, ямар үндэслэлээр нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Манай эхнэр н.Ариунсанаагийн ажиллуулдаг байсан буузны цехэд төлбөр төлөгдсөний дараа махаа өгдөг байсныг би хааяа нэг зөөж өгдөг байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгч, өмгөөлөгч авна гэжээ.  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/02392 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч Галсанжавын Даваасүрэнгээс 11 481 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төмөрбаатарын Энхцэцэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198 646 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Даваасүрэнгээс 198 646 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Энхцэцэгт олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 980 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/02392 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 646 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсэн ХААН банкны орлогын мэдүүлгүүд нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааных буюу дээрх 11 481 000 төгрөгийн баримтыг үйлдэхээс өмнө байх тул төлбөрийг төлсөн гэдгийг нотлох баримт болохгүй гэж дүгнэсэн нь хэтэрхий өрөөсгөл, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Г.Даваасүрэнгийн “11 481 000 төгрөгийг төлнө” гэсэн баримт нь хэзээ авсан махны төлбөр болох нь тодорхойгүй, гэрчүүд тухайн махыг бэлтгэн хариуцагчийн эхнэрийн гуанзанд хүргэдэг байснаа тодорхойлсон бөгөөд энэ цаг хугацаанаас хойш мах хүргэж байгаагүйг гэрч болон нэхэмжлэгч өөрөө гэрчлэн мэдүүлсээр байхад давж заалдах шатны шүүх уг баримтыг үйлдэхээс өмнө байх тул төлбөрийг төлсөн гэдгийг нотлох баримт болохгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зүй нь худалдах-худалдан авах гэрээ нь худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч хэзээ нийлүүлсэн махны мөнгийг нэхэж байгаа нь ойлгомжгүй байхад өмнө нь хийгээд дууссан худалдах-худалдан авах гэрээг үндэслэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн шийдвэр гаргасан. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг хангажээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Хариуцагч Г.Даваасүрэнгээс худалдсан эд хөрөнгийн үнэ 11 481 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.Энхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгт цугларсан баримтанд тулгуурлан, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан зохицуулалтаар хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ.   

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Т.Энхцэцэгт махны мөнгө 11 481 000 төгрөг өгөх нь үнэн” гэсэн өөрийн гарын үсэг бүхий баримтыг хариуцагч өөр баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн Т.Энхцэцэгт мөнгө шилжүүлсэн ХААН банкны орлогын мэдүүлгүүд нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааных байх ба үүнээс хойш 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 11 481 000 төгрөгийг төлөх үүргийг зөвшөөрснөө хариуцагч баримтжуулжээ. 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Г.Даваасүрэн нь нэхэмжлэгчийн бэлтгэн нийлүүлсэн махыг хүлээн авсан тул үнийг төлөх үүрэг хүлээнэ. Худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж болох бөгөөд худалдан авагч буюу Г.Даваасүрэн нь нийлүүлсэн махны үнийг төлөхөө бичгээр илэрхийлсэн баримт нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний үүрэг үүссэнийг нотолсон агуулгатай байна.

Зохигчдын тайлбараас үзэхэд мах нийлүүлэх тохиолдол бүрт хүлээлгэн өгсөн баримт үйлддэггүй байсан байх ба Г.Даваасүрэн нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар өрийг хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдсон, үүнээс хойш уг мөнгийг төлснөө нотлоогүй тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Хариуцагч нь ХААН банкны орлогын мэдүүлэг гэх баримтуудаар үүргээ биелүүлсэн бол хожим нь үлдэгдэл мөнгийг төлөх үүрэгтэй болохоо зөвшөөрөх үндэслэлгүй юм.

Иймд шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг баримталсан, хэзээ мах нийлүүлсэн нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг хангасныг буруу гэж үзэж, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагч Г.Даваасүрэнгийн хяналтын журмаар гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2, 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/02392 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 980 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Г.Даваасүрэнгийн  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гаргахдаа урьдчилан төлсөн 198 646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ТАНХИМЫН  ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                   ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА