Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 169

 

С.Б-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баасанжав, С.Намжилмаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 197 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар магадлалтай, С.Б-т холбогдох 1707003260050 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баасанжав, С.Намжилмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, М овогт С-н Б-.

С.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн 5 дугаар гудамжны 6 тоотод Д.Ц-тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар хутгалж онц харгис хэрцгий аргаар биед нь олон тооны шарх үүсгэж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Б-ыг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 12 жил хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч М овогт С-н Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 11 жил хорих ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа, Ч.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баасанжав гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

1. Шинжээч эмч С.Төгсбуянгийн задлан шинжилгээний дүгнэлтэд талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан гэснээс үзэхэд С.Б-ын гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах боломжтой тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна.

2. С.Б- нь талийгаачийнд архи уух зорилготой очсон болохоос түүнийг ална гэсэн санаа зорилготой байгаагүй. Талийгаачийн хутга бариад ална, хядна гэсэн үйлдлээс болж хүний амь насыг хохироосон хэрэгт шийтгүүлээд байна. Хэрэв хутгыг талийгаачаас булааж аваагүй байсан бол түүнд алуулах байсныг ч үгүйсгэхгүй юм.

3. Шүүгдэгч С.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно.

4. Мөн С.Б- нь биеийн байдлын хувьд бүрэн эрүүл бус, оюун ухааны хомсдолтой 2008 онд осолд орж толгойдоо хүнд гэмтэл авснаас толгойн 2 газар цоорхой, эмнэлгийн хяналтанд байдаг, хоригдож байгаа учир сүүлийн 1 жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэх боломжгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ялыг хөнгөрүүлж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч, өмгөөлөгч нарын гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж үзсэнд гомдолтой байна.

Үүнд шүүх С.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, хэргийг өөр этгээд үйлдсэн үндэслэл байхгүй, хэргийн талаар дахин тодруулах, мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч С.Б-, хохирогч Ц.Ц- нарын хооронд амь насыг нь хохироох сэдэлт, санаа зорилго байсан эсэх нь эргэлзээтэй. Харин гэрч гэх Н.Г нь хохирогч Ц.Ц-тэй маргалдаж мөнгө төгрөг дутуу өгсөн “би хатгасан одоо буцаж ирэхгүй” гэснээс дүгнэхэд амь насыг нь хохироох сэдэлт, санаа зорилго Н.Г-т байсан талаарх С.Б-ын мэдүүлэг, гэрч Г-н /хх-43/ ...наад хүн чинь үхсэн гээд намайг цагдаа дагуулаад явсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримтад аль ч шатны шүүх дүгнэлт хийгээгүй, хийвэл зохих ажиллагаа хийгдээгүй байхад ийнхүү дүгнэсэн.

Мөн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 зүйлийн 1.1, 1.3-т заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн зүйлчлэлийн талаар гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх энэ талаарх дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн.

Хохирогч Ц.Ц-гийн амь насыг аврах боломжтой цаг хугацаа байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүй нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй” гэснээс дүгнэхэд хохирогч Ц.Ц- нь хүнд гэмтлийн улмаас нас барсан байхад аль ч шатны шүүх дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл хэргийн зүйлчлэл тохироогүй Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 заасан гэмт хэргийн шинж байхад шүүх ийнхүү хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар шийтгэх тогтоол, магадлалыг хянуулахаар гомдол гаргав” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Б-т холбогдох хэргийн тухайд хэргийн зүйлчлэлийн талаар анх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дугаар зүйл буюу онц харгис хэрцгийгээр хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүний амь насыг хохироосон гэсэн зүйл ангиар шүүхэд шилжүүлсэн. Хоёр шатны шүүх нь хүндрүүлэх зүйл ангийг хасаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж ял оногдуулсан байгаа. Зүйлчлэлийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Өмгөөлөгч нарын яриад байгаа Н.Г гэдэг хүн нь энэ хэрэгт хамаагүй болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа юм. Хутганаас илэрсэн цус нь С.Б-, Д.Ц- нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэсэн шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 78-80 дугаар хуудсанд авагдсан байна. Амь хохирогч нь 2 удаа хутгалуулсан байдаг. Хүзүүндээ 7 см, цээжний баруун хэсэгт 12 см хавирганы завсраар цээжний хөндийд хутга орж уушгинд нэвтрэн амьсгалын хүнд дутагдалд орж нас барсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Хоёр шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баасанжав, С.Намжилмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн С.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

С.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хороо Тайжийн 5 дугаар гудамжны 6 тоотод Д.Ц-тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдан, шүүхээр хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б- нь амь хохирогч Д.Ц-тэй маргалдаж хохирогчийн гарт байсан хутгыг булааж аваад 2 удаа хутгалж алсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөн дүгнэж зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнд 11 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүйн дээр шүүх ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгыг бүрэн хангаж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангах ёстой.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулсан ял нь шударга ёсны зарчмын агуулга болон Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай. 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас үзэхэд гэмт хэрэг гарах нөхцөлийг хохирогч бүрдүүлж, бусадтай хэрүүл маргаан өдүүлж, харилцан зодолдох эхлэлийг тавьсан төдийгүй, хутга барьж заналхийлсэн үйлдлүүд гаргасан байх бөгөөд хохирогчийн дээрх хууль бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч С.Б- түүнтэй харилцан зодолдож, улмаар хохирогчийг гарт байсан хутгыг булаан авсны дараагаар үргэлжлүүлэн зодолдох явцдаа хохирогчийн цээжний хөндий болон баруун далны дээд хэсэг газар 2 удаа хутгалж амь насыг нь хохироосон байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэдий ч шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээг тодорхойлохдоо дээр дурдсан үйл баримтын хүрээнд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл шалтгаалсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ хэдийгээр хэрэг хариуцах чадвартай боловч сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол өвчтэй шүүгдэгчийн хувийн онцлог байдлыг харгалзан үзэх шаардлагатай болно.

Иймд шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 жил хорих ялыг 8 жил болгон хөнгөрүүлж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баасанжавын гомдлын “шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч, харин өмгөөлөгч Ч.Баасанжав болон С.Намжилмаа нарын “...С.Б-ын үйлдсэн хэрэг тогтоогдоогүй, ...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх” агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 197 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар магадлалд “Шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жил хорих ял шийтгэсүгэй”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баасанжав, С.Намжилмаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН