Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00996

 

“Ө” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул , Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00448 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ө СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч З.Ад холбогдох засвар үйлчилгээний зардал 1 950 300 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг,

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Рэнцэнноров шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо 8 байр 612 өрхийн 2300 орчим хүн амд ажил үйлчилгээ үзүүлж байна. Өргөө 14 сууц өмчлөгчдийн холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1-д заасны дагуу Дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, түүнд засвар үйлчилгээ хийхээс гадна өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ хийж ажилтын ажилчдыг удирдлагаар ханган оршин суугч иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлж ажиллаж байна. Манай сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлсөөр санхүүждэг. З.А болон түүний гэр бүлийнхэнд хөлс төлөх тухай сар бүр мэдээллийн самбар, мэдэгдэл, байр хариуцсан байцаагч, үйлчлэгчээр удаа дараа сануулж шаардлага тавихад төлнө гэсээр өнөөг хүрлээ. З.А нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.4-т заасныг удирдлага болгон 2010 оны 01-12 сар хүртэл 164 400 төгрөг, 2011 оны 01-12 сар хүртэл 155 900 төгрөг, 2012 оны 01-12 сар 168 000 төгрөг, 2013 оны 01-12 сар хүртэл 168 000 төгрөг, 2014 оны 01-12 сар хүртэл 189 600 төгрөг, 2015 оны 01-12 сар хүртэл 199 600 төгрөг, 2016 оны 01-12 сар хүртэл 217 800 төгрөг, 2017 оны 01-12 сар хүртэл 230 400 төгрөг, 2018 оны 01-12 сар хүртэл 230 900 төгрөг, 2019 оны 01-11 сар хүртэлх 225 700 төгрөг нийт 1 950 300 төгрөгийн төлбөрийг төлөөгүй банйа. Иймд З.Ааас 1 950 300 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч З.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Өргөө 14 сууц өмчлөгчдийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хариу тайлбараа өгсөн. Хариу тайлбарт нэхэмжлэгч талын шаардлагыг бүхэлд нь татгалзсан тул уг хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтээ гаргасан. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, мөн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан хуулийн заалтууд нь зөвхөн сууц өмчлөгч этгээдэд хамаарал бүхий байна. Гэтэл уг байрны хууль ёсны өмчлөгч би биш. Иймд надад хамааралгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал хариуцагчаа буруу сонгосон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Зундуйн Амарсайханаас 687 000 /зургаан зуун наян долоон мянга/ төгрөг гаргуулж Өргөө 14 сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1 263 300 /нэг сая хоёр зуун жаран гурван мянга гурван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 358 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч З.Ааас 21 038 төгрөг гаргуулж Өргөө 14 сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч З.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгийн заалтыг үндэслэж гаргасан шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, үндэслэл муутай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан заалт нь зөвхөн сууц өмчлөгч этгээдэд хамаарах тул хариуцагчийг буруу сонгосон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэдэг нь хэрэгт авагдсан үл хөдлөх гэрчилгээгээр нотлогдож байна. Байрны өмчлөгч Д.Дорждавга нь хууль ёсны хариуцагч юм. Мөн Ө СӨХ-той гэрээ байгуулаагүй тул ямар ч гэрээний эрх зүйн харилцаанд оролцож эрх, үүргээ тодорхойлоогүй тул гэрээний бус хуулиас гадуур шаардлага гаргаж төлбөр нэхэмжилж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч “Ө” СӨХ нь хариуцагч З.Ад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд төлбөр нийт 1 950 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

Нэхэмжлэгч Ө СӨХ нь 2001 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлыг 57,2 хувийн ирцтэй хийж, СӨХ-ны тогтмол төлбөр 13 700 төгрөг, гэж тогтоосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасанд нийцжээ. /хх.5-6/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Ө” СӨХ-г 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон, 2001 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Ө” СӨХ-ны Төлөөлөн Удирдах зөвлөлийн 01 дүгээр тогтоолоор гүйцэтгэх захирлаар Д.Рэнчинноровыг томилсон үйл баримт тогтоогдсон байна. /хх.4, 7/

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах ба хариуцагч З.А Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 15-р байрны 49 тоотод оршин суудаг, тухайн байрыг худалдаж авсан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авч амжаагүй гэсэн тайлбар гаргасан байх тул Иргэний хуулийн Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар “Ө” СӨХ-ны гишүүн болох тул мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 12 дугаар сараас өмнөх хугацааны ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасны дагуу хариуцагчаас шаардах эрхээ алдсан гэж дүгнэн, 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны төлбөрт нийт 687 000 төгрөгийг хариуцагч З.Ааас гаргуулан нэхэмжлэгч “Ө” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 263 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

            Хариуцагч З.А давж заалдах гомдолдоо “Байрны өмчлөгч Д.Дорждавга нь хууль ёсны хариуцагч юм” гэсэн үндэслэл зааж байгаа боловч уг байрыг худалдан авч бодитоор эзэмшин ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон байх тул хариуцагчаас СӨХ-ны төлбөрийг гаргуулах үндэслэлтэй байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч З.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 038 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ш.ОЮУНХАНД

 

                                        ШҮҮГЧИД                               А.МӨНХЗУЛ

 

    Ц.ИЧИНХОРЛОО