| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2018/0003/Э/ |
| Дугаар | 04 |
| Огноо | 2017-12-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Түвшинбаяр
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Хохирогч О.Д
Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-д холбогдох 17160011900057 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ж овогт Ц-ын Д гэв.
Шүүгдэгч Ц.Д нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн О.Д-ийн гээгдэл утас болох Samsung J-7 маркын бор шаргал өнгийн гар утсыг завшсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Д нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн О.Д-ийн гээгдэл эд хөрөнгө болох “Samsung J-7” маркын бор шаргал өнгийн гар утсыг олж, бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь:
Шүүгдэгч Ц.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би тухайн утсыг олсон нь үнэн. 2017 оны 10 дугаар сарын 30-нд зам уруудаж явахдаа олсон. Дэлгэцээрээ уруугаа хараад унасан том бор шаргал гар утас байсан. Тэгээд авахад унтарчихсан байсан. Би гэртээ авч ирээд сим картыг нь солиод ашиглаж байсан нь миний буруу. Би тухайн утсыг олоод холбогдох газар нь өгөх ёстой гэдгийг мэдэхгүй байсан болохоор ашиглаж байсан. Миний буруу сим картыг нь солиод ашиглаж байсандаа харамсаж байна. Надад оногдуулах торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү?. Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд дурдсан торгох ялын хэмжээг төлөхөд ар гэрийн боломж тааруу. Манай том охин оюутан, миний хоёр хөл түнхний мултралтай, хөдөлмөр хийхэд хүнд, 3кг-аас дээш юм өргөх боломжгүй, манай нөхөр ажилгүй ... ” гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч О.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Жаргалан Алтай гэх өрхийн эмнэлэгт орчоод буцаж явж байхдаа “Goyo” дэлгүүрээр ороод юм үзэж байгаад ажил дээрээ очоод утсаа үзэхэд байхгүй байсан. Тэгээд залгаж үзэхэд холбогдохгүй байсан. Би буцаж очоод “Goyo” дэлгүүрийн камерт шүүлгэж үзэхэд байхгүй байсан. Тэгээд би 10 дугаар сарын 30-нд цагдаад тэмдэглүүлсэн... одоо гомдол санал хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх5/, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ26/, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ХХ10/, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ11-13/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур буюу санамсаргүй байдлаар гээгдэж түүний эзэмшлээс гарсан эд хөрөнгийг олсон хүн бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж тухайн эд хөрөнгийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх эсхүл эзнийг нь олж өгөх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээрээ өөрийн өмч хөрөнгө мэт эзэмших, ашиглах, захиран зарцуулах боломжийг бий болгосноор төгссдөг. Эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн, түүнээс ашиг олсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй харин учруулсан хохирол бага хэмжээнээс дээш буюу 300 /гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 300.000 /гурван зуун мянган / төгрөгөөс илүү гарсан тохиолдолд гэмт хэргийн бүрдэл хангагдана.
Иймд шүүгдэгч Ц.Д-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүгдэгч Ц.Д-д холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаартай Прокурорын тогтоолоор үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахыг Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт даалгаж /ХХ2-3/, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг ял оногдуулахгүйгээр хангах боломжтой гэж үзэж, тус хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ35/, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ11/, хохирогч О.Д-ийн “... одоо гомдол санал, хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож албадлагын арга хэмжээ авахдаа харгалзаж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Ц-ын Д-г Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч Ц.Д-д ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгуулгад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хариуцуулсугай.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Д-д сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг CD-ыг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА